Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

М.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Бөд холбогдох 2029000060131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдол, прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, ...хот... ... ... тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ...овогт...М.Б/регистрийн дугаар: ХЖ......../.

 

М.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ../..дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 16 боодол бүхий 203,516 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Стана маркийн .... ...улсын дугаартай авто машинд ачиж хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бөд холбогдох эрүүгийн 2029000060131 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: М.Бөд холбогдох эрүүгийн 2029000060131 дугаартай хэргийг Шүүгдэгч ...овогт...М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

“зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчин эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бөд 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Бөд мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч М.Бөөс 220,916,620 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9,500,000 төгрөг, хууль бусаар олсон орлого болох 240,000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 16 ширхэг боодолтой, 203,516 кг байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “Шүүх М.Бөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар 220.916.620 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ./...дугаартай тушаалын хавсралтын 381-т зааснаар хуурай жинг 217.100 төгрөгөөр тооцжээ.

Гэтэл энэ гэмт хэрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ./...дугаартай тушаал гарахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байна.

Хэрэв шүүх хохирлын үнэлгээ тооцож төлүүлэхээр шийдвэрлэх бол гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай журмаар буюу 50.000 төгрөгөөр тооцож, нийт хохирлын хэмжээг 10.175.800 төгрөгөөр тогтоох ёстой байсан.

Хэдийгээр уг ургамал нь ховор ургамлын ангилалд багтсан хэдий ч шүүгдэгч М.Бийн ховор ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн үйлдлийн улмаас Монгол улсын байгаль орчин, ургамлын нөөц, экологид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн “...Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад орсон, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т зааснаар ховор ургамлын ангилалд багтсан байх тул ургамал экологи-эдийн засгийн үнэлгээгээр хохирол нөхөн төлбөрийг тооцох зүйтэй юм”  гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг тээвэрлэсэн хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Иймд анхан шатны шүүх түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн 220.916.620 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дахь заалтад “....10.175.800 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналын агуулга:

“Хавтаст хэргийн хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 02-нд 85558555 дугаарын утсаар шүүгдэгч М.Б рүү дуудлага ирж ачаа ачуулах болсон, энэ дугаараас ярьсан дагуу очиж ачаа ачсан, 5083110920 тоот М.Бийн Хаан банкны данс руу 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг ачааны зардалд ........ тоот Б.М-ийн эзэмшлийн Хаан банкны данснаас утга 85558555 гэж шилжүүлсэн, байхад мөрдөн шалгах ажиллагааг Б.М-ийг хамтран оролцсон байж болзошгүй, М-ээр дамжуулж Хятад улсын иргэд ч оролцоотой эсэхийг нягталж шалгаагүй эргэлзээтэй байдал байсаар байхад шийтгэх тогтоол гаргасан.

Шүүгдэгч М.Бийн .... ...улсын улсын дугаартай Истана маркийн авто машины эзэн гэх М.Бөд цалин өгч хот хооронд тээвэр зөөлгөж байсан Доржготов /Ганаа/ гэх иргэн анх 85558555 дугаарын ачаа тээвэр зөөлгөх захиалга өгсөн дугаартай холбож өгсөн байтал нягталж тухайн өдрийн утасны дугаараар холбогдсон эсэх дугаарын билл зэргээс шалгаж дүгнээгүй. /хх-62/ Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч М.Б нь тухайн ховор ургамлыг өөрөө түүж бэлтгээгүй, зарж борлуулж ашиг олох зорилгогүй зөвхөн тээвэрлэлт хийж хөлс авсан учраас шүүхээс 220,916,620 төгрөгийг Байгал орчин, уур амьсгалын санд оруулах нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дахин шалгаж, гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх"...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж хэргийг шийдвэрлэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор В.Төгсбаярын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн 09 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдолд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

3. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

3.а. Шүүгдэгч М.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  “Дэрэвгэр жиргэрүү” гэх зүйл ургамлын 203,516 кг үндэс бүхий 16 уут ачааг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Неткапитал Финанс корпораци ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, 55-11УНЭ улсын дугаартай, SSANGYOG ICTANA маркийн автомашинаар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаанхад гэх газар хүртэл тээвэрлэсэн үйл баримт нь:

       Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх,48х/, Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээ /1хх,95х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх,109, 122х/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх, 31-32х/, 203,516 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1хх,40х/, хойшлуулшгүй ажиллагаа явуулж хийгдсэн мөрдөгчийн үзлэг хийсэн, эд мөрийн баримт хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол /1хх,38х/, шинжээчийн дүгнэлт /1хх,89х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх,105х/ зэрэг бичгийн нотлох баримтууд,    

М.Бийн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “энэ удаа .... ...улсын дугаартай истана машин жолоодож...өчигдөр орой буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос гарч Цагаан хаданд 03-ны өдрийн 11 цагт ирсэн..., 16 ширхэг боодолтой ачаа хэнийх болохыг мэдэхгүй, ачаа өгч байгаа хүнтэй уулзаагүй, тэнд ачаа ачдаг хүмүүс л уулзаж байгаад ачдаг, ... юу болохыг мэдээгүй, Цагаан хаданд очиход чинь чиний утсаар залгаад авна гэсэн , хэн авах талаар хэлээгүй, ... нэг жолооч залгасан байх ачаа авах уу гэхээр авъя гэсэн хуучин 22-ын товчооны гадаа жижиг пүүтэгний хажууд байгаа буулгаад тавьчихсан очоод авчих гэсэн тэгээд би очиж авсан...ачаа авах хүний дугаарыг надад өгөөгүй..., ачааны хөлс өгөх гээд хүн 85558555 дугаар луу дансаа явуулчих гэсэн тэгээд 240000 төгрөг миний дансанд орсон..”/1хх,60х, 62-63, 103-104х/,

Гэрч Х.У-ын “...би тухайн өдөр хуваарийн дагуу Гашуунсухайт хилийн боомт дээр 12  цагийн үед хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан, ..тухайн тээврийн хэрэгслийг зогсоож хойт заал хэсгийг шалгахад дотроо 30 орчим шуудайтай зүйл байсан, задалж шалгахад ургамлын үндэс шиг зүйл байсан, жолооч залуугаас асуухад  дэрэвгэр, жиргэрүү гэдэг ургамал гэж хэлсэн...”/1хх,78х/,

Гэрч Б.М-ийн “... хаан банкны 5055406422 тоот данс нь миний эзэмшлийн данс, би ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын иргэдтэй хамтарсан 200 гаруй гишүүнтэй интернет групп нээсэн. Тухайн группийн гишүүд манай зочид буудлаар үйлчлүүлдэг төлбөрийг интернетээр шилжүүлдэг байсан. ... гишүүдийн хэн нэг хүн нь тухайн данс руу надаар 240000 төгрөгийг шилжүүлүүлсэн байх. Яг хэн гуйж гүйлгээ хийлгэснийг санахгүй байна...” /1хх,82х/,

Гэрч Д.Д-ын  “...55-11УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б түрээсээр өгсөн байсан. Гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн үед 12 удаагийн хот хоорондын тээвэрт рейс хийгээд аваарай гэж амаан тохиролцоо хийсэн. Уг тээврийн хэрэгслийг хүнээс худалдаж авч байсан. Нэрийг нь шилжүүлэн авах боломжгүй байсан тэгээд тэр хүн нь шилжүүлэн өгнө гээл алга болсон. Нэрийг нь сайн мэдэхгүй банк бусын нэр дээр бүртгэлтэй байсан. Уг тээврийн хэрэгсэл эвдэрчихээр нь  сэлбэгэнд өгчихсөн...” /1хх,194х/ гэсэн мэдүүлгүүд,

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн: “Шинжилгээнд ирүүлсэн ургамлын дээж нь шаардлага хангасан, Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricatа Schischk 1951/ гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн,  Монгол Улсын Байгалийн ургамлын тухай /1995, 2004/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байна.

3.б. Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулж, тэдний тайлбар дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасантай нийцсэн байна.

3.в. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал нотлогдсон, шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь тогтоогдсон тухай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар анхан шатын шүүх шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнэлт хийсэн байна.

 

4. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор  ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүхийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

5. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байх тул шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүхээс М.Б-од зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа “Улаанбаатар хотын хилийн цэсийн дотор” гэж хэт өргөн хүрээгээр хязгаарлалтын бүсийг тогтоосон гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүйг, хэрвээ дээрх хязгаарлалтыг тогтоох нь зайлшгүй шаардлагатай гэж үзвэл үндэслэлээ тодорхой заах нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхийг цаашид анхаарахыг тэмдэглэж байна.

 

       6. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцсэн.

 

7. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг тухайлан заасан тул гэмт хэргийн шинжээс хамаарч ургамлын аймагт учруулсан хохирлын хэмжээ өөрөөр тогтоогдохоор байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 21дүгээр зүйлийн 5-д заасан хуулийн нэр томьёоны тодорхойлолтод "ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “11. "байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; , “12. "байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг; ойлгохоор тус тус тайлбарлажээ.

Хуулийн дээрх тайлбар, хохирол арилгуулах хуулийн зохицуулалтаас ховор ургамлыг тээвэрлэсэн  М.Бийн үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэх боломжгүй байх тул түүнээс тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

8. Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдлоор хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Б нь ховор ургамлыг буюу ачааг илгээсэн, мөн хүлээн авах хүнийг, тээвэрлэх ачааны нэр төрлийг мэдэхгүй, харин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхадад хүргэхээр тохирч хөлсөнд 240000 төгрөг авсан гэх  агуулгаар мэдүүлдэг.

Хэрэгт шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрч нараас дахин мэдүүлэг авах, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Бийн банкин дахь харилцах дансанд хийгдсэн гүйлгээний утга, мөнгө шилжүүлэгчийн утасны дугаар зэргээр  Б.М-ийг олж тогтоон зохих ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

Энэ ажиллагаагаар  тэрээр уг хэрэгт холбоотой болох нь тогтоогдоогүй байх тул Б.Мболон түүнээр дамжуулан Хятад улсын иргэд оролцоотой эсэхийг шалгаагүй, тухайн өдрийн утасны дугаараар холбогдсон эсэх дугаарын биллийг шалгаагүй гэх гомдлоор хэргийг буцаах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.  /1хх-79/ Түүнийг дахин шалгах шинэ үндэслэл бий болоогүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “220,916,620” гэснийг “10,175,800 /арван сая нэг зуун далан таван мянга найман зуу/ ” гэж, “...санд...” гэснийг  “сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАСАНЖАРГАЛ

 

                                            ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР