| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/03969/И |
| Дугаар | 183/ШШ2024/03071 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/03071
|
2024 оны 07 сарын 19 өдөр |
Дугаар 183/ШШ2024/03071 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч:*******,*******,*******,*******,,
Хариуцагч:*******,*******,*******,, нарт холбогдох,
Г.Оюунцэцэгийн өмчлөлийн *******,*******, 1-1 тоот хаягт байрлах газрыг Д.Сарантуяа, М.Норжин нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
Нэхэмжлэгч: ,*******,*******,, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,
Хариуцагч: ,,,,,
Хариуцагч: ,,,,
Хариуцагч: *******,*******,*******,******* Шарнууд овогт******* нарт холбогдох,
Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, М.Отгонмаа, хариуцагч Д.Сарантуяа, хариуцагч М.Норжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жагар, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Ононбаяр, нэгтгэсэн хэргийн нэхэмжлэгч Ж.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарантуяа, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр, хариуцагч Г.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг хариуцагч Д.Сарантуяа, М.Норжин нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Оюунцэцэг миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-нд *******ны*******, 1-1 тоот газрыг дуудлага худалдаагаар худалдаж авсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, өмчлөгч нь болсон. Үүнээс хойш Д.Сарантуяа газрыг чөлөөлж өгөхгүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуулийн ёсны дагуу өмчлөх эрхээ эдэлж чадахгүй хохироод явж байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар манайх шудрага эзэмшигч, 2005 оноос хойш уг газрыг эзэмшиж байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл шударга эзэмшигч гэдгийг уг хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээдийг хэлдэг. Хууль ёсоор үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх гэдэг маань өөрөө нарийвчилсан хуулиар буюу Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагддаг. Өмчлөх эрхийг олж авахдаа яах вэ гэхээр шууд хэлцэл хийх, эсвэл тэр газрын тухайд өмчлөгч нь өөрөө тухайн газрыг хувьчилж, иргэнд өмчлөөд өгчихсөн газар байсныг түрүүчийн шүүх хуралдаанаар бид нар нотлох баримтаар олж мэдсэн. Тэгэхээр 2005 онд өмчлөгдсөн газар байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээд өмчлөлийн гэрчилгээ нь гарчихсан ийм газар байгаад байгаа. Өмчлөгчөөс ямар нэгэн хэлбэрээр тухайн газрыг хууль ёсны шаардлага хангаж авсан гэрээ хэлцэл энэ хавтаст хэрэгт байхгүй. Хоёрдугаарт өмчлөгч гэж хэнийг хэлэх вэ гэхээр үл хөдлөх хөрөнгийн тухайд бол өмчлөх эрхийн гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг хэлнэ гэж заасан. Иргэний хуулийн 183 дугаар хуулийн 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол тухайн бүртгэл нь үнэн зөв байна гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй маргасан асуудал байхгүй, тэгэхээр өмчлөгч нь нэхэмжлэгч Г.Оюунцэцэг. Өнөөдөр өмчлөгч энд яригдаж байхад шударга эзэмшигч гэж яригдахгүй. Хариуцагч анх манайх нэхэмжлэл гаргасан гээд яриад байна. Анх хэн нэхэмжлэл гаргасан нь давуу эрхтэй биш, хэн нь нотлох баримтаа үнэн зөв гаргаж, үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн хүн нь тухайн газрын өмчлөгч байна гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь бусад этгээдэд буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Иймд мөн хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Сарантуяа, М.Норжин нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Сарантуяа, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд Ү.Эрдэнэ, Х.Сувдмаа нараас энэ газрыг хоёр хувааж нэг талыг нь манайх, нөгөө талыг нь Х.Батжаргал худалдан авсан. Гэтэл тухайн үед Ү.Эрдэнэ, Х.Сувдмаа нар газраа барьцаанд тавьсан учир миний нэр дээр шилжүүлэх боломж байгаагүйг ашиглан Х.Батжаргал цааш нь 5-аас 6 хүнд шилжүүлэн хууль бусаар зарсан байдаг. Тухайн үед газрын гэрчилгээгээ авах гэтэл эзэн нь тогтоогдохгүй, эзэн нь олдоогүй учраас өнөөдрийн энэ байдалд хүргэсэн. Гэхдээ анх худалдсан Х.Сувдмаа, Ү.Эрдэнэ нар тодорхойлолт гарган өгч, хамтран хөөцөлдөж байсан боловч газрын наймаа хийдэг, байшин барилга барьдаг ашиг сонирхлын зөрчилтэй ийм бүлэг этгээдүүдийн гарт орсон байна. Өдийг хүртэл би өрх толгойлсон, 5 хүүхэдтэй, том охин маань тусдаа амьдардаг. Би, бас бага охин гээд 3 айлын амьдрал ийм байдалтай болсонд гүн харамсаж байна. Хууль бусаар чичрээд дайраад байгаад харамсаж байна. Худалдан авах гэж байгаа газраа очиж үзэж, нягталж, ямар учиртайг мэдэж аваагүй байж өнөөдөр биднийг хөөж тууж хохироож байна. Лиценз, газар, бичиг баримтын шаардлага хангасан хангаагүй гээд тухайн цаг үеийг бараг ангилж яримаар байгаа юм. Одоо бүх юм боловсронгуй болчихсон хуулийн заалтууд тодорхой байгаа. 2002 оноос одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн дагуу хэлцэл байгуулсан. Тэр хэлцлийг шүүх нотлох баримтаар үнэлээд өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх боломжтой. Энэ хэрэгт зөндөө нотлох баримт байгаа. Яах аргагүй талуудын хооронд наймаа хийгдэж, мөнгө төгрөг өгч авалцсан байдаг. Байшин барьж болно гэж итгэж үнэмшээд одоог хүртэл Ж.Энхжаргал, эхнэр Д.Сарантуяа болон хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М.Норжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жагар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт ... Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино... гэж заасан байна. 2005 онд Х.Сувдмаа уг газрыг Д.Сарантуяа, Ж.Энхжаргал нарт худалдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлээд хил хязгаар цэг тогтоох үүргээ биелүүлж хашаагаа хамарлаж авсан. Энэ нь 2009, 2018, 2023 оны газрын албаны зургаар харагдаж байгаа. Дээрээс нь хоёр хаалга нь тусдаа, хоёр өөр өнгөтэй, нэг нь 1.1, нөгөө нь 1.2 гэсэн хаалгатай, Х.Сувдмаа өөрөө шүүхэд ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн 2005 оны тэдний хоорондын хэлцэл хавтаст хэрэгт байгаа. 2015 онд цагдаагийн байгуулагад өргөдөл өгсөн боловч 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг байна гээд прокуророос хэрэгсэхгүй болгосон. Ямар нэг маргаантай байгааг газрын албанаас өгсөн сансрын зураг давхцалтай байгааг энэ хүн өөрөө авч ирээд ийм дуудлага худалдаагаар газар авах гэсэн юм, давхцал байна уу гэдгийг нягтлах үүргээ биелүүлээгүй. Очоод айлын хаалга тогших нь өөр асуудал. Энэ хүн нотлохгүй, хажуу айлаас нь асууснаар энэ хүнийг хааяа нэг ирдэг гэх юм уу, яадаг ч юм нотлохгүй. Эцсийн бүлэгтээ Г.Оюунцэцэг ч бай, Г.Оюунцэцэгийн өмнөх хүмүүс, мөн Капитал банк, түүний өмнө худалдаж аваад дамжигдаад яваад байгаа хүмүүс бүгдээрээ тэр газар дээр очиж цэг тогтоох байсан. Газрыг худалдан авч байгаа хүн заавал цэгийг тогтоодог, Газрын алба ч тэгж зөвлөдөг. Тэгэхээр өөрсдөө энэ мэдээлэл лавлагааг аваагүй, өөрсдийн ирээдүйд учирч болох эрсдэлээс өөрөө өөрийгөө хамгаалах үүргээ биелүүлээгүй. Нөгөө талаар 1.1, 1.2 гэдэг нь албан ёсны улсын бүртгэлээс хоёр айлд өгсөн хаяг. Эдгээр баримт, үйл явдлууд юуг хэлээд байна гэхээр Үндсэн хуулийн 70.1-т заасны дагуу иргэн Х.Батжаргалын хууль зөрчсөн буруутай үйлдэл, хуульд нийцээгүй олон үйл ажиллагаанаас болж өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Энхжаргал, хариуцагч Х.Сувдмаа, Х.Батжаргал, П.Гэрэлмаа, Г.Оюунцэцэг нарт холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Сувдмаа, Х.Батжаргал, П.Гэрэлмаа нарт холбогдох хэсгээс татгалзаж, Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг дэмжсэн.
Нэхэмжлэгч Ж.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж итгэмжлэгдсэн Д.Сарантуяа, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ж.Энхжаргал бид нар 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Х.Сувдмаагаас Г-2206000775 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн хуучнаар 9 дүгээр хороо, одоогийн 16 дугаар хороо,*******, 1-1 тоотод байрлах, 18632304031166 нэгж талбарын дугаартай, 700 м.кв гэрийн бүлийн хэрэгцээний зориулалтай газрын 318 м.кв хэсгийг хамар татан 750.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Х.Сувдмаа уг газрыг банкны барьцаанд тавьсан байсан бөгөөд газраа хоёр хуваан зарж, нөгөө тал газрыг Х.Батжаргал гэх хүн худалдан авсан. Тэр үед Х.Сувдмаа, Х.Батжаргал нар намайг болон манай нөхөр Ж.Энхжаргал охин н.Норжин бид нарыг дуудаж, 700 м.кв газраа хэмжиж, Х.Батжаргал хамар татаж хуваасан. Х.Сувдмаа, Х.Батжаргал бас банкнаас зээл авсан, банкны барьцаанаас гэрчилгээг суллангуут танай худалдан авсан газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж амаар тохирлцсон. Гэтэл Х.Батжаргал газрын гэрчилгээг хууль бусаар, бүтнээр нь өөрийн нэр дээр шилжүүлэн бусдад зарж борлуулж, өмчлөх эрхийг зөрчиж хохироосоор байна. Бид худалдан авсан газрынхаа гэрчилгээг гаргуулж авахаар төрийн байгууллагад удаа дараа хандаж байсан. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдийг таслан зогсоож зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу одоо тухайн газар дээр амьдарч байна. Иймд Хан-Уул дүүргийн*******, 1-1 тоотод байрлах, 318 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр Ж.Энхжаргалыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг газрыг дуудлага худалдаагаар авч, авсан газраа очиж үзэн, албан ёсны бичиг баримтыг үндэслэж худалдаж авсан. Би 2021 оны 12 дугаар, 2022 оны 3 дугаар сард очиж үзсэн. Тухайн үед эднийх хүнгүй, зүүн талын хоёр айлынх хүнтэй байсан. Банк нь энэ хашаанд хоёр айл байгаа, хоёуланг нь чөлөөлүүлж болно гэж хэлж, дуудлага худалдаагаар худалдаж авсан. Тэгээд 3 сард гарахаар болоод очсон чинь энэ асуудал үүссэн. Дээрх газрыг хууль ёсны дагуу худалдан авч, өмчлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй М.Норжин, Д.Сарантуяа нарт холбогдох иргэний хэрэгт
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газар өмчлөх гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0075 дугаар итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагчаас Д.Сарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0284 дугаар М.Норжингоос Б.Жагарт олгосон итгэмжлэл, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас М.Норжинд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас иргэн Д.Сарантуяад хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Ж.Энхжаргалын нэхэмжлэлтэй Г.Оюунцэцэг, Х.Сувдмаа нарт холбогдох, иргэний хэрэгт
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 600 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Д.Сарантуяа, Х.Сувдмаа нарын иргэний үнэмлэхний хуулбар, Х.Сувдмаагийн Ж.Энхжаргалаас 750.000 төгрөг авсан нь үнэн болно гэх тодорхойлолт, Ж.Энхжаргалын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, ны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0654 дугаар Ж.Энхжаргалаас Д.Сарантуяад олгогдсон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэн Д.Сарантуяа танаа гэх Хөрөнгийн үнэлгээний төвийн газар байшин үнэлсэн тухай тайлан, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, Улаанбаатар цахилгаан түгээх станц хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,
Хариуцагчаас Х.Сувдмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, хариуцагч П.Гэрэлмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, Хаан банкны дансны хуулга, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Г.Оюунцэцэгт хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Өдрийн сонингийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 04/2024 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Г.Оюунцэцэг нь Д.Сарантуяа, Э.Норжин нарт холбогдуулан *******,*******, 1-1 тоот газрын 318 м.кв газрыг чөлөөлүүлэх, Ж.Энхжаргал Г.Оюунцэцэгт холбогдуулан уг газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/12083 дугаар захирамжаар дээрх хоёр хэргийг нэгтгэсэн бөгөөд Г.Оюунцэцэгийн газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Д.Сарантуяа уг газрын өмчлөгчөөр тогтоолгох Ж.Энхжаргалын эхнэр, тэд гэр бүл, охин М.Норжин өрх тусдаа тухайн хашаанд амьдардаг, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт эдгээр хүмүүсийг нэг гэр бүлд бүртгэсэн нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Энхжаргал эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй түүний эхнэр Д.Сарантуяа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог, хэргийн оролцогчийн хувьд хэн аль нь маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
2.Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******,*******, 1-1 тоот газрыг дуудлага худалдаагаар худалдан авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, өмчлөгч нь болсон. Үүнээс хойш Д.Сарантуяа газрыг чөлөөлж өгөхгүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуулийн ёсны дагуу өмчлөх эрхээ эдэлж чадахгүй хохирч байх тул Д.Сарантуяа, Э.Норжин нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.
4.Хариуцагч Д.Сарантуяа, нөхөр Ж.Энхжаргал, охин Э.Норжин бид нар уг газрыг 2005 онд Ү.Эрдэнэ, Х.Сувдмаа нараас 750.000 төгрөгөөр худалдан авсан, өдийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
6.2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.Ариунболд, Г.Оюунцэцэг нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдан авагч Г.Оюунцэцэг Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны ялагч болсныг тэмдэглэж, худалдагч А.Ариунболдоос Улсын бүртгэлийн Г-2206000775 дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн 000495878 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18632304031166 дугаартай, *******, Тайнь 1 гудамж, 1-1 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөхөөр тохиролцжээ.
7.Хөрөнгө худалдах гэрээний нийт үнэ 26.993.850 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитал банкны эрх хүлээн авагчийн 5219020332 тоот дансанд, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага худалдааны дэнчин болгож 2.932.650 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлийн баримт болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд улмаар тус газрын өмчлөгчөөр Г.Оюунцэцэг бүртгэгдэж, өмчлөгч болсон болох нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын 000606508 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.
8.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно... гэж заасан ба хариуцагч бүртгэлтэй холбоотой асуудлаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээр шийдвэрлэсэн эсэх талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.
9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн хуулийн 101.1-т ...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
10.Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг 700 м.кв газрын өмчлөгч байх бөгөөд тус газрын талыг чөлөөлүүлнэ гэж шаардлагаа тодорхойлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан Х.Сувдмаагийн тайлбар, Хөрөнгийн үнэлгээний төвөөс Д.Сарантуяад ирүүлсэн үнэлгээний тайлан зэргээр 318 м.кв газар болох нь тогтоогдож байх ба 318 м.кв газрыг Д.Сарантуяа, Х.Сувдмаа нарын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлнэ гэж шаардлагаа тодруулж байх тул тодруулсан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
1.Ж.Энхжаргал нь Х.Сувдмаа, Х.Батжаргал, П.Гэрэлмаа, Г.Оюунцэцэг нарт холбогдуулан *******,*******, 1-1 тоот газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Сувдмаа, Х.Батжаргал, П.Гэрэлмаа нарт холбогдох хэсгээс татгалзсан тул татгалзлыг баталж, Г.Оюунцэцэгт холбогдох хэсгийг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
2.Нэхэмжлэгч Ж.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний нөхөр Ж.Энхжаргал бид хоёр энэ газрыг 2005 онд Ү.Эрдэнэ, Х.Сувдмаа нараас 750.000 төгрөгөөр худалдан авсан, өдийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа шударга эзэмшигч юм. 700 м.кв газрын 318 м.кв хэсгийг хамар татан авч, нөгөө тал газрыг Х.Батжаргал гэх хүнд зарсан. Тэр үед Х.Сувдмаа, Х.Батжаргал нар газрыг хэмжиж, Х.Батжаргал хамар татаж хуваасан. Х.Сувдмаа, Х.Батжаргал бас банкнаас зээл авсан, зээлээ төлж, барьцаанаас суллангуут газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж амаар тохирлцсон. Гэтэл Х.Батжаргал газрын гэрчилгээг хууль бусаар, бүтнээр нь өөрийн нэр дээр шилжүүлэн бусдад зарж борлуулж, өмчлөх эрхийг зөрчиж хохироосон. Бид худалдан авсан газрынхаа гэрчилгээг гаргуулж авахаар төрийн байгууллагад удаа дараа хандаж байсан. Иймд газрын өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.
3.Хариуцагч Г.Оюунцэцэг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******,*******, 1-1 тоот газрыг дуудлага худалдаагаар худалдаж авч, өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Х.Сувдмаа, Ү.Эрдэнэ нар *******, Тайнь 1 гудамж, 1-1 тоотод байрлах, 700 м.кв газрыг эзэмшиж ашиглаж байгаад Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх үед буюу 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба улмаар Х.Сувдмаа, Ү.Эрдэнэ нар 2005 оны 6 дугаар сард 700 м.кв газрын 318 м.кв хэсгийг 750.000 төгрөгөөр Ж.Энхжаргал, Д.Сарантуяа нарт худалдаж, Ж.Энхжаргал Х.Сувдмаад 750.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь тэдний 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гараар бичсэн баримтаар тогтоогдож байна.
6.Ж.Энхжаргал, Д.Сарантуяа нар тухайн үед мөнгийг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэтэл Х.Сувдмаа, газрын талыг худалдаж авсан Ж.Батжаргал нар гэрчилгээг банкны барьцаанд тавьсан, зээлээ төлж, барьцаанаас суллангуут газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж амаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарантуяагийн тайлбар, гэрч Х.Сувдмаагийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
7.Улмаар 2007 онд *******, Тайнь 1 гудамж, 1-1 тоот хаягт өрхийн тэргүүн Ж.Энхжаргал, эхнэр Д.Сарантуяа хүүхдүүдийн хамт бүртгэгдсэн нь 200109167361 дугаар бүхий хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр болон Ж.Энхжаргалыг дээрх хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
8.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар мэдүүлгээс дүгнэхэд дээрх газрын анхны өмчлөгч Х.Сувдмаа, Ү.Эрдэнэ нар 700 м.кв газрын 318 м.кв хэсгийг Ж.Энхжаргал, Д.Сарантуяа нарт, үлдэх хэсгийг Ж.Батжаргалд худалдсан, худалдан авсан Ж.Энхжаргал, Д.Сарантуяа, Х.Батжаргал нар газрын цэгийг тогтоож, хашаагаа хамарласан, тус тусдаа тоотод амьдардаг болох нь тогтоогдож байна.
9.Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилогдож, банкинд бүртгэлтэй хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгах, зөрчилгүй хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогоор иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг барагдуулах ажиллагааг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд маргаан бүхий дээрх орон сууц А.Ариунболдын нэр дээр бүртгэгдэж, бичиг баримтын зөрчил болон өмчлөх эрхийн маргаангүй газрыг хөндлөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр нийт 5 удаа нээлттэй дуудлага худалдаа явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар Г.Оюунцэцэгт худалдан борлуулж, уг газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Капитал банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дүгээр М.Норжинд хүргүүлсэн мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар Г.Оюунцэцэгт хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна.
10.Капитал банк ХХК-ийн дээрх мэдэгдэл, албан бичиг, зохигчийн тайлбараас дүгнэхэд Х.Сувдмаа Х.Батжаргал нар Капитал банк ХХК-иас авсан зээлээ төлөөгүйгээс барьцаанд тавьсан газар тус компанийн өмчлөлд шилжиж, улмаар хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон болно.
11.Ж.Энхжаргал, Д.Сарантуяа нар дээрх газрыг худалдан авч, олон жил амьдарсан нь үнэн боловч тухайн үед бичиг баримт зөрчилтэй, барьцаанд байснаас шилжүүлэн авах боломжгүй байсныг мэдэж байсан, өөрөөр хэлбэл Х.Сувдмаа Х.Батжаргал нарын буруутай үйлдлээс өмчлөх эрхээ олж авч чадаагүй, тэдний буруутайг мэдсээр байж худалдан авсан 2005 оны 6 дугаар сараас Г.Оюунцэцэгийн өмчлөгчөөр тогтоолгох 2022 оны 01 дүгээр сарын 03 хүртэл энэ олон жилийн хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хууль, шүүхийн байгууллагад гомдол нэхэмжлэл гаргаагүй, тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
12.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхгүй, дээрх газрын өмчлөгч Г.Оюунцэцэг болох нь түүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Ж.Энхжаргалын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Г.Оюунцэцэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн хуучнаар 9 дүгээр хороо, одоогийн 16 дугаар хороо,*******, 1-1 тоотод байрлах, 18632304031166 нэгж талбарын дугаартай, 700 м.кв гэрийн бүлийн хэрэгцээний зориулалтай газрын 318 м.кв хэсгийг М.Норжин Д.Сарантуяа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.Энхжаргал *******,*******, 1-1 тоот газрын 318 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын Х.Сувдмаа, Х.Батжаргал, П.Гэрэлмаа нарт холбогдох хэсгээс татгалзсныг баталсугай.
3.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Хан-Уул дүүргийн хуучнаар 9 дүгээр хороо, одоогийн 16 дугаар хороо,*******, 1-1 тоотод байрлах, 18632304031166 нэгж талбарын дугаартай, 700 м.кв гэрийн бүлийн хэрэгцээний зориулалтай газрын 318 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Ж.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оюунцэцэг, Д.Сарантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Сарантуяа, М.Норжин нараас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунцэцэгт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН