Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/47

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

Улсын яллагч: Ч.Энхжаргал

Шүүгдэгч: С.А, А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хологдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э нарт холбогдох 1727000000005 дугаартай, 146/2047/00042/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наранд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, С.А    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наранд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, А.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ А.Э-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт хохирогч Ц.А-т хүч хэрэглэн, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан  тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч А.Э нь С.А-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт хохирогч Г.Г, Ц.А нарт хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймийн Хужирт сумын нутагт хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв

Хохирогч Г.Г-ийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хужирт сумын Уяачдын холбооны наадам болоод эхнэр хүүхэдтэйгээ наадмын талбай дээр жижиг гэр бариад хуушуур зарсан. Орой 20 цагийн үед наадам тараад Ц.А гэж хүний машинд гэрээ ачаад наадмын талбайгаас хөдлөөд төв орох гээд явж байсан чинь нэг цагаан машин Ц.А-ийн машины урдуур орж ирээд зогссон. Тэгсэн машин дотроос хоёр хүн гарч ирээд Ц.А руу дайраад Ц.А-ийг барьж авсан. Би салгах гээд очсон чинь хоёр хүний залуухан нь намайг чи юу гээд байгаа юм гээд миний толгой руу 2, 3 удаа цохиод хамраас цус гаргаж хамар мурийлгасан. Тэр хоёр аав, хүү 2 юм байна лээ. Аавыг нь С.А, хүүг нь А.Э гэдэг гэсэн. А.Э намайг цохиж байхад аав нь Ц.А-тай маргалдаад зогсож байсан. Маргалдах үед эхнэр Ц.Б, манай охин Г.И, эхнэрийн дүү Ц.Б, Ц.А-ийн эхнэр нар байсан. Тэр үед С.А, Ц.А-ийн араас дагаж явсан манай эхнэрийн дүү Ц.Б-ийн “Приүс-20” маркийн машиныг араас ирэхдээ шүргэчихсэн байсан. Тухайн үед С.А, А.Э нар нь цагаан өнгийн машинтай явж байсан би машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тэр машиныг С.А жолоодож явсан. С.А, А.Э нар нь тухайн үед архи уучихсан байх шиг байсан. Миний толгой өвдөж байгаа. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Би эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Хохирогч Ц.Б-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр наадмын талбай дээрээс Г.Г ахын хуушуурын гэрийг Ц.А ахын ачааны машин дээр ачаад машин дотор Ц.А ах, Г.Г ах, түүний эхнэр Ц.Б нар суугаад хөдөлсөн. Би араас нь өөрийнхөө приүс-20 маркийн машинтай дагаад явсан. Хөдлөөд удалгүй Хужирт сумын урд хорооллын зах руу дөнгөж орж байсан чинь миний араас 1 цагаан өнгийн эстима маркийн машин орж ирээд машины зүүн талыг шүргээд явсан. Г.И, Ц.Б эгч рүү гар утсаараа залгаад Ц.Б эгчийн машиныг наана чинь явж байгаа цагаан өнгийн машин шүргэчихлээ зогсоо гэж хэлсэн. Тэр машин миний урд явж байсан Ц.А ахын машины урдуур нь ороод зогссон. Тэр хоёр аав, хүү хоёр байна лээ. Хүү нь Г.Г ахыг цохисон. Тэр үед миний машин дотор Г.Г ахын охин Г.И сууж явсан. Тухайн үед тоёото эстима маркийн 96-04 УНУ улсын дугаартай машиныг С.А жолоодож явсан. Машин шүргэчихлээ гээд С.А-д хэлсэн чинь С.А миний машин руу очоод энэ төмрийн сэгийг нь улам сэг болгоод өгье “Приүс-20” юу юм төмрийн сэг шүү дээ гээд чулуугаар хамар дээр нь цохисон тэр чулуу нь үсрээд урд шилийг хагалсан. Түүний хүүхэд А.Э машины хажуу талын хаалга руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. А.Э машин өшиглөх гэж байгаад манай 7 настай хүүхдийн хэвлий рүү өшиглөсөн. А.Э, Г.Г ахын хамар руу 2-3 удаа цохиод хамрыг нь мурийлгасан. Тэр хоёр эхлээд миний машиныг цохисоны дараа Ц.А ахтай маргалдаад барьж аваад хоёулаа дайраад дээлийнх нь товчнууд тасалсан. Тэгээд би С.А-ийг барьж салгаад манай дүү Г.И, А.Э-г салгаад барж зогссон. Тэгээд цагдаа дуудсан. Миний жолоодож явсан машины зүүн талыг шүргээд хаалга, карлан, гэрлийн шилийг гэмтээсэн. Дараа нь С.А чулуугаар хамар дээр нь цохисон, тэр чулуу нь ойгоод урд салхины шил хагалсан. Дараа нь бид нар ярилцаж тохиролцоод С.А надад 600.000 төгрөг өгөөд би өөрөө Улаанбаатар хотод авто засвараар янзлуулсан. Бид 2 мөнгө төгрөг өгч авахдаа гарын үсэг зурж өгсөн авсан баримт байхгүй. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогч Ц.А-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хужирт сумын Уяачдын холбооны наадам дээр С.А-тэй таарсан. С.А нь урд өмнө Хужирт суманд байдаг байсан бид хоёр нэгийгээ таньдаг. Би наадмын талбай дээр 20 цагийн орчим С.А-тэй таараад согтуу байхаар нь завгүй байна гээд машинтайгаа Хужирт сумын төв рүү хөдөлсөн. Миний араас манай дүү Ц.Б “Приүс-20” маркийн машинтай дагаж явсан. Тухайн үед би өөрийнхөө ачааны машин дээр төрсөн дүү Ц.Б-ийн наадмын талбай дээр хуушуур хийж зарсан гэрийг ачаад явж байсан. Тэгсэн С.А араас цагаан өнгийн “Тоёото естима” 96-04 УНУ улсын дугаартай машинтайгаа согтуу ирээд зогссон. Тухайн үед С.А, хүү А.Э-тэй хамт явж байсан. Би С.А-ийг ирээд зогсохоор нь буусан. Манай дүү Ц.Б араас ирээд наад машин чинь миний машиныг шүргэчихлээ гэсэн. Тэгэхээр нь би С.А-ийг чи хүний машиныг шүргэчихсэн байна гэсэн чинь С.А манай дүүгийн приүс-20 маркийн машин дээр очоод приүс-20 юу юм төмрийн сэг, унаа юм уу энэ чинь гээд чулуугаар цохиод байсан. Би боль гэсэн чинь над руу хүүхэдтэйгээ хамт дайраад намайг заамдаад авсан. Тухайн үед манай хүргэн Г.Г салгах гээд ирсэн чинь С.А-ийн хүү А.Э хамар руу нь 2-3 удаа цохиж цус гаргасан. С.А их согтуу байсан. Хүүхэд нь архи уучихсан байх шиг байсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 25-26, 43-44 дүгээр хуудас/

Гэрч Ц.Б-ийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Тухайн үед нэг машин Ц.А-ын машины урдуур хаагаад зогссон юм. Тэр машин стима гэсэн байхаа нэрийг нь сайн мэдэхгүй машин байсан. Жолооч нь согтуу байсан. Ах Ц.А-ыг тэр машинд байсан жолооч бас нэг зорчигч залуу байсан 2-уулаа заамдаж аваад дээлийнх нь товчийг сэт татаад 2-уулаа зэрэг дайраад чих рүү цохиж байсан. Манай дүү Ц.Б машинтай ирээд наад цагаан машин чинь миний машиныг шүргэчихээд яваад өглөө гэж хэлсээр бууж иртэл тэр хоёр залуу энэ муу төмрийн сэгийг чинь эвдэлсэн ч яадаг юм бэ гээд машин руу нь чулуу шидэж цонхыг нь хагалсан. Тэгээд 2-уулаа хажуу талаас нь өшиглөөд байсан. Тэгж байтал манай нөхөр Г.Г очоод салгах гэтэл тэр машинд сууж явсан залуу манай нөхрийг зодоод хамарнаас нь цус гаргачихсан. Хамар руу нь цохисон залуу бол С.А-ийн хүү нь байсан...” гэжээ.  /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Г.И-ийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Хужирт сумын төвийн урд захад явж байсан чинь араас цагаан өнгийн машин Ц.Б эгчийн машиныг гүйцэт түрүүлэх гэж байгаад шүргээд явсан. Би ээж рүү гар утсаар залгаад наана чинь явж байгаа цагаан машин Ц.Б эгчийн машиныг шүргэчихээд явчихлаа зогсоогоорой гэж хэлсэн. Тэр машин бид нарын урд явсан Ц.А ахын машины тэнд очиж зогсоод дотроос нь аав хүү хоёр гарч ирсэн. Ц.Б эгч бид хоёр араас нь очиж зогсоод Ц.Б эгч, Ц.А ахад наад хүн чинь манай машиныг шүргэчихлээ гэж хэлсэн. Ц.А ах эгчийн машиныг очиж хараад чи хүний машин шүргэчихсэн байна шүү дээ гэж хэлэхэд С.А энэ төмрийн сэгээр яадаг юм. “Приүс-20” төмрийн сэг гээд газраас чулуу аваад эгчийн машины хамар дээр нь хэд хэдэн удаа цохисон. Тэр үед С.А-ийн хүүхэд А.Э бас эгчийн машиныг хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед хажуудаа байсан манай эгчийн 7 настай н.М гэж хүүхдийг машин өшиглөх гэж байгаад хэвлий рүү нь өшиглөсөн. Түүний дараа С.А, А.Э нар хамтдаа Ц.А ах руу дайраад дээлнээс нь зуураад дээлний товчийг нь сэт татсан. Манай аав тэр хоёрыг Ц.А ахаас салгах гээд очсон чинь А.Э манай аавын хамар руу нь 2-3 удаа цохисон аавын хамарнаас цус гарсан. Тэгээд Ц.Б эгч С.А-ийг арай гэж салгаж аваад цааш нь аваад явсан. Би А.Э-г салгаад Ц.А ахаас холдуулж барьж зогссон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн...” /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Ц.Д-ын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны орой цагийг санахгүй байна. Хужирт сумын Уяачдын холбооны наадам тараад Хужирт сумын төв орох гээд урд хорооллын захад явж байсан чинь цагаан өнгийн Естима маркийн машин манай нөхрийн машины хажууд очоод зогссон. Тэр цагаан машин манай нөхрийн хамаатны Ц.Б гээд эмэгтэйгийн саарал өнгийн “Приүс-20” маркийн машиныг шүргэсэн гэсэн. Би тухайн үед шүргэснийг нь хараагүй. Тэр цагаан машин дотор хоёр хүн явж байсан. Манай нөхөр Ц.А, С.А-ийг чи хүний машин шүргэчихсэн байна гэсэн чинь С.А, Ц.Б-ийн машин дээр очоод приүс-20 унаа юм уу төмрийн сэг гээд чулуугаар хамар дээр нь цохиод байсан. Тэгээд С.А манай нөхөр Ц.А руу дайраад заамдаад авсан. Хүүхэд нь хамт дайраад байсан. Тэр үед манай нөхрийн хүргэн Г.Г салгах гэж очсон чинь А.А-ийн хүү А.Э-г хамар руу нь цохиж цус гаргасан...” гэжээ. /хх 41-42 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 256 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Г.Г-ийн биед, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.  /хх-ийн 45 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 11 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/

С.А, А.Э нарын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72, 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ А.Э-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт хохирогч Ц.А-т хүч хэрэглэн, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч А.Э нь С.А-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт хохирогч Г.Г, Ц.А нарт хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймийн Хужирт сумын нутагт хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Г-ийн ...  Машин дотроос хоёр хүн гарч ирээд Ц.А руу дайраад Ц.А-ийг барьж авсан. Би салгах гээд очсон чинь хоёр хүний залуухан нь намайг чи юу гээд байгаа юм гээд миний толгой руу 2, 3 удаа цохиод хамраас цус гаргаж хамар мурийлгасан гэх, хохирогч Ц.Буянхишигийн ... Машин шүргэчихлээ гээд С.А-д хэлсэн чинь С.А миний машин руу очоод энэ төмрийн сэгийг нь улам сэг болгоод өгье, “Приүс-20” юу юм төмрийн сэг шүү дээ гээд чулуугаар хамар дээр нь цохисон тэр чулуу нь үсрээд урд шилийг хагалсан гэх, хохирогч Ц.А-ын ... С.А манай дүүгийн “Приүс-20” маркийн машин дээр очоод “Приүс-20” юу юм төмрийн сэг унаа юм уу энэ чинь гээд чулуугаар цохиод байсан. Би боль гэсэн чинь над руу хүүхэдтэйгээ хамт дайраад намайг заамдаад авсан. Тухайн үед манай хүргэн Г.Г салгах гээд ирсэн чинь А.Э хамар руу нь 2-3 удаа цохиж цус гаргасан. С.А их согтуу байсан гэх, гэрч Ц.Б-ийн ... Ах Ц.А-ыг тэр машинд байсан жолооч бас нэг зорчигч залуу байсан 2-уулаа заамдаж аваад дээлийнх нь товчийг сэт татаад 2-уулаа зэрэг дайраад чих рүү цохиж байсан. Манай дүү Ц.Б машинтай ирээд наад цагаан машин чинь миний машиныг шүргэчихээд яваад өглөө гэж хэлсээр бууж иртэл тэр хоёр залуу энэ муу төмрийн сэгийг чинь эвдэлсэн ч яадаг юм бэ гээд машин руу нь чулуу шидэж цонхыг нь хагалсан. Тэгээд 2-уулаа хажуу талаас нь өшиглөөд байсан гэх, гэрч Г.И-ийн ... С.А энэ төмрийн сэгээр яадаг юм. “Приүс-20” төмрийн сэг гээд газраас чулуу аваад эгчийн машины хамар дээр нь хэд хэдэн удаа цохисон. Тэр үед С.А-ийн хүүхэд А.Э бас эгчийн машиныг хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед хажуудаа байсан манай эгчийн 7 настай н.М гэж хүүхдийг машин өшиглөх гэж байгаад хэвлий рүү нь өшиглөсөн. Манай аав тэр хоёрыг Ц.А ахаас салгах гээд очсон чинь А.Э манай аавын хамар руу нь 2-3 удаа цохисон аавын хамарнаас цус гарсан гэх, гэрч Ц.Д-ын ... С.А, Ц.Б-ийн машин дээр очоод “Приүс-20” унаа юм уу төмрийн сэг гээд чулуугаар хамар дээр нь цохиод байсан. С.А манай нөхөр Ц.А руу дайраад заамдаад авсан. Хүүхэд нь хамт дайраад байсан. Салгах гэж очсон Г.Г-ийн хамар луу А.Э-г цохиж цус гаргасан ... гэх мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 256 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А, А.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А-ийг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, шүүгдэгч А.Э-г нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч нар хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.А, А.Э нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч С.А-ийн эзэмшлийн 96-04 УНУ улсын дугаартай “Тоёото-естима” маркийн автомашиныг битүүмжлэгдсэн тогтоолыг хүчингүйд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А-ийг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, шүүгдэгч А.Э-г нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 01 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногийн хорих ялтай нийцүүлэн 30 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хорих ялаар тогтоосугай.   

4. Шүүгдэгч С.А, А.Э нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, А.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч С.А-ийн эзэмшлийн 96-04 УНУ улсын дугаартай “Тоёото-Естима” маркийн автомашиныг битүүмжилсэн  тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, шүүгдэгч А.Э-д оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, А.Э нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА