Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00880

 

Л.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, СонгинохайрхандүүргийнИргэнийхэргийнанханшатнышүүхийн

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/01895 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Г.Ганзоригт холбогдох,

7.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Г.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015.02.09-ний өдөр Г.Ганзоригтой худалдах, худалдан авах гэрээ хийж Киа Фронтер маркийн 92-47 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрийг 2015.05.01-ний өдөр төлж дуусгаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон. Би гэрээнд заасан хугацаанд мөнгөө өгч чадаагүй тул "Тайгын булаг авто" ХХК-ийн ломбарднаас 6.000.000 төгрөгийн зээл авч мөн өдрөө Г.Ганзоригт өгсөн. Үлдэх 4.000.000 төгрөгийг Увсаас Улаанбаатарын хооронд ачаа тээвэрлэж, тээврийн хөлснөөсөө өгөхөөр болсон. Гэтэл Г.Ганзориг нь өөрийн автомашиныг надад мэдэгдэлгүй, миний хувийн хэрэгслийн хамт авч явсан. Мөн кабинд байсан миний эд зүйлсийг амбаартаа хийж орхиод тэр машинаар хоёр ч удаа тээвэр хийсэн байсан. Машиныг дөнгөж аваад явахад машины кроп эвдэрсэн тул нийт 1.300.000 төгрөгийн сэлбэг авч тавьж машиныг үлэмж сайжруулсан. Иймд гэрээнээс татгалзсан тул 7.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Би 2015.02.09-ний өдөр Л.Сүхбаатартай Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн өөрийн өмчлөлийн УБИ-9247 улсын дугаартай Киа Фронтер маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээ байгуулах үед төлбөр тооцоог хийгээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу 2015.05.01-ний өдөр төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлсөний дараа авто тээврийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэхээр тохиролцсон. Гэвч Л.Сүхбаатар заасан хугацаанд төлбөрийг хийлгүй явсаар бидний шаардсанаар 2015 оны 06 сард 5.975.000 төгрөг төлсөн. Би 2015.11.20-ны өдөр уг автомашины түлшийг нь дуусгаад төв зам дагуу колонкийн хажууд орхисон байсныг олж, утас руу нь залгахад утсаа авахгүй байсан тул илүү түлхүүр авчраад өөрийн хашаанд аваачиж тавьсан. Автомашиныг анх худалдсан цаг үеэс хойш авахааргүй эвдэлж муутгасан байна. 4.000.000 төгрөгийг төлсөн тохиолдолд ямар нэг саадгүйгээр автомашиныг хүлээлгэн өгч шилжүүлэх болно. Тухайн автомашины худалдах, худалдан авах гэрээг цуцалж буцаан авах боломжгүй. Учир нь дээр хэлсэнээр худалдан авагч нь гэрээний зүйлийг их хэмжээгээр эвдэлж муутгасан. Надад энэ машиныг саатуулан барих эрх байгаа гэж бодож байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/01895 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Г.Ганзоригоос автомашины урьдчилгаанд төлсөн 6.000.000 төгрөгийг гаргуулж Л.Сүхбаатарт буцаан олгож, УБИ 92-47 улсын дугаартай Киа Фронтер маркийн автомашиныг анхны байдлаар нь Г.Ганзоригт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Сүхбаатар нэхэмжлэлийн шаардлагаас 1.300.000 төгрөгийг татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Ганзоригоос 110.949 төгрөг гаргуулж Л.Сүхбаатарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “УБИ 92-47 улсын дугаартай Киа Фронтер маркийн автомашиныг анхны байдлаар нь Г.Ганзоригт буцаан олгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.300.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтыг 2, 4 дүгээр заалтыг 3, 5 дугаар заалтыг 4 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 110.949 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь гэрээнээс татгалзаагүй, өөрөө гэрийн ойролцоо бензин клонк дээр хаяж яваад 10 гаруй цаг болоод эзэнгүй хаясан болохоор арга буюу хариуцагч миний нэр дээр машин байгаа тул очиж авсан. Запас түлхүүр байдгийг Л.Сүхбаатар мэдэж байсан. Мөн Л.Сүхбаатар нь миний машиныг ашигласан байдлаа буцааж төлөх боломжгүй юм. Нэхэмжлэгч автомашиныг хэрэглэх явцдаа өөрийн хэрэгцээнд зориулан тэвшийг өөрчилж, зориулалт, үнийг өөрчилснийг шүүх тогтоосон атлаа худалдан авсан урьдчилгаа төлбөр болох 6.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн Нэхэмжлэгч Л.Сүхбаатар нь автомашиныг үргэлжлүүлэн эзэмшиж, үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөгийг сар бүрийн 500.000 төгрөгөөр төлж дуусгах саналыг тавьсан байх боловч Г.Ганзориг зөвшөөрөөгүй байна гэж худал тайлбар өгдөг. Нэхэмжлэгч 500.000 төгрөгөө өгөөгүй ч үгүй, өгөх санаа зорилго байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

                                                             ХЯНАВАЛ:

Л.Сүхбаатар нь Г.Ганзоригоос 7.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа “...надад худалдсан машинаа буцааж авсан учир би худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж  машины төлбөрт өгсөн 6.000.000 төгрөгийг машинд хийсэн засварын зардал 1.300.000 төгрөгийн хамт шаардсан...” гэсэн үндэслэл заажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...машиныг 10 сая төгрөгөөр зарсан...үлдэгдэл 4 сая төгрөгийг авч машиныг буцааж өгнө...” гэсэн байна.

Шүүх хариуцагчаас машины төлбөрт өгсөн 6 сая төгрөгийг Г.Ганзоригоос гаргуулж, нэхэмжлэлээс 1.3 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 92-47 УБИ улсын дугаартай, Киа Фронтер маркийн автомашиныг Г.Ганзориг 10.000.000 төгрөгөөр худалдах, Л.Сүхбаатар худалдан авах тухай тохиролцсон нь тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

Машины төлбөрийг төлж дуусгах хугацааг талууд гэрээнд тодорхой заагаагүй, үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас худалдагч шаардаж байсныг нотлох баримт хэрэгт байхгүй тул худалдах, худалдан авах гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзнэ.

Худалдагч гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй тул худалдан авагч   гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Г.Ганзориг хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ