Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/62

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Л нарын өмгөөлөгч: Р.Шүрхүү

Шүүгдэгч Ц.C-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч: Ц.C, Ц.Ц, Ц.Л  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л, Ц.Ц, Ц.C нарт холбогдох 1727000000002 дугаартай, 146/2017/0056/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... оршин суух,  2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 65 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 63 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ц.C

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... оршин суух, урд ял шийтгэлгүй, овогт Ц.Ц

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт..... оршин суух, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 11 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 63 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сум дахь сум дундын шүүхийн 68 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ц.Л

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.C, Ц.Л, Ц.Ц нар машин механизм ашиглан 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А, Ш.А, Ж.Б, Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч хохирогч Ц.А-д 2.045.000 төгрөгний, хохирогч Ш.А-д 150.000 төгрөгний, хохирогч Ж.Б-т 177.000 төгрөгний, хохирогч Г.Э-д 296.100 төгрөгний буюу нийт 2.668.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.C мэдүүлэхдээ: Архангай аймгаас бид гурав гарсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байдаг Баянголын гуанзангийн хажуунаас Б.Г гэж хүн гар өргөж манай машинд суусан. Б.Г гэх залуу Хархорины цагдаа дээр ажилтай гээд цагдаагийн үүдэнд хүргүүлсэн. Тэгээд бид гуравыг түр байж байгаарай. Би удахгүй гээд цагдаагийн газар луу орсон. Удалгүй Б.Г цагдаагийн хэлтэсээс гарч ирээд та гуравтай хамт явъя гээд бид дөрөв Хужирт сум руу хамт явсан. Б.Г Хужирт сумын төв ороод айлаар орно гээд байхаар нь орой болсон байна гээд айлаар нь оруулаагүй. Тэгээд Хужирт сумаас цаашаа явж байгаад машиныхаа касчирыг чулуунд цохиод цоолчихсон юм. Нааж янзлах гэсэн чинь цавуу байхгүй болохоор нь Б.Г бид хоёр дэлгүүр явсан. Дэлгүүр ортол тухайн үед дэлгүүрүүд хаасан байсан. Бид хоёр машин руугаа явах гэтэл Б.Г намайг машин дээрээ очоод байж бай. Би нөгөө айлдаа орчихоод очъё гээд хоцорсон. Би машин дээрээ очоод унтаж байтал нилээн орой болсон хойно Б.Г цүнхтэй юм барьчихсан ирсэн. Барьж ирсэн цүнхтэй зүйлээ машины багажинд хийсэн. Тэгээд унтах гээд хэвтэж байтал үүр цайсан. Бид хэд босоод машинаа янзлаад Өвөрхангай аймаг орсон. Өвөрхангай аймаг орж машинаа засварын газраар орж янзлуулчихаад ээжийн эгчийнд очтол эзэнгүй байсан. Тэгээд цаашаа морины шүтээн орсон. Дараа нь Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан явахаар болоод явсан. Бид нар Шаргалжуутын рашааныхаа замыг андуураад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг руу орчихсон байсан. Тэгээд бид нар замын хажууд цай унд уугаад байж байтал Б.Г надад “би цагдаа дээр ажилтай байгаа. Намайг хулгай хийсэн гэж та хүнд битгий хэлээрэй. Намайг Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан оруулаад өгчихвөл дүү нь цаашаа учраа олно гэж хэлэнгүүтээ надад нэг ууттай юм өгсөн. Тэрийг нь би аваад халаасандаа хийсэн. Тэгснээ Б.Г би ерөөсөө Рашаан явахаа болилоо. Хайрхандулаан суманд миний таньдаг ах байдаг. Би тэр айлд очиж унаатай болно. Та нар эндээ хүлээж байгаарай гээд Хайрхандулаан сум руу явсан. Бид гурав Б.Гийг хүлээгээд байж байтал цагдаагийн машинтай хоёр цагдаа ирээд манай машиныг шалгасан. Ц.Л, Ц.Ц хоёр хулгайн юм машинд байгаа гэж мэдээгүй явсан. Тэрийг ганцхан би л мэдэж байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай дүү нар энэ хэрэгт хамаагүй, ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: Бид гурав Архангай аймгаас Өвөрхангай аймаг орж ээжийн эгчийнд золгоод морины шүтээн үзээд, цаашаа Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан орж үзэх гэж гарсан. Хархорин сумын нутагт байх Баянголын гуанзангийн хажууд нэг хүн зам дээр гар өргөөд зогсож байтал ах Ц.C тэр хүнийг таниад машиндаа суулгасан. Тэр хүний нэрийг Б.Г гэж байсан. Бид дөрөв Хархорин сум руу орж ирсэн. Тэр хүн цагдаа дээр ажилтай гээд цагдаа руу орсон. Бид гурав дугуй засварын газар байж байсан. Тэр хүн цагдаа руу орчихоод буцаж гарч ирээд бид гуравтай хамт Өвөрхангай аймгийн морины шүтээн ороод цаашаа шаргалжуутын рашаан үзэхээр хамт явсан. Ингээд бид дөрөв Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв рүү орсон. Тэгээд гол гаргах гэж байгаад машиныхаа касчирыг том чулуунд цохиод цоолсон. Тэнд байж байтал Ц.C ах, Б.Г хоёр дэлгүүр орох гээд явсан. Би тэгээд унтаад өгсөн. Тэр Б.Г гэж хүнийг хэзээ ирсэнийг нь мэдээгүй. Нэг сэрсэн өглөө болсон байсан. Бид нар машинаа янзалчихаад шууд Өвөрхангай аймаг руу явсан. Өвөрхангай аймаг орж техникийн зах дээр очиж машиныхаа касчирыг гагнуулсан. Тэгээд ээжийн эгчийнд очтол эзэнгүй байсан. Бид дөрөв морины шүтээн орсон бөгөөд тэндээ жаахан удсан. Дараа нь цаашаа Шаргалжуутын рашаан орох гэж яваад замаасаа буруу салаад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг руу орсон байсан. Тэр Б.Г гэж хүн Ц.C ахтай л юм яриад байсан. Би хулгай хийснийг нь мэдээгүй. Дараа нь Б.Г гэж хүн Хайрхандулаан сум руу яваад өгсөн. Бид гуравыг эндээ хүлээж байгаарай гэсэн. Тэгээд Б.Гийг хүлээж байтал би машиндаа унтсан байсан. Нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн шалгаж байсан...энэ хэрэгт Б.Г гэж хүн байхгүй. Би худлаа хэлсэндээ гэмшиж байна. Энэ хэргийг Ц.C ах хийсэн. Ц.Л бид хоёрын оролцоо байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнбулган сумын “Улаан бааюу” гэх газар эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Тэр өдөр ах Ц.C, эхнэр н.Б, хоёр хүүхдийнхээ хамт манайд ирсэн. Тэгээд Өвөрхангай орох ажилтай байна, миний машин сайн болж өгөхгүй байна, чиний машинтай явъя. Ээжийн настай нэг эгч байдаг юм. Тэр хүн дээр очиж золгоод, морины шүтээн үзчихээд цаашаа Баянхонгор аймгийн нутагт байх Шаргалжуутын рашаан ороод ирмээр байна гэж хэлсэн. Би ганц гэр учраас эхнэр, хүүхдээ орхиод явах хэцүү байна гэж хэлсэн. Маргааш нь ах Ц.C над руу залгасан. Би Ц.C ахынд очтол Ц.Ц ах ирсэн байсан. Тэгээд бид гурав Архангай аймгаас Өвөрхангай аймаг орж ээжийн эгчийнд золгоод морины шүтээн үзээд, цаашаа Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан орж үзэх гэж явсан. Хархорин сумын нутагт байх Баянголын гуанзангийн хажууд нэг хүн зам дээр гар өргөөд зогсож байтал ах Ц.C тэр хүнийг таниад машиндаа суулгасан. Бид нар Хархорин сум руу орж ирээд дугуй засварын газар очиж дугуйгаа янзлуулсан. Нөгөө хүн цагдаа дээр ажилтай орчихоод ирье. Та гурав хүлээж бай гээд цагдаа руу орсон. Цагдаагийн хэлтсээс гарч ирээд бид гуравтай хамт явахаар болсон. Бид дөрөв Өвөрхангай аймгийн Хужирт сум руу орсон. Хужирт сумын голын зүүн талаар Өвөрхангай аймаг орох гээд явж байтал Б.Г энд миний таньдаг айл байдаг. Тэр айлд орчихоод явъя гэж хэлсэн. Тэгээд гол гарах гээд явж байтал голын чулуунд машиныхаа касчирыг цоолсон. Би машиныхаа касчирыг янзлах санаатай машинд байсан түрүүтэй гутлаа өмсөөд, өмсөж байсан пүүзээ тайлаад машиныхаа тосыг тосч авах гэж машин доогуур орсон. Б.Г гэж хүн Ц.C ахыг хамт дэлгүүр орчихоод ирье гээд дэлгүүр явсан. Удалгүй Ц.C ах ирсэн. Б.Г гэж хүн нь шөнийн 4-5 цагийн үед ирсэн байх. Б.Г ирэхдээ цүнхтэй юм барьж ирсэн. Би тэрийг хулгай хийсэн гэж мэдээгүй. Өглөө босоод бид нар шууд Өвөрхангай аймгийн техникийн зах орж машинаа янзлаад морины шүтээн орсон. Цаашаа Шаргалжуутын рашаан орох гэж яваад замаасаа буруу салаад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг руу орсон байсан. Тэр сумын ойр байдаг гол дээр зогсоод тэнд жаахан сууцгаасан. Б.Г гэж залуу Ц.C ахтай пиво уугаад юм яриад суугаад байсан. Дараа нь Хайрхандулаан сумын төв рүү Б.Г яваад өгсөн. Бид гурав тэнд хүлээгээд байж байтал орой болсон. Тэгээд машинтай цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд энд юу хийж байгаа хүмүүс вэ гэж асуусан. Бид гурав хүн хүлээж байна гэж хэлсэн. Би өмнө нь алдаж онож байсан удаа надад байгаа. Айл ухаж эдгээр зүйлүүдийг би хулгайлж аваагүй... Б.Г гэж хүн хулгай хийсэн гэж худлаа хэлсэнд уучлаарай. Энэ хэргийг ах Ц.C үйлдсэн гэв.

Хохирогч Ц.А-ийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө би эхнэртэйгээ цаг уур дээр очиж хамт хоносон. Эхнэрийн ажил дээр хоночихоод маргааш өглөө 09 цагийн орчим эхнэр П.Г-ийн хамт гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын хоёр вакум цонхийг онгойлгосон байсан. Би гэрийнхээ хаалгаар ороод хартал гэрт дотор байсан эд хогшил, хувцас хунарыг эмх замбараагүй болгосон байсан. Мөн манай байшингийн мансартанд байсан авдарыг ухаад дотор нь байсан дээл хувцасыг бүгдийг нь гаргаад ундуй сундуй болгосон байсан. Тэгээд эхнэр бид хоёр цагдаад мэдэгдээд цагдаа нар ирж үзлэг хийсний дараа гэртээ байсан эд зүйлүүдийг бүртгэсэн чинь унтлагын өрөөнд байсан эхнэрийн ээмэг бөгж, хийдэг жижиг хайрцаг дотроос жижиг ууттай байсан монет, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт нарыг ууттай нь аваад явсан байсан. Мөн унтлагын өрөөнд мансарт руу гардаг шатны доогуур байсан самсунг маркийн core IЗ хар өнгийн зөөврийн компьютерийг цүнхнээс нь гаргаад дангаар нь аваад явсан байсан. ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн картыг салгаад авсан байсан, унтлагын өрөөний толины урд байсан эхнэрийн эдэлж хэрэглэдэг хүзүүний зүүлт, ээмэг, бөгж зэрэг нь байхгүй байсан. Тэр өдөр манайхаас гадна манай баруун талын хөрш айл Ж.Б, хойд талын хөрш айл Ш.А нарынд хулгай орсон гэж сонссон...Би гэрээсээ алдагдсан эд зүйлүүдээ хүлээн авсан. Тэрнээс 3 ширхэг мөнгөн ээмэгний өрөөсөн, ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн карт зэрэг эд зүйл дутуу байсан. Би 3 ширхэг өрөөсөн ээмэгийг авахгүй. ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн карт болон 3 хос ээмэгний мөнгийг нэхэмжилнэ....” гэжээ. /хх-ийн 94-96 дугаар хуудас/

Хохирогч Г.Э-ын 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай унтлагын өрөөнд байсан авдар дотроос манай талийгаач хүүхдийн маань дээлний 5 ширхэг мөнгөн товч алдагдсан. Харин дэлгүүрээс омо угаалгын нунтаг 5 ширхэг, визо угаалгын нунтаг 6 ширхэг, нямка нэртэй давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок нэртэй хүүхдийн угаалгын нунтаг 1 ширхэг, өд ариун цэврийн цаас 3 ширхэг, peanuts даршилсан самар 2 ширхэг, jmpression нэртэй хайрцагтай печень 2 ширхэг, жалам хар нэртэй лаазтай пиво 4 ширхэг, алфен голд нэртэй шоколад 1 ширхэг, голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт нэртэй шоколад 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна. Үүнээс гадна манайхаас хойшоо байдаг Ц.А, Ш.А, Ж.Б нарын гэрт хулгай орсон гэсэн. Тэр 3 айлд орж хулгай хийсэн хүмүүс манай байшинд орж хулгай хийсэн юм шиг байна лээ. Хулгай хийсэн хүмүүсээс цагдаа нарын хурааж авсан эд зүйлүүд дотор манай алдагдсан эд зүйл, бараа бүтээгдэхүүн байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлүүдийнхээ мөнгийг нэхэмжилнэ. Би бараа хүлээж авахгүй. Тухайн үед тэр хүмүүс манай гэрт хууль бусаар орж бараануудыг хулгайлаагүй бол би өдийд зарж борлуулаад ашиг олоод авчихсан байгаа. Гэрээсээ алдагдсан ягаан өнгийн талийгаач хүүгийнхээ дээлийг алдсаныг хэлээгүй байна лээ. Тэр дээлийг 2016 онд оёж байсан. 80.000 төгрөгний үнэтэй дээл юм байгаа юм...Би гэрээсээ алдагдсан 5 ширхэг мөнгөн товч, эрэгтэй хүний ягаан дээл хоёрыг хүлээн авсан. Бусад алдсан хүнс, ариун цэврийн бараануудыг хүлээн авахгүй. Мөнгийг нэхэмжилнэ. Надад 5 ширхэг визо, 4 ширхэг омо угаалгын нунтагын асуудлыг хэрэгсэхгүй болгоход гомдол, санал хүсэлт байхгүй...” гэжээ. /хх-ийн 98-101, 2 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/

Хохирогч Ш.А-ийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд гэртээ ортол манай гэрийн унтлагын өрөөнд байсан хувцасны шүүгээг ухаад дотор нь байсан хувцсыг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд манай эхнэр гэрт байсан эд зүйл хувцаснуудаа бүртгээд савхин куртик байхгүй байна гэсэн. Хужирт сумын цагдаагийнхан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тэр хүмүүсийг барьсан гэхээр нь цагдаагийн тасаг дээр ирж тухайн хүмүүсийг авч явсан гээд баахан эд зүйлийг харсан чинь манай эхнэрийн савхин куртик байсан. Манай эхнэр 2016 онд 150.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. 150.000 төгрөгөөр үнэлнэ. Би гэрээсээ алдагдсан хар өнгөтэй эмэгтэй савхин куртикийг хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 103-105 дугаар хуудас/

Хохирогч Ж.Б-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө би хөдөөнөөс сүү зарах гээд орж ирээд цагдаа нараас гэрт хулгай орсон талаар мэдсэн. Би гэртээ ирэхэд манай байшингийн урд зүүн талын цонхны порчик онгорхой байсан. Гэртээ ороод харахад манай том өрөөнд байсан ДДШ ТВ-ийн хүлээн авагч, картны хамт унтлагын өрөөнд байсан. Хувцас хийдэг ногоон өнгийн цүнхэн дотор хөх өнгийн, ногоон өнгийн хоёр ширхэг эрэгтэй оймс байсан. Эдгээр эд зүйлс байхгүй болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манайхаас гадна хажуу талын Ц.А, тэдний арын Ш.А нарынд хулгай орсон гэж байсан. Цагдаа нар манай алдагдсан ДДШ ТВ-ийн хүлээн авагч, карт, ногоон өнгийн цүнх 2 ширхэг, оймс  зэргийг хулгайлсан хүмүүсийг олсон учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 107-108 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ч.Э-ийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 07 дугаар сард би приүс-10 маркийн 10-42 УНР улсын дугаартай саарал өнгийн машиныг Х.Э гэдэг хүнээс бэлэн 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үедээ би хөдөөгүүр ажилтай явсаар байгаад одоог хүртэл машин нэрийг нь өөр дээрээ шилжүүлж аваагүй байсан бөгөөд Х.Э бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 14-15-ны үед Ц.Л гэх хүнд Архангай аймагт 3.500.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед Ц.Л удахгүй мөнгийг өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авна гэж байсан юм. Тэгээд явсаар байгаад одоог хүртэл миний машины мөнгийг өгөөгүй. Миний иргэний үнэмлэхний нэр бол Ч.Э гэдэг юм. Намайг бага байхад манай гэрийнхэн н.Ц гэж дуудсаар байгаад одоо зарим нь н.Ц нэрээр минь дуудаад байдаг юм. Би 2016 оны 07 дугаар сард Х.Э гэх хүнтэй наймаа хийхдээ өөрийнхөө нэрийг н.Ц гээд хэлчихсэн юм. Одоо миний машин Х.Э гэх хүний эзэмшил дээр байгаа. Х.Э бид хоёрын хооронд одоо ямар нэгэн мөнгө төгрөгний тооцоо байхгүй. Ц.Л-ээс машины мөнгө нэг ч төгрөг аваагүй байгаа тул машин болон мөнгөө нэхэмжилж байна...”гэжээ.  /хх-ийн 112 дугаар хуудас/

Гэрч Д.Б-ийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц.Ц ирээд түүний араас Ц.Л ирээд Ц.C нар рашаан орно гээд өдөр 14-15 цагийн үед Ц.Лгийн жолоодож явсан приүс-10 маркийн автомашинтай гарсан. Би улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед Ц.Ц, Ц.Л нар гэрт ирээд Ц.C-ыг рашаан ороод ирье гээд аваад явсан. Ямар рашаан орох гэж байгаагаа хэлээгүй. Шөнөдөө хүрч ирнэ гэж байсан. Тэгээд тэр 3 тэр шөнөдөө ирээгүй. Надтай холбоо бариагүй. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц.C-ын ээж н.Аг нөгөө хэд чинь Хархорин суманд цагдаа дээр байна. Машинаа хураалгачихсан гэнээ гэсэн. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорин суманд ирээд тэр 3-ыг хулгай хийж байгаад баригдсан гэж сонссон. Би яг хаанаас юу хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Би нөхрөөсөө та нар хаанаас юу хулгай хийсэн юм, авсан юмнуудаа яасан юм гэсэн чинь буцаагаад өгсөн гэж надад хэлсэн. Манай нөхөр гэрээсээ гарахдаа цагаан канттай биеийн тамирын цамц, хар хөх жинсэн өмд, хар хромон гутал, хөх дээл, ногоон бүстэй гэрээсээ гарсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Л-ийн эхнэрийн 89533474 дугаарын гар утаснаас “ягаан өнгийн кетийг та өмсөж явсан” гэж мэдүүлэг авбал хэлээрэй гэсэн утгатай мессеж ирсэн. Энэ асуудлаас болж би Ц.Л-ийн эхнэртэй маргалдсан. Ц.Л түүний эхнэр хоёр манай нөхрийг ганцаараа хэргээ үүрчих гээд байгаа юм шиг байгаа юм. Манай нөхөр Ц.C надад хэлэхдээ Ц.Л та миний өмсөж явсан гутлыг өөрөө өмсөж явсан гээд хэлчих гээд байх юм яах уу гэсэн. Тэгэхээр нь би Ц.C-ыг тийм юм хийхгүй, үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй гэж хэлсэн. Би Ц.Л-ийн эхнэрт тийм юм байхгүй шүү би цагдаад үнэнээр нь хэлж мэдүүлэг өгнө гэсэн чинь Ц.Л-ийн эхнэр намайг ална хядна гээд бөөн юм болсон. Ц.Л жинсэн өмдтэй, дээгүүрээ тод өнгийн фудволктой, гутал нь болохоор нөгөө манай нөхрийн өмсөж явсан гээд хэлчих гээд байгаа пүүзтэй явж байсан. Ц.Ц цээжээрээ улаан фудволктой, доогуураа биеийн тамирын бараан өнгийн өмдтэй, хар түрийтэй хромтой төстэй гуталтай байсан...” гэжээ. /хх-ийн 116-117 дугаар хуудас/

Гэрч О.Н-ийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр, ах Ц.C Ц.Ц нарын хамт Өвөрхангай аймгийн Морины шүтээн орно гээд явсан. 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ц.C манай нөхрийг машинаа өгчих Өвөрхангай аймгийн Морины хөшөө орчихоод ирье гэхээр нь хүнээс аваад мөнгийг нь өгөөгүй байгаа гээд өгөөгүй. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийг хөдөө гэрт нь байж байхад Ц.C гар утсаараа ярьж дуудсаар байгаад аваад явсан. Манай нөхөр явахдаа нэг хоёр хоноод ирье гээд 14 цагийн үед хөдөө гэрээсээ Архангай аймгийн төвд байдаг Ц.C-ынх руу явсан. Тэгээд тэд нар яваад маргааш орой нь манай нөхрийн утас холбогдохоо больсон. Тэгсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорины цагдаа дээр байна гэж хадам ээжээсээ сонсоод ирсэн чинь хулгай хийчихсэн гээд байж байсан. Би тэр гурвыг хаанаас юу хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ Ц.C ах Хужирт сумын төвд айл руу орж хулгай хийсэн гэж хэлсэн. Тухайн үед надад юу хулгай хийсэн талаар хэлээгүй...” гэжээ.  /хх-ийн 118-119 дүгээр хуудас/

Гэрч Ц.Д-ийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хадам ээжээсээ Ц.Цыг ах Ц.C дүү Ц.Л нарын хамт Хархорины цагдаа дээр баригдчихсан байна гэж сонсоод ирсэн чинь эд нар цагдаа дээр хулгай хийсэн гээд баригдчихсан байж байсан. Би тэд нарыг хаанаас юу хулгайлсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар Ц.Ц надад ямар нэгэн зүйл яриагүй. Манай нөхрийг Ц.C 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө хөдөө гэртээ байхад нь гар утсаар дуудаад Өвөрхангай аймгийн Морины шүтээн, Шаргалжуутын рашаан орьё гэсэн.  Архангай аймгийн төвд ах дээрээ очоод дүүтэйгээ гурвуулаа явж байна гэж надтай ярьсан...” /хх-ийн 120-121 дүгээр хуудас/

Гэрч Ц.Б-ын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн харьяат Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 16 цагаас 23 цаг хүртэл манай сумын баруун хойд овоон дээр саарал өнгөтэй жижиг тэрэг зогссон. Машиныг шалгах зорилгоор очиход саарал өнгөтэй 10-42 УНР улсын дугаартай приүс-10 маркийн автомашин байсан. Гадаа нь нэг хүн машины жолоон дээр нэг хүн, арын суудал дээр нэг хүн нийт 3 хүн унтаж байсан. Би нэрийг нь асуухад Ц.C, Ц.Ц, Ц.Л гэж хариулсан. Бид гурав Шаргалжуутын Рашаан ороод амраад буцаад явж байна. Араас машинтай хүмүүс ирж байгаа хүлээж байна гэсэн. Автомашиныг шалгахад урд хайрцаг, голын хайрцагнаас монет, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, гинж, гэх мэт жижиг эд зүйлүүд гарч ирсэн. Машины арын багажийг шалгахад дотор нь зөөврийн компьютер, ДДШ тв-ийн хүлээн авагч, савхин куртик, адидас нэртэй ногоон цүнхэн дотор дүүрэн ариун цэврийн болон хүнсний бараа бүтээгдэхүүнүүд 2-3 дээл байсан. Нөгөө 3 хүнийг машинтай нь ажил дээрээ авчирч уг эд зүйлүүд хэний эд зүйл болох талаар асуухад Ц.C манай ээжийнх гэж хэлсэн. Ц.Ц, Ц.Л нар нь мэдэхгүй гээд хэлээгүй. Ц.Л нь дээгүүрээ фудволктой, жинсэн өмдтэй, ягаан өнгийн кеттэй, Ц.Ц нь дээгүүрээ биеийн тамирын цамцтай, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай, Ц.C нь дээлтэй, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай явсан...” /хх-ийн 122-123 дугаар хуудас/

Гэрч Г.Т-ийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд цагдаа хийж байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 17-ны орой Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэсгийн төлөөлөгч Б.Б-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр эргүүл хийж байгаад сумын баруун хойд дэнж дээр саарал өнгийн суудлын машин зогсож, байхаар нь очиж шалгахад машин ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай машины гадаа нэг хүн дээл нөмрөөд хэвтсэн, машин дотор жолоочийн суудал дээр нэг хүн, машины арын суудал дээр нэг хүн тус тус хэвтэж байсан. Уг автомашинтай хүмүүсийг хаанаас хаа хүрч яваа талаар асуухад Шаргалжуутын рашаан орчихоод явж байна гэсэн. Тэр 3 ах дүү гурав байсан. Ахыг нь Ц.C, дундахыг нь Ц.Ц, дүүг нь Ц.Л гэдэг. Би тэр гурваас машины түлхүүрийг нь асуухад байхгүй гээд өгөөгүй. Ц.C машины урд суудал дээр сууж байгаад газар нэг юм хаях гээд байх шиг болохоор нь очиж харахад жижигхэн арц хийгээд байдаг гялгар уутанд ээмэг, бөгж зэрэг байсан. Хэдэн ширхэг ээмэг бөгж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан гялгар уутан дотор дүүрэн ээмэг бөгж байсан. Ц.C-аас энэ хэний ээмэг бөгж юм гэж асуухад манай эхнэр ээжийн юмнууд байгаа юм гэсэн. 10-42 УНР улсын дугаартай приүс-10 маркийн автомашин байсан. Тэр машины урд хайрцаг, голын хайрцагнаас ягаан өнгийн даавуун ууттай эмэгтэй хүний ээмэг бөгж, бугуйвч зэрэг эд зүйл гарч ирсэн. Машины ард талд ДДШ ТВ-ийн хүлээн авагч, зөөврийн компьютер, дээл зэрэг эд зүйлүүд байсан...” гэжээ. /хх-ийн 124-125 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хэргийн газраас илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан №12 гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №11 гэж дугаарласан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. №12 гэж дугаарласан гутлын улны мөр нь Ц.Л-ийн зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна. Харин хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бүдэг гараагүй байдлаас өөр хооронд нь харьцуулах боломжгүй байна...” гэжээ. /хх-ийн 130 дугаар хуудас/

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 9, 12, 5-8, 10-11, 13-14 дүгээр хуудас/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай / 2 дугаар хх-ийн 58, 69, 79, 88 хуудас/

Хохирогч Ц.А, Г.Э, Ш.А, Ж.Б нарын гэрээс алдагдсан эд зүйлийн “Лэндс” ХХК-ний үнэлгээ /2 дугаар хх-ийн 59, 70, 80, 89 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд /хх-ийн 51, 60, 63, 89-92 дугаар хуудас/

Хохирогч Ц.А, Г.Э, Ш.А, Ж.Б нарын гэрээс алдагдсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-58 дугаар хуудас/

Хохирогч Ц.А, Г.Э, Ш.А, Ж.Б нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65-69 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээ /хх-ийн 71-73, 75, 79-82, 84,  дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.C, Ц.Ц, Ц.Л нарын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204, 246 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.C, Ц.Л, Ц.Ц нар машин механизм ашиглан 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А, Ш.А, Ж.Б, Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч хохирогч Ц.А-д 2.045.000 төгрөгний, хохирогч Ш.А-д 150.000 төгрөгний, хохирогч Ж.Б-т 177.000 төгрөгний, хохирогч Г.Э-д 296.100 төгрөгний буюу нийт 2.668.100 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Ц.А, Ш.А, Ж.Б, Г.Э нарын мэдүүлэг, гэрч П.Г-ийн “...манай байшингийн урд талын 2 цонх онгорхой байхаар нь хаалгыг онгойлгоод ороход урд талын вакум цонхыг хөшиж онгойлгоод хулгайч орсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Л-ийн эхнэрийн гар утаснаас манай нөхөр Ц.C-ын гар утсанд Ц.Л-ийн өмсөж явсан ягаан өнгийн кетийг та өмсөж явсан гэж мэдүүлэг авбал хэлээрэй гэсэн мессеж ирсэн...манай нөхөр Ц.C надад хэлэхдээ Ц.Л та миний өмсөж явсан кетийг өөрөө өмсөж явсан гээд хэлчих гээд байна яах уу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д “...манай нөхөр Ц.Ц-ыг гэртээ байхад нь дуудаад Өвөрхангай аймгийн морины шүтээн, шаргалжуутын рашаан орье гээд ах Ц.C нь дуудсан. Гэртээ зүгээр байсан хүнийг дуудаж авч яваад ийм асуудалд оруулсанд ах Ц.C-д гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын “... Машиныг шалгах зорилгоор очиход саарал өнгөтэй 10-42 УНР улсын дугаартай “приүс-10” маркийн автомашин байсан. Гадаа нь нэг хүн машины жолоон дээр нэг хүн, арын суудал дээр нэг хүн нийт 3 хүн унтаж байсан. Би нэрийг нь асуухад Ц.C, Ц.Ц, Ц.Л гэж хариулсан. Бид гурав Шаргалжуутын Рашаан ороод амраад буцаад явж байна. Араас машинтай хүмүүс ирж байгаа хүлээж байна гэсэн. Автомашиныг шалгахад урд хайрцаг, голын хайрцагнаас монет, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, гинж, гэх мэт жижиг эд зүйлүүд гарч ирсэн. Машины арын багажийг шалгахад дотор нь зөөврийн компьютер, ДДШ тв-ийн хүлээн авагч, савхин куртик, адидас нэртэй ногоон цүнхэн дотор дүүрэн ариун цэврийн болон хүнсний бараа бүтээгдэхүүнүүд 2-3 дээл байсан. Нөгөө 3 хүнийг машинтай нь ажил дээрээ авчирч уг эд зүйлүүд хэний эд зүйл болох талаар асуухад Ц.C манай ээжийнх гэж хэлсэн. Ц.Ц, Ц.Л нар нь мэдэхгүй гээд хэлээгүй. Ц.Л нь дээгүүрээ фудволктой, жинсэн өмдтэй, ягаан өнгийн кеттэй, Ц.Ц нь дээгүүрээ биеийн тамирын цамцтай, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай, Ц.C нь дээлтэй, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ийн “...2017 оны 07 дугаар сарын 17-ны орой Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэсгийн төлөөлөгч Б.Б-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Баруун хойд дэнж дээр саарал өнгийн суудлын машин зогсож байхаар нь шалгахад ... ах, дүү гурав байсан. Ц.C, Ц.Л, Ц.Ц гэж нэрээ хэлсэн. Ц.C машины урд суудалд сууж байгаад газар нэг юм хаях гээд байхаар нь очиж харахад  жижиг уутанд ээмэг, бөгж зэрэг байсан. Хэнийх болохыг асуухад манай эхнэрийнх гэж хэлсэн. Машины урд хайрцаг, голын хайрцагнаас ягаан өнгийн даавуун ууттай эмэгтэй хүний ээмэг, бөгж, бугуйвч байсан. Машины арын багаажинд ДДШ тв-ийн хүлээн авагч, зөөврийн компютер, дээл зэрэг эд зүйл байсан. Би тоог нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: Хэргийн газраас илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 12 гэж дугаарласан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 12 гэж дугаарласан гутлын улны мөр Ц.Л-ийн зүүн хөлийн гутлын улын мөртэй ерөнхий шинжээрээ тохирч байна...” гэх, “Лэндс” ХХК-ний үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Л, Ц.Ц, Ц.C нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Ц.А-д 2.045.000 төгрөгний, хохирогч Ш.А-д 150.000 төгрөгний, хохирогч Ж.Б-т 177.000 төгрөгний, хохирогч Г.Э-д 296.100 төгрөгний хохирол учруулснаас хохирогч нарт хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн, хохирогч Ц.А-д 53000 төгрөг, хохирогч Г.Э-д 108100 төгрөг төлсөн нь ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдаж, учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 0403839 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Л-д, 1005044 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.C-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг өрөөсөн ээмэг, омо 1 ширхэг, висо угаалгын нунтаг 1 ширхэг, нямка давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок /хүүхдийн угаалгын нунтаг/ 1 ширхэг, өд оо цаас 3 ширхэг, Peanuts нэртэй даршилсан самар 2 ширхэг, Jmpression /печень/ 2 ширхэг, жалам хар нэртэй лааз пиво /0,5 грамм/ 4 ширхэг, алфен голд шоколад 1 ширхэг, Голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт шоколад 1 ширхэг зэргийг устгаж, ягаан өнгийн шар ултай эрэгтэй гутал 1 хосыг шүүгдэгч Ц.Лд, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Ц.Л, Ц.Ц нарын тус бүр 5 адууг, 10-42 УНР Тoyota Prius 10 автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.  

10-42 УНР Тoyota Prius 10 автомашины өмчлөгч нь Ч.Э байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.C, Ц.Л, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Л, Ц.Ц, Ц.C нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.C-ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүдэгч Ц.Л-г 02 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ц-ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ц.C, Ц.Ц, Ц.Л нарт тус тус оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 00403839 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Л-д, 1005044 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.C-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг өрөөсөн ээмэг, омо угаалгын нунтаг 1 ширхэг, висо угаалгын нунтаг 1 ширхэг, нямка давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок /хүүхдийн угаалгын нунтаг/ 1 ширхэг, өд оо цаас 3 ширхэг, Peanuts нэртэй даршилсан самар 2 ширхэг, Jmpression /печень/ 2 ширхэг, жалам хар нэртэй лааз пиво /0,5 грамм/ 4 ширхэг, алфен голд шоколад 1 ширхэг, голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт шоколад 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ягаан өнгийн шар ултай эрэгтэй гутал 1 хосыг шүүгдэгч Ц.Л-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч Ц.Л, Ц.Ц нарын тус бүр 5 адуу, 10-42 УНР Тoyota Prius-10 автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.C, Ц.Л, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА