Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 337

 

“М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Үндэсний аудитын газрын аудиторт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                 М.Батсуурь                        

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                                Б.Мөнхтуяа,

                                                Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0348 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Ш.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-т тус тус заасныг баримтлан “М К” ХХК-ийн Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

            2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0348 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-т заасныг баримтлан “М К” ХХК-ийн Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-т заасан хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу “Э Ү” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж акт тавьсан нь маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7-д заасан захиргааны акт “илт хууль бус” болох үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь нэгдүгээрт, Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хоёрдугаарт, хүчингүй болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг /2002 он/ үндэслэж уг дүгнэлтийг хийсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            4. Мөн хэрэгт цугларсан нотлох баримт, маргаан бүхий захиргааны актын үүсгэж буй үр дагавар тус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

            5. “Э Ү” ХХК болон нэхэмжлэгч “М К” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар давж заалдах шатны шүүх талуудын хороонд байгуулсан гэрээ хууль зөрчсөн эсэх талаарх асуудлыг аудитор дүгнэх учиргүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн байж “Э Ү” ХХК болон “М К” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ хууль зөрчсөн, ижил төрлийн ажил үйлчилгээг “Э Ү” ХХК-д үзүүлж буй бусад хуулийн этгээдээс давуу байдлыг бий болгосон хэмээн дүгнэж, акт тавьсан хариуцагч аудиторын гаргасан маргаан бүхий 09/85 дугаар актыг үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

            6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            7. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх бөгөөд актаар илүү төлсөн хоолны үнэ 2,591,500,000 төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргуулж, Э үйлдвэрийн дансанд төвлөрүүлэхийг “Э Ү” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

            9. Тухайн акт нь 2013 онд үйлдэгдсэн захиргааны акт байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйл болон 10 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг илт хууль бус эсхүл маргаан бүхий захиргааны акт гэж ялгамжтай ангилж, ямар тохиолдолд хэрэглэх эрх зүйн үндэслэлийг тодорхой зохицуулсан байна. Энэ тохиолдолд уг төлбөр тогтоосон акт илт хууль бус захиргааны акт байх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд харин маргаан бүхий захиргааны акт байна.

            10. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын аль нэг шинжийг уг акт агуулаагүй, аудитын хяналт шалгалт хийх эрхтэй этгээдээс өөрт хамаарах чиг үүргийн хүрээнд гаргасан захиргааны акт байх бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

            11. Нэхэмжлэгчээс “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж маргаж байгаа боловч Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар аудитын байгууллага нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх бүрэн эрхтэй, энэ хүрээнд “Э Ү” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, санхүүгийн зөрчил илрүүлж, акт тогтоосон нь хуульд нийцэж байна. Тухайн тохиолдолд хариуцагчаас хоёр хувийн хэвшлийн хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээнд аудит хийгээгүй, харин нэг талд нь төрийн оролцоотой хуулийн этгээд оролцсон гэрээнд аудит хийж, төлбөр тогтоосон нь хуулийн зөрчилгүй, гэрээний чөлөөт байдалд халдаагүй тул нэхэмжлэгчийн “гэрээнд дүгнэлт өгөх эрхгүй” гэх тайлбар няцаагдаж байна.

            12. Иймээс уг акт нь маргаан бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тооцох хууль зүйн үндэслэлтэй, 2013 оны актыг нэхэмжлэгч 2014 онд мэдсэн талаар тайлбарласнаас үзэхэд хариуцагчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” тухай тайлбар үндэслэлтэй байна.

            13. Нэхэмжлэгчийн “эрсдлийн аудит хийх зохицуулалт хуульд байхгүй, журам зөрчиж, төлбөр тогтоосон акт гаргасан, акт биш зөвлөмж, дүгнэлт гаргах байсан, Халуун хоолоор үйлчлэх гэрээ ямар хууль зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагад болон захиргааны хэргийн шүүхийн хяналтад шууд хамааралгүй асуудал байх тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Учир нь эдгээр үндэслэлүүд нь маргаан бүхий актын хүрээнд хэлэлцэгдэх болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох илт хууль бус захиргааны актын хүрээнд хамааралгүй юм.

            14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч эдгээр хүсэлт нь шүүх хуралдаанаас өмнө шүүхэд ирээгүй, харин 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 02 минутанд шүүхийн бичиг хэрэгт бүртгэгдэж, шүүх хуралдааны ирцийг бүртгэх үед нэхэмжлэгчийн хүсэлт танилцуулагдаагүй тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хүсэлтийг мэдээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцээгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0348 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

     ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ