| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/06046/И |
| Дугаар | 183/ШШ2024/02403 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2024/02403
2024 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2024/02403 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 50 218 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Б
хариуцагчийн төлөөлөгч Э.
нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 50 218 500 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
а. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: ******* нь хариуцагч ********** ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Г***********н нутаг дэвсгэр болох Сүндэр хотхоны А блок 1-р орцонд орших орон сууцны зориулттай 52.01 м.вкашигтай талбайтай 3 давхар**** тоот 2 өрөө байрыг 96 218 500 төгрөгөөр ********** ХХК-иас худалдан авахаар тохиролцож, төлбөрөөс 50 218 500 төгрөгийг хариуцагч ********** ХХК-ийн дансруу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Гэвч барилга нь 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч одоог хүртэл баригдаж эхлээгүй байна. Мөн дээрх мөнгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор буцаан олгоно гэсэн боловч төлөөгүй болно. Иймд ******* нь зээлээр худалдах худалан авах гэрээнээс татгалзаж ********** ХХК-иас 50 218 500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Иргэн ******* нь ********** ХХК-тай гэрээ байгуулсан болохоос тэр төрийн байгууллагатай байгуулаагүй, энэ татгалзал нь үндэслэлгүй. Мөн гэрээ нэгэнт хэрэгжих боломжгүй болсон учраас өгсөн зүйлээ буцаагаад авъя л гэж шаардсан. Тэрнээс гэрээний аль хэсгээс татгалзаж байгаа ойлгомжгүй гээд байгаа өөрөө үндэслэлгүй гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. *********р багийн нутаг дэвсгэр болох Сүндэр хотхон баригдаагүй нь үнэн. Баригдаагүй шалтгаан нь ганцхан компанийн буруутай үйлдэл бус тухайн орон нутгийн төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой. Тухайн төслийг хэрэгжүүлэхээр Говьсүмбэр аймгийн ЗД болон ЗДТГ-тай гэрээ байгуулсан боловч хэрэгжээгүй. Бид тухайн барилгын зураг төсөл болон газар шорооны ажлыг хийж зардал гаргасан ба энэ зардал захиалагч нарын төлбөрөөс төлөгдсөн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан шаардлагаа тодруулах хэрэгтэй бөгөөд гэрээ тодорхой хэмжээнд хэрэгжсэн тул аль хэсгээс нь татгалзаж байгаагаа тодруулах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, 2022.04.15-ны өдрийн ********дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, мөнгөн шилжүүлэгийн баримт, 2023.08.01-ний өдрийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.13-ны өдрийн 182/ШЗ2023/*********дугаар захирамж, зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 4-18/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...гэрээний дагуу **********орцонд орших орон сууцны зориулттай 52.01 м.вкашигтай талбайтай 3 давхар**** тоот 2 өрөө байрыг 96 218 500 төгрөгөөр ********** ХХК-иас худалдан авахаар тохиролцсон. Гэвч барилга нь 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч одоог хүртэл баригдаж эхлээгүй байна. Иймд ******* нь зээлээр худалдах худалан авах гэрээнээс татгалзаж ********** ХХК-иас 50 218 500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Говьсүмбэр аймгийн Засаг даргатай гэрээ хийгээд барилга барих тусгай зөвшөөрлийг гаргуулсан. Аймгийн засаг дарга үүргээ биелүлээгүй асуудал байгаа. Түүнээс манайхаас шалтгаалсан буруутай зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гэрээний яг аль хэсгээс татгалзаад байгаа нь тодорохой биш байх тул нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж үзэж байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. ********** ХХК, ******* нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ********дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ********** давхар,**** тоотод байрлах, 52.01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1 850 000 төгрөг, нийт 96 218 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийн 50 218 500 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөр болох 46 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай график байгуулж төлж барагдуулахаар тохирсон байна./хх-ийн 5-10/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан Хаан банкны ********* тоот ********** ХХК гэсэн дансанд 50 218 500 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байна. /хх-ийн 15/
Талууд дээрх гэрээг байгуулсан болон гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 50 218 500 төгрөгийг хариуцагч ********** ХХК-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн асуудлаар талууд маргаагүй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
7. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргаагүй хэдий ч хариуцагч ********** ХХК нь гэрээний дагуу орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.
Хариуцагч нь дээрх гэрээний үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон шалтгааныг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, түүнчлэн тус компани зардал гаргаж хохирсон гэж тайлбар гаргасан дараах үндэслэлгүй.
2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ********дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь ********** ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан ба гэрээний үүрэг талуудын хооронд тооцогдох зарчимтай ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь тухайн орон сууц нь баригдаж эхлээгүй гэж тайлбарласан зэргээс Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар буцаан шаардах эрхтэй.
8. Дээрхийг нэгтгээд хариуцагч ********** ХХК-иас 50 18 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нь гэрээний аль хэсгээс татгалзаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж маргаж байгаа нь хуульд заасан үндэслэлгүй бөгөөд тухайн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс хэсэгчлэн татгалзах боломжгүй гэдгийг дурдав.
9 . Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** ХХК-иас 50 18 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 042 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ********** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409 042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ