Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2016/0389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, , тоотод байрлах р ХХК /РД: /,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбай-3 тоотод байрлах Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ,, А ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, р ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Ө*******, иргэдийн төлөөлөгч П.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч р ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дахь Намир нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж өргөдлийн бүртгэлийн /*******/ дугаар бүртгүүлсэн юм. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох өргөдөл хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.

Манай компани энэ шийдвэрийг нь буруу гэж үзээд холбогдох хуулийн заалтыг үндэслэн, тодорхой тайлбартайгаар дахин хянуулахаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга н.Ч******* болон Ашигт малтмалын газрын дарга Д.Ү******* нарт өргөдлөөр олгох боломжгүй болсон шалтгааныг шалгах хүсэлтийг шат дараалан тайлбар мэдэгдэлтэйгээр өгсөн боловч дараах хариултыг өгдөг бөгөөд эдгээр шийдвэрийн хариу нь манай өргөдлийн шаардлагыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасантай нийцүүлээгүй, талбайн тодорхой хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.5 дахь заалтуудыг дурдсан нэг л утга бүхий хариулт өгдөг юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.5 дахь заалтууд нь манай өргөдлийн талбайд хамрагдах үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д улсын хилээр хиллэсэн бол, 17.3.5-д хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц бүхий газар гэж заасан байдаг.

Эдгээр заалтууд нь манай өргөдлийн талбайд ямар ч хамааралгүй ба харин манайд хамаарах хуулийн заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалт бөгөөд энэ нь энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байх, энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай гэж заасан заалтыг нийцүүлэн өргөдлөө гаргасан.

Манай өргөдлийн талбайн зүүн талын хязгаар нь 5, 6 дугаар цэгүүдээр хязгаарлагдаж байгаа ба талбайг дөрвөн өнцөгтөөр бодож авахаар бол дөрвөн өнцөгтөд 5 дугаар цэгийн хойд талд багтаж байгаа гурвалжин хэсэг, талбайн орон зай нь өргөдлийн талбайгаас тусдаа талбай болох учир энэ нь харин Ашигт малтмалын тухай хуулийг зөрчих тул энэ гурвалжин талбайг авах ямар ч боломжгүй.

Энэ гурвалжин хэсэг талбайг заавал дөрвөн өнцөгтөд багтааж авах талаар Ашигт малтмалын тухай хуульд ямар ч заалт байдаггүй бөгөөд харин 5 дугаар цэгээс ядаж 001 секундээр илүү гаргаж авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д нийцүүлэн тэгш дөрвөн өнцөгтөд багтааж авах заалтыг зөрчих байсан юм. Гэтэл манайх талбайн баруун талын 5 дугаар цэгийн хязгаарыг 00001 секундээр илүү гаргалгүйгээр 6 дугаар цэгтэй уртрагийн дагуу шууд холбосон тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймээс талбайг дөрвөн өнцөгтөд багтааж авахуулахаар шахаад байгаа талбайг мэргэжилтнүүдийн шаардлагад нийцүүлэх ямар ч боломжгүй гэж үзээд эдгээр удаа дараагийн тайлбарыг шат дараалан гаргасан боловч хүлээж аваагүй.

Манай компанийн удаа дараагийн тайлбарыг шат дараатайгаар хянаж үзэхдээ нэг загварын тайлбар өгөөд байгаа нь:

Энэ гурвалжин талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д нийцүүлэн авахуулахын тулд Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлтийн мэргэжилтнүүдийн зүгээс өргөдлийн талбайг томсгож эсвэл багасгаж ав гэсэн шаардлагыг зохицуулсан ямар ч хуулийн заалт байхгүй тул уг шаардлагыг манай зүгээс зөвшөөрөх үндэслэл байхгүй ба тухайн мэргэжилтнүүд шаардах ч эрхгүй гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын арга барил, туршлагагүй байдал зураг зүйн байршлыг тогтоох байр зүйн зураг дээр ажиллахдаа хуулийн үндэслэлийг ойлгохгүй байгаагаас шалтгаалан олон компани, аж ахуй нэгжүүд хохироод байгаагийн нэг жишээ нь энэ юм. Мөн дөрвөн өнцөгтөд багтана гэж байгаа бол хойд талын жижиг дөрвөлжин талбай багтах ба үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нийцүүлэх гэж байгаа бол яаж авч болохыг мөн тайлбарлаж өгч чаддаггүй. Хэрэв өргөдлийн талбайг хассан ч томсгосон ч ялгаагүй энэ дөрвөлжин талбай үлдэж байгаа тул энэ нь хуулийн заалтад аль ч талаараа зөрчилдөж байгааг мөн тайлбарлаж чаддаггүй. Шалтгаан нь:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга н.Ч******* болон зураг зүйн шүүлтийн мэргэжилтнүүд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалтыг зөрчиж байгаа бөгөөд өөрсдийн байр суурийг хамгаалах зорилгоор ийм шийдвэрүүдийг гаргаж байгаад манай байгууллагын зүгээс гомдолтой байгаа тул тус шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрээд байна.

Бид өмнө нь Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Болормаа, зураг зүйн хэсэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан н.Дагвадорж гуай нараас энэ талаар зөвлөгөө авсан бөгөөд эдгээр мэргэжилтнүүд манай энэ тайлбарыг бүхий л талаас нь зөв болохыг нотолсон юм.

Манай хүсэлтэд Ашигт малтмалын газрын дарга Д.Ү*******, Кадастрын хэлтсийн дарга н.Ч******* нар хариу өгөхдөө хянаж шалгасан мэргэжилтнүүдийн үгээр, тайлбараар нь хандаж байгаа тул нэг л утга бүхий шийдвэр гарах нь ойлгомжтой бөгөөд энэ талаар нарийн мэддэг чадвартай мэргэжилтэн энэ албанд олдохгүй байгаа нь харагдаж байна.

Манай компанийн энэ гомдолд хариулт өгөх боловсон хүчин байхгүй тул танай шүүхийн байгууллагаар хянуулж шийдвэрлүүлэхээс өөр гарц, гаргалгаа байхгүй нь харагдаж байна.

Ашигт малтмалын газрын дарга Д.Ү******* манай хүсэлтийг хүлээж аваад хуулийн хэлтсийн мэргэжилтэндээ нягтлуулахаар өгсөн байдаг ба уг мэргэжилтэн нь үүнийг хянаж үзээд мөн л өмнөх зураг зүйн мэргэжилтэнгээсээ зөвлөгөө авч шийдвэрлэсэн байдаг нь нөгөө л шийдвэр хэвээр гаргах нь ойлгомжтой ба хянасан мэргэжилтнүүд нь өөрсдийн байр суурийг хамгаалж үлдэх нь тодорхой юм.

Төрийн албан хаагчид компани аж ахуй нэгжүүдийн хүсэлт шаардлагыг өөрсдийн хүссэнээр өөрөөр хэлбэл дур сонирхлоороо шийдвэрлэж бүр цаашилбал авилга хээл хахууль авч шийдвэрлэж өгнө гэсэн хувийн сонирхол байдаг нь нууц биш байдагтай холбоотой гэж үзэж байна.

Бид гаргасан өргөдлийнхөө үнэнийг олж шалгуулж шийдвэрлүүлэхийн тулд шүүх байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд манай өргөдлийг шийдвэрлэн үнэн бодит хариулт өгөх төрийн байгууллага тэр тусмаа Ашигт малтмалын газарт байхгүй гэдэг нь харагдаж байна. Иймд Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож р ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...р ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ******* дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Увс аймгийн Өмнөговь сумын Намир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 25302 дугаартай өргөдөлд зураг зүйн шүүлтийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийж тухайн талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт зааснаар ...дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн ... байна гэсэн хуулийн заалтад нийцээгүй тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Өргөдөлд дурдсан хайгуулын талбай ямар шаардлагыг хангасан байх талаар тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 ...Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-д заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно ... гэж заасан ба давхцлыг гаргахгүйн тулд түүнтэй шулуун биш шугамаар хиллүүлэн өргөдөл гаргаж болохыг зохицуулсан болно.

р ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд р ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Одонбаатар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: р ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Намир нэртэй газрын 12570 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн гаргаж, өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс бидний гаргасан өргөдөлд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар холбогдох ажиллагаа, зураг зүйн шүүлт хийж үзээд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авч тэдгээрийн дэмжсэн хариуд үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 363 тоот шийдвэрээр 18310 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэсэн билээ.

Улмаар манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөн хайгуулын ажлын төлөвлөгөөгөө холбогдох журмын дагуу батлуулж хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дээрх тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайгаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот тогтоолоор батлагдсан Усан сан бүхий энгийн хамгаалалттай бүсийн 276.01 га газрыг хэсэгчлэн буцаан өгснөөр үлдсэн талбайг 4 хувааж тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байна.

Гэтэл р ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын
хэлтэст холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх
2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээрээ манай компанийн
эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгаж шийдвэрлэсэн болохыг олж мэдлээ.

Манай компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлөө авч, талбайдаа хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаагийн хувьд тус нэхэмжлэл, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх ингэж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч р ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зураг төсөл бэлтгэснийг төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзээд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Эндээс үзвэл хариуцагч нь гуравдагч этгээдээс гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авч бүртгэх, холбогдох үйл ажиллагаа хийх нь нээлттэй байна. р ХХК-ийн гаргасан өргөдлийн хувьд оршуулгын талбай солбицолд хамаарч байсан хэмээн тайлбарлаад тус хэсгийг авахаас татгалзаж илүү зардал төлөх шаардлагагүй гэж тайлбарлажээ. Ашигт малтмалын тухай хуулиар өргөдөл гаргагч гаргасан өргөдөл нь хуулийн шаардлагад нийцсэн байхыг хариуцдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт энэ хуулийн 17.2.2, 17.2.3-д заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэжээ. Үүнд: Улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай, хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц байна гэжээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл оршуулгын газар гэж заагаагүй бөгөөд мөн оршуулгын газар гэдэг үндэслэлээр орон нутгийн захиргаанаас татгалзсан буюу тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэр баримт байхгүй байгаагаас үзвэл 4 өнцөгт шулуун шугамаар авахад хязгаарласан зүйлгүй, нэхэмжлэгчийн нэг талыг барьсан тайлбар гэж үзэж болохоор байна.

Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтаа нэмж хайгуулын ажлыг эрчимжүүлнэ гэж буй үед бусад этгээдийн зүгээс ийнхүү үндэслэлгүй маргаж байгаач бидний ажлыг хүндрүүлж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч П.Э******* тусгайлсан саналгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч р ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Увс аймгийн Өмнөговь сумын нутагт 8263 га-д нийт 8 солбицол бүхий Намир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байх бөгөөд тус газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлтийг хийгээд ...шулуун биш уртраг өргөргийн дагуух чиглэлтэй давхцаагүй, нөөцөд авсан талбайтай давхцалтай гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзжээ.

Ийнхүү Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрээр Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Намир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн нэхэмжлэгч р ХХК-ийн ХА-018066, ******* дугаартай өргөдлийг ...хэлбэр, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлын хариуд Ашигт малтмалын газраас ...маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өргөдлийн эрхийг сэргээх боломжгүй талаар хариу өгчээ.

Нэхэмжлэгчийн өргөдөл гаргаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж буй талбай нь зураг зүйн шүүлт хийсэн зургаас үзэхэд нөөцөд авсан талбай болон өмнө өргөдөл гаргасан бусад талбайтай хиллэсэн хэсгээрээ тэгш бус, бусад хэсгээрээ тэгш өнцөгт, шулуун шугамаар холбогдсон байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна, 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай нь хуулийн шаардлагад нийцээгүй ба зарим хэсгээр нь тэгш, дөрвөн өнцөгт бус, нэг талаараа уртрагтай давхцсан шулуун шугамаар хүрээлэгдээгүй, оршуулгын газар байгаа хэсгийг үлдээж, өргөдлөө гаргасныг хянан үзэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрээр р ХХК-ийн Увс аймгийн Өмнөговь сумын Намир гэдэг газарт ашигт малтмалын хайгуулын ХА-018066 дугаартай тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч р ХХК-ийн үлдээсэн оршуулгын газрыг гуравдагч этгээд болох Асумо ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр 18310 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн нь тухайн талбайг нэхэмжлэгч авах боломжтой байсан бөгөөд үлдээсэн талбайг хуульд заасан шаардлагын хүрээнд бусад этгээд авах боломжийг хаасан кадастрын зураглалыг үйлдсэн байна.

Иймд нэхэмжлэгч р ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, р ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч р ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, р ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

А.САРАНГЭРЭЛ