Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00468

 

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00089 дугаар шийдвэртэй,

Д.Гийн нэхэмжлэлтэй, Б.Б-эд холбогдох, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ням-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ням-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Б-тэй зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа 3.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлж авахдаа Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт цагаан хөтөл гэх газар байрлах 2,800 м.кв газрын барьцаалсан. Тухайн үед эрх зүйн мэдлэггүйгээс барьцааны гэрээ байгуулах байсан боловч Батсүхийн шаардлага, саналыг зөвшөөрч бэлэглэлийн гэрээ хийж газраа шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээ нь зээлийн гэрээтэй шууд холбоотой бөгөөд уг хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн үр дагаврыг арилгуулж, газрыг Б.Б-ээс Д.Гт буцаан олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний талаар ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт зээлийн гэрээ байхгүй. Бэлэглэлийн гэрээний асуудал яригдах ёстой. Дүр үзүүлж хийсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Гэвч гэрээг дүр үзүүлж байгуулсан, хууль зөрчсөн гэж нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэргийн 4 дүгээр талд газар бэлэглэлийн гэрээ байгаа. Энэ нь хуульд нийцсэн гэрээ юм. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс ийм гэрээ байгуулсан гэдэг ч энэ нь нотлогдохгүй байна. Бэлэглэлийн гэрээг нотариатаар баталгаажуулж, энэ гэрээний хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгсний дараа Д.Г гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, энэхүү гэрээ нь хөөн хэлэлцэх хугацаатай. Ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдөж байсан бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэвч Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, дүр үзүүлж хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т зааснаар хариуцагч Б.Б-эд холбогдох 2018 оны 6 сарын 29-ний өдрийн газар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Аргалант сумын 2-р баг Хөшөөт Цагаан хөтөл хустайн 1а гудамж, 1 тоот, 2800 м.кв газар буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Г нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-ээс 3 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийг хийхдээ өмчлөлийн Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт цагаан хөтөл гэх газарт байрлах 2800 м.кв газрыг бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлэн авсан. Уг зээлийн төлбөрийг төлж барагдуулсаны дараа буцааж өгөхөөр тохиролцсон. Улмаар Д.Г нь 600 000 төгрөгийг гөлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө хийж дуусгаж, гэрээгээр шилжүүлэн өгсөн газраа буцаан авах талаар хэлэхэд хариуцагчийн зүгээс газрыг эргүүлж өгөхгүй гэсэн тул шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн Fасеbоок хаяг болох /Ganchimeg Damdinsuren/ 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Б.Б-тэй чаталсан чатанд үзлэг хийлгэх хүсэлтүүдийг 3 удаа гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангахгүй орхисон. Уг чат нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоход чухал ач холбогдолтой байсан бөгөөд хариуцагчийн зүгээс уг зээлийн гэрээний баталгаа болгож авсан газар гэдгээ хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд газрыг чинь буцааж өгнө гэж харилцсан яриа байсан болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг удаа дараа хангаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа цуглуулж шүүхэд гаргаагүй гэж дүгнэсэн. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/000089 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Б-эд холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн газрыг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн үндэслэлээ ... Б.Б-ээс 3 000 000 төгрөг зээлж авахдаа барьцаа болгож Төв аймгийн Аргалант сумын, 2 дугаар баг, Хөшөөт, цагаан хөтөл хустай 1а гудамжны 1 тоот хаягт байрлах 2800 м.квадрат газрыг барьцаалсан, бэлэглэлийн гэрээг хийх хүсэлт зориг байгаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэлт, эрмэлзлэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэлт зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог мөн зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгох учиртай.

Шүүх бэлэглэлийн гэрээг халхавчлагдсан, дүр үзүүлж хийсэн эсэх, бэлэглэх хүсэл зориг байсан эсэхийг буюу талуудын хүсэл зоригийг тодруулах шаардлагатай байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий байж болох үйл баримтад хамаарах нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй. Мөн хуулийн 48 дугар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт хийх журмыг зохицуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн Fасеbоок хаяг болох цахимаар харилцсан захианд /Ganchimeg Damdinsuren/ 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Б.Б-тэй цахимаар харилцсан захианд үзлэг хийлгэх хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Учир нь талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхэд тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл, түүний агуулга зорилгыг тодруулахад дээрх цахим мэдээлэл нь ач холбогдолтой байж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт байх учиргүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн ба нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. Үзлэг хийх замаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж үздэг.

Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ