Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0054

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           Д.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Ц

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Хд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-н Х,

 

Д.Х нь 2021 оны 08 дугаар сард “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг         аймгийн      сумын нутаг дэвсгэрээс түүж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл      аймгийн       сумын    багийн     тоот байранд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овгийн Д-н Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 15,6409 грамм ногоон өнгийн өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдолдоо:

... Миний бие Д.Х нь       аймгийн Б        суманд эхнэр Б.Э, охин Х.У-н хамтаар ам бүл 3-уулаа хөлсний байранд амьдран суудаг. Охин Х.У 9 сартай нялх хүүхэд улмаас эхнэр Б.Э гэртээ хүүхдээ хараад ажил хийх боломжгүй тул миний бие ар гэрээ тэжээдэг. Мөн 2016 онд 0327 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа нуруундаа хүнд бэртэл авч 9 сар хэвтэрт орж эмчлүүлсэн. Түүнээс хойш гэрээр эмчлүүлэх эмчилгээнд гарч 2 жилд нэг удаа физик эмчилгээ хийлгэдэг. Одоо болтол өвчний байдал минь бүрэн эдгээгүй байгаа.

Миний бие Д.Х анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байна. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж ойлгож байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд ар гэрийн болон эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хоригдох ял шийтгэлийг минь өршөөж өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

             ... шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаагаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Х нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял ногдуулахад тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Х нь эхнэр, хүүхдийн хамт бүл 3-уулаа амьдардаг, охин Х.У 2021 оны 08 дугаар сард төрсөн, 9 сартай нялх эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг.      аймагт түрээсийн байранд аж төрдөг, шүүгдэгч Д.Х нь ажил хийж гэр бүл, эхнэр хүүхдээ асарч тэжээж байсан бөгөөд одоо түүний гэр бүл болох 9 сартай охин эхнэр нарын амьдрал маш их хэцүү байдалд ороод байгааг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд шүүгдэгч Д.Хд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Х тайлбартаа: ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Хд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 8 дугаар сард “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг       аймгийн        сумын нутаг дэвсгэрээс түүж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл        аймгийн         сумын       багийн       тоот байранд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

             Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны конвенцын I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийтлэг аливаа бодис эсхүл байгалийн аливаа материал нь “Сэтгэцэд нөлөөт бодис”-т хамаарах ба шүүгдэгч Д.Хгийн хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх ургамал нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу делта-9-тетрагидроканнабинол агуулсан бөгөөд дээрх конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг.

            

             Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Хг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

             Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгох ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

 

             Анхан шатны шүүх дээр дурдсан зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Д.Хгийн гэм буруу, хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /1-5 жил хүртэл/-т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүгчийн бүрэн эрх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны” зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Хгийн ... хоригдох ял шийтгэлийг минь өршөөж өгнө үү..., шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н ... шүүгдэгч Д.Хд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР