| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2015/0208/З |
| Дугаар | 128/ШШ2016/0391 |
| Огноо | 2016-05-27 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2016/0391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ш.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* нар шүүх хуралдаанд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Кадастрын зураг зүйн шүүлтээр тоот өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг хууль бусад тооцуулан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Т******* ХХК-д ******* нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь үндэсний уул уурхайн компани бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01501, 01502 тоотуудаар Ашигт малтмалын газар хандсан байдаг. Мөн аймаг, орон нутгийн тусгай зөвшөөрлийн талбай хилийн зааг яаж өөрчлөгдсөн, аль нь хүчинтэй, аль нь хүчингүй болсон гэдэг дээр тодруулга хүсэж байсан. Үүнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/665 тоот хариу ирүүлсэн байдаг. Үүнд танай ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар олон нийтэд мэдээлсэн. Гэвч тус тогтоол батлагдан гарснаас хойш хугацаанд зарим аймаг сум орон нутаг тусгай хэрэгцээнд авсан талбай шүүх, хууль хяналтын байгууллагуудын шийдвэрээр эрх нь хүчин төгөлдөр болсон тусгай зөвшөөрлүүдийн талбайг тухай бүр мэдээлж байсан болно.
Шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох төрөөс тогтоосон талбайг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл болон бусад хориглосон талбайнуудын давхцлыг арилган өргөдлөөр олгох талбайн дүрсийг татаж авахаар www.mram.gov.mn сайтад байршуулсан байгаа болно гэсэн байдаг. М ХХК геологичидтойгоо 2014 оноос Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт зарласан талбайд өөрсдийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, эрлийн маршрутаар нэг талбай сонгон, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн цахим бүртгэлээр оролцдог хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд амжилттай оролцоод, 30 компаниас нэгээр шалгарсан. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7 цаг 51 минутад бүртгүүлэн, үйлчилгээний хөлсөнд 250 мянган төгрөг тушааж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын планшетийн кодтой талбайд Агуйт нэртэй газар 30012 га газар ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авахаар өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн. Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өргөдлийн талбайд мэдээллийн болон зураг зүйн шүүлт хийсэн байдаг. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс бүртгэлтэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дугаартай талбайнуудад солбилцлын дүгнэлт хийхдээ үлдэгдэл талбайг оруулж аваагүй гэх хууль бус үндэслэлийг гаргаж бүх талбайг авах ёстой гэсэн шаардлага тавьсан. Манай тал үлдэж байгаа талбай 25 га талбайгаас илүү учир энэ талбайг зайлшгүй авах шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байсан.
Дараа нь энэ байдал өөрчлөгдөөд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1.2-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн гэх заалтад уг талбай хамаарахгүй учир Кадасрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрээр М ХХК-ийн өргөдлийн бүртгэлийг цуцаллаа гэсэн шийдвэр гаргасан. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1, 2 дугаарт бүртгүүлсэн өргөдлийг хоёуланг цуцалсан байдаг. 2 дугаарт бүртгүүлсэн компанийн өргөдлийн талбайг цуцалсан асуудал аль хэдийн шийдэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг анх үүсгэсэн. Шийдвэр гарах хурал болохын өмнө нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд тавьсан ба Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн.
Шүүхээс захирамж гарч, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт бичиг явуулсан. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газарт шинжээч компаниудын нэгээр хийлгэе гэсэн санал тавьсан. 2015 оны 05 дугаар сарын 25-нд Танайхаас ирүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/3946 дугаартай албан бичиг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3089 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж зэрэгтэй танилцлаа. Тус хэлтэст дээр захирамжид дурдсан асуудлаар шинжилгээ хийх мэргэжилтэн байдаггүй учир шинжээчээр оролцох үндэслэлгүй байна. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжээч мэргэжилтэн томилон оролцуулахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх болон Геодези, зурагзүйн үйл ажиллагаа явуулах эрх авсан аж ахуйн нэгжүүдээс сонголт хийж оролцуулдаг болно. Тухайлбал: Н ХХК, Х ХХК, Х ХХК, Т ХХК зэрэг нэр бүхий 60 орчим байгаль хамгаалах байгууллага нэгжүүд байдаг. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Б гэсэн бичиг ирсэн байна. Шүүхээс Н ХХК-г шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас зөвшөөрөөгүй учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон.
Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон. М ХХК нь Кадастрын даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 025057 дугаар бүхий өргөдлийг хууль бусаар цуцалсан 75 дугаар тушаалыг хүчингүй болгож, Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн Бигэр суманд орших Агуйт нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор өгсөн 025057 дугаар өргөдлийн эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Кадастрын хэлтэс талбайд Захиргааны хэргийн шүүхийн захирамжаар хориг тавигдчихаад байхад Т******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бүртгэсэн байсан.
Иймд М ХХК гомдол гарган, захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх тухай захирамж гарсны дагуу Кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 448 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарт бүртгэгдсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоох болсныг мэдэгдье гэж 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/4288 тоот албан тоотоор М ХХК-д мэдэгдсэн хэрнээ 06 дугаар сарын 15-нд Талст Минерал ХХК-д хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Захиргааны хэргийн хориг тавьсан болон албадан гүйцэтгүүлэх шийдвэр гарсаар байтал Кадастрын хэлтсийн дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж Талст Минерал ХХК-д олгосон зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.
3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: М ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Кадастрын зураг зүйн шүүлтээр тоот өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
М ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт 30012 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.
Уг өргөдөл нь өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08.00-08.15 цагийн хооронд өргөдлийг материальш хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд тухай талбай иь 6 өнцөг хэлбэртэй болох нъ тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт "дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, 17.3 дахь хэсэгт "....тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно" байх гэсэн шаардлагыг тус тус хангаагүй байсан.
Дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай шийдвэрээр Метал эрэл хайгуул ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд энэ шийдвэрийн талаар мөн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/783 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн.
Гэтэл нэхэмжлэгч нь манай өргөдөл хуулийн шаардлага хангасаар байтал дээрх талбайд дараа нь гаргасан 2 компанийн өргөдлийг хүлээн авсан нь хууль бус гэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь дээрх хуулийн заалтыг хангаагүй бол өргөдөлд гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу давхцалтай талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан.
Энэ 18 дугаар зүйлд заасны дагуу тухай талбай дээр Б ХХК-ийн 9695.62 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09:37 цагт бүртгэж өргөдлийн дугаар, Т ХХК-ийн 7116.06 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09.52 цагт бүртгэж өргөдлийн дугаар, Х ХХК-ийн 14522.73 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дүгээр сарын 12-ны өдрийн 08.14 цагт бүртгэж ******* өргөдлийн дугаарыг тус тус олгосон.
Нэхэмжлэгчийн гаргасан талбай дээр сүүлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан дээрх 3 компанийн өргөдлүүд нь хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт "Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийы Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана" гэж заасан шаардлагыг хангасан тул тухайн талбайн нутаг дэвсгэрт хамаарах аймгийн засаг даргаас санал авахаар Кадастрын хэлтсээс мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ.
Мэдэгдэлд Засаг даргаас хариу ирсэний дараа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-19.6 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлэн хийнэ.
Нэхэмжлэгчид уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах боломжтой байсаар байтал өнөөдрийн байдлаар дахин өргөдөл гаргаагүй байна.
Иймд "М" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарын агуулга: М ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээс Т*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
М ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт 30012 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 02 дугаар сарын О6-ны өдрийн дугаартай өргөдлийг хянан шийдвэрлэж Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус хангаагүй тул 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр уг компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Энэ шийдвэр гарснаас хойш 3 сар 8 хоногийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дээрх "М" ХХК-ийн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцуулан Т*******" ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт ******* нэртэй 9696.00 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан.
"Т*******" ХХК-ийн өргөдөл нь *******/ХА-018742/өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08.30 цагт өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.
Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3844 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгг заасан хугацаанд багтаан "Т******* ХХК-ийн өргөдөл нь *******/ХА-018742/өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 164 дугаартай саналын хуудсыг Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг үндэслэн "Т*******" ХХК-ийн ******* өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт 30012 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015.2.6-ны өдөр гаргасан. Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19-д заасны дагуу хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэж байхад мөн хуулийн 17,1 17,2 18,2-д заасан шаардлага хангаж байгаа эсэхэд анхан шатны зураг зүйн шүүлт хийсэн. Үүгээр тухайн талбай нь 6 өнцөгтэй болох нь тогтоогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, 17.3-д өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэсэн шаардлагыг хангаагүй.
2015 оны 02 дугаар сарын 11-ний 75 дугаар тушаалаар М ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан. Үүнийг тогтоолоор мэдэгдсэн. Мөн М ХХК-ийн талбай дээр өөр компаниуд өргөдөл гаргасан байдаг бөгөөд өргөдлийг хянан шийдвэрлэсэн. Т******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2015 оны 06 дугаар сарын 11-ний 460 дугаар шийдвэрийн Т******* ХХК-д олгогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнийг үл зөвшөөрч байна.
М ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг татгалзсанаас хойш 3 сар 8-аад хоногийн дараа Т******* ХХК нь Говь- Алтай аймгийн Бигэр суманд орших ******* нэртэй газар 9696 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 19-д зааснаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Уг өргөдлийг өргөдлийн талбайн 17,1, 17.2, 18-д заасан шаардлага хангаж байгаа эсэх анхан шатны шүүлт хийхэд хуулиар хориглосон, нөөцөд авсан, түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй ямар нэгэн байдлаар давхцаагүй нь тогтоогдсон. Энэ шаардлагыг хангасан байсан тул өөрсдийн эрх хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн.
Засаг дарга мэдэгдлийг хүлээж аваад тухайн талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг ирүүлээгүй. Хэрвээ Засаг дарга мэдэгдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол зөвшөөрсөнд тооцно гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д заасны дагуу 6 сарын 11-ний өдрийн 460 дугаар тушаалаар Талст Минерал ХХК-д 18742 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Гуравдагч этгээд "Т*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн Н.Н******* миний бие "М" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах "*******" нэртэй талбайд 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж өргөдлийн 25913 дугаарт бүртгэгдсэн. АМГ-ын Кадастрын хэлтсээс манай өргөдлийг хянаад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6/4394 дугаар мэдэгдлээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 460 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэснийг мэдэгдсэн болно. Бид мэдэгдлийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ 3,000,000 төгрөг, эхний жилийн төлбөр 1,406,000 төгрөгийг тус тус төлж, тусгай зөвшөөрлөө авсан болно.
Гэтэл "Т*******" ХХК-д АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 460 дугаар шийдвэрээр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь "М" ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байх бөгөөд тухай компани нь өргөдлийн талбайн зургаа гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т "Дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шугамаар хүрээлэгдсэн" байх хуулийн шаардлагыг зөрчсөн тул АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлийн улмаас тусгай зөвшөөрөл авах боломжгүй болсон байна.
Иймд "Т*******" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 460 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын ******* гэдэг газар 2015.5.19-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн цахим бүртгэлийн системд 2015.06.11-ний өдөр өргөдлийн дугаар авч, өргөдлөө гаргаснаар тухайн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг Ашигт малтмалын газраас явуулж, 2015 оны 6 сарын 11-ний өдрийн 6/4390 дугаартай мэдэгдлээр тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж мэдэгдэж Кадастрын даргын 460 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Өргөдөл гаргахаас өмнө М ХХК өргөдөл гаргасан байсан.
Гэхдээ М ХХК хуулийн шаардлагыг хангаагүй өргөдөл гаргасан учраас Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс өргөдлийг хүлээж авахаас татгалзсан. Хуулийн шаардлагыг хангаагүй гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-д нийцэхгүй өргөдлийг хэлнэ. Ерөнхий хэмжээ нь уртраг өргөргийн дагуу шулуун шугамаар хүрээлэгдсэн дөрвөн өнцөгт байна. Тухайн хэлбэртээ давхцал гарах юм бол хиллүүлж талбайн зургаа хийх ёстой. Энэ шаардлагад нийцүүлээгүй тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан учраас тусгай зөвшөөрөл олгогдоогүй байдаг. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрсдөө хуулийн шаардлага хангаагүй өргөдөл гаргаснаас болж өргөдлийн эрх нь хүчингүй болчихоод байхад хүчингүй болсон өргөдлийн эрхдээ үндэслэн тус компанийн нэхэмжлэлийн шаардлага хангаж гаргасан өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, өөрөө хуулийн шаардлага хангаагүй өргөдөл гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Талст минериал ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс Т******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн тул шүүх дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаж байгаа зүйлийн талаар:
М ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Агуйт нэртэй газар нутагт 30012 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ******* дугаартай өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргажээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тус өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхцсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, 17.3-т ...өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, маргаан бүхий актыг гаргасан байна.
Хариуцагч М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Агуйт нэртэй 30012 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд тухайн талбай нь 6 өнцөг хэлбэртэй болох нь тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т заасан дөрвөн өнцөгт хэлбэрийг хангаагүй, олон өнцөгт үүсгэсэн байна гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байна, 17.3-т ...өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэх хуулийн зүйл заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар харилцан тайлбар үндэслэл гарган маргаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд ... бидний тусгай зөвшөөрөл хүссэн талбайн эргэн тойронд тусгай хэрэгцээний талбай, орон нутгийн талбай байгаа учраас тэр талбайнуудтай давхцал гаргахгүйн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-ыг үндэслэн өргөдөл гаргасан. Хуульд тухайн талбайг заавал хиллүүлж ав гэсэн заалт байхгүй. Тухайн үед Бигэр сумын орон нутгийн тусгай хэрэгцээний талбай давхцалтай байсан учраас хоосон зай үлдээсэн. Бидний үлдээсэн талбай 25 га-аас их учраас өөр компани өргөдөл гаргах боломжтой гэж маргажээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд үзлэг хийх үед болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь ертөнцийн зүгээр зүүн хойд хэсгээр буюу кадастрын зургийн 3, 4, 5 дугаар цэг нь тусгай хэрэгцээний газар буюу хориглосон хэрэгцээний газартай хиллүүлээгүй учир татгалзсан. Тусгай зөвшөөрөл авахад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу шууд зураг гаргахгүй. Эхлээд 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасны дагуу өргөдлөө тодорхойлох ёстой. 17 дугаар зүйлийн 17.2.1-ийг хангахын тулд 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гарах юм бол давхцлыг арилгахын тулд 17.3-т өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж заасны дагуу талбайг хиллүүлэх ёстой гэж тайлбарлаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна, 17.2.1-т дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, 17.2.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, 17.2.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, мөн хуулийн 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дөрвөн өнцөгт хэлбэртэй, хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй байдлаар тодорхойлох ёстой бөгөөд хэрэв тусгай зөвшөөрөл хүссэн талбай тусгай хэрэгцээний газартай давхцахаар байвал давхцал гаргахгүйн тулд тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсгийг шулуун биш байдлаар тодорхойлж болохоор байна.
М ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийг харвал тусгай зөвшөөрөл хүссэн талбайн зүүн доод булан буюу 7, 8, 9, 10, 1 дүгээр цэгүүд тусгай хэрэгцээний талбайтай давхцахаар байсан тул уг талбайг шулуун биш шугамаар хиллүүлсэн нь хуульд нийцжээ.
Харин тусгай зөвшөөрөл хүссэн талбайн баруун дээд хэсэг буюу кадастрын зургийн 3, 4, 5 дугаар цэгийг тусгай хэрэгцээний талбайтай хиллүүлэлгүй шулуун шугамаар хүрээлүүлж хоосон зай үүсгэсэн байх тул тухайн хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 17.3-т заасан давхцал бий болсон гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийн 3, 4, 5 дугаар цэг тусгай хэрэгцээний талбайтай давхцаагүй байх тул тухайн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т заасан дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байна гэх шаардлага тавигдах нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Бигэр сумын орон нутгийн тусгай хэрэгцээний талбай тодорхойгүй байсан, хоосон үлдээсэн зай 25 гектар талбайгаас их хэмжээтэй тул өөр компани тухайн талбайд тусгай зөвшөөрөл авах боломжтой хэмээн маргаж байх боловч энэ нь өргөдөлд дурдсан хайгуулын талбайн шаардлагыг хангахгүй байх хуульд заасан үндэслэл болохгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулах үүднээс тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3789 дүгээр захирамжаар Н******* ХХК-ийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд шинжээч Метал эрэл хайгуул ХХК Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 567 дугаар захирамжаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын шинжээч М ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангасан хэмээн дүгнэжээ. Гэхдээ шинжээч тухайн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний талбайтай байршлаараа давхцаж байгаа эсэхэд дүгнэлт өгсөн боловч тухайн талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, дээрх хуулийн заалтыг хооронд нь харьцуулсан дүгнэлтийг хийгээгүй байна.
2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс Т******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаж байгаа зүйлийн талаар:
Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 015/03 дугаар албан бичгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3087 дугаар захирамжаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг уг захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Үүний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр тус хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж, М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарт бүртгэгдсэн талбайд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, бусад үйл ажиллагааг явуулахыг зогсоосон.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын ******* нэртэй газар М ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн тайлбайд давхцуулж Т******* ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга захиргааны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд ямар нэг шийдвэр гаргахгүй байх талаар бидэнд мэдэгдсэн атлаа шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед М ХХК-ийн өргөдлийн талбайд давхцуулан Т******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус хэмээн маргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл М ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, ашиг сонирхол бий болоогүй байхад шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.
Иймд М ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд Т******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон тус хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин тус шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3087 дугаар захирамжаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг уг захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байдал тогтоогдсон байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд ... Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Шүүхийн шийдвэр, шаардлагыг тогтоосон хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу биелүүлэхэд саад учруулсан бол 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад захиргааны хариуцлага тооцсоныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.3-т тус тус заасныг баримтлан М ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Т******* ХХК-д ******* нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ