Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 383

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Х.Батсүрэн,

Шүүгчид:                 Г.Банзрагч,

                                  Б.Мөнхтуяа,

                                  Ч.Тунгалаг, 

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0366 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрээр: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.У-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0366 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай: Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг тоолох журмыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр тогтоосон бөгөөд шүүхийн иш татаж байгаа 19.1.2-т “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр” шүүгчийн бүрэн эрх дуусгавар болно гэжээ.

4. Шүүх нэхэмжлэгчийг шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарыг “60 нас” гэж үзэж байгаа бололтой. Гэтэл Төрийн албаны тухай хуульд 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол... төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж тодорхой заасан байдаг. Шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаар нь 60 нас байна гэж аль ч хуульд заагаагүй. Тиймээс шүүх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсгийг хэрэглэж байгаа нь ямар ч үндэслэлгүй болно.

5. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.У-ийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай адилтган үзэж, 60 нас хүрсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох мэтээр дүгнэсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль түүний баталгааны талаар ямар ч ойлголтгүйн илрэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогч нарт хамааралтай зохицуулалт юм.

6. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тус тус заасан шүүгчид тусгайлан зориулсан, хэн ч маргах аргагүй хуулийн тодорхой заалтуудыг үл хэрэгсэн, шүүгчид огт хамааралгүй өөр хуулийн заалтыг үндэслэж буй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад огтхон ч нийцэхгүй байна.

7. Мөн шүүгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас нь чөлөөлж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн “...төрийн жинхэнэ албан хаагч 65 нас хүртэл төрийн албанд ажиллаж болох хэдий ч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг ажил олгогч буюу захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэрлэхээр байна” гэж дүгнэн шүүгч хүнд хуулийн дээрх заалтыг хамаатуулан хэрэглэх ёстой мэтээр тайлбарласан нь огт үндэслэлгүй бөгөөд шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдал, түүний баталгааг тусгайлан зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал түүний дөрөвдүгээр бүлгийг шууд үгүйсгэсэн хэрэг юм.

8. Төрийн албаны тухай хууль нь төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн ерөнхий байдал, баталгааг тогтоосон бөгөөд шүүгч нарын хувьд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрх зүйн байдал, хараат бус байдал, баталгааг нь Төрийн албаны тухай хуульд байхгүй илүү нарийвчилсан зохицуулалтаар баталгаажуулсан учраас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг шүүгч хүнд хэрэглэх ёсгүй.

9. Хэрэв дээрх заалтыг хэрэглэвэл Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчих болно. Тэгээд ч маргаж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслээгүй байхад хуулийн энэ заалтыг барьж, шүүх маргаж буй захиргааны актыг зөвтгөж байгаа нь огт боломжгүй байна. Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хууль бус гэж үздэг. Шүүх маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд хязгаарлаагүй гэж дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад харшилж байна.

10. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хууль бус 82 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар зарлиг гарсан нь хэнд ч ойлгомжтой билээ. Маргаан бүхий 82 дугаар тогтоолыг гаргах үед 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Т.У нь албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг “ээлжийн амралттай байх хугацаанд чөлөөлсөн'' гэх гомдол үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

11. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 3 ба 39 дүгээр захирамжуудад заасан нэхэмжлэгч Т.У-ийн 2017 оны ээлжийн амралтын хугацааг ажлын 50 өдрөөр тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж 31 өдөр байх ёстой гэж “тооцоо нийлсэн”.

  12. Талуудын хооронд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дээрх хоёр захирамжтай холбоотой ямар ч маргаан мэтгэлцээн явагдаагүй ба нэхэмжлэлийн шаардлагад ч энэ талаар дурдаагүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг үндэслэлтэй дүгнэлт гэсэн байна.

  13. Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

14.  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг буруу дүгнэсэн байх тул түүнийг залруулах шаардлагатай, гэхдээ энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх хэмжээний зөрчил биш гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

15. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэх үндэслэлээр Т.У-ийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “шүүгч 60 нас хүрсэн нь захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, шүүгчийн хөдөлмөрлөх харилцааг тусгайлан зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.4.4 дэх хэсгийг хэрэглэх болохоос Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг хэрэглэхгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

16. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна” гэж заажээ. Эндээс үзэхэд шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль нь Шүүгчийн эрх зүйн байдлын хууль болох тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Гэхдээ уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “энэ маргаанд Хөдөлмөрийн хууль хэрэглэхгүй” гэсэн гомдол үндэслэлгүй юм.

17. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн байх бөгөөд энд заасан “өндөр насны тэтгэвэр авах нас” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн зохицуулалттай холбож тайлбарлахаар байна.

18. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар “Ерөнхий шүүгч дараах тохиолдолд тухайн шүүхийн шүүгчийн сул орон тооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ: 10.3.1.шүүгч...., өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө”; Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” бүрэн эрхтэй байхаар заасан тул энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60 нас хүрсэн учраас шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх санал өргөн мэдүүлсэн хариуцагчийн тогтоолыг хууль зөрчсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэхгүй.

19. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.4 дэх хэсэгт “...хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй байх” гэж шүүгчийн хараат бус байдлын талаар зохицуулсан байх бөгөөд энэхүү “хуульд зааснаас бусад тохиолдолд” гэсэн урьдчилсан нөхцлийг Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд гэж ойлгоно. Харин энэ хэргийн хувьд дээр дурьдсанчлан, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “шүүгч өндөр насны тэтгэвэр авах насанд буюу 60 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл” болж байгаа тул хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэхгүй, иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

20. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зорилго нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг тоолоход чиглэгдсэн бөгөөд энэ нь мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр, тухайлбал шүүгч өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол, мөн хуульд заасан бусад үндэслэл /18.3, 18.4, 18.5/ бүрдсэн тохиолдолд шүүгчийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээдээс шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгохыг хязгаарлах үндэслэл болохгүй.

21. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд үргэлжлүүлэн ажиллах, хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, энэ хүсэлтийг шийдээгүй байхад тогтоол гаргасан” гэх гомдлын тухайд: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээс шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ өгсөн тохиолдолд түүнийг ямар журмаар, хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулаагүй байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан ерөнхий хууль болох Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх байна.

22. Төрийн албаны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана, уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, чөлөөлөх эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийн аль нэгнийг нь гаргах “сонгох боломж”-ийг захиргаанд олгожээ.

23. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх санал өргөн мэдүүлсэн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны байгууллага нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох” эрхийнхээ хүрээнд гаргасан гэж үзнэ.

24. Хяналтын гомдлын “шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсгох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан, тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй буруутай байна. Гэвч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь нэхэмжлэлийг хангах, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үр дагавар үүсгэхээргүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан болохыг мэдэж байсан, ээлжийн амралтай байсан эсэх үйл баримтыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэр гаргасан байна.

25. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүгчийг чөлөөлөх асуудал хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй” гэж маргаж байгаа боловч Шүүхийн захиргааны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь тодорхой асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх санал оруулах эрхтэй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар эрх хэмжээний асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх эрхтэй, энэ хүрээнд тухайн асуудлыг хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар баталж, хуралдаанаар хэлэлцсэн байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

26. Мөн гомдлын “ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн” гэх үндэслэлийн тухайд: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралт, тухайлбал ээлжийн амралт хэсэгчлэн эдлэх, нөхөж амрах асуудлыг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулахаар байна. Энэ тохиолдолд Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/3564 дүгээр албан бичгээр “ээлжийн амралтын хугацаа дууссан” гэж мэдэгдсэн тул хариуцагчийг буруутгах боломжгүй буюу энэ хэргийн хариуцагч нь ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан хоногийг нөхөн амраах шийдвэр гаргах эрхтэй этгээд биш байна.

27. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа үед” ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан нь өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн этгээдэд хамааралгүй гэж үзэхээр байна. Учир нь тусгай зохицуулалттай бөгөөд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй этгээдийн шийдвэрээр ажлаас чөлөөлөх хуулийн нөхцөл бүрдсэн буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх хэсэгт “шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө шүүгчийн сул орон тооны талаар мэдэгдэх” гэж зохицуулснаар захиргааны байгууллагад ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг үүсэхгүй.

 28. Ээлжийн амралтын хугацаанд ажилласан үйл баримт буюу нөхөж амрах харилцааг нэхэмжлэгч болон Улсын Дээд Шүүхийн Тамгын газар харилцан тохиролцож тогтоодог, гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь байгууллагатай тооцоо нийлээгүй байна, ээлжийн амралтын хугацаа нь 31 өдөр байна,  нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэдгийг анхааралгүй ээлжийн амралтыг бүтэн ажлын жилээр тооцсон нь буруу, Улсын Дээд шүүхэд ажиллахаас өмнөх хугацааны хувьд ээлжийн амралттай холбоотой тооцоо байхгүй...” гэх зэргээр хэргийн оролцогчдын маргаагүй буюу хэрэгт хамааралгүй үйл баримтуудыг дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, харин давж заалдах шатны шүүх “чөлөөлөх санал хүргүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон” хэмээн чухам ямар баримтыг үндэслэсэн болохоо магадлалдаа нэрлэн заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн дүгнэлт хийжээ.

29. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй атал маргааны үйл баримтад хамааралгүй, нэхэмжлэгчийн бөглөсөн төрийн албан хаагчийн анкет, диплом, 1993, 1999, 2000, 2006, 2008, 2010 оны зарлигууд, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх захирамж, 2010 оны нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн цалингийн хүснэгт, нэхэмжлэгчийн хилээр орсон, гарсан лавлагаа зэрэг хэрэгт нотолгооны ач холбогдолгүй баримтыг  цуглуулсан байна.

30. Гэвч дээр дурьдсан шүүхийн буруу дүгнэлтүүд нь маргааны гол үйл баримт буюу “шүүгч 60 нас хүрсэн бол ажлаас чөлөөлөгдөх үндэслэл”-ийг үгүйсгэхгүй, хэргийн нөхцлийг өөрчлөхгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх хэмжээний зөрчил биш байна.

 31. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0366 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН       

    ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ