Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 0370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Хохирогч Т.Энхтуяа  

Шүүгдэгч Н.Энхтөр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 17250009636 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Олхонууд овогт Н.Э, Монгол Улсын иргэн, 1985 оны 11 сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 1, Орхон аймаг Баян Өндөр сум Яргуйт баг 13-17 тоотод оршин суудаг, урьд 2001 оны 08 сарын 20-ны өдөр Орхон аймаг дэхь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэж, Баян гол дүүргийн 2003 оны 01 сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих, 2005 оны 07 сарын 22-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 146 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, 2008 оны 01 сарын 16-ны өдрийн Дархан уул аймгийн сум дундын шүүхийн 79 дугаартай тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, 2011 оны 01 сарын 06-ны өдрийн Дархан уул аймгийн сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  3 жил 6 сар хорих, 2011 оны  10 сарын 17-ны өдрийн Дархан уул аймгийн сум дундын шүүхийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сар хорих, 2015 оны 04 сарын 23-ны өдрийн Сонгино хайрхан дүүргийн сум дундын шүүхийн 98 дугаартай тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаартай тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах, 2016 оны 11 сарын 22-ны Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 179 дугаартай тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 52 дугаартай захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан, регистрийн дугаар 

 

             Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1.Шүүгдэгч Н.Энхтөр нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 12-05 тоотод Н.Энхзаяагийн байшинд нууцаар хууль бусаар нэвтрэн 40 инчийн Елко маркийн ЛСД телевизор хулгайлан 420 000 төгрөгийн хохирол учруулсан, 

 

2.2017 оны 08 сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 12-05 тоотод Н.Энхзаяагийн байшинд нууцаар хууль бусаар нэвтрэн 42 инчийн Елко маркийн ЛСД телевизор хулгайлан 420 000 төгрөгний хохирол учруулсан,

 

3.2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т.Энхтуяагийн халааснаас LG K-10 маркийн гар утсыг нь хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  1.Хохирогч Н.Энхзаяагийн ... “Манай гэрийнхэн Булган аймаг Бүрэгхангай сумын наадамруу хүүхдийн машин тоглуулах гээд 2017 оны 07 сарын 27-ны өдөр гарсан юм. Тэгээд 2017 оны 07 сарын 28-ны өдөр эгч эгч Энхжаргал утсаар яриад танай гэрт хулгай орсон байна зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            2.Хохирогч Н.Энхзаяагийн ... “Өнөөдөр буюу 2017 оны 08 сарын 30-ны өглөө гэр бүлийн хүний хамт хичээлийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхээр яваад өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн урд талын жижиг цонх онгорхой байхаар нь дотор нь ороод үзтэл том өрөөний хананд өлгөөтэй байсан 42 инчийн Елко маркын зурагт алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ хэрэгт төрсөн дүү Энхтөрийг гэж хүнийг сэжиглэж байгаа. Яагаад гэхээр Энхтөр нь 2017 оны 7 сард нөхөр бид 2 хүүхдийнхээ хамт хөдөө явсан байхад манай гэрээс одоо хулгай алдагдаад байгаа зурагтыг хулгай хийж авчявсан байсан. Тухайн үед нь зурагтаа Панда нэртэй буудалд барьцаанд тавьсан байсныг нь би өөрөө Энхтөрийг дагуулж явж мөнгийг нь төлж авч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-р хуудас/ 

 

            3.Хохирогч Т.Энхтуяагийн ... “Би хоолыг нь идчихээд найзыгаа гаргаж өгөх санаатай “Төгөл” их дэлгүүрийн зүүн талын хаалгаар гараад гар дээгүүр худалдаа хийж байгаа хүмүүсийн хажуугаар гарах гэтэл нэг согтуу эрэгтэй хүн миний өөдөөс ирээд мөргөсөн юм. Тэгэхээр нь би замаа сайн хараач гэж хэлээд цаашаа яваад гар утсаа үзтэл байхгүй болсон байсан би гар утсаа лангуун дээрээс гарахдаа аваад цамцныхаа зүүн талын халаасанд хийсэн байсан. Миний цамцны халаас гүнзгий мөртлөө сул халаастай цамц юм. Хэрвээ би хаясан бол миний гар утас унаж надад мэдэгдэх ёстой” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 09-10-р хуудас/

 

4.Гэрч Н.Энхжаргалын ... “2017 оны 07 сарын 28-ны өдөр манай төрсөн дүү Энхзаяа нөхрийн хамтаар Булган аймаг Бүрэг хангай сумын наадамд наадамлахаар явсан. Тэгсэн чинь өдөр 13 цаг 30 минутын үед би тус хаяган дээр очсон чинь цонх нь онгорхой байж байсан тэгээд би цонхоор нь харсан чинь зурагт нь байхгүй, цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

 

 

5.Гэрч Д.Гэрэлтуяагийн ... “Би Орхон аймгийн Баян Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачуут сан” ХХК-ний Панда буудалд жижүүрээр ажилладаг юм. 2017 оны 07 сарын 28-наас 29-нд шилжих шөнө ажилтай байж байсан 01 цагин орчим 4 залуу өрөө байна уу гэхээр нь байна гэсэн чинь өрөө авахаар болсон. Тэгээд тэд нарыг өрөөнд орохоор нь тооцоогоо хий гэсэн чинь мөнгө байхгүй маргааш зурагт барьцаанд тавьна гээд гаднаас нэг зурагт оруулж ирсэн. Тэгэхээр нь би зарах юм уу гэхэд зурагтын эзэн залуу нь зарна гэсэн. Чи үнэхээр зарах гэж байгаа бол тохирох үнээр нь өгөөч гэсэн чинь 200 000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би 150 000 төгрөгөөр авъя гэж хэлээд тэр зурагтыг нь авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/,

 

6.Гэрч Б.Алтангэрэлийн ... “Би өдрийг нь сайн санахгүй байна 8 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Зурагт барьсан залуу гудамжинд явж байсан тэгэхээр нь тэр залуугаас юун зурагт юм бэ гэсэн чинь энэ зурагтаа барьцаанд тавих гэж байгаа юм. Барьцаанд тавих үнээр нь авах уу гэсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас наад зурагт чинь хулгайн эд биш биздээ гэсэн чинь үгүй хулгайн эд биш миний өөрийн зурагт эхнэр хүүхдээсээ салж байгаа самарт явах гээд өөрийнхөө эд зүйлийг зарж байгаа юм гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-р хуудас/

           

7.Гэрч Э.Энхдаваагийн ... “Энхтуяа бид 2 “Төгөл” дэлгүүрийн зүүн талын хаалгаар гараад гадаа ширхэгийн бараа зардаг хүмүүсээс бохь авах гээд зогсож байсан чинь ойролцоогоор 180-185 см болов уу гэмээр өндөр нуруутай улаан хүрэн өнгийн саравчтай малгайтай согтуу залуу бид 2-ын дундуур ороод ирсэн. Тэгэхээр нь найз маань тэр залууг замаа харж яваач гээд цааш нь түлхсэн. Энхтуяа бид 2 бичил төвийн урд очоод салаад явсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Энхтуяа над руу яриад найз нь утсаа алдчихлаа хаана яаж байгаад алдчихваа чамаас салаад ээжтэй ярих гээд утсаа авах гэсэн чинь халаасанд утас байхгүй байна. Түрүүний согтуу залууг хайгаад олсонгүй гэж ярьсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/

 

            8.Гэрч Ц.Цэцэгмаагийн ... “2017 оны 06 сард Энхтуяа шинэ гар утас авах гэсэн юм гээд болохгүй болохоор нь би өөрийнхөө нэр дээр Мобикомтой гэрээ байгуулж байгаад 2017 оны 06 сарын 05-ны өдөр ЛЖ К-10 маркийн гар утас 24 сарын хугацаатайгаар сарын 70.000 төгрөгөөс дээш төлөлт хийхээр зээлээр авч өгсөн. Гэтэл охин маань 2017 оны 08 сарын 23-ны өдөр ажлаасаа гарч байгаад хулгайд алдсан байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/,

 

 9.”Бан хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон №113 дугаартай дүгнэлт, /хх-ийн 22 дугаар хуудас/

 

10.“Бан хас” ХХК”ний шинжээчийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 235 дугаартай дүгнэлт. /хх-ийн 61 дүгээр хуудас/

           

11.“Бан Хас” ХХК-ий шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-22-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 28, 69-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Энхтөр нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир өөр ярих зүйл байхгүй. Хохирлыг төлнө” гэв.

 

Хохирогч Т.Энхтуяа  мэдүүлэхдээ “2017 оны 8 дугаар сард гар утсаа хулгайд алдсан. Хохирлоо л төлүүлж авах хүсэлтэй байна. Өөр ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Энхтөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих  ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан дээрхи ялуудыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хорих ялаар оногдуулах саналтай байна, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй” гэв.

 

   Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Энхтөр нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 12-05 тоотод Н.Энхзаяагийн орон байранд нэвтэрч 42 инчийн Елко маркийн ЛСД телевизор хулгайлан 420 000 төгрөгийн хохирол учруулсан,  2017 оны 08 сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 12-05 тоотод Н.Энхзаяагийн орон байранд нэвтэрч 42 инчийн Елко маркийн ЛСД телевизор хулгайлан 420 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т.Энхтуяагийн халааснаас LG K-10 маркийн гар утсыг нь хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Энхтуяа, Н.Энхзаяа нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний шинжээчийн үнэлгээний дүгнэлтүүд, Н.Энхтөрийн мөрдөн байцаалтийн явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

                   Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.Энхтөрийн холбогдсон 3 удаагийн үйлдэлд тус бүрт нь ял шийтгэл оногдуулан нэмж нэгтгэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байх боловч Н.Энхтөрийн орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлсан 2 удаагийн үйлдэлд тохирох зүйл хэсгээр нэг удаа, бусдын гар утсыг хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нэг удаа ял шийтгэл оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлгийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн бол аль хүнд ял шийтгэл оногдуулж болох хүндрүүлэх нөхцөлтэй хэсгээр зүйлчлэн нэг удаа ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зүйл хэсгүүд нь хохирлын хэмжээг тооцохдоо харилцан адилгүй байх тул тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэстэй байна. Харин орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдэж, аль алинд нь ял шийтгэл оногдуулаагүй тохиолдолд үйлдэл тус бүрт нь ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй.

                      Шүүгдэгч Н.Энхтөр нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, учруулсан хор уршигийн шинж чанарыг харгалзан оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Н.Энхтөр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд орцуулан тооцох нь зүйтэй.

                   Хохирогч Н.Энхзаяад 420 000 төгрөгийн хохирол учирсан боловч нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогч Т.Энхтуяа 400 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэл нь 180 000 төгрөгийг тус тус гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэстэй, шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн байна.

                   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Энхтөрийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олгонууд үйлдсэн гэм буруутайд, орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2.Шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Э-н цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Э-с 580 000 төгрөг гаргуулж хохирогч Т.Энхтуяад 400 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлд 180 000 төгрөгийг тус тус олгосугай.

  7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

  8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Э- гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

             9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС