Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/03123

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр Дугаар *******3/ШШ2024/03123 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ЭТӨЧ, ******* дугаар байрны ******* тоот хаягт оршин суух, У овогт, Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг ******* дугаар хороо, Хүннү 2222 хороолол,  давхар, өөрийн байранд байрлах ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4 941 715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, иргэдийн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны ******* дугаар байрны ******* тоотод байрлах орон сууцанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр жорлонгийн суултуураас хохир хальсан. ******* ХХК-ийн засварчин ирж бохирын босоо шугамыг сэтгүүрдэж, бөглөөг гаргасан боловч бохир хальснаас болж паркетан шал руу бохир ус нэвчин, хүн байхын аргагүй үнэр гарч байсан. Ил харагдах бохирыг соруулан авч, цэвэрлэгээний компани дуудаж цэвэрлүүлсэн боловч бохирын үнэр арилгаагүй, удаан байх нөхцөлгүй байсан. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирэхэд дахин бохир хальсан байдалтай байсан. Дахин дуудлага өгч, засварчин ирээд дахин сэтгүүрдээд бөглөөг гаргасан гэх боловч жорлонгийн ус бүрэн татагдаж доош урсахгүй дахин халих эрсдэлтэй байсан. Иймд хохирын босоо хоолойг шалгуулахаар ******* ХХК-ийн засварчин, инженерүүдтэй уулзаж, бичгээр гомдол гаргасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бохирын босоо шугамд үзлэг хийж, задалж дотроос нь бөөгнөрсөн алчуур, ариун цэврийн цаас зэргийг гаргасан байсан. Бохир хальснаас болж паркетан шал руу бохир ус нэвчиж, жорлон болон угаалгын өрөөний хаалганы мод цуурч хагарсан, бохирын хортой бодис, үнэр үнэртэх болсон. Орон сууцанд учирсан хохирлыг тогтоолгохоор ******* ХХК-д хандсан. Үнэлгээний тайлангаар 3 956 715 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоолгосон. ХХК-иас орон сууцанд учирсан хохирлын нөхөн төлбөр гаргуулахаар үнэлгээний тайлан, холбогдох баримтыг өгөх гэсэн боловч даатгалын гэрээний хамгаалалтад сантехникийн гэмтлээс үүдэлтэй хохирол хамаарахгүй гэсэн шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан. Хүннү ХХК-д дээрх хохирол төлбөр барагдуулах талаар албан мэдэгдэл өгөхөд өөрсдийн буруугаас болоогүй тул хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хот, суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу Зохицуулах хороонд нь гомдол гаргасан боловч бохирын босоо шугамыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу СӨХ хариуцах дундын эзэмшлийн шугам гэсэн байна. Гэвч уг хуулийн заалтыг харвал бохирын босоо шугам сүлжээ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эсэх тухай болохоос хариуцах тухай заалт биш байна. Харин Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд бохир усны үйлчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллага хариуцах бөгөөд төлбөрийг мөн байгууллага авч, засвар үйлчилгээг хариуцдаг тул бохир хальсантай холбоотой хэрэглэгчид учирсан хохирлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох ******* ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 3 956 715 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан 235 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 1-4-ний хооронд хальсан бохирыг цэвэрлүүлсэн зардал 750 000 төгрөг, нийт 4 941 715 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутагт байрлах Цэнгэлдэх хотоны ******* дугаар байрны ******* тоотод оршин суугч Д.Ш 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цаг 39 минутад ирсэн жорлонгийн бохир ус хальж байна гэх дуудлагын дагуу 20 цаг 49 минутад манай засварчин Ч.Э нь уг орон сууцны бохир усны босоо шугамын бөглөөг гаргасан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* цаг 19 минутад ирсэн дахин бохир ус хальсан гэх дуудлагын дагуу ******* цаг 29 минутад засварчин Г.Б бохирын усны босоо шугамыг тусгай бохирын тросс ашиглан бөглөөг гаргасан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагаас 1 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн хооронд инженер техникийн алба тус айлын бохир усны босоо шугамд үзлэг хийж, шугамыг задлахад бохирын шугамд алчуур, бөөгнөрсөн 00-ын цаас бөглөсөн байсныг гарган авч, шугамыг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан. Оршин суугч зохицуулах хороонд гомдол гарснаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын хэрэглэгчийн хэлтсээс ирж үүссэн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох баримт бичгийг шалгаад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01/1******* тоот албан бичиг гарсан байсан. Жорлонгийн өрөөнд бохир ус хальсантай холбоотой хэд хэдэн дуудлагуудын дагуу цаг тухайд нь түргэн шуурхай очиж холбогдох засвар үйлчилгээг хийж компанийн зүгээс шалтгаалах бүхий л үйл ажиллагааг хийж үүргээ гүйцэтгэсэн. Энэ нь холбогдох нотлох баримтууд болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны албан бичгээр нотлогдож байгаа гэж үзэж байна. Хэрэглэгчийн бохир усны шугамд зохисгүй зүйл хийх асуудлыг хянах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.11.09-ний өдрийн итгэмжлэл, ******* ХХК-ийн 2024.01.04-ний өдрийн 01 дугаар д Акт хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2024.01.08-ны өдрийн 04 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, фото зургийн хамт, 2024.01.*******-ний 7 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.02.05-ны өдрийн Зохицуулах хороонд гаргасан гомдол, 2024.02.29-ний өдрийн 01/1******* дугаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны хариу хүргүүлэх тухай албан бичиг, явуулсан баримт, бичгийн бүртгэл, ******* ХХК-ийн үнэлгээний тайлан, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний хавсралт, ******* ХХК-ийн 2024.01.04-ний өдрийн 01 дугаар д Акт хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2024.01.08-ны өдрийн 04 дугаар хариу хүргүүлэх тухай алба бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015.10.22-ны өдрийн 54 дугаар тогтоол, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгасан 20*******.09.24-ний өдрийн 66 дугаар, 2021.08.26-ны өдрийн 84 дүгээр тогтоол, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ажил үйлчилгээний тайлан гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

4. Иргэдийн төлөөлөгч ...хэд хэдэн удаа дуудлага өгсөн, нэхэмжлэгч хохирсон байдалтай тул СӨХ болон хариуцагч тал нийтийн эзэмшлийн шугамд гэмтэл тогтоогдсон тул хохирлыг бэлэн болон бэлэн бусаар хэрэглээний төлбөр, СӨХ-ны төлбөр гэх мэт зардлаас хуваарь гаргаж хохирлыг барагдуулбал зохих байх гэж үзэж байна... гэсэн дүгнэлт гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны ******* дугаар байрны ******* тоотод байрлах орон сууцанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр жорлонгийн суултуураас хохир хальсан. ******* ХХК-ийн засварчин ирж бохирын босоо шугамыг сэтгүүрдэж, бөглөөг гаргасан гэх боловч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин бохир хальсан. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бохирын босоо шугамд үзлэг хийж, задалж дотроос нь бөөгнөрсөн алчуур, ариун цэврийн цаас зэргийг гаргасан байсан. Бохир хальснаас болж нийт 4 941 715 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч ******* ХХК нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нь болсон үйл явдал болон хохирлын хэмжээний талаар маргаагүй. Харин чиг үүргийнхээ хүрээнд хэрэглэгчээс ирсэн дуудлагын дагуу холбогдох засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэн. Дээд айлуудын хэрэглээнээс үүдэн бохирын босоо шугам бөглөрсөн тул хохирлыг хариуцахгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.

 

4. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж ******* байр ******* тоот хаягт байршилтай, 49,95 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус жорлонгийн бохир ус хальж тухай бүр нь хариуцагч ******* ХХК-ийн засварчид дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлсэн хэдий ч тодорхой үр дүн гараагүйгээс 1 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд бохирын босоо шугамыг задлан дотроос нь алчуур, бөөгнөрсөн 00-ын цаас зэргийг гаргаж бөглөөг гарган шугамыг хэвийн болгосон болох нь зохигчдын тайлбар болон ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн акт, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 00503 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Зохицуулах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагч ******* ХХК нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-д зааснаар орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд тул мэргэжлийн байгууллага юм.

 

7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3.-т зааснаар мэргэжлийн байгууллага нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах үүрэгтэй, мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.4.-т зааснаар өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

8. Хариуцагч ******* ХХК нь хариуцан ажилладаг Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны ******* дугаар байрны шугам сүлжээнд графикийн дагуу үзлэг, шалгалт, засвар үйлчилгээ хийсэн болохоо баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

9. Түүнчлэн, бохир хальсан талаар оршин суугчаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хариуцагч ******* ХХК-ийн засварчид үйлчилгээ үзүүлсэн хэдий ч тодорхой үр дүн гараагүйгээс 1 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд бохирын босоо шугамыг задалж бөглөөг гаргасан байгаа нь хугацаа алдсан, хохирлын хэмжээг ихэссэн гэж үзэх үндэслэл болно.

 

10. Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-д бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

 

11. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч ******* ХХК-иас гэм хорын хохирол 4 941 715 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 4 941 715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 0******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94 0******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ

 

Ш.ОТГОНБАЯР