Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/624

 

 

 

 

 

 

      2022             6              16                                       2022/ДШМ/624                                 

 

 

      Б.М-Э, З.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Б.М-Эин өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/731 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.М-Э, З.Ж нарт холбогдох эрүүгийн 1927000710226 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Гб овгийн Б-ны М-Э, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............... аймгийн ..................... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ ................................. ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймаг ................. сум, ... дугаар баг ..... гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................/,

            2. Х овгийн З-ын Ж, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ................... аймгийн ......................... суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ аймгийн ...................... сум, .................... багийн ................ дугаар орцны ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../;

            Шүүгдэгч Б.М-Э нь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар “Субару Форестер” загварын 99-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироосон,

            шүүгдэгч З.Ж нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 15 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар “Ниссан Патрол” загварын 04-44 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Х.Быг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.М-Эин үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, З.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөх шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч нарын гэм бурууг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо.

            Шүүгдэгч З.Ж, Б.М-Э нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 163 дугаартай тогтоолыг гаргаж уг тогтоолоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 794 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1476 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Монгол Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг бүрэн тогтоогоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй байх тул шүүгдэгч Б.М-Эин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг санаатай хийсэн эсэх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт өгөх, үйл баримтыг сэргээж зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тодруулах үүднээс тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий гэрчийн мэдүүлгийн үнэн бодит байдлын түвшинг үнэлж хэрэгт хувийн сонирхлоор хандаж зориуд худал мэдүүлж байж болзошгүй талаар нөхцөл байдал тогтоогдвол мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэжээ.

            Гэтэл Тээврийн прокурорын газраас шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд дахин ирүүлэхдээ Улсын дээд шүүхийн 163 дугаар тогтоолд заасан ажиллагаануудыг бүрэн хийгээгүй, тодруулбал 12/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /7 хх 107/, хэргийн материалаар хийгдсэн 413 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлт /7 хх 12/ дахин гаргуулснаас өөрөөр 163 дугаар тогтоолд заасан бусад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг анхан шатны шүүх дахин хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас гарсан 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 163 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт заасныг удирдлага болгон гэрч Б.Н хэрэгт хувийн сонирхлоор хандсан эсэх, худал мэдүүлэг өгсөн эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, шүүгдэгч Б.М-Эин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг санаатай хийсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хийх нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч З.Ж, Б.М-Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Тээврийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч нарт “Монгол улсын хилээр гарахыг хориглох” таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус прокурорын газар нь Б.М-Э, З.Ж нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг тус тус гүйцэтгэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд заасан илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор гэрч Б.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн ба шүүх эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээч нараас гаргасан дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах зэрэг холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байна. Б.Н нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярьсан, түүний гэрчээр өгсөн мэдүүлгүүд бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж хуульчилсан байдаг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Б.М-Эин хувьд амь хохирогчийг тээврийн хэрэгслээр мөргөнө гэдгээ урьдаас мэдээгүй, амь хохирогчийг мөргөж буй үйлдлийг хүсэж хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба түүний үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

            Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/731 шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

            Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн машинд явсан гэрчүүд болон хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгийг прокурор үнэлэхгүйгээр зөвхөн Нын мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэн. Прокурор тухайн үед хэргийн газарт зөвхөн Н байсан мэтээр тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. З.Жын машинд байсан гэрчүүд тухайн үед юу болсон, амь хохирогч ямар байдалтай байсан зэргийг тодорхой мэдүүлсэн. Гэтэл энэ мэдүүлэг нь Нын мэдүүлгээс эрс зөрүүтэй байдаг нь энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна. Энэ хэрэг гарснаас хойш 3 жил өнгөрч, 3 удаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Энэ хугацаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

            Шүүгдэгч Б.М-Эин өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганболд нь өмнө гэрчээр мэдүүлэг өгч, дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон. Мөн бүрэлдэхүүний шинжээч болох Ганцэнгэлийг гэрчээр асуухад гурвуулаа гаргасан дүгнэлтээ үгүйсгэдэг. Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнийг 2 удаа татгалзаж байсан боловч сүүлд дахин томилогдсон. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх захирамждаа тусгаагүй нь буруу гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийн зөрчилтэй асуудлыг магадлалдаа тусгаж шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас Б.М-Эиг согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар “Субару Форестер” загварын 99-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Жыг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 15 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар “Ниссан Патрол” загварын 04-44 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Х.Быг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ прокуророос Улсын дээд шүүхийн 163 дугаар тогтоолд заасан ажиллагаануудыг бүрэн хийгээгүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулснаас өөрөөр уг тогтоолд заасан бусад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, гэрч Б.Н хэрэгт хувийн сонирхлоор хандсан эсэх, худал мэдүүлэг өгсөн эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, шүүгдэгч Б.М-Эин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг санаатай хийсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох талаар заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.М-Э, З.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон байх тул тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаа хийх шаардлагагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч, хохирогч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд дүгнэлт хийж, мөн шаардлагатай гэж үзвэл гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах замаар шүүгдэгч Б.М-Э, З.Ж нарын гэм буруугийн талаар шийдвэрлэх боломжтой.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-Э, З.Ж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/731 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-Э, З.Ж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.М-Э, З.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах, “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ