Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00364

 

 

Ж.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаар шийдвэртэй, Ж.Мын нэхэмжлэлтэй, Ц.Гад холбогдох, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн эцэг Жанлавтай малын наймаа хийдэг байсан Улаанбаатар хотын махны ченж гэх урьдын танил Ц.Г хоёр машинтай хэдэн хүний хамт манайд ирээд хонь бөөний үнээр авч Улаанбаатар хотод үнэ нэмж борлуулахад ашигтай байдаг гэж хэд хоног манай гэрээр хонож өнжөөд авах хонио сонгон нийт 700 толгой хоныг надаас зээлийн нөхцөлтэйгээр аман хэлцэл хийж, хонь нэг бүр нь зах зээл дээр 100 000-150 000 төгрөгт байдаг үнэ ханшийг урьдын харилцааны итгэл дээрээс үндэслэж нэг бүрийг нь дунджаар 72 000 төгрөгт тооцож нийт 50 000 000 төгрөгийн хонь худалдан авсан. Авсан 700 хонийг Улаанбаатар хотоос мал авах зорилгоор унаж ирсэн урт шалаанз авто машинаар нийт 5 удаа тасалж Улаанбаатар хотруу тээвэрлэсэн. Эхлээд 2 том шалаанз, дараа нь дахиад 2 том шалаанз нэг нь 2 давхар машинаар хотруу авч явсан. Ингээд зээлээр авсан хонины мөнгөө хэд хоногоос миний дансанд цувуулж Хаан банкны 5045123264 дансанд 5017151230 данснаас 2017.08.20-ны өдөр 100 000 төгрөгийг, 2017.08.24-ний 6 000 000 төгрөгийг 2 удаа 3, 3 саяар, 2017.08.27-ны өдөр 2 900 000 төгрөгийг, 2017.08.29-ний өдөр 9 000 000 төгрөгийг, 2017.08.30-ны өдөр 500 000 төгрөгийг, 2017.09.19-ний өдөр 5 100 000 төгрөгийг, 2017.09.22-ны өдөр 1 400 000 төгрөгийг, 2017.10.30-ны өдөр 150 000 төгрөгийг, 2019.09.07-ны өдөр 5017074536 данснаас 5 000 000 төгрөгийг, 2017.10.18-ны өдөр 5017211893 дугаар данснаас 200 000 төгрөгийг, 2017.10.27-ны өдөр 250 000 төгрөгийг, нийт 30 600 000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас баримтаар тогтоогдоно. Бэлнээр 7 400 000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 12 000 000 төгрөг өгөөгүй. Ц.Гын 9917-8768 утсаар холбоо бариад үлдэгдэл мөнгөө удаа дараа нэхэж шаардсан боловч удахгүй өгнө, санаа зоволтгүй гээд янз бүрийн зовлон шалтаг шалтгаан ярихад нь итгээд өгөх байх гэж хүлээж хоног хугацаа их алдсан. Гэтэл сүүлдээ хамт явсан хүмүүсээ өгөх ёстой мөнгийг нь авч өгнө гэж бие биерүүгээ чихэж одоо болтол үлдэгдэл 12 000 000 төгрөгийг өгөхгүй байна. Би анхнаасаа Ц.Гад итгэж л 700 хонио зээлээр өгсөн. Иймд Ц.Гаас 700 толгой хонины үнэ 50 000 000 төгрөгөөс үлдэх 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 08 дугаар сард иргэн Батдоржийн санал болгосны дагуу Баруунхараа сумруу мал авч тохиролцохоор өөрийн найз Бямба-Очирын хамт гурвуулаа нэгэн айлд очиж наймаа хийхээр малыг үзсэн билээ. Бид үзээд малын үнэ тохироогүй буцаж ирсэн. Харин хэд хоногийн дараа Батдорж хамт яваад өгөөч гэж гуйгаад өдрийн хөлс тохироод явсан. Батдорж тэр айлыг таньдаг их дотно харилцаатай найз ах дүү нартай нь тохиролцсон байх, хэдээр тохиролцсоныг нь ч мэдээгүй, наймаанд оролцоогүй. Батдоржийн хүсэлтээр өдрөөр үнэ тохирч унаа машинаар 3 удаа үйлчилсэн. Батдорж нь иргэний үнэмлэх байхгүй данс нь ч байхгүй чи л мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэд хэдэн удаа мөнгөө бэлнээр өгч дансаар минь шилжүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Гаас 12 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ц.Гаас 206 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.Үүнд

Нэгдүгээрт: Шүүгч, шүүгчийн туслах нар хариуцагчид эдлэх эрх, үүргийг нь дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар танилцуулж, тайлбарлаж өгөөгүйгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-дэх заалтыг зөрчсөн. Хэдийгээр хэргийн 20 дугаар хуудсанд хариуцагчид эрх үүргийг танилцуулсан гэх баримт байх боловч энэ баримтанд зөвхөн хуулийн зүйл заалт тавьсантай танилцав гэсэн бичвэртэй хүснэгтэн дээр гарын үсэг зуруулсан төдий баримт байх бөгөөд харин хариуцагчийн эрх, үүрэгтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг ямар байдлаар хэрхэн танилцуулсан нь ойлгомжгүй, эрх, үүргийг нь ойлгуулж, тайлбарласан талаар тэмдэглэгээ байхгүй байгаа нь хариуцагчид эрхийг нь бүрэн танилцуулаагүй, сайтар ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөөгүй болохыг нотолж байна. Үүнээс болж хариуцагч өөрийн татгалзал, тайлбараа нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй хохирсон. Хариуцагч нь тайлбартаа Батдорж малын наймаа хийсэн, миний хувьд наймаанд оролцоогүй, хэдээр тохирсныг мэдээгүй, Батдоржийн гуйлтаар хөлсөөр хамт явсан, хэдээр хэдэн мал авсаныг мэдээгүй, би хариуцах ёсгүй, надад хамааралгүй, гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан атлаа уг тайлбараа нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөөгүй, шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулж нотлуулаагүй, шүүх хуралд оролцож мэтгэлцээгүй нь эрх үүргээ мэдэхгүйгээс болж, тайлбарынх нь дагуу шүүх шалгаж, наймаанд Ганбат болон Батдорж ямар холбогдолтой, Ганбат ямар оролцоотой, хэн нь хариуцах ёстой, ямар үнэ ханшаар, хэдэн мал авсан, хэдийг төлж хэдийн үлдэгдэлтэй болохыг нь тогтоож шийдвэрлэдэг, би хамааралтай биш учраас шүүх, хариуцах ёстой этгээд болох Батдоржийг шүүх хуралд нь оруулдаг гэсэн ойлголттой явсантай холбоотой болох нь илэрхий байх бөгөөд, энэ нь шүүх түүнд эрхийг нь бүрэн гүйцэд танилцуулж, ойлгуулж, тайлбарлаж өгөөгүйтэй шууд холбоотой байх тул анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг нь хуульд заасан журмаар бүрэн тайлбарлаж, танилцуулж өгөөгүй, түүний мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагчид хэргийн зарим материалыг бүрэн танилцуулаагүйгээс түүний нэхэмжлэгч талын хүсэлттэй танилцаж тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцохгүйгээр гэрчид бичгээр асуулт тавих, эсхүл шүүх хуралдаанд биеэр оролцож, гэрчид асуулт тавьж мэтгэлцэх боломжийг алдагдуулж, 25.1.1, 25.1,2 дэх заалтыг зөрчсөн. Тухайлбал хэргийн 27 дугаар хуудсанд хариуцагчид хэргийн материалыг 2019.12.16-ны өдөр танилцуулжээ. Үүнээс хойш нэхэмжпэгч талаас 2019.12.18-нд нотлох баримт гаргуулах хүсэлт /хэргийн ЗО хуудас/, уг хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж, ХААН банкны хариу лавлагаа албан бичиг, 2018.12.25-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлт зэрэг бичиг, баримтууд хэрэгт авагдсан байхад эдгээр баримт, хүсэлтүүдийг хариуцагчид бүрэн танилцуулаагүй байна. Хэдийгээр хэргийн 35 дугаар хуудсанд утсаар ярьсан тэмдэглэл гэх хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримтад Мөнхжаргалын нэхэмжлэлтэй Ц.Гад холбогдох иргэний хэргийн 2019.12.20-ны өдрийн шүүгчийн захирамжаар ХААН банкнаас ирүүлсэн баримттай танилцахыг 2019.12.24-нд мэдэгдэхэд за ойлголоо, би танилцах шаардлагагүй гэв гэж бичсэн байх боловч түүний агуулгаас харахад зөвхөн 2019.12.20-ны өдрийн шүүгчийн захирамжаар ХААН банкнаас ирүүлсэн баримттай танилцахыг мэдэгдсэн байх бөгөөд хэзээ хэдэн цагт ямар дугаарын утсаар, хэнд хэрхэн мэдэгдсэнийг хэзээ тэмдэглэл үйлдсэн болох нь тодорхойгүй, байх тул хариуцагчид мэдэгдсэн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх боломжгүй байх бөгөөд, үүнээс өөрөөр дээр дурьдсан ХААН банкныхаас бусад баримттай танилцуулахыг мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй байх тул нотлох баримтуудыг танилцахыг хариуцагчид мэдэгдээгүй, танилцаж, тайлбар гаргаж, мэтгэлцэх эрхийг нь хангаагүй болох нь нотлогдож байна.

Хоёрт: Хэргийн 37 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2019.12.25-нд гэрч оролцуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хэргийн 41 дүгээр хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Наранцэцэг, Булганбаатар нарыг гэрчээр асуулгахаар тэднийг авч ирсэн байгааг мэдэгдэж, 1 хуудас нас барсны гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Хэргийн материалд болон шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн энэ хүсэлтийг хангах эсэх асуудлыг шүүгч албан ёсоор шийдвэрлээгүйгээр шууд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулж, хуралдааныг үргэлжлүүлж, гэрчийг оролцуулсан байна. Энэ нь шүүх гэрчээр оролцуулах хүсэлтийг болон тэдэнд тавих асуултыг хариуцагчид танилцуулж саналыг нь аваагүй, хүсэлтийг албан ёсоор шийдвэрлээгүй орхигдуулж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Гуравт: Мөн гэрч Наранцэцэг нь нэхэмжлэгчийн төрсөн эгч, гэрч Булганбаатар нь түүний нөхөр байх бөгөөд нэгдмэл сонирхолтой, нэг гэр бүлийн хүмүүс байхад тэднийг гэрчээр өгсөн мэдүүлэг нь нэхэмжлэгч урьд нь шүүхэд хариуцагчаар Батдорж, Ганбат нарыг хоёуланг нь татаж, Батдоржийн хаяг тодорхойгүй гэж хэрэгсэхгүй болгогдож байсан талаарх шүүгчийн захирамж баримттай зөрчилдсөн, төрсөн дүү, эхнэртэй ашигтай байдлаар тааруулж худлаа мэдүүлсэн, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэи байхад тэднии мэдүүлгийг бусад нотолгоо баримттай харьцуулахгүйгээр нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 40 зуйлийн 40.1, 40.2 2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж , хууль бус шийдвэр гаргасан .

Дөрөвт: Мөн шүүх нэхэмжлэгчийн гаргасан банкаар мөнгө шилжүүлсэн баримт нь зөвхөн хэдэн төгрөг төлснийг нотлож байгаа болохоос , 700 мал худалдсан гэдэг тоо толгойг болон нийт худалдсан малын үнэ 50 сая төгрөг болсныг , туунээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 12 сая төгрөг үлдсэн байсан гэдгийг нотлосон баримт биш юм, Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй, тухайлбал нэхэмжпэгч анх Батдорж, Ганбат 2 ыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байснаас үзэхэд хэнтэй наймаа хийсэн нь тодорхойгүй, хэдэн мал өгсөн, ямар үнээр худалдсан, хэдэн төгрөг авах авлагатай болох нь нэхэмжпэгчийн гаргасан нэхэжлэл, тайлбараас өөр ямар нэг нотлох баримтаар нотлогдоогүй байхад, өөрсдийнх нь гэр бүл ах дүүгийн гэрчээр өгсөн эргэлзээтэй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, улмаар Ганбатаас үндэслэлгүйгээр 12 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагчиийн хувьд эдлэх эрх, үүргийг маань дэлгэрэнгүй танилцуулж, тайлбарлаж өгөөгүй, тоо тавьсан , хүснэгттэй баримтан дээр гарын үсэг зур гэж зуруулсан. Өөрийн татгалзал, тайлбараа нотлох баримтаа өөрөө бүрдүүлдэг гэдгийг мэдээгүй. Тийм учраас тайлбарын минь дагуу шүүх шалгаж, наймаанд намайг ямар оролцоотой, Батдорж ямар холбогдолтой хэн нь хариуцах ёстой, ямар үнэ ханшаар, хэдэн мал авсан, хэдийг төлж, хэдийн үлдэгдэлтэй болохыг нь шалгаж тогтоон Батдоржийг болон хамт явсан Бямбацогтыг гэрчээр асууж шийдвэрлэдэг, хамааралгүй учраас шүүх хариуцах ёстой этгээд болох Батдоржийг шүүх хуралд нь оруулдаг гэсэн ойлголттой явсан. Үүнээс болж өөртөө хамааралгүй өрөнд орчихлоо. Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн зарим материалыг бүрэн танилцуулаагүй, банкны лавлагаа баримт ирсэн танилц гэж утасдаагүй байж мэдэгдсэн гэж худлаа баримт хийсэн, нэхэмжлэгч талын өмгөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргасан талаар ч мэдэгдээгүй, баримтуудтай танилцаагүй. Хэрэв танилцуулсан бол тайлбар гаргаж, шүүх хуралдаанд оролцож, тэр гэрчүүдээс нь өөрийгөө холбогдолгүй өөр хүмүүстэй явсан талаараа асууж, нүүр нүүрээрээ харж байгаад үнэн мөнийг хэлүүлэх байсан. Мөнхжаргал Батдоржийгоо олохгүй болохоор гүтгэж мөнгө гаргууллаа. Тэднийг намайг ерөөсөө танихгүй, танил биш, харилцаж ч байгаагүй, Батдоржийн л танилууд гэсэн. Урьд нь тэдэнтэй ямар ч наймаа хийж байгаагүй байхад танихгүй хүнд ямар ч баримт гэрээгүйгээр олон тооны малаа мөнгийг нь авалгүй өгөөд явуулна гэж байхгүй. Дансаараа мөнгө шилжүүлж өгсөн гэж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Батдоржийн данс өр төлбөрт хаалгасан байсан учир гуйлтаар нь данснаасаа мөнгө шилжүүлж өгч байсан. Мөн өөр хүмүүсээр ч дансаар нь мөнгө шилжүүлж байсан байхад шүүх буруутгаж, төлбөр гаргуулсанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ц.Гад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно.

Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт 29 дүгээр талд авагдсан, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэж, баримтанд гарын үсэг зуржээ. /хх-27, 29/

2019 оны 12 дугаар сарны 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хаан банкнаас нотлох баримт шаардаж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн баримттай танилцах талаар шүүгчийн туслах хариуцагч Ц.Гад утсаар мэдэгдэхэд ...за ойлголоо, би танилцах шаардлагагүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн баримтаас харахад уг баримттай хариуцагч танилцах боломжтой байсан тул шүүхийг энэ талаар буруутгах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Ж.Наранцэцэг, Л.Булганбаатар нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдаан дээр мэдүүлэг авсан байх бөгөөд шүүхээс энэ ажиллагааны талаар хариуцагчид мэдэгдээгүй. Энэ тохиолдолд хариуцагчийн хувьд хэргийн материалтай танилцах боломжоор хангагдаагүй гэх үндэслэлтэй байх тул талууды мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсгийг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн гэрчээс мэдүүлэг авах талаар мэдэгдсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэгтэй холбоотой тодруулж асуулт асуух байсан гэх гомдлыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ