Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00546

 

 

Д.Д ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03652 дугаар шийдвэртэй, Д.Д ХЗХ-ны нэхэмжлэлтэй Д.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 147 600 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбарт: Д.Д ХЗХ нь Д.Этэй 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №ЗЭ15081001 зээлийн гэрээ байгуулж, 1,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Манай байгууллага нь хариуцагч Д. Эрдэнэчимэгээс авсан зээлээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч хугацаагаа сунгаад өгөөч, төлнөө гэж хэлэн өдийг хүрсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч Д.Э нь үндсэн зээл 1,700,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт зээлийг ашигласан 1521 хоногийн хүүгийн төлбөр 3,447,600 төгрөг нийт 5,147,600 төгрөгийн төлбөртэй тул гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Д ХЗХ-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлгүүр ажиллуулахаар 2015 оны 08 дугаар сарын 10 нд тус хоршооноос 1 700 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн боловч түрээсийн байранд, бага мөнгөөр бараа авч дэлгүүр ажиллуулахад ашиггүй алдагдалд ороод удаан ажиллуулж чадалгүй дампуурсан. Нөхөр маань нас барснаас хойш олон өнчин хүүхдүүдтэй өрх толгойлж амьдарч байгаа, дэлгүүрээ ажиллуулж чадахаа больж ямар ч ажил хийгээгүй .орлогогүй, хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсны улмаас зээл болон хүүгээ төлж чадаагүй өдий хүрсэн. Одоо ямар нэг ажил хийдэггүй учир мөнгө төлөх боломж, төлбөрийн чадвар байхгүй. Амьдралын боломж төлбөрийн чадваргүй болж зээл төлөх найдваргүй болсон дээрх нөхцөл байдлуудыг зээлдүүлэгч тал зээлийн анхны сарын хүү төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн тэр үеэс л мэдэж байсан учир гэрээг хугацаанаас өмнө цуцлан хүүг зогсоох боломжтой байсан. Иймд миний амьдралын гачигдалтай байдал, өрх толгойлсон, ажил орлогогүй байдлыг харгалзан шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүүг багасгаж хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Э уг хоршооны гишүүн болоод 2015 оны 2 сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөгийг зээлж авсан баримтыг нэхэмжлэгч тал өгсөн. Уг зээлээ төлж чадаагүй байсан учир 2015 оны 8 сарын 10- ны өдөр 1 700 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэдэг нь харагдаж байна. 2015 оны 2 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 1 500 000 төгрөг, хүү 200 000 төгрөгийн хамт 1 700 000 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 8 сарын 10-нд бэлнээр 1 700 000 төгрөг аваагүй байна. 2015 оны 8 сарын 10-ны зээлийн гэрээний үүргийг 2016 оны 2 сарын 10-ны өдөр төлж дуусгах байсан. Хоршоо 2019 оны 5 сарын 9-нд зээл төлөх мэдэгдлийг өгсөн байдаг. Уг хугацаа хүртэл 3 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эээс 4 786 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д Хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагчтай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №ЗЭ1081001 тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 1 700 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлснээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 700 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-наас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт зээл ашигласан 1521 хоногийн хүүгийн төлбөр 3 447 600 төгрөг, нийт 5 147 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллагаас хариуцагчийн зээлийн гэрээ болон зээлийн хуваарь төлөлт хийхийг удаа дараа шаарддаг байсан боловч хариуцагч нь төлнөө, одоо төлөх гэж байна, хөдөө байна удахгүй хотод ирнэ тэгээд төлнөө гэсэн тайлбаруудыг гаргадаг байсан үүний дараа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нь өөрийн биеэр ирж уулзан авсан зээлээ зун, наадмаар майхан түрээслээд хуушуур, айраг зараад олсон ашгаасаа зээлээ барагдуулах тухай хүсэлтээ гаргаж өгсөн. Хариуцагчийн энэхүү гаргасан хүсэлтийг манай байгууллагын тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаж, Эрдэнэчимэгийн хүсэлтийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Хонгорзул дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч хариуцагч Д.Э нь удаа дараа эвлэрлийн уулзалтыг хойшлуулж ирж чадаагүй улмаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 468 тоот шийдвэр гарч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаагүй, хариуцагч хүсэлт гаргасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Дээрх талуудын үүргийн гүйцэтгэлийг хоорондоо тохиролцсон нөхцөл байдлыг нотлох манай байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зээл төлөхийг шаардсан шаардлага болон хариуцагчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлээ хэрхэн барагдуулах талаар өөрийн биеэр ирж гаргасан хүсэлт болон шүүхийн шатанд гаргасан хариуцагчийн тайлбар зэрэг хэрэг авагдсан баримтууд нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацааа зогсоно, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, өөрөөр хэлбэл хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргахаас гадна өрийг хойшлуулах хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр энэ зан үйл нь илэрнэ хэмээн тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлгээг Иргэний хуулийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангалгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна

 

Нэхэмжлэгч Д.Д ХЗХ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн 1 700 000 төгрөг, 1521 хоногийн хүү 3 447 600 төгрөг, нийт 5 147 600 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Э 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Д.Д ХЗХ-ноос 1 700 000 төгрөг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэн авсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4-5 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс үүргийн зөрчил үүссэн бөгөөд үүргийн гүйцэтгэл шаардах хугацаа 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна.

Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүрэг үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл байгаа эсэхийг нотлосон буюу нэхэмжлэгч тал хугацаа дуусахаас өмнө шаардлагаа гаргаж байсан, эсхүл үүрэг гүйцэтгэгч тал шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 8 дугаар талд хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Д.Д ХЗХ-нд бичгээр гаргасан хүсэлт авагджээ. Уг хүсэлтэд ... Д.Э би уг зээлээ 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг боломж нөхцөлөөрөө бага багаар нь 6 сарын хугацаанд төлж дуусгана .., гэж бичсэн байх боловч хуульд заасан хугацаа нэгэнт дууссанаас хойш энэхүү баталгааг гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй.

Иймээс, зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 320 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ