| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04804/И |
| Дугаар | 183/ШШ2024/02752 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/02752
| 2024 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2024/02752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 842 300 000 төгрөг, хохирол 99 970 648 төгрөг, нийт 942 270 648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О
хариуцагч Б.Эр,
хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц
гэрч Ц.Ц
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 842 300 000 төгрөг, хохирол 99 970 648 төгрөг, нийт 942 270 648 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний нөхөр ******* нь ширээний теннисний улсын аварга, ОУХМ зэрэгтэй, багш дасгалжуулагч хүн бөгөөд бид ширээний теннисний клуб ажиллуулах зорилгоор 2022 оны 11 сараас заалны зориулалтаар ашиглаж болох талбай худалдаж авахаар хайж эхэлсэн. Ингээд фэйсбүүкээс ...ХУД, Удирдлагын академийн зам дагуу, үйлчилгээний зориулалттай 234 м.кв үл хөдлөх эд хөрөнгө худалдана гэх зарын дагуу тай утсаар холбогдож цаг товлоод очиж үзсэн. аас бид үйлчилгээний талбай нь зоорийн давхарт байрладаг тул хөрсний ус нэвтэрдэг үү, ямархуу байдаг вэ? гэж асуухад ...хөрсний ус нэвтрэхгүй, би хөрсний ус тусгаарлалтын ажил хийдэг туршлагатай, БНСУ-д мэргэшсэн ****** гэх хүнээр бүх ханыг тойруулж шалнаас дээш 1 м, шалаа бүтнээр нь бетондож, ус нэвтрүүлдэггүй мембрамаар бүрүүлж засуулсан гэсэн. Мөн ******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тэр хүн хийсэн засварын ажлын үр дүнд насан туршийн баталгаа өгсөн, ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг зарцуулсан гэж гэрээ байгуулахыг шавдуулж байсан. ажил гүйцэтгэх гэрээ өгч, баталгаатай, ус огт орохгүй, найдвартай засвар хийсэн гэж итгэл үнэмшил төрүүлэхээр тайлбарлаж байсан тул үйлчилгээний талбайг худалдан авахаар болсон. Ингээд бид 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн*******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *************** м.кв талбайг орон сууц оролцуулан зөрүү төлбөрийг бэлнээр төлж арилжих гэрээ байгуулсан. үйлчилгээний 234 м.кв талбайг 1 м.кв З 600 000 төгрөгөөр тооцож, нийт 842 300 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ч татвар бага төлмөөр байна гэсэн хүсэлтийнх дагуу гэрээний 2.1-т үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 742 400 000 төгрөг гэж тусгасан. Миний бие т гэрээний төлбөрт өөрийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, ***********тоот хаягт байрлах 60.1 м.кв орон сууцыг 310 000 000 төгрөгт тооцож, 2023.02.16-ны өдөр 99 900 000 төгрөг, 2023.02.17-ний өдөр 202 400 000 төгрөг, нийт 302 300 000 төгрөг шилжүүлж бэлнээр, ************ ХХК-иас 2023.02.16-ны өдрийн ********* тоот зээлийн гэрээгээр зээл авч 230 000 000 төгрөг нийт 842 300 000төгрөг бүрэн төлж барагдуулсан. Би үйлчилгээний талбайг худалдан авахдаа өөрийн өмчлөлийн орон сууц, бэлэн мөнгө, ********* ХХК-иас 15 жилийн хугацаатай зээлж авсан мөнгө зэрэг бүх хөрөнгөө шавхаж худалдаж авсан тул засвар хийх мөнгө үлдээгүй байсан. Ингээд дахин сарын 4 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг хувь хүнээс 30 000 000 төгрөгийн зээл авч засвар үйлчилгээ, тавилга хийлгэж тохижуулсаар 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2023 оны 07 сарын 23-ний өдөр Нийслэлд орсон борооны улмаас манай зааланд хөрсний ус нэвчин бидний тохижуулсан тавилга, засвар юу ч үгүй усанд автсан. Бид Онцгой байдлын 105 дугаарын утсанд дуудлага өгч, онцгой байдлын ажилчид ирж усыг насос, техникээ ашиглаж соруулсан ч ус татрахгүй, доороосоо ус гарч ирээд усны ундрагатай юм байна, соруулаад нэмэргүй гэж 2023 оны 07 сарын 24-ний үүрийн 03.00 цаг хүртэл соруулаад орхиод явсан. Үүний дараа манай нөхөр хонон, өнжин соруулсан ч ус татраагүй, луу залгасан боловч утсаа аваагүй, *********** ирж 3-4 хоног ус соруулж байгаад засварлах боломжгүй, засварлахад маш их хэмжээний зардал гарна гэсэн тайлбар бичиж өгсөн. Хэд хэдэн хөрсний ус тусгаарлалт хийдэг компанид хандаж яаж засварлах вэ? гэхэд байшингийн хана, шал, зааг залгаагаар ус нэвчдэг юм байна, нилээн өндөр дүнгээр засварлана гэхдээ 3 жилийн баталгаа өгнө, түүнээс цааш тусгаарлалт нь тэсвэрлэхгүй, цууралт гарна гэсэн. Ингээд тус талбайг засварлаж, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болохыг олж мэдсэн. надад усны ундарга дээр баригдсан доголдолтой хөрөнгө болохыг нуун дарагдуулж ашиглалтын шаардлага хангахгүй эд хөрөнгө худалдсан байна. Би т 2023 оны 08 сарын 01-ний өдөр ашиглалтын шаардлага хангахгүй, доголдолтой хөрөнгийг буцаах талаар мэдэгдэл хүргүүлэхэд 2023 оны 08 сарын 20-ний өдөр ...боломжгүй... гэсэн хариу бичгээр, аман байдлаар шүүхээр яв гэсэн. Ийнхүү манай үйл ажиллагаа зогсонги байдалд хүрч, банкны зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тул шүүхэд хандаж байна. Иймд тай 2022 оны 01 сарын 11-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө аршжааны гэрээ гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 842 300 000 төгрөгийг гаргуулах, мөн худалдаж аваад анх засвар хийсэн зардлын 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгийг **********гэх хүнээс зээлж авсан бөгөөд түүний хүүнд 2.160.000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2023.02.16-ны өдрийн*********** тоот зээлийн гэрээгээр 230 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүнд 2023.02.17-2023.10.30-ний өдрийг хүртэл хугацаанд 26.618.982 төгрөгийг төлсөн, хөрсний ус нэвтэрсний дараа зааланд 2.000.000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж засвар хийсэн. Мөн үйлчилгээний талбайг худалдан авахаас өмнө миний дансанд байсан 302.300.000 төгрөгийг 2023.02.16-2023.11.08-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд банкинд хадгалсан бол хадгаламжийн хүүнээс олох байсан орлого 25.191.666 төгрөг, үйлчилгээний талбайд хөрсний ус нэвчээгүй теннисний талбай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол 2023.07.23-2023.09.30 өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 14.000.000 төгрөгийн олох байсан орлогоо ч олж чадаагүй байна. Иймд гэрээний үүрэгт шилжүүлсэн 842 300 000 төгрөг, хохиролд 99 970 648 төгрөг, нийт 942 270 648 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
1.2 Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан 2023.01.11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ***********тоот хаягт байрлах 234 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ы өмчлөлд шилжүүлэн өгсөн. Миний бие 2022.05.27-ны өдөр ********* дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг ******той байгуулан зоорийн давхарт байрлах дээрх үл хөдлөх эд хөрөнгөд шингэн мембрам түрхэж хөрсний ус тусгаарлалтын иж бүрэн ажлыг нийт 30 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлж, гүйцэтгэгч нь уг ажилд Гэрээний 11.1-д гүйцэтгэгч нь ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хүлээлгэн өгч, гэрээний 3.3-р зүйлд заасан үлдэгдэл төлбөрийг төлснөөс хойш 10 (арав) жилийн баталгаат хугацаа гаргах ба баталгаат хугацааны туршид ашиглалтын буруугаас шалтгаалаагүй бусад эвдрэл, гэмтэл, доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж хэвийн болгох үүрэг хүлээнэ. гэсэн баталгааг гаргаж өгсөн. ****** нь мэргэжлийн хүн бөгөөд уг ажлыг БНСУ-д гүйцэтгэж байсан туршлагатай, бидний хийсэн ажил найдвартай байдаг хэмээн 10 жилийн баталгааг гаргаж өгсөн. Өнгөрсөн зун үер, усны аюул ихтэй байсан буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн асуудлыг надад хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй, миний буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. би энэ байдлаа хэлж тухайн үед ******той байгуулсан гэрээгээ хүртэл энэ хүмүүст өгсөн. Ямарч хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Анх ус орохдоо үүднийх нь подвалоор орж дараа нь хаалгаар ороод подвал нь өөрөө дотроосоо усанд автсанаас энэ байдал бий болсон байх. Тэгэхдээ энэ давагдашгүй хүчин зүйл болсноос ийм нөхцөл байдалд хүрсэн. Шууд гэрээгээ цуцална аа, энийгээ чи буцааж ав гэсэн. Ерөнхийдөө онцгой байдлын дүгнэлт, аж үйлдвэрийн танхимын батламж дээр үерийн ус орж ирсэн гэсэн.Мөн даатгалаас үерийн ус орж ирсэн гэсэн бүх нотолгоо баримтууд нь байгаа юм. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгч *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.01.11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, 2023.02.16-ны өдрийн Арилжааны гэрээ, ын өмчлөх эрхийн гэрчилгээ, *******ы өмчлөх эрхийн гэрчилгээ, ХХБ болон *******, **** нартай байгуулсан 2023.02.16-ны өдрийн №*************Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2023.02.27-ны өдрийн **********нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2022.05.27-ны өдрийн , ****** нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, ******ийн тодорхойлолт, 2023.07.31-ний өдөр т *******оос хүргүүлсэн мэдэгдэл, фото зургууд, *******ы ХХБ-ны дансны хуулга, *******ийн Хаан банкны дансны хуулга, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2023.09.04-ний өдрийн ******** дугаар акт, 2022.11.22-ний өдрийн ын зар тавьсан баримтууд, 2023.02.27-ны өдрийн Дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2023.0403-ны өдрийн Тавилга захиалгын гэрээ, зарлагын баримтууд, ************ Хаан банкны дансны хуулга, Усны газрын 2024.04.10-ны өдрийн Хариу хүргүүлэх албан тоот, хавсаргасан баримтын хамт, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 3-29, 49-59, 69, 105-138, 139-161,
3. Хариуцагчаас ******ид шилжүүлсэн 2022.05.27, 2022.06.08, 2022.06.21-ний өдрүүдэд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримт, 2023.12.27-ны өдрийн Цаг уур, орчны шинжилгээний газрын 01/1222 дугаар албан бичиг, 2024.01.19-ний өдрийн т олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 79-82, 104/
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023.07.23-ны өдөр орсон борооны улмаас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ус 2024.07.24-ний өдөр хөрсний ус гарч байгаа үеийн 6 ширхэг дүрс бичлэгийг үзэж, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан, хариуцагчийн хүсэлтээр М/************ ХХК-иас даатгалын эрсдэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн. /хх-ийн 70-72/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ************* байр зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв талбайг орон сууц оролцуулан зөрүү төлбөрийг бэлнээр төлж арилжих гэрээ байгуулсан. үйлчилгээний 234 м.кв талбайг 1 м.кв З 600 000 төгрөгөөр тооцож, нийт 842 300 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон Гэтэл 2023 оны 07 сарын 23-ний өдөр Нийслэлд орсон борооны улмаас манай зааланд хөрсний ус нэвчин бидний тохижуулсан тавилга, засвар юу ч үгүй усанд автсан. Хэд хэдэн хөрсний ус тусгаарлалт хийдэг компанид хандаж яаж засварлах вэ? гэхэд байшингийн хана, шал, зааг залгаагаар ус нэвчдэг юм байна, нилээн өндөр дүнгээр засварлана гэхдээ 3 жилийн баталгаа өгнө, түүнээс цааш тусгаарлалт нь тэсвэрлэхгүй, цууралт гарна гэсэн. Ингээд тус талбайг засварлаж, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болохыг олж мэдсэн. надад усны ундарга дээр баригдсан доголдолтой хөрөнгө болохыг нуун дарагдуулж ашиглалтын шаардлага хангахгүй эд хөрөнгө худалдсан тул гэрээнээс татгалзаж, гарсан хохирол болон төлбөрөө гаргуулахаар шаардсан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа бид ****** гэх хүнээр хөрсний ус тусгаарлуулах ажлыг хийлгэсэн талаараа хэлж худалдсан. Их хэмжээний бороо орсны улмаас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хөрсний ус нэвчсэн асуудал нь хариуцагч ын буруутай үйлдэл байхгүй бөгөөд доголдлыг нуун дарагдуулсан үндэслэлд хамаарахгүй. Энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн. үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар болон талуудын тайлбар, гэрч ******ийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн **************** зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв талбайн үнийг 842 300 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдан авагч ******* нь төлбөрт өөрийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн **************в орон сууцыг 310 000 000 төгрөгт тооцож, бэлнээр 302 300 000 төгрөгийг, Х*******ХХК-наас зээл авч, үлдэгдэл 230 000 000 төгрөгийг, нийт 842 300 000 төгрөг бүрэн төлж барагдуулсан байна. /хх-ийн 5-15/
Гэрээний дагуу нь *******д 2023.02.16-ны өдөр бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Х******** талбайг шилжүүлэн өгч, ******* нь өмчлөх эрхтэй этгээд болсон, худалдах худалдан авах гэрээний үүргээ талууд биелүүлсэн болох нь талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгийг ******* өмчлөлдөө авч, засвар үйлчилгээ хийж, ширээний теннисийн клуб байдлаар ажиллуулж байсан болох нь тогтоогдсон, талууд энэ асуудлаар маргаангүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчаас гаргах шаардах эрхийг тодорхойлсон байдаг ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж гэрээг цуцлахаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
6. Нэхэмжлэгчийн худалдан авсан гэрээний зүйл болох зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв үл хөдлөх хөрөнгөд 2023 оны 07 сарын 23-ны өдрийн нийслэлд орсон борооны улмаас тус талбайн зааланд хөрсний ус нэвчиж, доголдол илэрснийг хариуцагч т хамааралгүй бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэж тайлбарлаж, энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т заасан тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн. үндэслэлд хамаарна гэж тайлбарлаж, маргаж байна.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсны дараа дээрх доголдол бүхий нөхцөл байдал илэрсэн нь, түүнчлэн уг эд хөрөнгө нь хэвийн ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалтад нийцэх чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч ******ийн мэдүүлэг, фото зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогджээ./хх-ийн 21, 24-28, 70-72/
Нөгөөтэйгүүр, худалдагч нь тухайн талбайг ******оор засуулж, шингэн мембрам түрхэж хөрсний ус тусгаарлалтын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь тухай хөрөнгө доголдолгүй гэх үндэслэлд хамаарахгүй байх ба гэрч гэрч ****** мэдүүлэхдээ тухайн агуулах бүхий талбайд ороход эхлээд олон жилийн чийг үнэртсэн тийм газар байсан бөгөөд тай тохиролцож, тухайн засварын ажлыг хийсэн. Яг энэ зоорийн талбай 3 хэсгээс бүрдсэн, 3 өөр эзэнтэй байсан би зөвхөн ын хэсэгт тусгаарлалт хийсэн гэхдээ би т энийг нийтэд нь засах хэрэгтэй юм байна гэж хэлж байсан. Эдний ганц аюултай тал нь бохирынх нь хоолой нь аягүй өндөр, тэгээд замруу асгараад хэл аманд орох гээд байдаг юм билээ гэж мэдүүлсэн байна.
7. Эдгээрээс дүгнэхэд тухайн талбайд хөрсний ус тусгаарлалтын засварын ажлыг хийлгэхдээ доголдлыг дахин үүсгэхээргүй хэмжээнд хийлгэж, эрсдэл бүхий байдлаас хариуцагч нь сэргийлсэн гэж үзэхээргүй байх ба доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх үндэслэлтэй.
8. Ийнхүү гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, худалдан авагчийн эд хөрөнгөтэй болох хүсэл зориг хангагдаагүй нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолтой хөрөнгөнд хамаарч байна гэж шүүх үзсэн ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа 2023.07.31-ний өдөр, 2023.08.20-ны өдрүүдэд хариуцагч т мэдэгдэл хүргүүлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.
9. Дээрх гэрээг цуцлах тухай шаардах эрхийг гэрээнээс татгалзах эрхтэй адилтган ойлгох ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээний гүйцэтгэлд төлсөн 842 300 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирол, гаргасан зардлаа шаардах эрхтэй байна.
10. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч нь хохиролд 99 970 648 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
11. Дээрх хохирлоо анх засвар хийхэд гаргасан зардал 30 000 000 төгрөг, уг мөнгийг *********** гэх хүнээс зээлж авсан бөгөөд түүний хүүнд 2 160 000 төгрөгийг, *********** ХХК-наас зээлийн гэрээгээр 230 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүнд 2023.02.17-2023.10.30-ний өдрийг хүртэл хугацаанд 26 618 982 төгрөгийг төлсөн, хөрсний ус нэвтэрсний дараа зааланд 2.000.000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж засвар хийсэн. Мөн үйлчилгээний талбайг худалдан авахаас өмнө миний дансанд байсан 302 300 000 төгрөгийг 2023.02.16-2023.11.08-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд банкид хадгалсан бол хадгаламжийн хүүнээс олох байсан орлого 25 191 666 төгрөг, үйлчилгээний талбайд хөрсний ус нэвчээгүй теннисний талбай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол 2023.07.23-2023.09.30 өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 14 000 000 төгрөгийн орлого олох байсан гэж тайлбарласан.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудаар тухайн хөрөнгөд хийсэн засварын зардалд нийт 23 905 963 төгрөгийн зардал гарсан гэж үзэхээр байх ба даатгалын нөхөн төлбөрт олгосон 6 049 300 төгрөгийг хасаж, нийт 17 856 663 төгрөгийг, банкны болон зээлийн хүүнд төлсөн 28 778 982 төгрөгийг, нийт 46 635 645 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдохгүй буюу анх засвар хийсэн зардлын 15 856 663 төгрөг, хадгаламжийн хүүнээс олох байсан орлого 25 191 666 төгрөг, үйлчилгээний талбайд хөрсний ус нэвчээгүй теннисний талбай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол 2023.07.23-2023.09.30 өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 14 000 000 төгрөгийн орлого олох байсан гэж шаардсан, нийт 53 335 003 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
12. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний төлбөрт төлсөн 842 300 000 төгрөг, хохиролд 46 635 645 төгрөг, нийт 888 935 645 төгрөгийг хангаж, үлдэх 53 335 003 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
13. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч талд буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан ************, нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг цуцалж, хариуцагч аас 888 935 645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53 335 003 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч т *************байр зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв талбайг болон түүний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч *******д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5 254 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 4 602 628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ