Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 435

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К.Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03348 дугаар шийдвэртэй, “К.Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Ж.Х ” ХХК болон “Орон буур” ХХК-иудад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 957 819 827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “К.Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Ж.Х ” ХХК нь К.Бтай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/91 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 900 000 000 төгрөгийг, сарын 0,58 хувийн хүүтэй, жилийн 7 хувийн хүүтэй, үйлдвэрлэлтийг дэмжих 888 төслийн зориулалтаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлж авсан. Банк зээлийн гэрээний 3.9-т заасан зээлдэгчийн К.Бны 2012009700 тоот харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 700 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч “Ж.Х ” ХХК нь “К.Б” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 91 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 91-1 дугаартай нэмэлт барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 м.кв талбайтай, 2 давхар барилга, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, 2220 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 55 997 176 төгрөг, зээлийн хүүнд 199 759 214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 316 880 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 844 002 823 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 104 873 259 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8 923 744 төгрөг нийт 957 799 827 төгрөгийг, нотариатын зардал 20 000 төгрөгийн хамт гаргуулна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Х ” ХХК нь тухайн үеийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн хүрээнд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “К.Б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан авсан 900 000 000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр полистрол хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулан, 2015 онд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулан үйлдэрлэл явуулж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөгдөх явцад компаниас үл хамаарах шалтгаан нөхцөл, хүндрэлүүд бий болсон нь зээл төлөх үүрэг зөрчигдөхөд хүргэсэн. Үүнд 2016 онд ипотекийн зээл олголт банкуудад зогсч үүнээс болж зээл олголт буурсан нь гол хүчин зүйл болсон, мөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улсаас их хэмжээгээр нийлүүлсэн нь хүндрэл үүсэх шалтгаан болсон, эдгээр байдлаас болж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдохгүй болж, улмаар бүтээгдэхүүний үнэ ханш буурах, бартер хийх зэрэг үр ашиггүй байдал нь нөлөөлсөн. Хэргийн материалд байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх нотлох баримтад бичигдсэн хүү, үндсэн зээлийн дүн эргэлзээтэй байна. Банк нь зээлийн гэрээг үл харгалзан, гэрээнд тусгагдаагүй асуудлаар банкны өөрийн дотоод хүүгийн нөхцлөөр тооцож данснаас нь мөнгө суутгасан, үүнийгээ дамжуулан зээлдэх гэрээнд заасны дагуу гэж бичгийн тайлбар өгсөн байдаг бөгөөд тухайн банкны бусад этгээдтэй байгуулсан гэрээ нь банк болон зээлдэгч тус компанийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байна. Компанид мэдэгдэж байгаагаар 17 381 862 төгрөгийг данснаас суутгасан тул гэрээний үүргийн бус энэхүү хасалтыг хүлээн зөвшөөрөхгүй, ийм байдлаар хугацаа хэтэрсэн өдрөөс хойшхи хугацааны зээлд бодогдох хүүг банк өөрийн эх үүсвэртэй төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгээр буюу жилийн 27,6 хувиар тооцож суутгасан эсэх талаарх баримтуудыг банкнаас гаргуулж хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “Ж.Х ” ХХК-аас 957 819 827 /есөн зуун тавин долоон сая найман зуун арван есөн мянга найман зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан “К.Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж.Х ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох хариуцагч “О.Б ” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 мкв талбай бүхий хоёр давхар барилга болон “О.Б ” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, нэгж талбарын 168011/0012, 18640310436496 дугаартай, 2220 мкв талбайтай газрыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “Ж.Х ” ХХК-аас 4 947 049 /дөрвөн сая есөн зуун дөчин долоон мянга дөчин есөн/ төгрөгийг, “О.Б ” ХХК-аас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын мэтгэлцэж буй асуудлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь тус тус энэхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Хариуцагч тус компани нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн. Нэхэмжлэгч нь тус компанийн харилцах дансанд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байршиж байсан 40 100 000 төгрөгийг хариуцагч зээлийн төлбөрт тооцож үл маргах журмаар суутган авахдаа 17 381 862 төгрөг 48 мөнгийг нь “зээлийн хүүний зөрүү төлөв” гэж, үлдэх 22 717 037 төгрөг 52 мөнгийг нь “зээл төлөв” гэх гүйлгээний утгатайгаар авсан байдаг боловч суутган авсан энэ 17 381 862.48 төгрөг нь зээл болон хүүнээс алинаас нь ч огт хасагдаагүй байгаа нь хууль бус, үүнийг зээлээсээ хасуулж тооцуулахаар мэтгэлцсэн. Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байх тэр хугацааны туршид зээлдэгчийн харилцах данснаас нэмэгдүүлсэн хүүг суутган авч байсан нь хууль зөрчиж байгаа тул ийнхүү суутган авсан нэмэгдүүлсэн хүүг мөн зээлээс хасуулж тооцуулахаар мэтгэлцсэн. Үүнтэй холбоотой гэрээний хугацаа дуусаагүй байхад мөн “төлөөгүй нэмэгдүүлсэн хүү” гэж нэхэмжлэлийн шаардлагаар хамт шаардсан нь тус тус хууль бус үндэслэлгүй гэж мэтгэлцсэн. Шүүх хариуцагч зээлийн гэрээний үүргийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүйн улмаас зээлийн хүүгийн төлбөр хуримтлагдсан байх бөгөөд улмаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үүссэн байхад хариуцагч байгууллагын дансанд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр орсон 40 100 000 төгрөг нь энэ хугацаанаас өмнөх үеийн төлбөрт суутгагдан тооцогдсон гэж үзэхээр байна” гэж үнэлж дүгнэн, энэ дагуу маргаантай асуудлыг шийдвэрлэсэн. Ийнхүү 17 381 862.48 төгрөг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зээлийн дүнгээс хасагдаагүй болох нь хангалттай нотлогдож, энэ нь хариуцагч үндсэн зээлээсээ хасуулж тооцуулах үндэслэлтэй байхад шүүх дараах тодорхойгүй байдлаар “ ... зээл, хүү нь төлөгдөхгүй хуримтлагдсан байсан тул суутгагдаж тооцогдсон гэж үзэхээр байна” гэж үнэлж дүгнэсэн нь нотлох баримтуудыг бодитойгоор, тал бүрээс нь, эргэлзээгүй үнэн зөв үнэлж дүгнээгүйг нотолж буй тул зөвтгөх үндэслэл болох болно. Мөн зохигч талууд дээр дурдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар тохиролцсон байхад зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэмэгдүүлсэн хүүг тооцож авсан нь, мөн нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцээгүй гэж үнэлж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаж, үнэлж дүгнээгүй боловч маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй чухал ач холбогдолтой хуулийн зүйл заалт болох мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т маш тодорхой заасан ба хууль тогтоогч хуулийн энэхүү зүйл заалтаар гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэж тодотгож заасан. Хуулийн энэ зохицуулалтын талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд тодорхойлж тайлбарласан, энэ агуулгаараа хууль шүүхийн практикт хэрэглэгдэж ирсэн байгаа нь тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийн дээр дурдсан “маргалдаж буй нэмэгдүүлсэн хүүгийн тухайд” өгсөн шүүхийн үнэлэлт дүгнэлт нь илт үндэслэлгүй болохыг нотолж, шүүх ийнхүү хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх учир анхан шатны шүүхийн шийдвэр буруу байгааг зөвтгөх үндэслэл болно. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ “Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар тохиролцсон ...” гэдгийг тодорхойлж, мөн үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээ түүний зүйл заалт нь хуульд нийцсэн байх ёстой, гэтэл гэрээний дээр дурдаж буй зүйл заалтын хувьд хэрвээ хууль зөрчсөн бол хууль зөрчсөн гэрээний энэхүү зүйл заалт нь тэр хэсгээрээ хүчингүй болох ба харин шүүхийн энэ талаарх дүгнэлт нь өөрөө зээлийн гэрээний тухайн зүйл заалтын агуулгыг буруугаар тайлбарлаж хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Гэрээний тухайн зүйл заалтад хэд хэдэн асуудлыг тодорхойлсон ба тэр дунд нь “ ... гэрээний хавсралт 1-0 заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах ...” гэсэн хэсгийг талууд тохиролцсон гэж шүүх бусад хэсэгтэй нь буюу “ ... нэмэгдүүлсэн хүү төлөх ... ” хэсэгтэй хольж хутган ийнхүү буруу тайлбарласан, өөрөөр хэлбэл хуваарийн дагуу зээл болон зээлийн хүүг төлнө, харин нэмэгдүүлсэн хүү нь энэ хуваарьт хамааралгүй ба энэхүү хуваарь болон гэрээний 3.4-т заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүсэх тухайд заасан байгааг нь шүүх буруу тайлбарлаж, үүгээрээ мөн буруу шийдвэрлэсэн болохыг зөвтгөх үндэслэл болно. Дээрх байдлаар нэмэгдүүлсэн хүүнд гэж төлүүлсэн байгаа 11 316 880.75 төгрөгийг нэхэмжилсэн үндсэн зээлээс хасуулан тооцож болон мөн төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл гэж шаардсан 8 923 744.37 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоож, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд хариуцагч талаас хүсэлт гаргаж маргаж буй зээлийн гэрээний харилцааны нэг тал нь К.Б байсан, иймээс тус банкийг татан буулгасан гэж нэхэмжлэгч болох К.Б дахь банкны Эрх хүлээн авагчийн төлөөлөгч тайлбарлан, үүнийгээ Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаал/хх 5 дахь талд/ гэх нотлох баримтаар тодорхойлсон байдаг. Тэгвэл уг тушаалд “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар Банкийг албадан татан буулгах тухай тушаал” гэж заасан байх тул энэ тушаалыг нь нотлох баримтаар гаргуулах, мөн эдгээр тушаалуудын асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болно” гэсэн хүсэлтүүд гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй шүүгчийн захирамж” амаар гаргасан. Энд дурдсан тушаалыг нотлох баримтаар гаргуулснаар тухайн банк татан буугдсан бол энэ тохиолдолд түүнээс бусадтай байгуулсан гэрээний үйлчлэл нь тухайн татан буугдсан тэр хугацаагаар зогсох тул тухайлбал зээлдэгчтэй байгуулсан. Зээлийн гэрээний хувьд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох үндэслэлгүй тухайн хугацаагаар зогсох ба харин банкийг татан буулгаагүй буюу татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлж буй тохиолдолд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцох зэрэг өөр өөр хуульзүйн үр дагавар үүсэхээр байгаа нь тухайн нотлох баримт энэ хэрэгт, ялангуяа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх төлөхгүй тухайд маргаж буй тул үүнд зайлшгүй шаардлагатай, хамааралтай байхад хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай гаргасан энэ хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болохыг тодорхойлно. Эдгээр дээр дурьдсан байдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, хэрэгт авагдвал зохих нотлох баримтыг гаргуулаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бодитой үнэн зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль бус байх тул Давж заалдах шатны шүүхээс эрхийн дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж буюу зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “К.Б” ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч “Ж.Х ”, “О.Б ” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 957 799 827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“К.Б” ХХК болон “Ж.Х ”, “Орхонбуур” ХХК-иуд нь 2014 оны 08 сарын 25-ны өдөр ЗГ/91 дугаартэй зээлийн гэрээ байгуулж, 900 000 000 төгрөгийг, сарын 0,58 хувийн хүүтэй, жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэлтийг дэмжих 888 төслийн зориулалтаар авсан. Зээлдэгчид нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 91 дүгээр барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 91-1 дүгээр нэмэлт барьцааны гэрээ байгуулж, “О.Б ” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлийн гэрээнд зааснаар зээлдүүлэгч “К.Б” ХХК нь 2014 оны 08 сарын 29-ний өдөр 700 000 000 төгрөгийг, 2014 оны 10 сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болон, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх, гэрээний 4.2.5-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-6,26,28,29/

Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг тодорхойлохдоо алдаа гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Хэрэгт авагдсан талуудын хоорондын 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний тооцооны дансны хуулга, депозит дансны хуулганаас үзэхэд хариуцагчийн гомдолд дурдсан зээлийн хүүний зөрүү гэх 17 381 862 төгрөгийг банк суутган авсан атлаа тооцооноос хасаагүй байгаа нь тогтоогдож байна./хх-26-28,38,76/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уг мөнгийг ямар хугацааны, хэдэн төгрөгийн хүү төлөөгүйн зөрүүнд суутгасан болохоо эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй болно. Зээлдүүлэгчийн шаардаж буй гэрээний үлдэгдэл 957 819 827 төгрөгөөс зээлийн хүүний зөрүү гэж суутгасан 17 381 862 төгрөгийг хасч 940 437 965 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих нийт үүргийг тодорхойлбол 940 437 965 /957 819 827-17 381 862/ төгрөг болох тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Талууд зээлийн гэрээний 4.2.5-т “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.4 дэх хэсэг болон гэрээний хавсралт 1-д заасан хугацааны дотор төлөх, хугацаа хэтэрвэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх”-өөр тохиролцжээ. Үүнээс үзэхэд талууд гэрээний үүргийг биелүүлэх хугацааг 3.4 болон гэрээний хавсралт 1-д зааснаар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү  шаардах эрхтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болно.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Монгол банкны зүгээс “К.Б” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авч томилсноор тухайн эрх хүлээн авагч уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн зээлийн гэрээний дагуу хариуцагч “Ж.Х ” ХХК-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т “Банкинд эрх хүлээн авагч томилсон бол банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойшхи хугацаанд банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй” гэж заасан нь тухайн татан буугдаж буй банкны гүйцэтгэвэл зохих үүрэгтэй холбоотой болохоос банкны өмнө үүрэг бүхий зээлдэгчийн төлбөрийн үүрэгт хүү, алданги тооцохгүй гэсэн агуулгатай бус болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Банкийг албадан татан буулгах тухай тушаал гарснаас хойшхи зээлийн гэрээний хувьд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох үндэслэлгүй тухайн хугацаагаар зогсох...” тухай гомдол үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03348 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн 115.2.1 гэснийг “115.2.2” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан “Ж.Х ” ХХК-аас 940 437 965 төгрөг гаргуулж,  “К.Б” ХХК дахь эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 381 862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “4 947 049” гэснийг “4 860 140” гэж тус тус өөрчлөн найруулж,шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 063 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                  Б.НАРМАНДАХ