Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/564

 

 

 

 

 

 

   2022            05            26                                       2022/ДШМ/564

 

                                                       

О.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б-э даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.У-,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч С.Батсайхан, Э.Туул,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч С.Батсайхан, Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.М-т холбогдох 1911014421305 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М-,  

            Шүүгдэгч О.М- нь “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл хугацаанд зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн Б.Бжингийн /1 нас 8 сартай/ эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа мэс заслын дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-гийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр олон эрхтний дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.М-т анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч С.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.М-ыг “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж гэм буруутайд тооцож, ял халдаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эмчлэгч эмчээр ажилласан гэх талаар: Амь хохирогч Б.Б- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж, арьс нөхөх мэс ажилбар хийлгэсэн. Энэхүү мэс ажилбарыг хийх болон мэс ажилбарын дараагаар өвчтөний биед гарах клиник өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх стандарт эмчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ”. гэж хуульчилсан байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл” гэсэн заалтын 15.1.13-д заасан “төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” байна. Иймд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-т “төрөлжсөн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг чадвар, дадлыг ойлгож байна. Эндээс дүгнэхэд хохирогчид түлэгдэлтийн сорви цэгцлэх, арьс нөхөх мэс ажилбарыг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1-д заасан хугацаагаар мэргэшлийн сургалтад шүүгдэгч О.М- хамрагдсан эсэх, хохирогчид хийсэн мэс заслын дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх субъект мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдал тогтоогдсон гэж эрх зүйн дүгнэлт хийхээр байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 22.1.7-д “өөрийнх нь шууд хяналт удирдлагад ажиллах резидент эмчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, 22.1.8-д “оношлох, эмчлэх зорилгоор үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ оношилгоо хийх ажлыг резидент эмчээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд резидент эмчид зөвшөөрөл олгосон шийдвэрийг бичгээр үйлдэж, удирдах албан тушаалтанд мэдэгдэх” үүргийг хүлээдэг байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Резидент эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж зааснаар мөн хуулийн 22.2.2-т “эмнэлгийн удирдах албан тушаалтны баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх,” 22.2.4 -т “энэ хуулийн 22.2.2-т заасан ажлыг гүйцэтгэх явцад аливаа хүндрэл гарсан тохиолдолд мэргэшсэн эмчид цаг алдалгүй мэдэгдэх.” үүргийг хүлээдэг байна. Дээрх хуулиудын зохицуулалтуудаас харахад хохирогчид мэс засал хийсэн мэргэшсэн эмч болон түүний удирдлага доор резидент эмчээр ажиллаж хагалгаанд орсон эмч нар хуульд зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлсэн гэж хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болов гэдэг нь ойлгомжгүй байна. Эдгээр асуудлуудыг тогтоолгох зорилгоор анхан шатны шүүхээс захирамж гарч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүгчийн захирамжид заагдсан шалгавал зохих асуудал шалгагдаагүй учир анхан шатны шүүхээс түүнийг цагаатгаж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийн эмчлэгч эмч нь шүүгдэгч О.М-ыг гэж мэдүүлдэг боловч дээрх хуулиудын зохицуулалтаар мэргэшсэн эмчийн хийж гүйцэтгэх ёстой үүргийг зохих ёсоор эмнэлгийн тусламж, үйлчилгээг өвчтөнд үзүүлэх стандарт оношилгоо, эмчилгээний мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэн гэж үзэж, эмчлэгч эмч гэж дүгнэх боломжгүй байна.

Мэс заслын дараах үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хугацаа алдсан гэх талаар: Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай хуульд “эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж: өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” ойлгохоор тодорхойлсон байна. Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт нь хохирогчид үзүүлсэн мэс заслын дараа заавал хийгдэх оношилгоо, мөрдөх заавар баталсан стандартыг хэрхэн зөрчсөнөөр эмнэлгийн ажилтан зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй талаар нарийвчлан дурдаагүй, зөвхөн Эрүүл мэндийн тухай хуульд заасан ерөнхий заалтыг барьж дүгнэлт гаргасан нь гэм бурууг эргэлзээгүй талаас нь тогтоох зарчим алдагдсан гэж үзэхээр байна. Мэргэшсэн эмнэлгийн хувьд өвчтөнд үзүүлж буй тусламж, үйлчилгээний талаар гүйцэтгэх журам, стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталсан эрхийн акт байхаар байна. Хохирогчийн шархыг боох үед мэс засал хийж шилжүүлэн суулгасан арьс нь бага зэрэг хайлж эхэлсэн тул 5 дахь өдөр шархнаас нь биохимийн шинжилгээ авсан байдаг. Энэ шинжилгээний хариу 3 хоногийн дараа гардаг тул 1 дэх өдөр шинжилгээний хариугаар МRSА гэдэг бактери илэрx уг бактерийн эсрэг эмчилгээг сольж үргэлжлүүлсэн. Хохирогч 5 дахь өдрийн оройноос эхлэн халуурч эхэлсэн бөгөөд халуурч байгаа талаар жижүүр эмч, сувилагчид хэлэхэд халуун намдаах эмчилгээ хийсэн байдаг. Шүүгдэгч О.М- нь хохирогчийн биеийн байдалтай танилцаад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн. Халуурснаас хойш 2 хоногийн дараа буюу бүтэн сайн өдөр жижүүрийн эмч хөлөнд нь тавьсан уян зүүний улмаас хавдаж идээлсэн хэсгийг цэвэрлэж, цусны ариун чанарын шинжилгээ авсан байдаг. Энэ шинжилгээний хариу нь хохирогчийг амь эрсдэсний дараа гарсан. Шинжилгээ хийсний дараа хариу гарах тодорхой цаг хугацаа шаарддаг байна, үүнийг хугацаа алдсан гэж үзэх боломжгүй бөгөөд шинжилгээний багаж төхөөрөмж нь яаралтай хугацаанд хүний биед халдварласан бактерийг илрүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж байсан бол асуудлыг өөрөөр харах боломжтой юм. Хохирогчийн биед илэрсэн МRSА гэдэг бактерийг эмнэлгийн орчинд халдвар хамгаалалтыг хариуцах үүргийг эмнэлгийн байгууллага хүлээхээр байна. Учир нь МRSА бактери нь энгийн орчинд үүсэх магадлалтай талаар шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан эмч Э.Г- мэдүүлсэн. Бага насны хохирогчийг эмнэлэгт сахиж байсан хүний мэдүүлгээр 5 дахь өдрийн орой хүртэл хүүхэд хоол ундандаа сайн, биед нь ямар нэгэн клиник өөрчлөлтүүд гараагүй байсан талаар мэдүүлдэг. Мөн хохирогчийн боолтыг өөрөө сольсон талаар мэдүүлдэг, энэ үед ч халдвар хамгаалалтын дэглэм алдсан байх боломжийг үгүйсгэх аргагүй байна. Хохирогчийн хөлд тавьсан уян зүүний улмаас хавдах нь стандартад нийцсэн эмчилгээ гэж үзэх боломжтой юу, энэхүү үрэвсэл үүссэн уян зүүгээр хохирогчид эмчилгээ хийсний улмаас цусанд халдвар орох боломжтой эсэх гээд торуулбал зохих олон асуудлуудыг шалгаагүй байгаа болно. Учир нь өвчтөн үзэх эмнэлгийн тусламж нь эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч, тухайн эмнэлгийн байгууллагын цогц үйлчилгээ болохыг хуульчлан тодорхойлсон байна. Өвчтөний биеийн клиник үзүүлэлтээс хамаарч шинжилгээ хийж, шинжилгээний үзүүлэлтээс хамааран хэрхэн оношлох талаар эмчилгээний тактик боловсруулдаг байна. Гэтэл хугацаа алдаж үзлэг шинжилгээ хийсэн талаар дүгнэлт гаргаж, мэдүүлэг өгсөн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтэд ямар хугацаанд, ямар төрлийн шинжилгээ хийсэн байх журам, заавар, стандартыг зөрчсөн нь эмч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг дүгнэлтэд хүрч шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол гэж үзэх дараах үндэслэл байна.

Шийтгэх тогтоолын 20 дугаар талд “...өвчний түүхийн хуулбар...” болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож гэж дүгнэсэн. Амь хохирогч Б.Бийн ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн 04632 дугаартай хуулбарууд 3 удаа хавтас хэрэгт авагдсан байна. /1хх 005/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “Үзлэгийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 05 минутад эхлүүлж, ...23:38 цагт дуусгав. ... 30 кадр фото зураг авав. ...хохирогчийн өвчтөний түүх болох 25 /засвартай, гараар бичсэн/ хуудас, саарал өнгийн гялгар хавтастай материалыг хуулбарлан авав...” Зураг №27-31 /1хх 012-013/, хэргийн газрын үзлэгээр 30 кадр зураг авсан гэж тэмдэглэлдээ бичсэн боловч №31 зургийг хэрэгт хавсаргасан байгаа нь тэмдэглэлтэй нь зөрүүтэй байна. №31 зураг нь бусад 30 гэрэл зургаас өөр өнгөтэй хэвлэгдсэн байна. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /1хх 10-110/ авагдсан байна. Шинжилгээний объект /1хх 122/ Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батбаатарын хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт: өвчтөний түүх-25 хуудас /1хх 123-147/, мөрдөгчийн тогтоол-1/1хх 49/ хуудас, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт-4 /1хх 50-053/ хуудас, фото зураг-29ш /1хх 54-56/, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол 2 хувь /1хх 109-110/, мөрдөгчийн тэмдэглэл-1 гээд нийт 62 хуудас баримтыг шинжээчид өгсөн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10/1067 дугаартай албан бичгээр Баянгол дүүрэг дэх Прокурорын газарт хандан “...өвчний түүх эх хувиараа зайлшгүй шаардлагатай байх тул яаралтай ирүүлж...хугацаа сунгаж өгнө үү.” гэсэн албан бичгийг явуулсан байна. /1хх 111/

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 449 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл авагдсан байх боловч “...ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор явуулах прокурорын зөвшөөрөл олгосон” байна. /1хх 205/ 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс ГССҮТ-д өвчний түүхийг хуулбарлан ирүүлэх тухай албан бичиг илгээсэн. /1хх149/ 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ГССҮТ-ийн “хуулбар үнэн” дардсыг зөвхөн эхний болон сүүлийн хуудсан дээр дарсан байдалтай хэрэгт хавсаргасан байна. /1хх 188-203/ Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан бичгийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ГССҮТөвөөс 14 хуудастай өвчний түүх “хуулбар үнэн” дарагдаад бэлэн болсон байхад 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарт 1 сар буюу 32 хоногийн дараа очсон байна. “Хуулбар үнэн” дардастай энэ өвчний түүх 14 хуудас баримт авагдсан байна. ГССҮТ-ийн №04632 дугаартай өвчний түүх нь 25 хуудас болон 14 хуудастай хоёр янзаар хэрэгт хавсаргагдсан нь эргэлзээтэй байхад шүүх анхаарсангүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1126 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Одончимэг, Б.Даваасүрэн нараас авсан мэдүүлгийн тэмдэглэл нь шийтгэх тогтоолын үндэслэл болсон байна. /ш/т 15 тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1126 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хавтас хэрэгт авагдсан 25 хуудастай, нотлох баримтын шаардлага хангаагүй өвчний түүх дээр үндэслэн гарсан бол 187 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь 14 хуудастай өвчний түүхийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байна. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлт нь прокурорын зөвшөөрөлгүйгээр хэрэгт цуглуулсан буюу хууль зөрчиж авсан өвчний түүх дээр үндэслэн гарсан байхад 2 дахь бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан өвчний түүхийн хуудаснаас 11 хуудсаар дутуу өвчний түүх дээр үндэслэн гарсан байна. Мөн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь хууль зөрчиж цуглуулсан хууль бус анхны шинжээчийн дүгнэлтийг үндэслэлдээ оруулан дүгнэлтээ гаргасан зэрэг нь шүүхийн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Мөн дахин 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл”-д ГССҮТ-ийн 43 хуудас бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан байна. /2хх 124,126-167/ ГССҮТ-ийн №04632 дугаартай өвчний түүхийн гурав дахь хуулбар нь өмнө нь хоёр удаа хуулбарлан хэрэгт авагдсан өвчний түүхээс 18-29 хуудсаар болон 32-43 дахь тал хуудсаар илүү байна. Хавтас хэрэгт авагдсан №04632 дугаартай өвчний түүх 2019 оны 05 дугаар сарын 15-аас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хавтас хэрэгт 3 удаа хуулбарлан хавсаргахдаа өөр, өөр хуудастай авагдсан байна. ГССҮТ-ийн №04632 дугаартай өвчний түүхийн эхний нүүрний хуудсанд /1хх 123 дахь талд/ “тасгийн эрхлэгчийн гарын үсэг, тамга дарагдсан” байгаа нь тод харагдаж байгаа бол, 1хх 188 дахь талд “хуулбар үнэн” дардастай өвчний түүхийн эхний нүүрний “эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз” гэсэн хэсэгт өмнө нь хоосон байсан дундаас доош хэсэгт эмчийн үзлэгийн тэмдэглэлийг дээр нь тавьж хуулбарласан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн “...3. Мэс заслын дараа өвчтөнд бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй байна. 4. Мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг хийх хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. 5. ...эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. 6. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна...” гэсэн байна. Өвчний түүхийг үндэслэж дээрх байдлаар дүгнэлтээ гаргасан бол өвчний түүх дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1042 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...2. “Өвчний түүх №04632 дугаартай материалын “2019.05.03”, “2019.05.06”, “2019.05.08”, “2019.05.13”, “2019.05.14” гэсэн огноотой шинжилж буй гар бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.М-ын гэх бичгийн чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирно... 4.Шинжилгээнд ирүүлсэн “Өвчний түүх №04632 дугаартай материалын “2019.05.03”, “2019.05.08” гэсэн огноотой гар бичвэрийн төгсгөлд зурагдсан уншигдах “Э.Г-” гэсэн, “2019.05.06” гэсэн огноотой гар бичвэрийн төгсгөлд зурагдсан уншигдах “О.М-” гэсэн гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.М-ын “Э.Г-”, “О.М-” нарын гарын үсгийг дуурайлган бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. ...” гэж дүгнэлтээ гаргасан байна. Өвчний түүхэн дээрх огноо, эмчийн үзлэгийн тэмдэглэлийг шүүгдэгч О.М- өөрөө бичээгүй, Б.М- бичсэн байна. Шүүх эмнэлгийн 187 дугаар дүгнэлтэд №04632 дугаартай өвчний түүхээс 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн “...эмчлэгч эмч хариуцна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Эмчлэгч эмч өөрийн гараар бичээгүй өвчний түүхийн тэмдэглэлийг үндэслэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. ...” гэсэн дүгнэлт нь эргэлзээтэй байна.

Нөгөө талаар, шинжээчийн 1042 дугаартай дүгнэлт нь ГССҮТ-ийн №04632 дугаартай өвчний түүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд бичигдсэн үзлэгийн тэмдэглэлийг хэн бичсэнийг тогтоосон дүгнэлт гарсан байна. Өвчний түүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд шинжилгээ хийгээгүй орхигдуулсан. Дүгнэлтийн 8 дугаарт “Тасгийн эрхлэгч” гэсэн хүснэгтэд байх үл уншигдах бүтэцтэй шинжилж буй гарын үсгийг хэвлэсэн байх тул /2хх 234, зураг№190-192/ адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэсэн атлаа нэг хуудсан дээр байгаа “эмчлэгч эмчийн нэр, гарын үсэг” гэсэн хүснэгтэд зурагдсан байгаа нь О.М-ын гарын үсэгтэй тохирно гэжээ.

Шинжээч С.Сэлэнгийн дүгнэлтэд бичигдсэн “Тасгийн эрхлэгч”-ийн гарын үсгийг хэвлэсэн гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Шинжээчээс энэ талаар мэдүүлэг аваагүй. Шинжээч С.Сэлэнгэ нь ГССҮТ-ийн №04632 дугаартай, 45 хуудастай өвчний түүхийг шинжилж дүгнэлтээ гаргасан байна. /2хх 194/

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаартай “Баримт бичиг гаргуулах тухай” прокурорын зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг дотор үргэлжлэхээр заасан. /2хх 119 хуулбар/ Дээрх шинжээчийн дүгнэлт гаргуулахаар мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу хийсэн байна. /2хх 192-193/ Шинжээчийн 1042 дугаартай дүгнэлт нь ГССҮТ-ийн №04632 дугаартай өвчний түүх, 45 хуудастай дугтуйтай баримтыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн №1-3 дугаарт хавсаргагдсан. /2хх 193, 205/ Шинжээчийн энэ дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хууль зөрчиж буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр шинжээчид өгсөн өвчний түүх дээр үндэслэж гарсан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байгаа тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

Прокурор С.У- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...тус хэрэгт прокурор Г.Ганхөлөг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө тухайн хэрэгт томилолтоор орж, хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр дүгнэлт гаргаж байна. 1 нас 8 сартай хүүхэд түлэгдсэний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр очиж хагалгаанд орсон байдаг. Дээрх хагалгааг тус эмнэлгийн гэмтлийн тасгийн эрхлэгч Г- ахалж, эмч О.М-, унтуулгын эмч н.Ариунболд, сувилагч н.Хулан, н.Анхбаяр гэх хүмүүс хийж гүйцэтгэсэн. Дээрх мэс ажилбарыг хийсэн эмч бол Э.Г-, мэс заслын дараах эмчлэгч эмчээр О.М- ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон учраас субъектийн шаардлагыг хангаж байгаа. Монгол Улсын Стандарчлал хэмжил зүйн үндэсний төвийн веб сайт дээр Монгол Улсад эмчилгээтэй холбоотой, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх төрлийн Монгол Улсын MNS төрлийн стандартууд бүгд байгаа. Энэ дотор тухайлбал, эмчилгээний дараах хагалгаа хийх Монгол Улсын стандарт, өвчтөний түүх хөтлөх стандарт, боолт хийх стандарт гэх зэрэг бүх стандартууд байгаа. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж, хамгийн их хэрэглэгдэж байгаа стандарт бол эмчилгээтэй холбоотой стандарт. Үүнтэй холбогдуулан хэлэхэд н.Сувд-Эрдэнийн мэдүүлэгт “Боолт хийх эмчилгээ нь зөвхөн тухайн өвчтөний эмчлэгч эмчийг оролцуулан хийдэг ажиллагаа” гэсэн байгаа. Энэ ажиллагаа нь Монгол Улсад MNS 4621 2008 гэх стандартын дагуу зөвхөн эмчлэгч эмчийг оролцуулан унтуулгатайгаар хийдэг ажиллагаа юм. н.Сувд-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “О.М- эмч боолт хийсэн эсэх талаар санахгүй байна” гэсэн байдаг. Тасгийн эрхлэгч “М- эмч манай эмнэлэгт албан ёсоор томилогдон ажиллаж байгаагүй. Энэ хүнийг томилсон тушаал байхгүй, манай эмнэлэгт сайн дураараа ажиллаж байсан” гэж мэдүүлсэн. Резидент эмчийн асуудал үүнд огт хамаарахгүй. Тухайн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байсан хүнд О.М- өөрийнхөө хүлээсэн эмчлэх үүргээ шилжүүлж, гүйцэтгүүлж байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдоно. Амь хохирогчийн эмээ Д.Ц-гийн мэдүүлэгт “Б.М- гэх дадлагажигч эмч өдөр болгон орж ирдэг. Боолтоо хийлгүүлээрэй. Манай эмч завгүй байна, өөр юу байна” гэх зэрэг зүйлс хэлдэг байсан бөгөөд М- эмч огт үзээгүй” гэж мэдүүлсэн. 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-гийн эмээ нь “Боолт хийх ёстой байсан. Боолт нь хийгдсэнгүй” гэж хэлсэн бөгөөд үүний дагуу амбулаторийн эмч н.У- 5 дугаар сарын 10-ны өдөр үзэхэд идээ, үрэвсэл үүссэн байсан. Энэ цаг хугацаанд мэс засал хийсэн эмч Э.Г- гадагшаа томилолтоор явчихсан байж байгаад ирсэн. О.М- нь талийгаачийн эмчлэгч эмчээр ажиллаж байх хугацаандаа тухайн эмнэлэгт резидент эмч биш албан бус томилгоотой хүнээр өвчтний түүхийн бичилтийг хийлгүүлж байсан. Өөрөө биечлэн боолтыг сольж, халууныг нь хэмжих зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо хийгээгүй нь нотлогдон тогтоогдсон. Дурдагдаж буй гурван өвчний түүх дээр бичигдсэн үзлэг хийсэн талаарх он, сар, өдөр, бичигдсэн зүйлийн агуулга зөрүүгүй. Хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хагалгаа хийж, 5 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны хооронд боолт солиход О.М- эмч өөрөө оролцоогүй, дадлагажигч эмчээр өөрийнхөө ажлыг хийлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч С.Батсайхан, Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр О.М-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

1 нас 8 сартай Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэн хэвтэн эмчлүүлж байгаад мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр олон эрхтний дутагдлаар нас баржээ.

 

Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч О.М- нь дээрх хугацаанд Б.Б-ийн эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа мэс заслын дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-гийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж олон эрхтний дутагдлаар нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Б- зүүн гарын хуруу тэнийлгэж үе эмчлэх хагалгаанд орж хагалгааг М- эмч амжилттай хийсэн. Маргаашаас нь эхлэн манай хүүгийн бие эрс сайжраад эмнэлгийн коридороор гүйгээд, тоглоод бие нь маш сайн болсон. Тэр үед би хүүгээ эмнэлэгт сахиж байсан. ...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед би хадам ээж Ц-тай солигдоод хүүг хадам ээж маань сахиж эхэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 09-ний оройноос эхлээд хүү халуурч эхэлсэн. Мөн хүүгийн зүгээр байсан хөл нь хавдаж эхэлсэн. Маргааш нь амралтын өдөр таараад би хол зүүн салаанд байсан болохоор очиж эргэж чадаагүй, утсаар холбоотой байсан. Нэг дэх өдөр өглөө очоод М- эмчтэй уулзахад хөл нь хавдаад байхаар нь жижүүр эмч хагалгаа хийсэн байна, одоо гайгүй байх, ямар ч байсан миний хийсэн гарын хагалгаа гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш  өглөө нь М- эмч ирээд хүүг шууд сэхээний тасагт оруулсан. Би өглөө ээжтэйгээ солигдоод өөрөө хүүгээ сахиж эхэлсэн. Намайг ороход эмч нар нь сандралдаад хүү боолтод орсон наркоз нь гараагүй гээд унтаа байдалтай байсан. ...Ингээд тэр өдрийнхөө орой 21 цагийн үед манай хүүгийн зүрх нь зогсож нас барсан. ...Хүү бид хоёр эмнэлэгт хэвтэхдээ бүх шинжилгээг өгөхөд ямар ч өвчин халдваргүй эрүүл гарсан. Хүүг нас барсны дараа эмчээс нь асуухад цусанд нь халдвар орсон юм шиг байна гэж хэлж байсан. Би хүүтэйгээ эрүүл саруул эмнэлэгт хэвтээд, хагалгаа амжилттай болоод эмнэлгийн нөхцөлд байхад хүүгийн цусанд халдвар ороод нас барсанд маш их гомдолтой байна. Талийгаач хүү маань Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгээд тэр эмнэлгээс гараагүй нас барсан. ...” /1хх 27-28/,

гэрч Д.Ц-гийн “...би ачийгаа 2019 оны 05 дугаар сарын 03-аас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт сахисан. Миний хүүгийн биеийн байдал өнгөрсөн 5 дахь өдрөөс хойш муудсан. 5 дахь өдөр шинжилгээ аваад энэ 1 дэх өдөр цусан дотор нь бактеритай байна гэсэн хариу гарсан. Ач хүүд М- гэдэг эмч хагалгаа хийсэн ба М- эмч нь сэхээний эмч болохоор манай ач хүүг тасаг руу шилжүүлсний дараа М- гэдэг залуу эмч хариуцан эмчилж байсан. Тэр залуу эмч өдөр болгон орж ирж үзээд боолт хийдэг байсан. Б- хагалгаанд ороод бие нь сайжраад овоо сэргэж байснаа 2019 оны 05 дугаар сарын 10-нд буюу баасан гаригийн өглөө хөл нь уян зүү тавьсан хэсэг буюу шагай орчмоороо хавдсан байхаар нь буух сувилагчид хэлээд хөлөөс нь вирусийн шинжилгээ авсан. 2 хоногийн дараа хариу гарна гэж хэлсэн бөгөөд тэр өдрийнхөө орой 17 цаг 45 минутад манай хүүхэд халуураад эхэлсэн. Би өөрт байсан халууны шилээр үзэхэд 37.8 градус заагаад халуурч байхаар нь тухайн үед гарч байсан жижүүрийн сувилагчид хэлэхэд 37.8 халуун биш гэж хэлсэн. Ингээд бүр халуураад болохгүй болохоор нь би сувилагчид хэлэхэд аналгин, демидрол тарьж өгөөд тэр шөнөдөө хүү халуун нь буугаад хоносон. Маргааш нь буюу хагас сайн өдөр өглөөнөөс хойш хоолыг нь сойгоод боолгох гэхэд боолт хийх эмч нь хүүхэд харах хүнгүй гээд ирээгүй. Тэр өдрийнхөө 16 цагаас эхлээд талийгаач халуурч эхэлсэн. Би тухай бүрд нь сувилагч нарт хэлсэн боловч тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан. ...Бүтэн сайн өдөр талийгаач бас л халуураад болохгүй байхаар нь жижүүрт гарч байсан эмчид хэлээд үзүүлэхэд цээжийг нь чагнаж үзээд зүгээр эрүүл л байна гэж хэлсэн. Тэгээд би өөрт байсан халуун буулгадаг нурофен гэдэг эмийг уулгаад халууныг буулгаад байсан. ...Ингээд даваа гаригийн өглөө эмч нар цуглаад М- эмч орж ирж үзээд “одоо боолтод ороорой” гэж хэлсэн. ...Орой 20 цаг өнгөртөл М- эмч хүүд эмчилгээ хийж явсан ба тэр шөнө хүү сэхээнд хоносон. Тэгээд мягмар гаригт сэхээнд байж байгаад орой нас барсан. ...М- эмч өглөө бүр орж ирээд боолгоорой гэж хэлээд гардаг байсан. Харин боолтыг нь М- эмч өөрөө хийдэг байсан. Боолт хийхэд унтуулгын эмч болон сувилагч гурав л байдаг. Өрөөний хаалгаар шагайж харахад М- эмч манай хүүхдийг боогоод зогсож байдаг байсан. Сүүлд сонсоход М- эмчийг дадлагын эмч гэж байсан. М- эмч дадлагын эмч М-той хамт байдаггүй байсан. М- эмч унтуулгын эмчтэй хамт манай хүүхдийг боодог байсан. ...Талийгаач хүүгийн маань эмчлэгч эмчээр М- эмч ажиллаж байсан. Гэхдээ хагалгаа хийгдсэний дараа М- гэдэг эмч танай эмч хагалгаатай, жижүүртэй намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үздэг байсан. М- эмч гурван удаа л хүүхдийг маань үзсэн. Халуурахаас хоёр хоногийн өмнө, мөн халуурсан өдөр нь, сэхээн амьдруулах тасагт шилжихийн урд өдөр нь гээд 3 удаа үзлэг хийж байсан. ...” /1хх 36-37, 40-41, 81/,

гэрч Б.М-ын “...би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр суралцах гэж байгаа болохоор уг тасагт дадлагажигч эмчээр ажиллаж байсан юм. Б.Б- гэх 01 нас 08 сартай хүүхэд сорви суллаж бүрэн давхраат арьс шилжүүлэн суулгах хагалгаанд ороод тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Би энэ хүүхдэд О.М- эмчийн заавраар эмчилгээ хийхэд нь тусалж байсан. О.М- эмч өөрөө боолт хийх, өвчний түүх бичихэд туслаарай гэдэг байсан. Уг хүүгийн хагалгаа амжилттай болоод энгийн тасагт эмчлэгдэж байгаад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Би яг эмчлэгч эмч нь биш болохоор шийдвэр гаргаж мэдэхгүй. Ямар шалтгаанаар нас барсныг нь мэдэхгүй. ...Би талийгаачийн өвчний түүхийн хуулбарыг харлаа. Энэ миний бичиж байсан өвчний түүх мөн байна. ...Би талийгаачид бие дааж гардан эмчилгээ хийж байгаагүй. Харин талийгаачийн өвчний түүхэнд бичилт хийдэг байсан. О.М- эмчийн бич гэснийг бичдэг байсан. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал н.Мөнхсайхантай уулзаад амаар зөвшөөрөл авсан, бас тасгийн эрхлэгч Э.Г- эмчтэй уулзаад амаар зөвшөөрөл аваад 2018 оны 11 дүгээр сараас эхлэн дадлага хийж ажиллаж байсан... ...Миний хувьд хууль бусаар ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Харин амь хохирогчид О.М- эмчийн заавраар эмчилгээ бичихдээ О.М-, Э.Г- нарын гарын үсгийг дуурайлгаж зурж байгаагүй нэрийг нь бичдэг байсан. ...Миний хувьд 2019 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг эмчилгээнээс бусад өдрийн үзлэг эмчилгээг О.М- эмчийн хэлсний дагуу өвчний түүхэн дээр бичилт хийсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 03, 06, 08, 13, 14-ний өдрийн боолтыг хийсэн. Өөр эмчилгээ хийгээгүй. Хагас бүтэн сайн өдрийн боолтыг 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан жижүүр эмч, сувилагч хийсэн байсан. ...” /1хх 42-43, 84-88/,

гэрч Э.Г-ын “...Б.Б- гэх хүүхэд нь өнгөрсөн жил түлэгдээд манайд хэвтэж байсан гэсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрөө ахлаад туслах эмчээр О.М-, унтуулгын эмчээр н.Ариунболд, сувилагч н.Хулан, н.Анхбаяр нарын хамт зүүн арын 3-5 дугаар хурууны түлэнхийн дараах татагдсан сорвийг суллаж өөрийн бүрэн давхраат арьсаар нөхөлт хийх мэс заслыг ямар нэгэн хүндрэлгүй амжилттай хийсэн. ...Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад буцаж ирээд 5 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа очоод өвчтөний палатуудаар тойрч байхад Ч.У- эмч Б.Б-г халуураад байхаар нь цусны ариун чанарын шинжилгээ аваад антибиотик эмчилгээ хийсэн, зүүн хөлийн уян зүүний шарх идээлсэн байсныг зүслэг хийж цэвэр боолт хийсэн гэж танилцуулахаар нь эмчлэгч эмч нь О.М- эмч байсан болохоор түүнд хэлээрэй би давхар хэлье, анхаарах хэрэгтэй байна шүү гэж хэлээд гарсан. Хүүхдэд боолт хийж байхад нь би орж шархыг нь харахад мэс заслын шарх болон арьс авсан хэсгийн шарх цэвэрхэн эдгэж байсан. Зүүн хөлөнд уян зүү тавьсан шархыг харахад улайлттай байсан тул шархнаас авсан шинжилгээний хариуг гарахаар нь эмчилгээг яаралтай хий гэж хэлсэн. Дараа нь дадлагажигч эмч Б.М-оос асуухад Б.М- шархнаас нь МRSA гэдэг вирус илэрсэн, О.М- эмч эмчилгээ бичсэн гэхээр нь за тэгвэл наад хүүхэд чинь хүндэрч байгаа юм байна, М- эмчдээ сайн захиж хэлээрэй гэж хэлсэн. Тэр өдөртөө ийм зүйл болсон. Маргааш өглөө бүх эмч нар тойрон үзлэг хийхэд Б.Б-гийн биеийн байдал хүндэрсэн орчны харьцаа суларсан улбагар байдалтай байхаар нь О.М- эмчид хэлээд сэхээний тасаг руу шилжүүлээд О.М- эмч үргэлжлүүлж эмчилсэн. Орой О.М- эмч над руу залгаад Б- нас барсан талаар хэлсэн. ...Амь хохирогч Б-гийн эмчлэгч эмч О.М- байсан. О.М- эмчийг уг хүүхдийн эмчлэгч эмч байсан гэдгийг манай түлэхнийн тасгийн бүх эмч, сувилагч нар мэдэж байгаа. Мөн түүх буюу өвчний түүхээс О.М- эмчийг эмчлэгч эмч гэдэг нь тодорхой харагдаж байгаа, өөрийн нь гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан байгаа. Б.М- нь гэмтэл согогийн нарийн мэргэжлээр төгсөөд, манай эмнэлэгт эмч нарыг дагалдаад,туслаад явж байсан хүн байгаа юм. ...” /1хх 46-48, 82-83/,

гэрч Ч.У-ын “...амь хохирогч Б.Б-гийн хувьд эмчлэгч эмч нь О.М- эмч байсан. О.М- эмч эрчимт эмчилгээний эмч боловч өмнө нь Б.Б- О.М- эмч дээр эмчлэгдэж байсан болохоор Б.Б-гийн эмчлэгч эмчээр О.М- эмчийг хуваарилсан байсан байх. ...05 дугаар сарын 12-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөө 09 цагт би жижүүр хүлээн авч байх үед Б.Б-гийн эмээ нь ирээд хагас сайн өдөр боолт хийгээгүй, өнөөдөр та боолт хийгээд өгөөч ээ, би хүүхдийнхээ хоолыг сойчихсон байгаа гэсэн. Тэгээд би эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн боолтыг хийж дуусаад 10 цаг өнгөрч байхад Б.Б-гийн зүүн гарын боолтыг нь тайлаад 0.7 процентын тамидены уусмалтай марлаар арчиж цэвэрлэгээ хийхэд ядам хуруунд бэхэлсэн байсан спиц төмрийн хажуугаар бага зэрэг цусны хольцтой цайвар ногоон өнгийн идээрхэг шингэн гарсан тул спиц төмрийг нь хуруунаас салгаж аваад сайтар шахаж идээг нь гаргаж цэвэрлээд 7,5 процентын тамидентай тосон сетиктэй боолт хийсэн юм. Тухайн үед Б.Б-гийн зүүн билүү баруун хөлийг боочихсон байхаар нь би тухайн өдөр ээлжтэй байсан түлэнхий тасгийн сувилагчаас яагаад хөлийг нь боочихсон юм бэ гэж асуухад, уян зүү тавьсан байсан хэсэг нь улайчихсан байсан учраас 10 процентын натри хлоридын уусмалтай компресс тавьж боосон гэж хэлэхээр нь боолтыг нь авч үзэхэд тарианы зүүний ормыг тойрсон улайлт, хаван үүссэн байсан тул 0.7 процентын тамидены уусмалтай марлаар арчихад зүүний шархнаас идээрхэг зүйл гарсан учир шахаж идээг нь гаргаж цэвэрлээд 7,5 процентын тамидентай боолт хийгээд гаргасан юм. Би гар болон хөлийн шархнаас гарсан шингэн хэсгээс нь нян ургуулах шинжилгээ авч лаборатори руу явуулсан. ...Маргааш өглөө нь буюу 13-ны өглөө 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд тасгийн эрхлэгч Э.Г-ад жижүүрт гарсан мэдээгээ амаар өгсөн. Тухайн үед Б.Б-гийн талаар халуурсан, зовуурьтай байгаа талаар болон шархнаас нь идээ гарч байгаа талаар хэлсэн юм. Тэгэхэд Э.Г- эмч чи энэ талаар эмчлэгч эмч О.М-т хэлээрэй, би боолтод ороход нь шархыг нь харъя гэсэн. Би О.М- эмчид Б.Б-гийн халуурсан болон шархны тухай, мөн гарааны эхний антибиотик эмчилгээ эхэлсэн, бас шинжилгээнүүдийг давтан авахуулсан тухайгаа хэлсэн. Тэгэхэд М- эмч за ойлголоо гэж байсан юм. ...” /1хх 91-93/,

гэрч О.М-ын “...амь хохирогч Б.Б-гийн эмчлэгч эмч нь манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч О.М- байсан. О.М- эмч анх 2018 онд уг хүүхэд түлэгдэж ирэхэд эмчлэгч эмчээр ажиллаж байсан. ...Өвчтөн анх эмнэлэгт ирэхэд нь тасгийн эрхлэгч хуваарилж өгдөг. Тасгийн эрхлэгч эмч нарыг хэдэн өвчтөн хариуцан эмчлэгч эмчээр ажиллаж байгааг харгалзан ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж өвчтөнг хариуцуулан өгдөг юм. ...Би 2019 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрийн хооронд буюу хагас сайн өдөр жижүүр эмчээр 24 цагаар ажилласан. Өглөө 09 цаг ээлж хүлээлцээд тасгуудыг тойрч өвчтөн нарыг үзэж явахад хүүхдийн биед ямар нэг зовуурь, шинж тэмдэг байгаагүй, эмээ нь тэврээд явж байсан. Мөн орой 20 цагийн үед бас тасгуудыг тойрч үзэхэд ямар нэг зовуурьгүй байсан болохоор хүүхдийн биед үзлэг хийгээгүй. Би биеийн ерөнхий байдлыг нь үнэлээд ямар ч зовуурьгүй хэвийн байсан болохоор үзлэг хийгээгүй юм. ...” /1хх 94-95/,

гэрч Т.Б-ийн “...хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн нарыг тасгийн эрхлэгч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэн хуваарилж өгдөг юм. Тухайн үед манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгчээр Э.Г- ажиллаж байсан ба амь хохирогч Б.Б-гийн эмчлэгч эмчээр О.М- эмчийг хуваарилсан байсан. Тасгийн эрхлэгч О.М- эмчид хуваарилсан нь түүх буюу өвчний түүхийн эхний хуудсан дээрээс харагдаж байгаа. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад тэмдгээ дарж баталгаажуулдаг юм. ...” /1хх 96-97/,

гэрч Б.Д-гийн “...би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутад ээлжээ хүлээж авахад Б.Б-гийн хөлөн дэх уяан зүүг аваад боолт хийсэн байгаа гэж мэдэгдсэн, надад ээлж хүлээлгэж өгсөн сувилагч Б.Б- байсан. ...Ээлж хүлээж авахад зовуурьтай өвчтөн дотор Б.Б-гийн нэр байхгүй байсан. ...Түүний хөлөнд Б.Б- уян зүүг авч боолт хийсэн гэж хэлж байсан. ...” /1хх 98-99/,

гэрч Г.Г-ийн “...би хагалгааны дараах эмчилгээг эмчлэгч эмчийн заавраар түүх дээр бичсэн эм, тариаг хийж байсан. Тухайн үед эмчлэгч эмч нь хэн байсан гэдгийг санахгүй байна. Тэгээд ч 2-3 хоноод эмчилгээ нь дууссан. ...” /1хх 100-102/,

гэрч Э.Б-гийн “...би жижүүр сувилагчаар гарах хугацаандаа тус хүүхдэд түүх дээр буюу эмчийн заалтаар эмчилгээ тариаг хийж байсан. Эмчлэгч эмч нь О.М- эмч байсан гэж санаж байна. Би талийгаач хүүхдийн хөлөнд уян зүү тавиагүй. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өдрийн ээлжээр гарсан бөгөөд энэ үед талийгаач хүүхдийн хөлөн дэх уяан зүүг авсан, эмчийн заалтаар авсан бөгөөд эмч нь уян зүү тавьсан хэсэгт улайсан байна, зүүг нь авчих гэхээр нь авсан. ...” /1хх 103-104/,

гэрч Э.Л-ийн “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр түлэнхийн тасгийн сувилагч нар Б.Б-гийн шархнаас авсан арчдасыг шинжлүүлэхээр авчирч өгсөн. Арчдасны дээжийг тэжээллэг орчинд 24 цаг ургуулсан боловч бактери ургаагүй дараагийн өдрөө буюу 48 цаг бактерийг ургуулаад “Ви ай ти ка-2” загварын аппаратад хийж 24 цаг болгоод шинжилгээний хариу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “МRSА” буюу “Метицилленд” тэсвэртэй “стафиллакокк ауреус” гэдэг бактери илэрсэн байсан. Би шинжилгээний хариуг тэр өдөрт нь цахим сандаа шивж оруулсан. Олон Улсын Эмнэл зүйн стандартаар бактериологийн баталгаат шинжилгээ 72 цагт гардаг учир Б.Б-гийн шинжилгээ 72 цаг болж гарсан. Цахимд шивж оруулсан шинжилгээний хариуг эмчлэгч эмч нь цахим сангаасаа хараад дараагийн эмчилгээгээ хийдэг. ...” /1хх 108/,

гэрч О.С-ийн “...амь хохирогч Б.Б-гийн хувьд яг хэдэн хэдний өдрүүдэд боолт хийснээ болон хэн гэх эмчтэй хамт боолт хийснээ санахгүй байна. Миний санаж байгаагаар резидент эмчээр ажиллаж байсан Б.М- байнга боолтод ордог байсан. ...Боолт хийхдээ боолтын өрөөнд боолтын сувилагч ариутгасан багаж материалаа авчраад эмчлэгч эмчдээ багаж материалыг нь авч өгөөд эмчлэгч эмч нь өвчтөний боолтыг сольдог. Б.Б-гийн биед стандарт журмын дагуу л боолт хийгдсэн. ...” /1хх 225/,

гэрч Б.Б-ын “...Амбулаториор үзүүлсэн өвчтөнг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд амбулаториор үзсэн эмч хэвтэх бичиг үйлдэн тухайн хэвтэх гэж байгаа тасгийн эрхлэгчид нь оруулж хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл аваад өвчний түүхийг нээн тасагт хэвтүүлдэг. Тасагт хэвтсэний дараа тасгийн эрхлэгч өвчтөнг эмчлэх эмчийг хуваарилан өвчний түүхийг эмчлэгч эмчид нь өгдөг. Заримдаа тэр эмч эмчил гэж өвчний түүхэн дээр цохолт хийдэг заримдаа зүгээр амаар тэр эмч эмчлэгч эмчээр ажилла гээд эмчлэгч эмчид нь өвчний түүхийг өгдөг юм. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад өөрийгөө эмчлэгч эмч гэдгээ баталгаажуулж өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг, хувийн тамгаа дардаг. ...Мэс заслыг удирдсан эмч мэс заслын дараах эмчилгээг заавал хийнэ гэсэн дүрэм, журам байхгүй. Анх эмчлэгч эмчээр ажиллаж байсан эмч нь хагалгааны дараа үргэлжлүүлэн эмчилгээгээ хийгээд явдаг. Тасгийн эрхлэгч Э.Г- мэс заслыг удирдан хийсэн боловч мэс заслын дараах эмчилгээг О.М- эмч хариуцан явуулсан нь ямар нэг дүрэм, журам стандартыг зөрчөөгүй. ...Эмчлэгч эмч өөрийн гараар үзлэгийн тэмдэглэлийг хөтлөх ёстой. Резидент эмч эмчлэгч эмчийн хяналт доор өвчтөний биед үзлэг хийн өвчний түүхэнд тэмдэглэл хөтлөөд хариуцсан эмчлэгч эмчээрээ баталгаажуулж гарын үсэг зурж болдог. Өвчтөнд үүсэх эрсдэл, үүрэг хариуцлагыг зөвхөн эмчлэгч эмч хариуцах ёстой, резидент эмч нь суралцагч болохоор үүрэг хариуцлага хүлээхгүй. ...” /2хх 99-100/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...амь хохирогч Б.Б-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зүүн гарын бугуй 3, 4, 5-р хурууны сорвийг суллаж бүрэн өөлж авах хагалгаа хийгдсэн ба баруун цавинаас арьс авч нөхсөн байдаг. Үүнээс хойш үзлэг шинжилгээг тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарч нэмэлт дүгнэлт өгч тухай бүрд нь үзлэг шинжилгээ хийж байх байсан. Хагалгаа хийснээс хойш тухайн өвчтөний өвчин болон биеийн байдлын үнэлгээтэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өвчтөний биед үзлэг хийсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 05 дугаар сарын 10-ны өдөр, 05 дугаар сарын 12-ны өдөр, 05 дугаар сарын 13-ны өдөр, 05 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн байдаг нь цаг хугацаа алдах нэг шалтгаан болсон байх боломжтой. ...Үжил халдвар нь талийгаачийн гарын шарх идээлж хүндэрсэн нь цусаар тарах хэлбэрээр талийгаачийн бүх эрхтэнд идээ тархсан. Уг халдвар бүх эрхтэнд тархсан учир амь насыг аврах боломж багатай. Үжил халдварыг авсан тохиолдолд халуурах, хөлрөх, уйлагнах амьсгаадах шинж тэмдэг илэрнэ. ...” /1хх 229-230/,

шинжээч эмч С.Одончимэгийн “...талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь тухайн эмнэлгийн орчинд багаж хэрэгсэл тариураар дамжин халдварласан гэж үзсэн. Уг халдвараас үүдэлтэйгээр үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй, хугацаа алдсан учир үжил халдвараар нас барсан юм. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцна, эмчлэгч эмч үзлэг шинжилгээ, оношилгоо, тусламж зэрэг бүхий л асуудлыг өөрөө хариуцна...” /2хх 43/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Талийгаач Б.Б- нь зүүн гарын 3, 4, 5 дугаар дунд, ядам, чигчий хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн байх ба мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост хуучин түлэгдлийн сорвиноос өөр шинээр үүссэн гэмтэл тогтоогдоогүй болно. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Зүүн гарын 3, 4, 5 дугаар (дунд, ядам, чигчий) хурууны мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үхжил үүссэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1126 дугаартай дүгнэлт /1хх 51-53/,

“...Б.Б-гийн биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. Зүүн гарын сорвижилтыг засах мэс заслын заалт байсан бөгөөд төлөвлөгөөт хагалгаа байна. Мэс заслын дараа өвчтөнд бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг хийж хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. Дадлагажигч эмч байсан эсэхийг дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалаар тогтоох боломжгүй. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна. Өвчтөнд үзлэг шинжилгээг бүрэн хийж, цаг алдалгүй яаралтай эмчилгээ эхлүүлэх журамтай. Тухайн эмнэлэгт дагаж мөрдөх дотоод журмын дагуу эмчилгээ үйлчилгээ хийгддэг болно. Талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт /1хх 112-116/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1042 дугаар бичиг судлалын адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх 194-243/, Б.Б-гийн өвчний түүхийн хуулбар, холбогдох баримтууд /1хх 188-203, 2хх 125-167/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.М- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч О.М-ын мэс заслын дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-гийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж, олон эрхтний дутагдлаар нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан “...О.М- мэс заслын дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх субъект мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, ...Эрүүл мэндийн тухай хуульд заасан ерөнхий заалтыг баримталж дүгнэлт гаргасан нь гэм бурууг эргэлзээгүй тогтоох зарчим алдагдсан, ...О.М- нь хохирогчийн биеийн байдалтай танилцаад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн, ...хохирогчийн хөлд тавьсан уян зүүний улмаас хавдах нь стандартад нийцсэн эмчилгээ гэж үзэх эсэх, энэхүү үрэвсэл үүссэн уян зүүгээр хохирогчид эмчилгээ хийсний улмаас цусанд халдвар орох боломжтой эсэх талаар шалгаагүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул “...хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргахдаа нотлох баримтын шаардлага хангаагүй 25 болон 14 хуудастай өвчний түүхийг үндэслэж гаргасан, “хуулбар үнэн” дардастай өвчний түүхийн эхний нүүрний “эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз” гэсэн хэсэгт өмнө нь хоосон байсан дундаас доош хэсэгт эмчийн үзлэгийн тэмдэглэлийг дээр нь тавьж хуулбарласан, ...өвчний түүх дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэлийг О.М- өөрөө бичээгүй, Б.М- бичсэн, шинжээчийн дүгнэлтэд ямар хугацаанд, ямар төрлийн шинжилгээ хийсэн байх журам, заавар, стандартыг зөрчсөн нь эмч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх дүгнэлтэд хүрч шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

“Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, харин “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч О.М-ын хувьд Эрүүл мэнд, Спортын яамны сайдын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн A/145 дугаар тушаалаар олгогдсон эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан /их эмчээр/ эмчилгээ эрхэлж байсан /2хх 17-20/ тул тэрээр Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэлд “шалтгаангүйгээр биелүүлээгүй”, эсхүл “зохих ёсоор биелүүлээгүй” гэх чухам аль үйлдэл байгааг шалган тогтоосон байх хууль зүйн шалгуурыг тавьжээ.

Тухайлбал, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэдэгт эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй эс үйлдлээр илрэх бол “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг ойлгохоор байна.

Шүүгдэгч О.М- нь тухайн үед амь хохирогч Б.Б-гийн эмчлэгч эмчээр ажиллаж байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- /1хх 27-28/, гэрч Д.Ц- /1хх 36-37, 40-41, 81/, Б.М- /1хх 42-43, 84-88/, Э.Г- /1хх 46-48, 82-83/, Ч.У- /1хх 91-93/, О.М- /1хх 94-95/, Т.Б-э /1хх 96-97/, Э.Б- /1хх 103-104/ нарын мэдүүлгүүд, өвчний түүхийн эмчлэгч эмчийн нэр, гарын үсэг гэсэн хэсэгт О.М- гэж бичиж, тэмдгээ дарсан байдал, дээрх бичвэр О.М-ын гарын үсэгтэй тохирч байгаа талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1042 дугаар дүгнэлтээр /2хх 194-243/ нотлогдож байх ба түүний үйлдэл дээрх гэмт хэргийн объектив шинжид хамаарах өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэж үзэхээр байна.

 

Тухайн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь хоорондоо бие биенээ үгүйсгээгүй, агуулгын зөрүүгүйгээс гадна эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл тусгагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч О.М- нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу хохирогчийг халуурч эхэлсний дараа биеийн байдалтай нь танилцаж яаралтай тусламж үзүүлэх зорилгоор сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн, мөн хохирогчийн хөлд тавьсан уян зүү цусанд халдвар орсны улмаас хавдаж, үрэвссэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байх тул уян зүүгээр хохирогчид эмчилгээ хийсний улмаас цусанд халдвар орсон гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул хэрэгт амь хохирогчийн өвчний түүх гурван янзаар авагдсан бөгөөд эдгээрийн хуудасны тоо зөрүүтэй, үүнийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан гэж давж заалдах гомдол гаргаж байгаа хэдий ч гэмтлийн эмчийн үзлэгийн хуудас, амь хохирогч Б.Б-гийн нас барах үеийн эпикриз, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хуудас зэрэг баримтууд нэмэгдэж, өмнөх өвчний түүхээс хуулбарлаж авсан эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, ГССҮТөвийн шинжилгээний хариу, OPTI medical эмнэлгийн шинжилгээний хариу зэрэг баримтууд хасагдсан байх ба эдгээр гурван өвчний түүхэд бичигдсэн үзлэгийн тэмдэглэлүүд /2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл/ зөрүүгүй бичигдсэнээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1126,  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүдийг гаргахдаа хэрэгт авагдсан амь хохирогчийн өвчний түүхээс гадна цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй./1хх-50-56/

 

Мөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн архивын эрхлэгч Б.Дэлхийцэцэг “Б.Билгүүжийнгийн өвчний түүхийг хуулбарлахдаа уг өвчний түүхийн эхний хуудаст үндсэн онош бичигдэх хэсэгт онош нь багтаагүй, нэмэлт цаасан дээр бичигдсэнийг хуулбарлахад эмчийн гарын үсэг нь тод гараагүй тул 2 дугаар хуудаст хуулбарлаж явуулсан” талаар тодорхойлолт гаргажээ. /1хх 242/

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, Э.Туул нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй юм. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэйгээс гадна, О.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй талаар гомдлын үндэслэлээ тайлбарлаж, шүүгдэгч О.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүхийн шүүгдэгч О.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг буруутган дүгнээгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч С.Батсайхан, Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч С.Батсайхан, Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.Б-Э

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН