| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 179/2018/0324/Э |
| Дугаар | 246 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 246
Ж.Т-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Ж.Т-д холбогдох 1838000310223 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт Ж-ын Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Т-ийг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Т-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих гэмт хэрэг гарсан байдал бүрэн нотлогдоогүйгээс гадна анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Хяналтын шатны шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцэлд” Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Э-г нүхэнд унах үед нь хамт явсан гэрч Г.Ц-ийн “Шон суулгахаар ухсан нүх байсан ... Би тэр нүхийг зааж чадна. Харин нүхэнд нь шон суулгасан байна” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Э-ийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хохирогч болон гэрч хаана байрлах нүхэнд унасан талаараа шууд заасан, мөн хохирогч тухайн нүхэнд хий гишгээд хоёр хөлөөрөө унаж зүүн хөлөө хугалсан гэж мэдүүлсэн, гэрч Г.Ц нь мөн тухайн нүхэнд хоёр хөлөөрөө унаж хөл нь хугарсан талаар мэдүүлсэн байх ба бүдүүн гуя хүртлээ нүхэнд унаж түүний цээж хэсэг ил харагдаж байсан талаар мэдүүлсэн байхад хохирогч нүхэнд ямар байдлаар унасан болохыг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчийн унасан гэх нүхийг тухайн өдөр ухаагүй байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч гэрч Б.Г “Нийт байгууллагын гадаа 4 нүх, хашаан дотор 4 нүх тус тус 2017 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ухаж дуусгасан ... дэд станцаас баруун тийшээ байгууллагын хашаа хүртэл нийт 4 нүх ухсан ... Гүн нь 60-70 см өргөн нь хааш хаашаа 40 см хэмжээтэй нүх ухсан” гэж мэдүүлсэн. Гэрч Б.Д “Байгууллагад өндөр хүчдэлийн тог оруулах зорилгоор татсан нийт 8 нүхийг манай байгууллагын байгаль хамгаалагч нар 2 өдрийн хугацаанд ухаж дуусгасан” гэж мэдүүлсэн, гэрч Г.Ц-г гэрч Б.Г-тай нүүрэлдүүлж авсан “Энэ нүх нь шонгийн нүх нэг байсан, 2 зэрэгцээ нүх байсан” гэх мэдүүлэг болон тухайн үед хохирогчийг нүхэнд унаад байж байхад нь очиж тусламж үзүүлсэн гэрч Б.М, Г.Г насанд хүрээгүй гэрч Б.А нарын мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн нүхийг хохирогчийг унах үед буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ухсан байсан гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн шонгийн нүх байсан эсэхийг тогтоолгохоор хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх хэрэгт шүүгдэгч тухайн нүхийг ухаагүй байсан гэж мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргаж өгсөн хүсэлтдээ “... тулгуур шон тухайн үед ухагдаагүй 10-15 см хөрсөн хэсгийг цоолсон нүх биш байсан” гэж өөрөө бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн тухайн хэрэгт мэдүүлэг өгч байгаа гэрчүүд бүгдээрээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаантайгын тусгай хамгаалалттай газрын ажилчид байгаа ба дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгөх эсэх нь эргэлзээтэй болох нь гэрч Б.Г-ийн мэдүүлгүүд болон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хэсгийн мөрдөгч М.Б-ийн илтгэх хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Мөн хохирогч Г.Э-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын цагдаа Ч.Э хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй” гэж дурдсан байх боловч хэрэгт хохирогч Г.Э-аас гаргасан өргөдлийн талаарх баримт авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр хэлсэн саналдаа “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Нүх ухсан хүмүүсийг гэрчээр байцаагаагүй, ажиллагаа дутуу хийгдсэн. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын захиргааны байр руу цахилгаан дамжуулах агаарын шугам тавих газар шорооны ажил хийлгэх зорилгоор ухсан нүхэнд хохирогч Г.Э унаж хөлөө хугалсны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учирсан нь тогтоогдсон. Уг байгууллагын дарга Ж.Т нь албан хаагчдаар нүх ухуулсан бөгөөд байгууллагын удирдлагыг хариуцлагад татсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогч унасан гэх хугацаанд нүх ухуулаагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ж.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Ж.Т-ийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байр руу цахилгаан дамжуулах агаарын шугам тавих газар шорооны ажил хийлгэхдээ Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөний улмаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаан-Уул сумын төвд ухсан нүхэнд иргэн Г.Э унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учирсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Т-ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, эргэлзээ бүхий болсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо хамгаалалтын захиргааны байр руу цахилгаан дамжуулах агаарын шугам тавих газар шорооны ажил хийх явцад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болон 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ухсан нүхэнд хохирогч Г.Э 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр унасан гэж дүгнэсэн байх бөгөөд чухам аль нүхэнд нь хохирогч унасан талаар тодорхой бус, эргэлзээ төрүүлэхээр тодорхойлсон гэж үзлээ.
Хохирогчийн унасан гэх нүхийг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ухсан болохыг нотлоно гэх шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудад хоёр шатны шүүх няцаалт хийхгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн нь хэрэг гарсан цаг хугацаа, эсвэл хохирогч унасан гэх тулгуурт шонгийн нүхийг ухсан цаг хугацаа нь зөрүүтэй байдалд ач холбогдол өгөөгүй гэж ойлгогдохоор байна.
Хохирогч унаж гэмтсэнээсээ хойш 2 сарын дараа гомдол гаргасан нь хэргийн газрын үзлэгийг бодитой хийх, хэргийн талаарх нотлох баримтуудыг цаг тухайд нь бүрэн байдлаар цуглуулах боломжийг хязгаарлаж буй боловч хэрэг гарсан цаг хугацаа, байршлыг эргэлзээгүй тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгчийн зүгээс тусгай хамгаалалтын захиргааны байр руу татсан өндөр хүчдэлийн тулгуур шонгийн нүхийг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилчдаар ухуулсан талаар өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Э-ийн унаж хөлөө хугалсан цаг хугацаа, ухсан нүхний хэмжээ зөрүүтэй талаар гаргасан гомдлыг шийдвэрлэж хохирогч аль нүхэнд унасан, уг нүх тухайн цаг хугацаанд ухагдсан байсан эсэхийг нотлох баримтаар нэг мөр тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэргийн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгагдаагүй байхад хэргийг хэлэлцэхэд хүрэлцээгүй, хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх шийдвэрлэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН