Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0051

 

 

 

 

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Тулга

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Ц-н Б,

Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр       аймгийн         сумын        багийн           тоотод оршин суух Г.Ц-н эзэмшлийн амбаар буюу тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг эвдэлж нэвтрэн бүтэн ямааны махыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 162.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр        аймгийн        сумын         багт үйл ажиллагаа явуулах “Т” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг хулгайлан авч 795.386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, Энэ хэрэгт шүүгдэгч төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр        аймаг       сумын     багийн       тоотод суух иргэн Г.Ц-н эзэмшлийн амбаар буюу тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг эвдэлж нэвтрэн бүтэн ямааны махыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 162.500 төгрөгийн хохирол,

мөн          аймгийн       сумын    багт үйл ажиллагаа явуулах “Т” хүнсний дэлгүүрт 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг хулгайлан авч 795.386 төгрөгийн хохирол тус тус учруулж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт прокурор гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулахад, зөвшөөрсөн тул уг саналыг шүүхэд гаргасан.

Шүүхээс хуульд заасан тохирсон ялын саналын хүрээнд шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаагүй буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн нь тус зүйл хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж буй тохиолдолд холбогдох хуулийн зүйл хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх ёстой.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журам Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Ц.Б-г 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр          аймгийн        сумын        багийн      тоотод оршин суух иргэн Г.Ц-н эзэмшлийн амбаар буюу тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг эвдэлж нэвтрэн бүтэн ямааны махыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 162.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр        аймгийн         сумын        багт үйл ажиллагаа явуулах “Т” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг хулгайлан авч 795.386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ... тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүнд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

            Гэтэл шүүх хуралдааны даргалагч шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж уншиж сонсгосон /хх-221/ атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулсугай гэж бичиж, хэргийн оролцогч нарт гардуулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.8.д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” ноцтой зөрчилд хамаарахаар заажээ.

 

Иймд шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА