Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 0703

 

                                                                     Б.Г-ийн нэхэмжлэлтэй

                                                                 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 574 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 574 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.290.180 /гурван сая хоёр зуун ерэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаартай Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай захирамжаар манай газрыг Худалдан авах ажиллагааны хэлтэс, Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс, Зураг, төсвийн хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 5 хэлтэстэй, 56 орон тоотой байхаар баталсан байдаг ба манай байгууллага 45 хүнтэй ажиллаж байсан.

Улмаар Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаартай захирамжаар бүтэц орон тоог өөрчлөн 4 хэлтэс, 35 орон тоотой байхаар баталсан ба байгууллагын дүрмийг боловсруулж танилцуулах, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг батлахыг газрын даргад даалгасан.

Үүний дагуу газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаартай тушаалаар газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтэс гэсэн 3 хэлтэс, 35 орон тоотой ажиллахаар болсон. Иймд Б.Г-ийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаартай ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим  зүйл заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарлажээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажиллах байсан нэгж нь татан буугдсанаар түүний эрхэлж байсан албан тушаалын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан байдаг боловч нэхэмжлэгч Б.Г-ийн ажиллаж байсан Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн Статистик, мэдээ тайлан хариуцсан мэргэжилтний чиг үүрэгтэй ижил чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг 3 албан тушаалтан байсан. Үүнээс шинээр батлагдсан бүтцийн нэг орон тоон дээр хуучин ажиллаж байсан хүнийг томилон ажиллуулсан. Иймд Б.Г-ийг газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. Мөн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.Г-ийг ажиллуулах саналыг өмнөх шүүх хуралдааны үед тавьж байсан боловч үүнийг нэхэмжлэгч хүлээн аваагүй болно.

Анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авдаг. Тиймээс шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвхөн тухайн ажил, албан тушаалд ажиллаж байсан тохиолдолд олгохоор шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, жирэмсний болон амаржсаны амралттай байсан тул ажиллаж байсан гэж үзэн өнгөрсөн хугацааны цалинг олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчид нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0574 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Б.Г-ийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэст Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жил хүртэл туршилтын хугацаагаар томилсон бөгөөд мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар уг туршилтын хугацаанд ажил үүргээ үр бүтээлтэй гүйцэтгэн жинхэнэ төрийн албан хаагч болохоо харуулж, тухайн албан тушаалын шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан гэх үндэслэлээр 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулжээ.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/752 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 2.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн бүтцийн өөрчлөлтөөр Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн тул Б.Г-ийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан “жирэмсний болон амаржсаны амралтын хугацааны” зохицуулалт үйлчилж байхад буюу уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хариуцагч хүлээхээр зохицуулжээ.

Тиймээс нэхэмжлэгч Б.Г-ийг төрийн албанаас чөлөөлсөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/158 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан Тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь “хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг зөрчиж ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр ажлаас чөлөөлсөн” хэмээн маргажээ.

Иймд Б.Г-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа шууд чөлөөлсөн нь хууль бус байх тул Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний  чиг үүрэг хуваагдсан Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албан хаагчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцүүлэн  сонгон шалгаруулалт явуулах замаар шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны амралттай байсан бөгөөд “... ажилдаа орох ...” хүсэлтийг гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “... ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авдаг бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төрийн албан хаагчийг ажлаас буруу халсан нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх нөхөн олгохоор шийдвэрлэдэг, тиймээс шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвхөн тухайн ажил, албан тушаалд ажиллахаар байсан тохиолдолд олгохоор шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш жирэмсний болон амаржсаны амралтыг авсны дараа түүнийг ажиллаж байсан гэж үзэн олговрыг олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчид жирэмсний амралт авах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 574 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 27.2.4...” гэснийг хасч, “...Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилохыг...” гэснийг “...Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг...” гэж, хоёр дахь заалтын “...Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.290.180 /гурван сая хоёр зуун ерэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох...” гэснийг “...Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс жирэмсний амралт авах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчид олгох...” гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                       ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

                       ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР

                      ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА