Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/604

 

 

 

 

       2022           6             9                                    2022/ДШМ/604

 

Г.А, Т.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Ээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,  

өсвөр насны шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

өсвөр насны шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2111014480018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Өсвөр насны шүүгдэгч Г.А нь ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 3 дугаар давхарын 306 тоот өрөөнөөс хохирогч Ш.Бы эзэмшлийн “Lenovo” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол,

мөн өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 20:41 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын Богино зусланд байх иргэн Д.Оийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, бурхан, гүц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 765.000 төгрөгийн хохирол,

2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгай тоотод байх иргэн Б.Эийн эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Рlaystation 4”, Теkken 7, Naruto ulitimate ninja storm, Crash:Bandicoot, last of Us8 NBA 2k18” зэрэг тоглоомуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 906.000 төгрөгийн хохирол,

2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоотод байх иргэн Б.Оын зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, дунд гарын 6-тай мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол,

2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-128 тоотод байх иргэн Д.Бийн байшинд хууль бусаар нэвтэрч, хос гутал, куртик, Самсунг А-6 загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 431.600 төгрөгийн хохирол,

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 4 дүгээр орцны гадна талд гэрлийн шонгоос түгжиж орхисон Г.Иий эзэмшлийн “Alton” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480.000 төгрөгийн хохирол,

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 103 дугаар байрны гражаас Р.Лаагийн өмчлөлийн “Alton” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол,

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхраас Б.Оийн өмчлөлийн “Жайнт” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол,

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 19 давхарт байсан хохирогч Ц.Бын эзэмшлийн 1 ширхэг унадаг дугуй, раман дээрээ “Максимус” гэх бичиглэл бүхий 1 ширхэг буюу нийт 2 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын 2 дугаар гудамжны 30 тоот хохирогч Г.Гийн гэрт хууль бусаар нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7.846.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад нийт 13.722.600 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоотод байрлах иргэн Ө.Оын зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.А, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч А, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан” гэж заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарыг тус тус 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарт тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон 85 хоног, өсвөр насны шүүгдэгч Г.Аын цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хавтас хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Аоос хохирогч Ш.Бд 720.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нараас нийт 12.624.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Од 730.000 төгрөг, хохирогч Б.Ээд 906.000 төгрөг, хохирогч Б.От 420.000 төгрөг, хохирогч Д.Бт 232.000 төгрөг, хохирогч Р.Лаад 1.000.000 төгрөг, хохирогч Б.От 700.000 төгрөг, хохирогч Ц.Бад 800.000 төгрөг, хохирогч Г.Гт 6.556.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Пэд 1.280.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа.

Хэдийгээр олон удаагийн үйлдэлтэй байгаа боловч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жилээс бага буюу тус зүйл, хэсэгт заасан хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү.

Уг хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 2 дахин багасгахаар шийдэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын 2-30 тоотод оршин суудаг Г.Гийн байшинд хууль бусаар нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, хөөрөг хулгайлан авах гэмт хэрэг үйлдэх үедээ хоёулаа биш гурвуулаа байсан. Хамт гэмт хэрэг үйлдсэн 3 дахь хүнийг н.Б гэдэг, 22 настай, эрхэлсэн ажилгүй, хулгайн гэмт хэрэг үйлддэг, өмнө энэ төрлийн гэмт хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан ах байдаг. 10 дугаар сарын дундаас цуг PC тоглоомын газарт тоглож эхэлсэн, 11 дүгээр сарын эхээр хамт хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан. н.Б ах тухайн мөнгийг хулгай хийж олсон гэж мэдсээр байж хамт үрэлцсэн. н.Б ах Т.Э бид хоёрыг “мөнгө олоод ир” гэж явуулаад өөрөө PC тоглоомын газар үлддэг байсан. Т.Э бид хоёр хулгай хийж олсон мөнгөөрөө н.Б ахтай PC тоглож, хоолонд орж, кино үздэг байсан. Мөн Ганчимэг овогтой А миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо өөрчлөн гаргаж байна. Миний бие өсвөр насны яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй. Анх цагдаад баригдаад гэрчээр мэдүүлэг өгөөд, дахин мэдүүлэг өгөөгүй. Мөрдөгч надаас гэрчээр мэдүүлэг авахдаа миний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг байлцуулалгүй мэдүүлэг авсан. Би “өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө” гэсэн боловч хүчээр айлган сүрдүүлж мэдүүлэг авсан. Дараа нь өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулсан байсан. Т.Э бид хоёр нэг үйлдэлдээ худал мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгтээ “гэмт хэрэг үйлдэхдээ хоёулаа байсан” гэж мэдүүлсэн. Учир нь, мөрдөгч бид хоёрыг хоёулхнаа гэмт хэрэг үйлдсэн гэж тулгасан. Т.Э бид хоёр өсвөр насны хүүхдүүд учир хөнгөн ял авна гэж бодсон, харин н.Б ах насанд хүрсэн, өмнө шүүхээс хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан болохоор хүнд ял авах байх гэж өрөвдөөд энэ талаар мэдүүлээгүй. Энэ талаар Т.Э бид хоёр анхан шатны шүүх хуралдааны үед ярих гэсэн боловч Т.Эын өмгөөлөгч Г.Наранбаатар “энэ талаар яриад хэрэггүй. Та хоёр гайгүй өнгөрнө. Наадхаа яривал бүр заваараад шийдэгдэхгүй удна. Эртхэн хэргээ нэг тийш нь шийдвэл та хоёрт амар” гэж Т.Эд хэлсэн. Яагаад одоо н.Б ахыг ярьж байгаа вэ гэвэл, хамт гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хамт үрэлцсэн болохоор хариуцлагаа хамт хүлээх ёстой. Мөн анхан шатны шүүх Т.Эас 6.312.000 төгрөг, надаас 7.032.000 төгрөг, нийт 12.624.000 төгрөгийг хувь тэнцүүлэх гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү төлбөрөөс н.Б ах төлөлцөх ёстой. Нийт хохирлоос хохирогч Г.Гийн 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй орос хаш хөөргийг буцааж өгөх боломжтой. Т.Э, н.Б ах бид гурав тэр хөөргийг тийм үнэтэй гэж мэдээгүй, зарж чадаагүй байсан. PC тоглоомын газар тоглож байтал н.Б ах “ахдаа наад хөөргөө өгчих, удахгүй миний ахын төрсөн өдөр болно. Угаасаа зарж чадахгүй байгаа юм чинь би ахдаа бэлэг болгоод өгчихье” гээд гуйгаад байхаар нь Т.Э өгчихсөн юм. Одоо н.Б ахаас буцааж авах боломжтой гэж үзэж байна. Анх бид нар тэр хөөргийг тийм үнэтэй гэж мэдээгүй, хохирол төлбөрийн үнэлгээнээс тийм үнэтэй гэдгийг нь мэдсэн, тийм болохоор хаячихсан гэж худлаа хэлсэн. Тэр хөөргийг хохирогчид өгөх боломжтой учир ингэснээр нийт хохирлоос 5.000.000 төгрөг хасагдаж, үлдсэн 7.624.000 төгрөгийг гурван хүнээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэвэл өсвөр насны шүүгдэгч Т.Э болон надад хохирлыг барагдуулах боломж бүрдэнэ. Учир нь, миний эцэг, эх төрийн албан хаагч, төсвийн хөрөнгөөр цалинждаг. Манайх гэдэг айл сар бүр байрны лизинг, цалингийн зээл төлдөг ч боломжоороо хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Бидний гэмт үйдлийн улмаас учирсан хохирлыг бидний өмнөөс гэм зэмгүй эцэг, эх маань зовон байж төлөх байхдаа гэсэн бодол үргэлж бодогддог болсон. н.Б ахыг хэрэгт татаж оруулбал төлөх хохирлын хэмжээ багасах учир ингэж л аав ээждээ туслъя даа гэж бодсон. Иймд миний гэм буруугаа ойлгож ухаарсан хувийн байдлыг харгалзан үзэж хэргийн бодит байдлыг тогтоохоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна.

Хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, мөн холбогдохгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тус зүйл, хэсэгт заасан хамгийн бага ялаар шийтгэж, мөн хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Миний бие хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлтэй байна. Учир нь, н.Б гэдэг хүнийг хэрэгт татаж адилхан гэм буруугийн хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Мөн хохирол төлбөр хувааж төлөх ёстой. Хохирогч Г.Гийн 5.000.000 төгрөгийн үнэтэй цагаан хаш хөөрөг хаягдаж гээгдээгүй, н.Б ахад байгаа. н.Б “наад хөөргөө ахдаа өгчих, угаасаа зарагдахгүй байна. Удахгүй миний төрсөн ахын төрсөн өдөр болно” гээд надаас хөөргийг авсан. Одоо тэр үнэтэй хөөргийг олох боломжтой гэж бодож байна. Иймээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлтэй байна. Миний бие одооноос үнэн зөв мэдүүлэг өгнө гэдгээ амлаж байна. Худал мэдүүлэг өгсөндөө үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Мөн миний 2021 оны 08 дугаар сарын 3-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нэгтгэгдээгүй үлдсэн. Энэ хэрэгтээ мэдүүлэг өгсөн, хэргийн дугаар авагдаагүй байгаа. Иймд миний гаргаж буй хүсэлтийг хүлээж авна уу. ...” гэв.

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийг прокурорт буцаах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өсвөр насны шүүгдэгч нар давж заалдах гомдлуудаа шүүх хуралдааны явцад өөрчилж байгаа тул энэ талаар хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сая яригдсан н.Б гэж хүний тухай одоо л сонсож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ хүний тухай огт яригдаж байгаагүй. Миний үйлчлүүлэгч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхээс нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзээд нийт эдлэх ялыг 2 жилээр тогтоон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс 2 жилийн хорих ялыг их гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч нарыг өмгөөлөгч авах эрхээр хангасан, мэдүүлэг авахдаа тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчдийг байлцуулж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа өсвөр насны шүүгдэгч нарыг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүсэн байдал тогтоогдоогүй. Мөн хавтаст хэрэгт н.Б гэдэг хүний тухай огт байхгүй учир шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг зэргийг харгалзан үзэж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд өсвөр насны шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.А, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.А нь ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 3 дугаар давхарын 306 тоот өрөөнөөс хохирогч Ш.Бы эзэмшлийн “Lenovo” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол,

мөн өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 13.722.600 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-8, 173-179, 2хх 11-17, 99-105, 3хх 85-86, 176-180, 242-245/, хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 47-49, 227-229, 2хх 64-66, 153-155, 210-212, 3хх 12-14, 57-60, 107-109, 198-200, 4хх 16-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 54-56, 3хх 113-114/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 22-25/, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 57, 3хх 115, 4хх 26/, Г.Аын насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх 58-59/, Т.Эын насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх 60-62/, Д.Бт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 131/, Г.Гт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 57/ зэрэг нотлох баримтууд болон,  

хохирогч Д.Оийн “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинод байх зуслангаасаа 18 цагийн үед хот руу орж хоноод 10-ны өдөр 16 цагийн үед зусландаа иртэл цонх онгорхой, нэг давхарын цонхоор хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс 2 ширхэг том мөнгөн аяга, 2 ширхэг жижиг бурхан, 3 ширхэг гүц зэрэг эд зүйл алдагдсан. ...” /хх 20-21/,

хохирогч Б.Эийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинод байх зуслангийн байшиндаа ирээд цэвэр усны шугамаа янзалчихаад явсан юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр автомашины дугуйгаа солих гээд 15 цагийн үед зуслангийн байшиндаа очиход байшингийн хаалганы цоожийг эвдэх гэж оролдсон байдалтай байсан. ...2 давхарын тагтны төмөр хаалтны цоожийг эвдээд вакум цонхыг түлхэж орсон байсан. Манай гэрээс зурагтанд залгаатай байсан хүүхдийн тоглодог Playstation-4 тоглоом болон тоглоомын гар, тоглоомын сиди 5 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /1хх 189-190/,

хохирогч Б.Оын “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим зуслангийн байшин дээрээ ирэхэд манай байшингийн зүүн талд байх цонхны жижиг салхивч онгорхой байсан бөгөөд гэртээ ороод үзэхэд хамаг юмыг маань онгичоод шалаар нэг тараасан байсан. Тэгээд гараад хартал манай зүүн талын Ө.О гэх залуугийн байшингийн баруун талын цонхны салхивч мөн онгорхой байсан тул Ө.О ах руу залгаж мэдэгдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын 6-тай мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг тус тус алга болсон. ...” /2хх 27-28/,

хохирогч Д.Бийн “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-128 тоотод байх гэрээс маань миний 1 хос гутал, Самсунг А6 загварын хар өнгийн гар утас, сөдөн куртик алга болсон байна. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. ...Надад үзүүлсэн “Canada” гэсэн бичиглэлтэй куртик манай гэрээс алдагдсан куртик мөн байна. ...” /2хх 115-116, 119/,

хохирогч Г.Иийн “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчим өөрийнхөө унадаг дугуйг гэрийнхээ орцны урд нь буюу 21 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд зориулалтын унадаг дугуй цоожлогчоор цоожлоод гэртээ орсон. Тэгээд тухайн өдрийнхөө 13 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд миний унадаг дугуй байхгүй байсан ба цоожилсон цоожлогч нь бас байхгүй байсан. ...Би унадаг дугайгаа алдсан өдрөөс хойш өөрөө фейсбүүк групп дээр “унадаг дугуйгаа алдчихлаа” гээд пост бичсэн байсан чинь миний постны доор “унадаг дугуй зарна” гээд дугаарыг тавьчихсан байсан. Тэгээд би авахаар “Хар хорин” зах дээр очсон чинь 16-17 насны хоёр хүүхэд байсан ба дугуйг үзсэн чинь миний дугуй байхаар нь цагдаад өгсөн юм. Унадаг дугуйгаа тухайн хоёр хүүхдээс авахад урд талын дугуй нь хагарсан, цоож нь байхгүй, тухайн үедээ такси бариад очсон болохоор нийлээд 95.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /2хх 191-192/,

хохирогч Р.Лаагийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн “Алтон” брендийн унадаг дугуйгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Энхжин” хотхоны 103 дугаар байрны В1 давхарын 35 дугаар зогсоолын тэнд байдаг дулааны радетораас түгжээд үлдээсэн. Тэгээд 22-ны өдөр харахад байхгүй болсон байсан. ...” /3хх 3-4/,

хохирогч Б.Оийн “...2021 оны 7 дугаар сарын 21-ний орой өөрийн “Жайнт” загварын дугуйгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Энхжин” хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхарт шатны бариулаас түгжээд үлдээсэн. Гэтэл маргааш нь миний унадаг дугуй байхгүй болсон байсан. ...” /3хх 49-50/,

хохирогч Ц.Бын “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 24 дүгээр байрны 19 давхарт байрлах гэрийнхээ орцонд хүүхдийнхээ 2 дугуйг 20 цагийн орчимд байрлуулж тавьсан. Тэгээд удалгүй 40 минутын дараа гараад харахад орцонд цоожлоостой байсан 2 ширхэг унадаг дугуйнууд маань байхгүй болчихсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...” /3хх 95/,

хохирогч Г.Гийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед эхнэрийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Налайх” фитнесст дасгал хийчихээд 20 цагийн орчимд гэртээ буцаж ирэхэд манай гэрийн том өрөөний урд талын цонхны зүүн талын жижиг цонх онгорхой, том өрөөний урд талд байсан шилэн нүүртэй тавиурт байсан 8 ширхэг мөнгөн аяга, унтлагын өрөөний гоо сайханы тольтой ширээн дээр байсан жижиг хайрцагнаас 3 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон ээмэг, улаан өнгийн гоо сайхны жижиг цүнхнээс цагаан өнгийн жижиг хаш хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би өөрийн алдагдсан зүйлсээс монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос /цэцгэн хээтэй/, монетон ээмэг 1 хос /хээтэй/, нийт 15.48 грамм, модон тагшийг бүрсэн байсан гэх 27 хэсэг болгон хуваасан цагаан өнгийн металь мэт зүйл /8 мөнгөн аяга/ нийт 14.7 грамм зэргийг буцаан авсан. ...Би 2 ширхэг монетон бөгж, бага гарын 1 ширхэг хаш хөөрөг зэргийг аваагүй байгаа тул уг эд зүйлсийнхээ хохирлыг нэхэмжилж байна. ...” /3хх 183-184, 4хх 56/,

хохирогч Ш.Бы “...Би 16 дугаар сургуулийн багш ажилтай бөгөөд өнөөдөр 13 цагаас 15 цаг 30 минут хүртэл хичээлтэй байсан. Ингээд 15 цаг 45 минутын үед ангийнхаа хүүхдүүдийг гаргах гээд ангиа цоожгүй орхиод буцаад орж ирэх хооронд 16 дугаар сургуулиас надад өгсөн нөүтбүүк алга болсон учир цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн үед ангийн хүүхэд “ангидаа ээж аавыгаа хүлээгээд байж байя” гэхээр нь ангид үлдээгээд гарчихсан хойгуур нөүтбүүк хулгайлсан хүн анги руу шагайгаад тэр хүүхдийг “гарах гэж байна уу” гэж асуугаад “одоо удахгүй гарлаа” гэхээр нь ангиас хүүхдийг гарахыг хүлээж коридорт байж байгаад ангиас хүн гарангуут зөрж ороод нөүтбүүк хулгайлаад гарсан бичлэг байна. ...” /3хх 249-250, 4хх 1/,

иргэний нэхэмжлэгч Ц.Пийн “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр авсан зүйлсийг үзүүлэхэд “хулгайд алдагдсан эд зүйл байна” гээд би цагдаагийн байгууллагад хураалгасан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад 2 хос монетон ээмэг, монетон бөгж 1 ширхэг буюу нийт 15.48 грамм монетон эдлэлийг гаргаж өгсөн. Тухайн үед уг эд зүйлсийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. ...Нийт 15.48 грамм монетон эдлэлийг 1.280.000 төгрөгөөр тооцож худалдан авсан тул тухайн мөнгийг нэхэмжилж байна. ...” /4хх 54/,

гэрч Б.Ээшагайгийн “...Анар, Энхүүш хоёр сүүлд уулзахад хоёулаа гар утастай болсон байсан. Playstation-4 тоглоом зараад мөнгийг үрээд дуусч байна гэж ярьж байсан. ...” /2хх 35-36/,

өсвөр насны яллагдагч Г.Аын “...Т.Эын хамтаар 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зуслангийн айлуудаас хулгай хийхээр эзэнгүй айлууд хайж явсан. ...Уг айл эзэнгүй байхаар нь байшингийн нэг давхарын хаалганы зүүн талд байх вакум цонхыг Т.Э түлхэж онгойлгож ороод би араас нь орсон юм. Тэр айлаас 2 ширхэг мөнгөн аяга, зурагтны сервантан дотроос 2 ширхэг шармал бурхан, 3 ширхэг мөнгөн гүц зэргийг авсан. Хяналтын камер байхаар нь би уг камерыг доош нь харуулчихсан юм. 2 ширхэг мөнгөн аягыг “Хар хорин” зах ороод үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Бусад эд зүйлсийг хаячихсан юм. ...тухайн айлаас Playstation-4 тоглоом, уг тоглоомын сиди 5 ширхэг зэргийг хулгайлж аваад явсан. Тэгээд уг тоглоомыг үл таних хүнд 650.000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь PC тоглож, хоол авч идээд дууссан. ...Уг айлаас 2 мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, бэлэн 20.000 төгрөг авсан. Бид 2 мөнгөн аяга 2 ширхэгийг “Хар хорин” зах дээр 140.000 төгрөгөөр зарсан ба хөөрөг нь надад байж байгаад би сүүлд зарчихсан. ...Вакум цонхыг түлхэж ороод уг айлаас 1 хос гутал, 1 ширхэг куртик, Самсунг А6 загварын гар утас хулгайлж авсан. Тэгээд 1 хос гутал, 1 ширхэг куртикийг Т.Э өмсөөд, Самсунг А6 загварын гар утсыг 140.000 төгрөгөөр зарсан. ...Гэрлийн шонгоос цоожилсон дугуй байхаар нь бид 2 ярилцаж байгаад тухайн дугуйг аваад явъя гэж тохироод цоожийг нь би барьж байхад Э цоожноос нь татахад цоож нь мултараад дугуйг Э унаад, би хажууд нь гүйж байгаад бид хоёр “Хар хорин” зах хүртэл яваад “Long lee” гэх нэртэй фейсбүүк хуудсаар унадаг дугуйны зарын группт тухайн хулгайлсан дугуйгаа “зарна” гэж зар тавьтал нэг эрэгтэй хүн авахаар тохирч “Хар хорин” зах дээр хүлээж байхад бид хоёрын хулгайлсан унадаг дугуйны эзэн өөрөө ирээд дугуйгаа аваад Э бид хоёрыг Чингэлтэй дүүргийн цагдаад хүлээлгэн өгсөн. ...“Алтон” загварын унадаг дугуйг 320.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө PC тоглоод, хоол идсэн. ...сургууль ороод буцаад гарах замдаа нэг ангийн хаалга онгорхой байхаар нь хаалгаар нь хартал ширээн дээр хар өнгийн цүнхтэй нөүтбүүк байхаар нь ороод авчихсан. Маргааш нөүтбүүк дээрээ зар тавьж байгаад 450.000 төгрөгөөр цүнхний хамт зарсан. ...” /1хх 122-123, 127-128, 2хх 4-5, 92-93, 180-181, 231-232, 3хх 35-36, 79-80, 122-123, 227-228, 4хх 35-36/,

   өсвөр насны яллагдагч Т.Эын “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр найз Г.Аын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зуслангийн айлуудаар хулгай хийхээр эзэнгүй айлууд хайгаад явж байхад цагаан өнгийн, 2 давхар, модон гадаргуутай, гадуураа ногоон өнгийн төмөр торон хашаатай айл байсан. ...нэг давхарын байшингийн хаалганы зүүн талд байх вакум цонхыг түлхэж онгойлгоод эхлээд би орсон. Намайг орсны дараа араас Г.А орж ирсэн ба тухайн айлын шүүгээнээс 2 ширхэг мөнгөн аяга, зурагтны сервантан дотроос 2 ширхэг шармал бурхан болон 3 ширхэг гүц зэргийг авсан. Г.А уг айл камертай юм байна гээд хяналтын камерыг доош нь харуулсан. 2 ширхэг мөнгөн аягыг “Хар хорин” зах дээр авч очоод үл таних хүнд өөрсдийн эд зүйл гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан. Бусад эд зүйл болох 2 ширхэг бурхан, 3 ширхэг гүцийг үнэд хүрэхгүй зүйл байна гээд хаячихсан. ...Би 2021 оны 11 дүгээр сард найз Г.Аын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зуслангийн айлуудаар хулгай хийхээр эзэнгүй айлууд хайгаад явж байхад шар өнгийн, 2 давхар, модон гадаргуутай, гадуураа ногоон өнгийн төмөр торон хашаатай айл байсан. Уг байшингийн хоёр давхарын тагтаар дамжин тагтны цоожийг эвдсэн. Дотогш ороод 1 ширхэг Playstation-4 тоглоом, уг тоглоомны 6 ширхэг сиди, мөн тоглоомын 2 ширхэг гар зэргийг авсан. Тухайн эд зүйлсийг Т.А бид хоёр Улаанхуаранд авч очоод үл таних хүнд 650.000 төгрөгөөр зарсан. Гадуур тэнээд амьдарч байсан болохоор мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг төлж барагдуулна. ...Уг айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, бэлэн 20.000 төгрөг хулгай хийж авсан. Тэгээд Г.А бид хоёр хулгай хийж авсан зүйлсээ “Хар хорин” зах дээр 140.000 төгрөгөөр зарсан. Харин хөөргийг Г.А авсан бөгөөд сүүлд зугтаагаад явж байхдаа зарчихсан гэж байсан. ...тухайн айлаас хувцасны өлгүүрт байсан 1 ширхэг куртик, 1 хос гутал, Самсунг А6 загварын гар утас 1 ширхэг зэргийг авсан. Г.А бид хоёр хулгай хийж авсан зүйлс болох Самсунг А6 загварын гар утсыг фейсбүүк дээр зар тавиад 140.000 төгрөгөөр зарсан. ...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа, би гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа ба хохирлоо төлөх болно. ...” /1хх 146-148, 245-247, 2хх 83-85, 172-174, 3хх 25-26, 71-72, 132-133, 221-222/ гэсэн мэдүүлгүүд,

“...Шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000110027648, MN000410010281 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Түвшинбаяр овогтой Эын зүүн гарын эрхий хуруугаар, “5” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000110027648, MN000410010281 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Түвшинбаяр овогтой Эын баруун гарын долоовор хуруугаар тус тус дарагдаж үүссэн байна. Шинжилгээнд тэнцэх “8” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000720006225, MN000110027647 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Ганчимэг овогтой Аын баруун гарын эрхий хуруугаар, “7” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000720006225, MN000110027647  дугаараар 2 удаа бүртгэгдсэн Ганчимэг овогтой Аын баруун гарын долоовор хуруугаар тус тус дарагдаж үүссэн байна. ...” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/351 дугаартай /1хх 205-222/,

“...Шинжилгээнд тэнцэх “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000110027648, MN000410010281 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Түвшинбаяр овогтой Эын зүүн гарын алганы дардастай тохирч байна. ...” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/352 дугаартай /2хх 47-60/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000410010281 дугаараар бүртгэгдсэн Түвшинбаяр овогтой Эын зүүн гарын дунд хурууны хээгээр үүсгэгдсэн байна. ...” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06/346 дугаартай /2хх 133-149/ тус тус шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай болох ба үүнийг мэдсээр байж нэвтэрсэн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.А, Т.Э нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тус тус 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нар нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...н.Б гэх хүнтэй хамт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. ...” гэж мэдүүлсэн байх боловч хавтас хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.А, Т.Э нар нь бусадтай буюу н.Бтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өсвөр насны шүүгдэгч нарыг болон н.Б гэгчийг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэв Г.А, Т.Э нар нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эрх бүхий байгууллагаас тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин шалгах нөхцөл байдал бий болно.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Аоос хохирогч Ш.Бд 720.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нараас нийт 12.624.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Од 730.000 төгрөг, хохирогч Б.Ээд 906.000 төгрөг, хохирогч Б.От 420.000 төгрөг, хохирогч Д.Бт 232.000 төгрөг, хохирогч Р.Лаад 1.000.000 төгрөг, хохирогч Б.От 700.000 төгрөг, хохирогч Ц.Бад 800.000 төгрөг, хохирогч Г.Гт 6.556.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Пэд 1.280.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Өсвөр насны шүүгдэгч Г.Аоос “...миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн боловч өсвөр насны яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй. ...” гэх боловч хавтас хэргийн /1хх 122-123, 127-128, 2хх 4-5, 92-93, 180-181, 231-232, 3хх 35-36, 79-80, 122-123, 227-228, 4хх 35-36/ талуудад түүнээс хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамт байлцуулан мэдүүлэг авсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн өсвөр насны шүүгдэгч Г.А нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр уг хяналтын хугацаа дуусгавар болсон болохыг,

өсвөр насны шүүгдэгч Т.Э нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг хяналтын хугацаа дуусгавар болсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нар нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Г.А, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Т.Э нарын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 71 хоног /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭЭ.1