Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/60

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Р.Шүрхүү

Шүүгдэгч: М.М, П.Т, М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П, М.М, П.Т нарт холбогдох 1727000290017 дугаартай, 146/2017/00055/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, М.М

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 08 сар 14 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2008 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 48 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, М.П    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, урд ял шийтгэлгүй, П.Т

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.М, П.Т, М.П нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бөхөн шарын ам”-ны Зүүн байдас гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хойд агуйт” гэх газраас сумын төв рүү орж ирэхэд М.П ах мод татаад өг гэсэн. Модоо ачаад ирж явах замд бензин дуусаад П.Т-г бензин аваад ир гэсэн. Тэгээд зам дээр зогсож байсан чинь цагдаа нар таарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т мэдүүлэхдээ: Би унанги цуглуулаад бэлдчихсэн гэж дүү М.М-д худлаа хэлсэн. Өмнө нь би модоо ганцаараа очиж бэлдсэн байсан. Тэгээд дүүдээ худлаа хэлж авч яваад бэлдсэн модоо ачиж ирсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт ямар ч буруугүй. Бензин хүргэж өгсөн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Бөхөн шарын ам “Зүүн байдас” гэх газраас тус сумын харъяат М.М, М.П, П.Т нар нь зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод тээвэрлэж яваад газар дээрээ баригдсан юм билээ. Тиймээс газар нутгийн харъяалалаар Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг учраас Засаг даргын Тамгын газраас намайг томилсон. М.М, М.П, П.Т нар нь мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Байгаль экологит учирсан хохиролоо нөхөн төлчихвөл гомдол санал, байхгүй...”гэжээ. /хх-ийн 71-72 дугаар хуудас/

Гэрч О.М-ын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.С-ийн хамт тус сумын 4 дүгээр баг “Бөхөн шарын ам” гэх газар иргэн М.М, М.П, П.Т нарын хамт УАЗ-469 маркийн автомашинтай хууль бусаар мод тээвэрлэж явах үед нь шалгаж тээврийн хэрэгслийг түр саатуулж ажилласан. М.М, М.П, П.Т нарт мод тээвэрлэх бичиг баримт байхгүй байсан. Уг мод нь хоёр метр гаран урттай цуулбар мод байсан...”гэжээ.  /хх-ийн 73 дугаар хуудас/

Гэрч Р.Э-ын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би нилээн хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн нэг хүнээс 25-25 УБУ улсын дугаартай пургон автомашин худалдан авч байсан. Тэгээд 2014 онд Бат-Өлзий сумын иргэн М.М гэх хүнд 1.000.000 төгрөгөөр зарахаар тохирч бэлэн 500.000 төгрөг авч, машинаа өгч явуулсан юм. Надад үлдсэн 500.000 төгрөг өгөхгүй болохоор бичиг баримтыг нь өгөөгүй юм. Тэгээд ч мөнгөө өгөхгүй бол машинаа буцааж авна. Нилээд хэдэн жил унасан болохоор 500.000 төгрөгийг буцааж өгөхгүй. Эвдрэл, хэмхэрэл, элэгдэл хорогдолд нь таарах байх. Би тухайн үед 1.500.000 төгрөгөөр бэлэн мөнгийг өгч худалдан авч байсан...” гэжээ.  /хх-ийн 74, 76 дугаар хуудас/

Гэрч Б.Я-ын 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...М.М, М.П, П.Т нар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Бөхөн шарын ам “Зүүн байдас” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Цуудас модонд эрхийн бичиг баримт олгодоггүй...” /хх-ийн 78 дугаар хуудас/

Гэрч Ц.С-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Бөхөн шарын ам, “Зүүн байдас” гэх газар хөрөө дуугарч, мод бэлтгээд байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн ахлах, ахлагч О.М-ын хамт явтал модноос М.М, М.П, П.Т нар нь цагаан өнгийн 25-25 УБУ улсын дугаартай пургон маркийн автомашинтай цуудас мод аччихсан явж байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл, түр саатуулах байранд авчирч саатуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиг баримт байгаагүй. Тэгээд ч сум дундын ой ангиас цуудас модонд эрхийн бичиг баримт өгдөггүй. Цуудас модыг босоо нойтон мод унагаж байж хийдэг. Газрын унанги модоор цуудас мод хийж болохгүй...” /хх-ийн 79-80 дугаар хуудас

Модны экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 7 хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар хуудас/

Цуудас 240 ширхэг модыг битүүмжлэх тухай, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол  /хх-ийн 6, 19, 30, 41, 52, 61 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20, 31, 42, 53, 62 дугаар хуудас/

Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29/

Сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-40 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №15-04-336/09 дугаартай “Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” улсын байцаагчийн акт /хх-ийн 106 дугаар хуудас/

М.М, М.П, П.Т нарын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111, 135, 151 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.М, М.П нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бөхөн шарын ам”-ны Зүүн байдас гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.М, М.П нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын мэдүүлэг, гэрч О.М, Ц.С, Б.Я нарын мэдүүлэг, 240 ширхэг цуудас модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтуудаар  нотлогдож байна. 

Гэрч О.М-ын “...М.М, М.П, П.Т нарыг УАЗ 469 маркийн автомашинтай хууль бусаар мод тээвэрлэж явах үед нь шалгаж тээврийн хэрэгслийг түр саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.С-ийн “...М.М, М.П, П.Т нар цагаан өнгийн пургон автомашинтай цуудас мод аччихсан явж байсан. Уулын модноос энэ гурав мод бэлтгэсэн нь ойлгомжтой, анхнаасаа л хамт явсан байж таарна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.П, М.М нарын “...П.Т бензин авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Э-ийн “...яг хэдний өдрийг санахгүй байна, хуванцар шар саваар бензин авсан...” гэх мэдүүлэг, гэрч О.М-ын “...2017 оны 08 дугаар сарын 08-нд П.Т мотоциклио өгөөч аав бензин нь дууссан гэж хэлээд миний мотоциклийг аваад явсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч П.Т нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бөхөн шарын ам”-ны Зүүн байдас гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Т нь шүүгдэгч М.М, М.П нарын хамт мод тээвэрлэж явсан пургон автомашинд явж байсан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мод бэлтгэж, тээвэрлэсэн нь бүрэн нотлогдохгүй байна.

Шүүгдэгч П.Т-ийн гэм буруутай эсэх эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.М, М.П нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Т нь зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

240 ширхэг цуудас модны нийт үнэлгээ нь 236048 төгрөг  /хх 7 хуудас/ байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар ойд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 708144 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан улсын байцаагчийн актаар шүүгдэгч нар нөхөн төлбөрт 708144 төгрөгийг төлсөн байна.

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 240 ширхэг модыг улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн моторт цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирол төлөгдсөн тул шүүгдэгч М.М-ийн эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн, мод тээвэрлэсэн шүүгдэгч М.П-ийн 25-25 УБУ улсын дугаартай пургон автомашины өмчлөгч нь Р.Э болох нь тогтоогдсон тул битүүмжлэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.М, М.П нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдаж,  учруулсан хохиролоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.М, М.П нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М, М.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч М.П, М.М нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.П-г 02 жилийн хугацаагаар хорих ялаар, М.М-г 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, М.П нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.М, М.П нар нь цагдан хоригдоогүй, хохирол төлсөн, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 240 ширхэг цуудас модыг хураан авч улсын орлогод оруулж, моторт цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч М.М-ийн энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 2 үхэр, шүүгдэгч М.П-ийн 25-25 УБУ улсын дугаартай пургон автомашин битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт  зааснаар шүүгдэгч М.М, М.П нарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцож, шүүгдэгч М.М, М.П нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА