| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03148/И |
| Дугаар | 183/ШШ2024/02837 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/02837
2024 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/02837 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух, Н овогтой Т-ын Ч /РД:УК95091964/-ны нэхэмжлэлтэй,
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүүхэд болох Т.Х төрсөн эцэг, эх Л.Т болон Д.Ба-эд үрчлүүлсэн билээ. Тухайн үед үрчлүүлэх болсон шалтгаан нь миний бие хүүхэд өсгөх санхүүгийн боломжгүй байсан тул төрсөн эцэг, эхдээ үрчлүүлсэн билээ. Төрсөн эцэг, эх маань гадаадад ажиллаж амьдардаг бөгөөд одоо миний бие тогтсон ажилтай, санхүүгийн чадамжтай болсон болсон. Хүү маань Монгол Улсад бүрэн дунд боловсрол эзэмших хэрэгтэй цаашид Т.Х миний бие өөрөөрөө овоглох хүсэлтэй байгааг хүлээн авч төрсөн эцэг, эхдээ үрчлүүлсэн хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ба нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие гуравдагч этгээдээр орж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манай нөхөр Л.Т гадаад улсад байгаа би итгэмжлэл аваад орж байгаа, Бид 2 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрнө. гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, Үрчлүүлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Ч нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг гуравдагч этгээд Д.Б , Л.Т нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үрчлэгдэгч Ч.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр түүний өвөө, эмээ болох Л.Т, Д.Б нарт үрчлүүлсэн, хүү Ч.Х-г үрчилж авсан Л.Т-ын овоглосон болох нь хэрэгт авагдсан №...... дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Т.Ч хүү маань Монгол Улсад бүрэн дунд боловсрол эзэмших хэрэгтэй, миний эцэг эх гадаад улсад амьдардаг, цаашид Т.Х-г миний бие өөрөөрөө овоглох хүсэлтэй байгаа учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хүү Т.Хүлэгүгийн эрх, ашиг сонирхлыг харгалзан, түүнийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангаж, Т.Х-г Л.Т, Д.Б нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн төрсний бүртгэл, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудсанд Т.Х-ийн төрсөн эцгээр Л.Т бүртгэлтэй байх бөгөөд Л.Т нь шүүхэд ...Т.Х-г нь төрсөн эх Т.Ч овоглоход татгалзах зүйлгүй болно гэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүү Т.Хүлэгүг эх Т.Ч-аар овоглохыг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар ,0000 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн Н овогт Т-ын Х-г, Нягт овогт Л-ийн Т, С овогт Д-ын Б нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Т.Х-г эх Т.Ч-аар овоглохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО