Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0197

 

    2024          03           05                                   128/ШШ2024/07

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж,  шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б*******, Т.Х*******, Д.Г, О.О,

Хариуцагч: Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С, Г.О,

Гуравдагч этгээд: Сууц өмчлөгчдийн “Б” холбоо,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Ц.Н нарын хоорондын сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х*******, Д.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас  нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-40 мянгатад байрлах , , , , дугаар байрнуудын Бат-Эвсэг СӨХ-ны бүх гишүүдийн 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг бүртгэхийг даалгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөх эд хөрөнгийн тухай хуульд Засаг даргын бүрэн эрх байгаа юм. Засаг даргын бүрэн эрх нь Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. Дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг юм байна гэж бид ойлгоод Засаг даргын Тамгын газарт өмнө нь хэд хэдэн удаа хандсан гэж,

3.2. Сууц өмчлөгчдийн холбооныхоо хурлыг хийе гэдгийг байрны өмчлөгч нар санаачилга гаргаад Сууц өмчлөгчдийн холбооныхоо бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хийе гэж тохироод зараа хүргүүлсэн. Үүний дагуу 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болсон гэж,

3.3. Бүртгүүлэхээр хүсэлтээ гаргангуут 2023 оны 6 дугаар сарын -ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б*******аас 3/1600 тоот албан бичгээр хариу өгсөн юм. Удирдах зөвлөлийн гишүүдэд гэж байгаа. Энэ хариу дээр 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн хурлын материалыг судалж үзлээ. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.8, 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул шинээр сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг бүртгэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм гэж,

3.4. Бат-Эвсэг СӨХ буюу энэ , , , дугаар байрны оршин суугчид хурлаа хийгээд хурлаасаа шийдвэр гаргаж байгаа маань өөрөө шууд хүчин төгөлдөр болдог зохицуулалттай гэж,

3.5. Энэ хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Сууц өмчлөгчдийн холбооны энэ мэргэжилтэн дээр хадгалагддаг тэр хувийн хэрэг дотор нь бүртгээд өгөөч ээ л гэж хүсээд байгаа юм гэжээ.     

4. Нэхэмжлэгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 оноос хойш энэ байранд амьдарч байгаа. Анх н.Н захиралтай СӨХ байсан. Тэр үед СӨХ нь гайгүй дунд зэрэг ажилладаг байсан. Түүний дараа н.П******* гэдэг хүн байсан. Тэр үед ерөөсөө ямар ч камер байхгүй. СӨХ-ны дарга ажлаа хийдэггүй. Ийм байдлаар бараг 10 жил явж ирсэн. Тэгээд оршин суугчид ажлаа хийхгүй болохоор мөнгөө төлдөггүй. Мөнгөө төлдөггүй болохоор хуралдаа ирдэггүй. Хурлаа зарлахдаа нэг л өдөр гадаа нарийн хуудас тавиад, орой нь жижүүр нь авчихдаг. Хурал яг хэзээ болох нь мэдэгдэхгүй 10, 20 хүн цуглаад, өөрсдөө бие биеэ сонгоод л явчихдаг. Үүнээс хойш манай СӨХ-ны үйл ажиллагаа бүр дордсон. СӨХ-ны 2 жижүүр нь цалин авч, манай байранд амьдардаг байсан. Нэг нь 23 дугаар сургуульд, нөгөө нь 33 дугаар цэцэрлэгт туслах ажилчин хийдэг. Ингээд 2 ажил давхар хийдэг жижүүр байдаг атлаа орцоо ердөө цэвэрлэдэггүй. Бид нар өөрсдөө 2023 онд ярилцаж байгаад машины хаалт хийсэн. Хаалтын мөнгийг н.Н гэдэг хүн хурааж авсан. Нэг айлаас 200,000 төгрөг хурааж авсан. Энэ мөнгөнөөс хэдэн төгрөгөөр хаалт хийгээд, хэдэн төгрөг илүү гарсан юм гэдгээ танилцуулдаггүй. Нийт 10 хэдэн сая төгрөг цугласан. Хэдэн төгрөг үлдсэн талаар мэдээлэл байхгүй. Манай СӨХ ямар ч эзэнгүй. Манай СӨХ-ны дарга сүүлийн нэг сар бараа нь ч харагдаагүй, ажилдаа ч ирдэггүй. Өөрөө тэнд амьдардаг байсан, одоо нүүчихсэн. Манай СӨХ-ны удирдах зөвлөлийн хүмүүс ажлаа хийдэггүй. СӨХ-ны удирдах зөвлөл даргадаа шаардлага тавиад шаардлагыг биелүүлээд ажлаа хийх ёстой. Ажлаа хийхгүй, бид нарыг 10 жил бохир заваан орчинд амьдруулж байна. Хотын төвийн А зэрэглэлийн байр. Манай ойр хавийн байрууд ийм СӨХ-той биш. 20 онд миний машин гадаа байж байхад СӨХ ажлаа хийхгүй байна гээд шаардлага тавингуут хүн явуулаад миний машиныг будгаар будаад, дугуйг нь хагалсан. Хэн ингэсэн эзнийг нь олъё гэхэд камер байдаггүй. Ямар ч камер байдаггүй. Орцоо цэвэрлэдэггүй, орцонд камер байдаггүй. Орцонд н.Б*******ийн хүүхэд утсаа дээрэмдүүлж байсан. Манай СӨХ ямар байдалтай байгааг Г.О мэргэжилтэнд удаа дараа хэлж байсан. Олуулаа ч очиж байсан. Г.О мэргэжилтэн мэдэж байгаа. СӨХ-ны хурлыг хийлгүүлээд өгөөч гэхээр хүн цуглардаггүй, хуралддаггүй. 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20 гаруй хүн санаачлаад хурлаа зохион байгуулсан. Байрны гадаа саравч дотор хурлаа зохион байгуулаад 67 хүн цуглаад,  дээр нь 46 хүнээр гарын үсэг цуглуулаад, хурлынхаа материалыг танилцуулсан. Хүн бүр СӨХ ажлаа хийхгүй байна, шаардлага тавья, хийлгүүлье гээд бүгд гарын үсэг зурсан. 70 хувийн ирцтэй цугларсан хурлыг Г.О мэргэжилтэн хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Манай СӨХ-той ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хараад байгаа. Яагаад гэвэл 20, хүнтэй хийсэн хурлыг зөвшөөрөөд байдаг атлаа 70 хувиас дээш цуглачихсан хурлыг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм.

Бид 5 байраа удирдах зөвлөлтэй болгох гэсэн юм. Ц.Ныг сольё гэж хэлээгүй. Удирдах зөвлөлөө сольё л гээд байгаа юм. Удирдах зөвлөл Ц.Ныгаа шаардаж ажлаа хийлгэх ёстой. Ц.Н ажилдаа ирдэггүй, утсаа авдаггүй, хаагуур байна гэсэн хүмүүс л байдаг. СӨХ руу ороход архи, шээсний үнэр маш ихээр үнэртдэг. СӨХ-ны мөнгөө төлбөл орцыг нь цэвэрлүүлье гэсэн. СӨХ-ны мөнгөө төлсөн. Машин будсан мөнгийг хасаж тооцож өгсөн. Би 2 сая гаруй төгрөгөөр хохирсон. Энэ хурлыг хүчин төгөлдөр гэж авч үзээд удирдах зөвлөлийг хүлээн зөвшөөрөөд СӨХ-ны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлээд байраа аятайхан болгоод явъя л гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна. Хотын дарга А******* байхад би биеэр орж зөвшөөрөл авч байсан. Цагдаа нэг урсгалтай болгоод хаалт хийе гэхээр СӨХ нь хөдөлдөггүй. Оршин суугчид өөрсдөө цуглаад, өөрсдөө мөнгөө гаргаад ингээд хаалт хийлгүүлсэн. СӨХ шаардлага тавихгүй болохоор захын нэг өвгөн тэр мөнгийг хурааж аваад л хийж байна шүү дээ. Манай удирдах зөвлөл хяналт тавих ёстой. Тэгэхэд манайд хяналт тавьдаг удирдах зөвлөл гэж байдаггүй. Удирдах зөвлөлөө СӨХ-ны дарга нь өөрөө сольчихдог. Хуралдаад дугаар байрны Даваа гэдэг хүнийг удирдах зөвлөлөөр сонгоё гэхээр байрныхаа мөнгийг төлдөггүй учраас удирдах зөвлөлөөс хаслаа гээд Ц.Н өөрөө хассан. Ийм эрх мэдэлтэй даргатай. Удирдах зөвлөлөө өөрөө халдаг. Оршин суугчдын мөнгө гэж 1 сая гаруй төгрөг цугладаг. СӨХ-ны шилэн данс гэж ердөө байдаггүй. СӨХ-г шилэн болго гэж Ц.Нд хэлдэг. Сард хичнээн төгрөг цугладаг юм, сард хэдэн төгрөгийн зарлага гаргадаг юм, хэдэн төгрөг нь үлдээд байдаг юм, хэдэн төгрөг нь үлддэггүй юм, цалин хэдэн төгрөг авдаг юм, ердөө гаргадаггүй, 10 жил болж байна. Энэ хүн удирдах зөвлөлийн дарга болоод 10 жил болж байна. Ц.Н 10 жил энэ байрыг бүр дампууруулаад, сүүлийн 2 жил өөрөө СӨХ-ны дарга болсон. Манай шат онгорхойтой хэсэгт нь шээс тогтчихдог. Хороо хорооны даргад ч хэлж үзсэн тоодоггүй. СӨХ-ны мэргэжилтэнд ч хэлж үзсэн тоодоггүй. Эрдэнэбат дарга дээр ороход Оөд үүрэг өгсөн. Г.О за гэж даргаасаа үүрэг авч гараад, тэгээд л тоохгүй. 50 хувиас дээш хүнээ цуглуулаад бүгдээрээ саравчинд хурлаа хийсэн. Бид нарт байр олдоогүй. Яагаад гэвэл СӨХ-ны дарга байраа цоожлоод явчихсан. Утсаа авдаггүй, ирдэггүй. Бид нарт байр олдоогүй болохоор саравч дор бүгдийг нь цуглуулаад хийсэн юм. Хурлаа хийгээд удирдах зөвлөл сонгоод, хяналтын зөвлөлөө сонгоод бүртгүүлье гээд Г.О дээр яваад очиход бүртгээгүй” гэв.

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ байранд сүүлийн 4 жил амьдарч байгаа иргэн. Ер нь сая хэлээд байгаа бүх зүйл болж байгаа. Байр гадна талбай хараа хяналтгүй, засвар үйлчилгээгүй байгаа нь үнэхээр үнэн. Бидний зүгээс Сууц өмчлөгчдийн холбоо ажлаа хийхгүй байгаа талаар холбогдох байгууллагуудад хандаж үзсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хуулиар хүлээсэн үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөх эд хөрөнгийн тухай хуульд Засаг даргын бүрэн эрх байгаа юм. Засаг даргын бүрэн эрх нь Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. Дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг юм байна гэж бид ойлгоод Засаг даргын Тамгын газарт өмнө нь хэд хэдэн удаа хандсан. Бат-Эвсэг СӨХ-ны санхүүгийн тайлан дээр нь хяналт шалгалт оруулж өгөөч. Миний мэдэхээр сүүлийн 4 жил ямар нэгэн тайлан тавигдаагүй, хэн нь СӨХ-ны өр төлбөрийг төлдөг гэдгийг нь мэдэхгүй. Засвар үйлчилгээ огт хийгддэггүй гэдгийг мэдээд байгаа юм. Аудит томилоод одоо 2 жил болж байна. Ямар ч үр дүн гараагүй. Сууц өмчлөгчдийн холбооныхоо хурлыг хийе гэдгийг байрны өмчлөгч нар санаачилга гаргаад Сууц өмчлөгчдийн холбооныхоо бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хийе гэж тохироод зараа хүргүүлсэн. Үүний дагуу 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болсон. Энэ хурлаас гарсан шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн бүртгэдэг гэсний дагуу бид нар хүргүүлсэн. Бид нар бүртгүүлэхээр хүсэлтээ гаргангуут 2023 оны 6 дугаар сарын -ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б*******аас 3/1600 тоот албан бичгээр хариу өгсөн юм. Удирдах зөвлөлийн гишүүдэд гэж байгаа. Энэ хариу дээр 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн хурлын материалыг судалж үзлээ. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.8, 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул шинээр сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг бүртгэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл энэ хуулийн дугаар зүйл дээр аймаг, нийслэлийн сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Хуулийн дугаар зүйлийн .1.1-т холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэнэ гэж заасан. Үүнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, түүний ажилтнууд буруу ойлгоод байх шиг байна. Энэ хуулийг яагаад буруу ойлгоод байгаа юм бэ гэхээр холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслээд Сууц өмчлөгчдийн холбоог анх удаа бүртгэх бүртгэлийг л Чингэлтэй дүүргийн Засаг дарга хийдэг. Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн хурлыг Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон хурлын шийдвэрийг бүртгэж хүчинтэй болгодог хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Бат-Эвсэг СӨХ буюу энэ , , , дугаар байрны оршин суугчид хурлаа хийгээд хурлаасаа шийдвэр гаргаж байгаа маань өөрөө шууд хүчин төгөлдөр болдог зохицуулалттай. Энэ хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Сууц өмчлөгчдийн холбооны энэ мэргэжилтэн дээр хадгалагддаг тэр хувийн хэрэг дотор нь бүртгээд өгөөч ээ л гэж хүсээд байгаа юм. Түүнээс бид нар бүртгүүлээд үүнийгээ хүчин төгөлдөр болгуулъя, хүчин төгөлдөр болсны дараа тайлан материалтайгаа танилцъя, СӨХ-ныхоо үйл ажиллагаатай танилцъя гэдэг хүсэлт гаргаагүй. Энэ хүчин төгөлдөр шийдвэрийг та нар тэр хувийн хэрэгт нь бүртгээч л гэж байгаа юм. Яагаад ингэж хувийн хэрэгт бүртгүүлэх шаардлага хэрэгцээ байна вэ гэхээр хуульд зааснаар бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга бол Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг гэрчилгээ дээр нь тэмдэглэгээ хийдэг. Тэгэхээр гэрчилгээ дээр тэмдэглэгээ хийхийн тулд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн юу хийдэг юм гэхээр Сууц өмчлөгчдийн холбооныхоо хувийн хэргийг авч ирээд удирдах зөвлөлийн гишүүд нь хэн хэн гэж хүн байдаг юм, энэ хүмүүсийн гаргасан шийдвэрээр гүйцэтгэх захирал нь томилогдсон юм уу, бид нар бичилтийг нь хийх юм уу, зөв юм уу, буруу юм уу гэдгийг л хардаг. Мэдээллийн чанартай л юм байхгүй юу. Гэтэл одоо Засаг даргын Тамгын газар хуульд байхгүй бүх үндэслэлийг 8.8, 9.2-ыг Сууц өмчлөгчдийн холбооны энэ хууль дээр чинь Засаг даргын бүрэн эрхийг заачихсан шүү дээ. Засаг даргын бүрэн эрхийг төлөөллөөр хэрэгжүүлж байгаа энэ Сууц өмчлөгчдийн холбооны мэргэжилтэн Г.О гэдэг хүн хурал хүчинтэй юу, хүчингүй юу гэдгийг ерөөсөө шийддэг ч хүн биш, шийдэж ч чадахгүй. Угаасаа хурал хүчин төгөлдөр болчихсон. Энэ хурлын хүчин төгөлдөр шийдвэрийг та нар тэр хавсралтдаа бүртгэ л гэж байгаа юм. За ингээд бүртгүүлсний дагуу бол бид нар цаашид Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг солих юм уу, солихгүй юм уу гэдэг асуудлыг ярина. Г.О хуульд заасныхаа дагуу дэмжлэгээ үзүүлээд аудитынхаа тайлан юмнуудыг бид нарт гаргуулаад хийгээд өгөөч гэдэг хүсэлтээ л бид нар илэрхийлээд байгаа юм. Энэ байрнууд дунд би эхлээд гомдол гаргаад явсан.  Газруудад гомдол гаргасан. Хорооны Засаг даргатай нь уулзсан. Манай байрнууд дунд подвалд мөрийтэй тоглоом ажиллуулаад, хүүхдүүд гадаа тоглохоор их хэцүү. 20-30 хүн цуглачхаад байнгын архи уугаад, тамхи татаад зогсож байдаг. Би мөрийтэй тоглоом тоглож байгааг нь үзэж хараад гомдол гаргаад дүүргийн Засаг даргатай нь уулзангуут мэдлээ ойлголоо гээд 2, 3 хоног намайг явахаар зугтаагаад алга болчихдог болсон. Удирдах зөвлөл дээр нь хэн гэж хүн байдаг юм, яадаг юм гээд СӨХ-ны даргыг хайгаад уулзах гээд явахаар олдохгүй юм байна билээ. Шүүх хуралдаан дээр би 2 дахь удаагаа Ц.Ныг харж байна. Би нэг удаа утсаар ярьж үзсэн. Тэгэхээр тэр бүртгэлийг хийгээд байгаагаа юу гэж тайлбарлаад байгаа юм. Хуулийн 8.8, 9.2 дахь заалтыг зөрчөөд байна. Хурал хүчин төгөлдөр бус байна гэж маргаад байгаа чинь үндэслэлгүй байна. Тийм учраас тэр хувийн хэрэгт нь бүртгэлийг нь хийгээд өгөөч ээ л гэж хүсэж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг ийм байдлаар хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүх гишүүдийн хурал зохион байгуулагдсан юм уу, тэр хуралд нь та оролцсон уу гээд утсаар тухайн үед нь Ц.Нтай холбогдож байсан. Хурлын ирцэд хүрээгүй, надад камерын бичлэг байгаа гэсэн. Хүрээгүй бол хүсэлтээ албан бичгээр манайх руу гарга. Танай СӨХ иргэдээс нь гишүүдийн хурал зохион байгуулсан гээд манайх руу холбогдож байна, бусад бичиг баримтаа ирүүлнэ гээд, холбогдож байна гээд тухайн үедээ Ог холбогдсон даруйд нь би гүйцэтгэх захиралтай нь холбогдоод тус хурлын талаар асуусан. Тухайн хурал ирц хүрээгүй гэдэг тайлбар өгсөн бөгөөд 5 дугаар сарын 22-ны өдөр Бат-Эвсэг СӨХ-оос хурлын ирц хүрээгүй гэсэн хүсэлтийг манай Тамгын газарт албан бичгээр ирүүлсэн байгаа.  Ирц нь хүрээгүй бол дахиад танайх хурлаа зарла, хурал дээрээ тайлангаа танилцуулаарай гэсэн. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл сонгосон тохиолдолд ирц 50-аас дээш хувь байна уу гэдгийг заавал харж байж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгосон байх ёстой. Тайлан тавихад гэрээ нь юм уу, эсвэл заавал ирц хүрсэн байдлыг харахгүйгээр нэг хүн ч байсан гүйцэтгэх захирал тайлангаа танилцуулах ёстой байдаг. 6 дугаар сарын 11-ний өдөр Бат-Эвсэг СӨХ дахиад хурлаа зарласан байгаа. Тус хурал дээр би хувийн ажилтай байсан тул тус хурал дээр очиж чадаагүй. Тэгээд утсаар Ц.Н над руу холбогдсон. Хурал дээр ирэх үү гэхээр нь миний бие хувийн ажилтай байгаа учраас оролцох боломжгүй байна. Тус хурал дээр тайлангаа тавиарай гэдгийг тухайн үед нь утсаар холбогдож мэдэгдэж байсан. 6 дугаар сарын 13-ны өдөр дахиад Ц.Н, удирдах зөвлөлийн гишүүн н.Ө*******тай Тамгын газрын байран дээр надтай уулзах гээд ирсэн. Тус хурал дээр хорооны Засаг дарга н.С*******той бүгдээрээ бөөндөө хамт уулзъя, иргэний өргөдлийн асуудлаар уулзъя гээд хороон дээр нь очиж бас уулзсан. Иргэний хурлын нэгэнт хурлын ирцэд хүрээгүй, дүүргээс бүртгэх боломжгүй бол дараагийн иргэний гомдлыг бас шийдвэрлэх ёстой. Энэ асуудлынхаа хүрээнд СӨХ-д аудитын шалгалт оруул, аудитын шалгалтын тодорхой төлбөр хураамжийг нь СӨХ-ны зардлаасаа гаргаач гэдэг саналыг гүйцэтгэх захиралд тавьсан байгаа. Аудит шалгалт оруулж иргэдийн хуримтлал мөнгийг иймэрхүү зүйлд зарцуулмааргүй байна, засвар үйлчилгээндээ зарцуулаарай гэсэн бөгөөд бид нар аудитын шалгалт оруулахгүй гэж тухайн үедээ ярьж байсан боловч иргэдээс санхүүтэй холбоотой гомдол гарч ирээд байгаа учраас аудитын шалгалтыг зайлшгүй хийх шаардлагатай байна гэдэг байдлаар тухайн үедээ түвшин тогтоох үзлэг шалгалт хийлгэе, түүний дараа дахиад тайлангийн хурлаа зохион байгуулъя гэдэг байдлаар тэр хуралд Ц.Н болон Удирдах зөвлөлийн гишүүн н.Ө******* нарыг оролцуулсан. 6 дугаар сарын 14-ний өдөр О гэдэг хүнээс өргөдөл ирүүлсний дагуу хорооны Засаг даргын өрөөнд гүйцэтгэх захирал Ц.Н, иргэн Ог бас уулзаж бүх гишүүдийн хурлыг бүртгэх боломжгүй. Өргөдөл дээр бүх гишүүдийн хурал хийсэн, цэвэрлэгээ үйлчилгээ, аудитын шалгалт гэсэн ийм асуудлууд бас давхар яваад байгаа учраас бид нар бүртгэх боломжгүй гээд иргэний бүртгэлийг хаахгүйгээр дахиж цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулаач, дээр нь санхүүгийн аудитын шалгалт хийлгүүлсний дараа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулъя гээд ярилцаад шийдээд хурлаа өндөрлөсөн. Хурал дууссаны дараа Ц.Н бид 2 орцуудаар орж үзсэн. Тодорхой хэмжээний цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байсан тул тухайн үед нь гүйцэтгэх захиралд нь хэлээд, хүмүүст үүрэг чиглэл өгөөд орцны цэвэрлэгээ үйлчилгээгээ хийж гүйцэтгээч гэх саналыг өгсөн. Иргэн н.Од 2023 оны 6 дугаар сарын -ний өдрийн 3/1600 тоот албан бичгээрээ өргөдлийн хариугаа албан бичгээр авъя гэсэн учраас бид нар албан бичгээр хүргүүлсэн байгаа. Бүх гишүүдийн хурлыг яагаад ирцийн бүртгэл нь хангалтгүй байгаа юм бэ гэх шалтгааныг тайлбарлаж өгье. Өргөдөл дээр 40 орчим айл цугларсан гэсэн байгаа. 40 орчим айл цугларсан гэдэг маань Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зорилт, орон сууцын байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хуулийн 9.2 дахь заалт буюу 50 хувьдаа ирсэн гэх заалт байгаа. 20 гаруй хүнтэй утсаар ярьсан, дэмжсэн гээд. Сууц өмчлөгчдийн холбооны эрх бүхий дээд байгууллага, бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Утсаар ярина гэдэг нь иргэдээс хурлаа хийх үү гэж санал асууж байгаа болохоос ирцийн бүртгэл дээр тооцохгүй гэж үзэж байна. 10 гаруй хүнээс гарын үсгийн дэмжлэг авна гээд биччихсэн байгаа. Хуульд хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлыг бичгээр өгч болох бөгөөд бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно гэж заасан. Хурал эхлэхээс өмнө бүх гишүүдийн хуралдаа танилцуулаад энийгээ ирцийн бүртгэлдээ хамаатуулж  оролцуулж явдаг. Хурал эхлэхээс өмнө танилцуулдаг байна. Иймд бүх гишүүдийн хурлын ирц нь хүрээгүй гэж үзэж байгаа. Аудитын шалгалт хийсний дараа гишүүдийн хурлаа дахин зохион байгуулъя гээд тухайн үедээ иргэнд уулзаж хэлж байсан. Д.Г нэмэлтээр асууж байх шиг байна. Гүйцэтгэх захирал амьдарч байгаа байрнаасаа нүүсэн гэсэн. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд маань тухайн байрны иргэн байх ёстой гэж үздэг. Гүйцэтгэх захирал тухайн байрны иргэн биш байсан ч болно. Би 20 оны 12 дугаар сард СӨХ-ны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажиллаж байсан. Тухайн үед Д.Г болон Бат-Эвсэг СӨХ-той холбоотой тухайн үед П******* гүйцэтгэх захирал ажиллаж байсан. Тухайн үед СӨХ-ны ажил хангалтгүй байна, ийм асуудалтай байна, машин дээр будсан камерын бичлэг байхгүй гэдэг асуудал над дээр ирж байсан. Бид нар хэд хэдэн удаа ирсэн өргөдлийн дагуу тухайн үедээ хэд хэдэн удаа хурал хийх гэж үзсэн. Маш их маргалдсаар байгаад ирц нь хүрдэггүй. 2-3 удаа хурал хийлгэх гэж үзсэн. Ирц нь хүрэхгүй хоорондоо баахан маргалдсаар байгаад гардаг. Миний бие 2020 оноос 2021 оны 5 сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад орж  ирсэн. Намайг ажиллаж байх үед аудитын шалгалт хийлгэнэ гээд СӨХ-ны дэд зөвлөл рүү хүсэлт гаргаж байсан. Яагаад СӨХ-ны дэд зөвлөл рүү хүсэлт гаргаад байгаа вэ гэхээр Бат-Эвсэг СӨХ Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн гишүүнчлэлтэй. Хувийн аудитын байгууллагад шалгуулчихаар танил тал дээрээ очоод аудитын шалгалт хийгээд асуудалгүй гаргачихлаа ч гэдэг юм уу, ийм асуудал яригдаад байдаг учраас бид нар албан ёсны байгууллагаар аудитын шалгалт хийлгэе  гэдэг байдлаар Дэд зөвлөлд албан бичиг өгөөд хүлээгдээд байгаад байгаа. Миний бие Ц.Ныг гүйцэтгэх захирлаар томилогдож ирсэн гэдгийг нь мэднэ. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй. СӨХ-ны ажил муу асуудалтай байгаа гэдгийг иргэний өргөдлийн дагуу мэдэж байгаа. СӨХ-ны гүйцэтгэх захирал нь СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг хангана гээд хуульд хүртэл заагаад өгчихсөн Би Ц.Нтай янз бүрийн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Ц.Н солигдох, солигдохгүй байх эсэх асуудлаар надад ямар ч асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. СӨХ дээр авто зогсоолтой холбоотой маш их асуудал гарч байгаа. 1 дүгээр хороонд нь автомат хаалт хийхээр хойд талын 4, 5 дугаар хороод нь урд талын хороолол хийчхээд байхад манайх яагаад хийдэггүй юм гээд л асуудал яригдаад байдаг. СӨХ өөрсдөө хариуцаад автомат хаалт хийлгэчихээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд хаалт хашлага хийхийг хориглоно гээд заачихсан байдаг. Түүнтэй холбоотой Нийслэлээс захирамж гаргаад хийгдсэн автомат хаалтуудыг 3 дугаар сарын 01-ний дотор буулга гэсэн мэдэгдлийг СӨХ-уудад хүргүүлчихсэн байгаа. СӨХ хариуцаад автомат хаалт хийлгэчихээр дараа нь автомат хаалтыг буулга гэхээр СӨХ хариуцаж иргэдээс мөнгө төгрөг хурааж авсан гэдэг асуудлууд гараад байдаг учраас СӨХ оролцохгүй байгаад байгаа. Дүүрэг иргэний гаргасан өргөдлийг аваад СӨХ-той холбогдоно. СӨХ-ны дээд байгууллага бүх гишүүдийн хурал гээд заагаад өгчихсөн байдаг учраас хурал зохион байгуулахаас өөр асуудлаар хурал дээр удирдах зөвлөлийн дарга нь тийм байх, хяналтын зөвлөлийн дарга тийм байх, гүйцэтгэх захирлаар тэр хүнийг ажиллуулаарай гэсэн СӨХ-ны дотоод асуудал дээр дүүргийн Тамгын газар оролцдоггүй. Хурал нь хуулийн дагуу хүчин төгөлдөр 50-аас дээш хувь нь хүрч байна уу, хурлаараа удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө яг сонгож чадаж байна уу, чадахгүй байна уу гэдэг зүйл дээр бид нар хяналтаа тавьж оролцдог. Холбогдох бичиг баримтыг судалж үзээд СӨХ-ны гэрчилгээг Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зурж гэрчилгээг СӨХ үүсгэн байгуулахад холбогдох бичиг баримтуудыг хянаж үзээд гэрчилгээ олгодог байгаа. Холбогдох бичиг баримтад СӨХ-ны бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр байна уу, 50-аас дээш хувь нь хүрч хурлаа хийсэн байна уу, хурлаар удирдах зөвлөл гүйцэтгэх захирлаа сонгосон байна уу, тогтоол, шийдвэр нь гарсан байна уу, хуульд заасны дагуу удирдах зөвлөл гүйцэтгэх захирлаа томилсон байна уу гэдэг бичиг баримтуудыг бид нар харж үзэж энэ гэрчилгээг олгодог” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүх гишүүдийн хурал нь 50-аас дээш зарчимд хүрээгүй. Хүрээгүй хурлаа зохион байгуулчхаад манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэгдмэл ашиг сонирхолтой гэж шүүхэд тайлбарлаж байна. Нэгдмэл ашиг сонирхолтойг холбогдох байгууллагаар шалгуулах эрх нь та нарт нээлттэй. Манай санхүү, төрийн сангийн хэлтэс дээр санхүүгийн мэргэжилтэн ажилладаг. Түүнд давхар хандаад санхүүгийн чиглэлээр хүсэлт тавих эрх байгаа. Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулахад гэрчилгээ, дүрэм байх шаардлагатай. Дүрэм салбарын нарийвчилсан хуульд заасан 50-аас дээш ирцтэй зарчмын дагуу хурлаа зохион байгуулаад удирдах болон хяналтын зөвлөлөө сонгоно. 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн зохион байгуулсан удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 оны 01 дүгээр сараас эхлээд түр сонгогдож ажиллаж байгаа. Ингэж ажилласнаасаа хойш бүх гишүүдийн хурлыг хэд хэдэн удаа зарласан. Тухайн үед намайг сонгогдоход ковидын үе байсан учраас бүх нийтийн хурал хийж болохгүй, удирдах зөвлөлүүд шийдээд намайг сонгочихсон. Бүх нийтийн хорио цээр тавигдсанаас хойш бүх гишүүдийн хурлыг хэд хэдэн удаа зарласан. Хурлаар удирдах зөвлөл шинээр сонгох уу эсхүл нөхөн сонгох, мөн хяналтын зөвлөл шинээр сонгох, нөхөн сонгох гэсэн ийм утга агуулгатайгаар зарласан. Эдгээр нь сонгогдож байж цаашдаа миний үйл ажиллагаа явагдах уу, явагдахгүй юу гэдэг нь тодорхойлогдох байсан учраас дахин дахин хурлаа зарласан. Хурлаа зарласан боловч энэ хурал бүгдээрээ хүчин төгөлдөр бус болсон. Ирц хүрээгүй гээд. Эдгээр хурлууд дээр гомдол гаргасан оршин суугчид бүгд оролцоогүй. Хурал зарлахаар оролцдоггүй. Зарлал наангуутаа авчихдаг гэдэг бол худал. Хурал болох зараа 14 хоногийн өмнө наадаг. Зар алга болчихсон болохоор нь гайхаад би бүр камераар шүүж үзэж байсан. Тэгсэн манай хамгийн урд талын орцны буурал толгойтой эмээ байдаг. Тэр хүн камерт зар татаад авч байгаа нь харагдаж байсан. Бид наачхаад авдаг гэдэг асуудал бол байхгүй. Ирцтэй холбоотой оршин суугчдын гарын үсэг цуглуулсан байсан. 13 дугаар хуудсан дээр байгаа энэ оршин суугчдын нэрсийг хараад хойд талын 14 дүгээр хуудсан дээр байгаа нэр нь урд талын нэрстэйгээ давхацчихсан байдаг. Энэ яг ямар учиртай юм, яагаад энд оршин суугчийн тоонд орчихсон юм гэдгийг тодруулж асуумаар байна. Хурлаа эхлээд 5 дугаар сарын 10-ны өдөр зарласан. Тэгээд 5 дугаар сарын 14-ний өдөр хийсэн байгаа. Бүх гишүүдийн хурлыг зарлахад 14 хоногийн өмнө заавал зараа наасан байх ёстой байдаг. Тэгээд 14 хоногийн дараа хурал хийгдсэн байх ёстой. Гэтэл хуулиа зөрчсөн байгаа юм. Ирц хүрээгүй нь мөн зөрчсөн байгаа юм. Үйл ажиллагааны талаар юу ч хийгээгүй гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл намайг СӨХ-г авахад маш их өртэй байсан. Ер нь сая он гараад ерөнхийдөө дууссан. Өр нь цахилгаан, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар дээр олон жилээр хуримтлагдсан байсан. Мөн камергүй байсан бүх байруудаа харах зорилгоор ерөнхийдөө 5 камер суурилуулсан, кодгүй байсан бүх хаалгыг коджуулсан. Ашиглалтад орсноосоо хойш нэг ч солигдоогүй дугаар байрны гадаах модон хаалга байсан. Энэ хаалгыг орчин үеийн том төмөр хаалгаар сольсон байгаа. Хагархай болчихсон байсан юмнуудыг боломжоо ашиглаад хэсэгчилж вакум цонхоор сольсон. Оршин суугч болгон өөрийнхөө л орцыг янзлуулмаар байна гэх шаардлага тавьдаг. Зөвхөн нэг оршин суугчийг харахгүйгээр нийтэд нь юу хийвэл илүү аюулгүй байдлыг хангаж чадах вэ гэдэг үүднээс нь том томоор ингэж харж, ажлаа хийж явж байгаа”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2-40 мянгатад байрлах , , , , дугаар байрнуудын “Бат-Эвсэг” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зарлан хуралдуулж, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн  гишүүдийг сонгож, тэдгээрийг бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч “…бүх гишүүдийн хурал нь  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтыг зөрчсөн байх тул шинээр сонгогдсон удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг бүртгэх боломжгүй…” гэсэн хариу өгчээ.

3. Талууд 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр эсэх тухайд маргадаг бөгөөд уг хуралдааны ирц хүрээгүй, хурлыг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлаагүй гэж тайлбарлаж байна.

4. Уг хуралдааныг нийт оршин суугчдад танилцу******* хуралдаанд оролцох боломжгүй оршин суугчдын саналыг урьдчилсан саналын хуудсаар авч баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нийт 8 оршин суугчдын нэр, гарын үсэг, утасны дугаар бүхий хуудсаар тогтоогдож байх бөгөөд тухайн оршин суугчид “... хурлаас гарах шийдвэрийг дэмжиж, хүлээн зөвшөөрнө...” гэх агуулга бүхий саналын хуудаст гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.

5. Эдгээр оршин суугчид нь тус СӨХ-ны нийт гишүүдийн 5.5 хувьтай тэнцэж байна. Улмаар дээрх урьдчилан санал өгсөн оршин суугчдын саналыг хүчинтэй гэж үзэн хуралд оролцсонд тооцсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасныг, мөн “Бат-Эвсэг” СӨХ-д нийт 144 сууц өмчлөгч бүртгэлтэй байдаг бөгөөд уг оршин суугчдын 67 оршин суугчдын төлөөлөл биечлэн, 8 өрх урьдчилан санал өгч оролцсоноор бүх гишүүдийн 50-аас дээш хувь, нийт 52.03 хувийн ирцтэй хуралдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн хурлын ирц хүрээгүй гэсэн үндэслэл няцаагдаж байна гэж үзлээ.

6. Хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэлд 67 оршин суугч биечлэн оролцсон гэж бүртгэгдсэн, хэрэгт авагдсан хуралд оролцсон өмчлөгч нарын мэдээлэлд нийт 67 оршин суугч гарын үсэг зурж баталгаажуулсан, урьдчилсан саналын хуудсыг 8 өрх өгсөн зэрэг байдлаас дүгнэн СӨХ-ны нийт гишүүдийн хуралд 75 оршин суугч оролцсон гэж үзвэл нийт оршин суугчдын 52.03 % нь  оролцсон гэж үзэхээр байна.

7. Гэвч “Бат-Эвсэг” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна” гэж  зааснаар бүх гишүүдээс 45 оршин суугчийн саналаар ээлжит бус хурлыг хуралдуулсан боловч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна”, 8.5-д “Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ”, 8.6-д “Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэнэ”,

8.7-д “Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална” гэж заасныг зөрчсөн болох нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, болон нэхэмжлэгч Д.Гийн “…бид яаралтай хуралдах шаардлагатай байсан тул 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зар тарааж 14-ний өдөр буюу 4 хоногийн дараа хуралдсан…” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

8. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй”, .1.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх”, .1.2-д “холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих”, .1.3-д “холбооны үйл ажиллагааг дэмжих” гэж зааснаас үзвэл “Бат-Эвсэг” СӨХ-ны бүх гишүүдийн хурал хуульд заасны дагуу хуралдаж, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон тохиолдолд заавал бүртгэл хийх зохицуулалт байхгүй байна.

9. Хэдийгээр дээр дурдсанчлан сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөлийг бүртгэх зохицуулалт байхгүй ч шаардлагатай тохиолдолд хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн баримтад үндэслэн аливаа тэмдэглэл хийх, мэдээлэл өгөх боломжтойг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                                                    ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******, Т.Х*******, Д.Г, О.О нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогду******* гаргасан “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-40 мянгатад байрлах , , , , дугаар байрнуудын Бат-Эвсэг СӨХ-ны бүх гишүүдийн 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ