Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2016/01035/и |
Дугаар | 001/ХТ2016/00881 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/00881
Э.Алтанзулын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/03194 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Э.Алтанзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Сэргэлэнд холбогдох,
4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Н.Сайхантуяа, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Сэргэлэн нь өөрийн дүү гэгдэх Н.Сайхантуяагийн хамтаар өөрсдийн өмчлөлийн гэх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 9 дүгээр гудамжны 188 тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2203026532, Г-2203008348 дугаар бүхий 481 м.кв газартай, 45 м.кв хувийн сууцтай хашаа байшинг барьцаалан 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаагаар 2014.04.30-ны өдөр зээлж авсан. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох талаар зааж, гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлсэн мөнгөө төлж барагдуулаагүй. Гэрээний хугацааг сунгаж тухайн сард төлвөл зохих хүүгээ увуулж цувуулан 2015 оны 5 дугаар сар хүртэл төлж, 2015 оны 05 дугаар сараас 2016.01.11-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд ямар нэг хүү, алданги болон үндсэн мөнгө төлөөгүй. Иймд 3.000.000 төгрөг, 2015.04.30-ны өдрөөс хойш 2016.01.12-ны хүртэлх 8 сарын алданги 0,5 хувиар бодож тооцсоноор 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 3.000.000 төгрөгийг зээлээд 2.100.000 төгрөгийг гар дээрээ аваад 900.000 төгрөгийг буцааж авсан. 2014.04.30 ны өдөр зээл аваад 2015 оны 5 дугаар сар хүртэл хүү төлсөн. 2015 оны 5 дугаар сараас хойш намайг хүү төлөөгүй гэсэн. 9 сарын хугацаанд хүү төлөөгүй гэж яриад байгаа. Би тухайн үед өөрийнхөө бололцоо боломжоор хүү төлөөд явж байсан. Нийт 2.443.000 төгрөг төлсөн гэдэг нь банкны хуулгаар гарна. Тэрэн дээрээ 900.000 төгрөг нэмээд 3.343.000 төгрөг төлсөн. Би гар дээр 2.100.000 төгрөг авсан. Алданги 2.100.000 төгрөгийг 0.5 хувиар бодоод 1.050.000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/03194 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Сэргэлэнгээс 2.456.095 төгрөг гаргуулж Э.Алтанзулд олгож, нэхэмжлэлээс 2.043.905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Сэргэлэнгээс 54 248 төгрөг гаргуулан Э.Алтанзулд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ц.Сэргэлэнгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203026532 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо Бэлхийн 9 дүгээр гудамж, 188 тоот хаягт байрлах хувийн сууц, ГД-000120262 дугаартай Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо Бэлхийн 9 дүгээр гудамж, 188 тоот хаягт байрлах нэгж талбарын 18643316958857 дугаартай 481 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 2 456 095 төгрөгийг гаргуулж Э.Алтанзулд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "2.456.095" гэснийг "2.057.000" гэж, "2.043.905" гэснийг "2.443.000" гэж, 2 дахь заалтын "54.248" гэснийг "47.862" гэж, 3 дахь заалтын "2.456.095" төгрөг гэснийг "2.057.000" төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь зээлийн хүү болох 300.000 төгрөгийг төлж байсан байхад бичгээр хийсэн гэрээ дууссанаас хойших хугацаанд аман хэлцлийн хүрээнд хийсэн мөнгийг миний үндсэн зээлээс 2.043.905 төгрөг хассан нь буруу байна. Учир нь хүү төлж байсан нь дансны хуулга болон тайлбараар нотлогдож байгаа. Мөн бидний хооронд ямар ч хэлцэл байж болохоор байхад заавал зээлийн гэрээ үзэн баталгааг хаанаас яаж гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд 4.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Э.Алтанзул Ц.Сэргэлэнгээс үндсэн зээл 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 4,500,000 төгрөг нэхэмжлэхдээ зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 4.500.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2.456.095 төгрөгийг хасаж үлдэх 2.057.000 төгрөгийг Ц.Сэргэлэнгээс гаргуулж, нэхэмжлэлээс 2.443.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь, мөн гэрээнд заасны дагуу алданги тооцсон нь Иргэний хуулийн 232, 281-р зүйлд нийцжээ.
Ц.Сэргэлэн зээлийн төлбөрт 2.456.095 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул энэ хэмжээний мөнгийг давж заалдах шатны шүүх төлбөрөөс хасаж тооцсон зөв бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх зохигчдын тайлбар,хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ