Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0223

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэй Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Э*******д холбогдох зөрчлийн хэргийг

 

 

ХЯНАВАЛ:

 

 

Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Э******* би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Б******* ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаалийн хилээр түр хугацаагаар гаргасан барааг хуульд заасан хугацаанд буцаан оруулаагүй зөрчлийг илрүүлж, холбогдогч А.Ц*******д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.У******* хянаад Б******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан Ц.Э******* би хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Э******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.У*******гийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь зөрчилд холбогдогч А.Ц*******ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хариуцагч Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Э******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ