Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00470

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00018 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Г  ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 326 921 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Тус компани нь Роял голд ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16/07 дугаар, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16/10 дугаар түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулж барилгын пум, сапуд, дэгээ булан зэрэг барилга барихад шаардагдах эд зүйлсийг ашиглуулахаар шилжүүлэн өгсөн. Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусч ашиглуулж байсан эд зүйлсээ болон түрээсийн төлбөрийг буцаан авахаар удаа дараа шаардсан хэдий ч өнөөдрийг хүртэл шилжүүлсэн эд зүйлс болон түрээсийн төлбөрөө авч чадаагүй. Түрээсийн гэрээнд Роял голд ХХК-ийг төлөөлж ТА78070377 регистрийн дугаартай Ч.Баасанбаяр гарын үсэг зурсан. Иймд манай компанийн Роял голд ХХК-д шилжүүлэн өгсөн 394 ширхэг пум, 640 ширхэг труба, 367 ширхэг булан, 1100 ширхэг сапуд V4, 400 ширхэг сапуд V5, 1000 ширхэг сапуд V2, 800 ширхэг дэгээ, нийт 4701 ширхэг пум, сапуд, булан дэгээ зэрэг эд хөрөнгийг, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 326 921 200 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16/07 дугаар, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16/10 дугаар түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 326 921 200 төгрөгийг гаргуулах, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16/07 дугаар, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16/10 дугаар түрээсийн гэрээний дагуу эзэмшилд актаар шилжүүлэн өгсөн 1200х60 пум 200 ширхэг, 1200х50 пум 100 ширхэг, 1200х45 пум 50 ширхэг, 1200х40 пум 170 ширхэг, 1200х30 пум 30 ширхэг, пум түгжээ 1500 ширхэг, V-2 сапуд 46 ширхэг, V-4 сапуд 700 ширхэг, V-5 сапуд 400 ширхэг, сапуд түгжээ 1900 ширхэг, 1,2-2м турба 600 ширхэг, 1,5-2м турба 250 ширхэг, 6м турба 544 ширхэг, 4м турба 100 ширхэг, 10х20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг, 10х15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг, 10х10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг, 2400 хэмжээтэй гадна булан 50 ширхэг, урт дэгээ 200 ширхэг, богино дэгээ 300 ширхэг, угсардаг шат ком 300 ширхэг, 40 тай 100 ширхэг, 25 тай 3000 ширхэг, бабочик 74 ширхэг нийт 24 нэр төрлийн дээрх эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Г  ХХК шүүхэд болон төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж 400 ширхэг сапудыг сарын 1 320 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ч.Баасанбаяр 400 ширхэг сапуд баримтаар хүлээж авсан байдаг. Өөрөөр хэлбэл 400 ширхэг сапудтай холбоотой түрээсийн гэрээ байгуулагдсан юм. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний нэгтгэл хэсэгт нь 400 ширхэг сапуд нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу 30 хоногийн хугацаатай 1 320 000 төгрөгийн төлбөртэй гэж заасан байдаг. Үүнээс өөр гэрээ байхгүй. Гэрээг тодорхой бус хугацаагаар сунгана гэсэн ойлголт байхгүй. Тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж ойлгоод үргэлжлээд яваад байгаа мэтээр тайлбарлаад байж болохгүй. Р.Г  ХХК-д огт хамааралгүй 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16/10 дугаар гэрээнд Р.Г  ХХК-ийн зүгээс тамга тэмдэг, гарын үсэг байхгүй өөрсдөө нэг гэрээ хийсэн болгоод хэргийн материалд өгсөн. Хүлээлгэж өгсөн гээд байгаа эд зүйлсийн тухайд Ч.Баасанбаяр гэдэг хүний гарын үсэг зурагдсан нэг л баримтыг хүлээн зөвшөөрч, бусад баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийн гэрээний хавсралт гэж байхгүй. Талууд 2016 онд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж хамтран ажилласан. Р.Г  ХХК-ийн зүгээс туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсны дараа талуудын хооронд 36 000 000 төгрөгийн үлдэгдэл байсан. Энэ үлдэгдлийг Г.Б ХХК-ийн зүгээс Р.Г  ХХК-д мөнгөөр өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Г  ХХК-аас түрээсийн төлбөрт 27 040 000 /хорин долоон сая дөчин мянга/ төгрөг, 1200х60 пум 200 ширхэг буюу 10 400 000 төгрөг, 1200х50 пум 100 ширхэг буюу 4 600 000 төгрөг, 1200х45 пум 50 ширхэг буюу 2 175 000 төгрөг, 1200х40 пум 170 ширхэг буюу 7 140 000 төгрөг, 1200х30 пум 30 ширхэг буюу 1 050 000 төгрөг, V-2 сапуд 460 ширхэг буюу 12 650 000 төгрөг, V-4 сапуд 700 ширхэг буюу 31 850 000 төгрөг, V-5 сапуд 400 ширхэг буюу 20 600 000 төгрөг, пум түгжээ 1500 ширхэг буюу 3 750 000 төгрөг, сапуд түгжээ 1900 ширхэг буюу 2 850 000 төгрөг, 1,2-2м турба 600 ширхэг буюу 2 400 000 төгрөг, 1,5-2м турба 250 ширхэг буюу 1 500 000 төгрөг, 4м турба 100 ширхэг буюу 1 500 000 төгрөг, 6м турба 544 ширхэг буюу 10 880 000 төгрөг, 10х20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг буюу 6 205 000 төгрөг, 10х15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг буюу 1 320 000 төгрөг, 10х10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг буюу 960 000 төгрөг, 2400 хэмжээтэй гадна булан 50 ширхэг буюу 1 700 000 төгрөг, урт дэгээ 200 ширхэг буюу 80 000 төгрөг, богино дэгээ 300 ширхэг буюу 60 000 төгрөг, угсардаг шат ком 30 ширхэг буюу 2 250 000 төгрөг, Тай 40-тэй 100 ширхэг буюу 25 000 төгрөг, Тай 25-тай 3000 ширхэг буюу 450 000 төгрөг, бабочик 74 ширхэг буюу 11 100 төгрөг нийт 24 нэр төрлийн 126 406 100 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 299 881 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 862 760 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 719 780 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгож, хариуцагч Р.Г  ХХК-аас 1 083 130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-нд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг зөрчсөн, Р.Г  ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т эд хөрөнгө хөлслөх гэрээний талаар, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээний талаар тус тус хуульчилсан. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй. Харин түрээсийн гэрээгээр нь түрээслэгч эд хөрөнгийг ашиглах, үр шимийг авах эрхтэй (түрээсийн гэрээний зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах үүрэгтэй) байдаг. Иргэний хуулийн хорин долдугаар бүлэгт заагаагүй, зохицуулаагүй хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр хуульчилсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил уйлчилнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хариуцагч Р.Г  ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөө 400 ширхэг сапудыг ургэлжлүулэн ашиглаж байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх 201б оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны буюу 21 сарын түрээсийн төлбөрт 27 720 000 төгрөгийг хариуцагч төлөх уурэгтэй. Иргэний хуулийн 296 дугаар зуйлийн 296.1 эд хөрөнгийн хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг ургэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүулэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бүс хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан тооцно гэсэн зохицуулалттай нийцнэ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол турээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул түрээсийн гэрээг бичгээр хийсэн тохиолдолд шаардах эрх бий болохоор байна. Иймээс Иргэний хуулийн хорин долдугаар булэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний журмаас өөрөөр заасан тул энэ хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасны дагуу Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т заасныг иш татаж, гэрээг сунгагдах мэтээр үзэж хууль хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 400 ширхэг сапудыг түрээслэх тухай гэрээг байгуулсан. Тухайн гэрээг бичгэн хэлбэрээр болон амаар сунгаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байгаа. Иймээс Р.Г  ХХК нь 400 ширхэгийн сапудын түрээсийн гэрээний төлбөрт 1 320 000 төгрөгийг төлөх үүрэг хууль болон гэрээгээр үүсч байгаа. Иймээс түрээсийн төлбөрт 27 720 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтуудад Ч.Эрдэнэбаярыг гарын үсэг зурсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байгаа, хариуцагч нь тус зарлагын баримтын дагуу эд хөрөнгө хүлээн аваагүй, Ч.Эрдэнэбаярыг гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа тохиолдолд Ч.Эрдэнэбаярыг гэрчээр асуух нь чухал ач холбогдолтой юм. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 183/Ш32019/12855 тоот захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16/10 түрээсийн гэрээний дагуу 1200x60 пум 200 ширхэг. 1200x50 ПУМ 100 ширхэг. 1200x45 ПУМ 50 ширхэг. 1200x40 пум 170 ширхэг. 1200x30 пум 30 ширхэг. пум тугжээ 1500 ширхэг. У-2 сапуд 460 ширхэг. У-4 сапуд 700 ширхэг, У-5 сапуд 400 ширхэг. сапуд түгжээ 1900 ширхэг. 1.2-2м турба 600 ширхэг. 1.5-2 м турба 400 Г ширхэг 250 ширхэг. 6 м турба 544 ширхэг. 4м турба 100 ширхэг. 10x20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг. 10x15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг. 10x10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг, 2400 хэмжээтэй гадна бүлан 50 ширхэг. урт дэгээ 200 ширхэг. богино дэгээ 300 ширхэг. угсардаг шат ком 30 ширхэг. 40 тай 100 ширхэг. 25 тай 3000 ширхэг. бабочик 74 ширхэг нийт 126.406.100 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжуулсэн болох нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн акт /ХХ-ийн 11 дэх тал/ зарлагын баримт /ХХ-ин 80-86 тал/-аар нотлогдож байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс дээр дурдсан эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн тохиолдолд эд хөрөнгөө буцаан шаардах эрх бий болно. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн мэтээр таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид эд хөрөнгө шилжүүлж өгснийг нотолж буй гэх зарлагын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн баримт, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн баримт. 2016 оны 09 дугээр сарын 05-ны өдрийн баримт. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн баримт. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн баримт. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн баримтуудад хариуцагч Р.Г  ХХК-ийг төлөөлөн Ч.Эрдэнэбаяр гарын үсэг зурсан гэх боловч тус гарын үсгүүд нь Ч.Эрдэнэбаярынх биш гэх тайлбарыг хариуцагч гаргадаг. Иймээс гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иргэн Ч.Эрдэнэбаяр нь хариуцагч Р.Г  ХХК-ийг төлөөлөн эд хөрөнгө хүлээн авсан эсэх, зарлагын баримтуудад гарын үсэг зурсан эсэх нь хэрэгт чухал ач холбогдолтой байхад шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй. Мөн хэргийн материалд авагдсан зарлагын гэх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн баримт, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баримт 2 ширхэг баримтуудад хариуцагч Р.Г  ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан этгээд огт байхгүй зөвхөн хүний нэр бичсэн байхад хүлээн авчихсан мэтээр таамаглаж, хариуцагчид тулгаж, хариуцагчийн тайлбарыг сонсохгүйгээр, хариуцагчид өөрийн тайлбар татгалзлыг нотлох боломжийг олгохгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, мөн өөрчилсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх, өөрчлөгдөх, тодруулах тухай бүр зохих этгээдэд танилцуулах, хуульд заасны дагуу хариу тайлбар авах, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломж олгогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаж тайлбар өгөх, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжийг Р.Г  ХХК-д олгоогүй хэрэг хянан шийдвэрлэх жүрмыг ноцтой зөрчсөн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага тодруулсан гэх баримтдаа эд хөрөнгийн үнийн дүнг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч Г.Б ХХК нь эд хөрөнгийн унэлгээ тогтоох эрхгүй этгээд юм. Гэтэл эд хөрөнгийг гаргуулах эсвэл 126 406 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр гаргах үүрэгтэй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шүүхийн шийдвэр гаргахын өмнө хуульд заасан журмын дагуу иргэний хэрэг үүсгэж хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилж, шийдвэрийг албажуулах, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх зэрэг ажиллагаа хийгдэхээр байна. Логик дарааллын хувьд авч үзвэл үүсгэсэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргахаар байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Хуулийн этгээд өөрийн нэртэй байна гэж заасан. Мөн уг нэрээрээ түүний эдлэх эрх, хүлээх үүрэг нь тодорхойлогдохоор байгаа юм. Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уүл дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Роял гоулд ХХК гэж тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 183/Ш32019/07177 тоот иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн нэг дэх заалтад Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Роял голд ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 326 921 200 төгрөг гаргуулж, түрээсийн гэрээний дагуу эзэмшилд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэж Р.Г  ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэнэ. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Роял гоулд ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүргийг тайлбарласан байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Р.Г  ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 326 921 200 төгрөг гаргуулж, түрээсийн гэрээний дагуу эзэмшилд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Р.Г  ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай, 400 ширхэг сапуд, сарын түрээсийн төлбөрт 1 320 000 төгрөг, барьцааны төлбөр болох 680 000 төгрөг бэлнээр төлөхөөр тохиролцсон байх ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий байж болох үйл баримтад хамаарах нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.

 

Иргэий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний эд зүйлийг нэхэмжлэгчээс хариуцагч талд хүлээлгэн өгсөн гэх баримтад зурагдсан гарын үсгийг хариуцагч талаас манай байгууллагын ажилтан Ч.Эрдэнэбаярын гарын үсэг биш гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлт гаргасныг /хх-108-109/, шүүхээс үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч байгууллагын ажилтаны гарын үсэг мөн эсэхийг тогтоох нь түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн болохыг тогтоох үйл баримтад шууд хамааралтай. Мөн хариуцагч байгууллагын хувьд эд зүйлийг буцаан шилжүүлэх үүргээ зөрчсөн эсэх нь нөхцөл байдал тодорхой бус байх тул үүнийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн ба нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/00018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 095 081 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ