Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 247

 

Б.П, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Я.Цэрэндэжид, хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг, Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Б.П, Б.М нарт холбогдох 201509000893 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдол болон Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн  П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1948 онд төрсөн, 71 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.П албан тушаалын байдлаа ашиглан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах, Б.М-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.П-д 2 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.П-г төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.М-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б.П-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна үзэж байна. Үндэслэл нь Б.П нь “Сөгнөгөр хайрхан” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа орон сууц захиалах гэрээг давхардуулан хуурамчаар үйлдэж, нэр бүхий иргэдийн мөнгийг хувьдаа завшсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.П-г Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэж дүгнэн, холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Б.П- нь тус хэргийг шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авахад чиглэсэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үйлдсэн, гэрээний аргаар гэрээнд оролцогч нөгөө талаар хохироох зорилго агуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Б.П-гийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа ба прокурор шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шүүх тус зүйл хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.П- нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж байгаа 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж иргэдийн нийт 39,814,200 төгрөгийг залилж авсан үйлдэлдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П-гийн үйлдлийг үндэслэлгүйгээр өөрчилж, түүний гэмт үйлдлийг “аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг болгон өөрчилж, улмаар хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.П-гийн үйлдэл нь объектив болон субъектив шинжээрээ ашиг хонжоо олох гэсэн шууд санаа, шунахайн зорилго агуулж албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад илт өрөөсгөл дүгнэлт хийж түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, албан тушаал эрхэлдэггүй бол хүмүүст түүнд мөнгөө өгөхгүй байсан гэж хийсвэр дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хүчээр өөрчилж Өршөөл үзүүлэх хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт хууль зөрчиж шүүгдэгчид ял завшуулсан үйлдэл гэж үзэж байна. Шүүгдэгч Б.П нь “манайх орон сууцны захиалгандаа урамшуулал зарласан эхний 10 хүн хөнгөлөлттэй, одоо урамшуулал дуусах гээд байна. Та хурдан ирж гэрээгээ хий” гэж хохирогч Б.М-ийг дуудан ирүүлж 4,945,000 төгрөгийн урьдчилгаа авч залилан мэхэлж байсан нь тогтоогддог. Өмнө нь прокурорын хяналтын шатанд хоёр ч удаа 2016 оны 35, 35-1 тоот тогтоолуудаар хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж, Өршөөл үзүүлэх хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож байсныг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаж хэргийг сэргээлгэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж байсан юм. Гэтэл энэ хууль зөрчсөн үйлдэл дахин давтагдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд “С” ХХК-н захирал Т.Э нь мэдүүлэг өгөхдөө Б.П-д компанийг төлөөлж захиалагч нартай гэрээ хийж урьдчилгаа төлбөр авах зөвшөөрөл олгоогүй, гэрээ, тамга зэргийг ч түүнд өгөөгүй өөрөө дур мэдэж нууцаар үйлдсэн байна. Би гомдолтой гэж мэдүүлдэг юм. Шүүгдэгч Б.П нь миний өмгөөлж байгаа хохирогч Б.С-д 5,775,000 төгрөг, Н.А-т 3,983,000 төгрөг, О.Т-д 5,200,000 төгрөг, Я.Ц-д 9,758,100 төгрөг, Б.Б-т 3,983,000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирлоо төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Н.Баттунсаг хэлсэн саналдаа “3,500,000 төгрөгийн үнэ бүхий микро автобусыг шүүгдэгч нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэл авсан гэх үндэслэл, нотлох баримт байхгүй юм. Харин гэрээ хийн мөнгийг өөрийн дансанд байршуулсныг хүлээн зөвшөөрч байгаа юм” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Л.Оюунсувд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд бусдын итгэмжлэл дор залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохиросон ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгч Б.П-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдол болон Дархан-Уул аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.П, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-г 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Н.А-ээс 3,983,000 төгрөг, Б.Я-аас 400,000 төгрөг, Б.С-ээс 5,775,000 төгрөг,  Я.Ц-ээс 9,758,100 төгрөг, Б.Б-аас 3,983,100 төгрөг, О.Т-аас 5,200,000 төгрөг, Б.А-аас 5,170,000 төгрөг, Б.М-оос 4,645,000 төгрөг, Д.Э-аас 900,000 төгрөг нийт 39,814,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж,

Шүүгдэгч Б.М-ийг эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт “Хьюндай грейс” загварын 46-49 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,500,000 төгрөгөөр тооцож байрны урьдчилгаа төлбөрт Б.П-д өгсөн нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн дүгнэж, түүнийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.П, Б.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Б.П-гийн үйлдлийг “аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг болгон өөрчилж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулах явдал бөгөөд гэмт этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн зорилго, сэдэлт, бий болсон үр дагавар нь бусдын өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авах үйлдэлтэй хамааралгүй болно.

Харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг өөрийн захиран зарцуулах эрхэд хууль бусаар шилжүүлэн авсан тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зохих заалтаар хүндрүүлэн зүйлчилнэ.

Шүүгдэгч Б.П нь албан тушаалын байдлаа ашиглан баригдаж буй орон сууцанд захиалга авах нэрийдлээр иргэн Н.А-ээс 3,983,000 төгрөг, Б.Я-аас 400,000 төгрөг, Б.С-ээс 5,775,000 төгрөг,  Я.Ц-ээс 9,758,100 төгрөг, Б.Б-аас 3,983,100 төгрөг, О.Т-аас 5,200,000 төгрөг, Б.А-аас 5,170,000 төгрөг, Б.М-оос 4,645,000 төгрөг, Д.Э-аас 900,000 төгрөг нийт 39,814,200 төгрөгийг өөрт авч шамшигдуулсан тухай анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтыг хэвээр баталсан атлаа хууль буруу хэрэглэж эрх зүйн буруу дүгнэлт хийн Б.П-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг албан тушаалын эсрэг гэмт хэргээс ялган зүйлчилж чадаагүйгээс хэргийн зүйлчлэлд алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдаагаа анхаарч хэргийг давж заалдах журмаар дахин хянан хэлэлцэж хэргийн оролцогч нараас гаргасан гомдолд хариу өгөх байдлаар хэргийн бусад нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Б.П, Б.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.П, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                       ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН