Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00595

 

 

М.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00005 дугаар шийдвэртэй, М.Уын нэхэмжлэлтэй, Д.Пд холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 2 дугаар сард ураг төрлийн хамаатан хүн болох Д.Птэй ярилцан үл хөдлөх хөрөнгийн 40 метр квадратыг худалдахаар тусгаарлагч хана хийсэн. Тухайн үед албан ёсоор бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй, 40 м.кв ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Пд 60,000,000 төгрөгөөр худалдан, мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл буюу 3 жил сар бүр 1,666,667 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон. Д.П нь эхнээсээ тохирсон хугацаандаа мөнгөө өгдөггүй байсан ба сар хэтрүүлэх, зарим сарын мөнгийг дараа сард хуваан өгөх зэрэг зөрчлийг байнга гаргадаг байснаа 2018 оны 9 сараас хойш огт төлөлт хийгээгүй. Д.Пгийн нийт тушаасан мөнгө 30,000,000 төгрөг болсон. Тэр уг ажлын байранд одоо үсчин, гоо сайхны салон ажиллуулдаг. Анх тохиролцсоноор бол 2018 оны 12 сард 60,000,000 төгрөгөө төлөөд дуусчихсан байх ёстой байсан. Удаа дараа мөнгөө хугацаандаа өгөхийг мэдэгдэж шаардаж байсан боловч өгөөгүй, одоо миний байрнаас гарахгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Хэрэв энэ хүнд үл хөдлөх хөрөнгөө эзэмшүүлээгүй бол бизнесийн зориулалтаар сард 1,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн бол 3 жилийн дотор 36,000,000 төгрөг хамгийн багаар бодоход олсон байх ёстой байсан. Иймд П.Пүрэвсүрэнгийн өгсөн 30,000,000 төгрөгийг түрээсэнд тооцон энэ хүнийг өөрийн үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оргилбаярын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нь иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Б байр, 3 тоот үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч байх, маргааны зүйл болох хөрөнгө бусдын эзэмшилд байх, тухайн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч нь маргаан болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан Ү-2204056641 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаад талуудын аль аль нь маргаагүй. Хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх дээр тайлбар хийх нь зүйтэй. Хариуцагч нь маргаан бүхий хөрөнгийг Шинэ Гарц ХХК-тай байгуулсан 2016 оны 02 сарын 26 ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарладаг. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хууль зөрчиж хийсэн гэрээ тул анхнаасаа орон сууцыг эзэмших эрхийг үүсгэхгүй. Гэтэл уг гэрээг орон сууцны хууль ёсны өмчлөгч М.У бус бусад этгээд худалдах гэрээ хийсэн нь өмчлөгчийн эрхийг шууд зөрчсөн. Хариуцагч уг гэрээг нэхэмжлэгч М.У зөвшөөрсөн гэж тайлбарлаж байх боловч уг хэлцэл нь Иргэний хуулийн 50.1-т заасан зөвшөөрлөөр хийх хэлцэл биш. Хавтас хэрэгт М.У нь Шинэ гарц ХХК-д өөрийг нь төлөөлж гэрээ байгуулсан итгэмжлэл олгосон, эсхүл шаардах эрхээ шилжүүлсэн баримт байдаггүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулсан байхыг шаарддаг. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь уг хэлбэрийн шаардлагыг шууд зөрчсөн байна. Хариуцагчийн маргаж буй гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч анхнаасаа хууль бусаар маргаан бүхий орон сууцыг эзэмшсэн нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдаж байх тул хариуцагчийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 48Б байрны 3 тоот үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлж өгнө үү гэжээ

Хариуцагч Д.П шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Б байр 3 тоот хаягт байрлах Ү-2204056641 дугаар бүхий гэрчилгээтэй 69,5 мкв байрыг зээлээр худалдах худалдан авах гэрээ М.Утай байгуулж байгаагүй. Харин 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Шинэ гарц ХХК-ийн захирал Б.Бадамрагчаатай /үеэл дүү/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Тарвилан хотхоны В байрны 1 давхрын /48Б байр/ 2 тоот 40.0 мкв 2 өрөө байрыг 3 жилийн хугацаатай 60 000 000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед Б.Бадамрагчаа ах дүү хүмүүс байна, гэрээ графикаар яах вэ, ордер бичиг баримт нь банкинд байгаа та боломжоороо төлөөд явж бай гэж хэлж байсан. Манай талаас бичиг баримтыг нь нэр дээр гаргаад өгчих, төлбөр тооцоогоо дуусгая гэж амаар олон удаа хэлсэн боловч шийдвэрлэж өгөхгүй болохоор нь бичгээр хүртэл хүсэлт гаргаж байсан. Эхнэр Б.Будсүрэн үсчин мэргэжилтэй 2015 оноос өөрийн гэсэн ажлын байр хайж байсан. Тухайн үед Бадамрагчаагийн ээж Ноёд констракшн ХХК захирал Билэгт /Миний ээжийн төрсөн дүү/ дуудаж уулзаад манайд 1 өрөө байр байна. Танайх ажлын байр хайж байгаа гэсэн, тэрийг засаж тохижуулаад орох уу гэж санал тавьж байсан. Тухайн үед ажиллаж байсан газраа худалдаж авахаар тохирсон байсан. Эхнэртэйгээ зөвлөж ярьж байгаад тавьсан санал, төлбөрийн нөхцлийг бодолцон Тарвилан хотхоны Б байрыг сонгосон юм. Орон сууцны зориулалттай 1 өрөө байр хүн амьдарч байсныг аваад тагт хэсгийг нь ашиглан сунгаж үйлчилгээний байр болгон гадагш шат гарган, иж бүрэн засвар хийж, тоног төхөөрөмж суурилуулан нийт 30,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Шүүхээс бичиг ирсний дагуу М.Удвалжаргалтай утсаар ярихаар утсаа авдахүй байхаар нь ажлынх нь гадаа уулзсан юм. 2016 оны 8 сараас бие маань хүндээр өвдөж 9, 10 дугаар сард дотоодын эмнэлгүүдээр хэвтэж, эхнэр намайг сахиж ажлаа хэвийн явуулж чадаагүй. 11 сард яаралтай элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй болж хоёр донороос элэг шилжүүлэн суулгуулсан, хагалгааны зардалд 280 орчим сая төгрөг зарцуулж ирээд хагалгааны дараах эмчилгээнд сард 3,000,000 гаруй төгрөг зарцуулдаг байсан. Тухайн үед Бадамрагчаа болон түүний ээж С.Билэгт нар мөнгө төгрөг яах вэ. Амь нас чухал. Наад байрны асуудал яахав болно, боломжоороо төлөөд яваарай гэдэг байсан. Бие гайгүй болж эхнэр ажлаа хийж эхлээд 6 сараас нь 2017 оны 500,000 төгрөг төлж эхэлсэн. Эхнэр бид хоёр ярилцаад бичиг баримтаа өөрийн нэр дээр гаргуулж банкны зээлд хамрагдаж, ажлын байрны өр төлбөрийг барагдуулъя гэж Бадамрагчаад хандсан. Гэтэл Бадамрагчаа байрны бичиг баримт банкинд байгаа, таны бие сайжраагүй, эм эмчилгээнд их мөнгө төгрөг орж байгаа юм чинь санаа зоволтгүй, боломжоороо явж бай гэж хэлж байсан. 2018 оны 6 сараас амаар хэд хэдэн удаа хандсан. Нөгөө л банкинд барьцаанд байгаа гэж хэлдэг. 2018 оны 7 дугаар сард манай ажлаас 30,000,000 төгрөгийн урамшуулал гэж эмчилгээ, өр төлбөрөө зарцуулаарай гэж өгсөн байдаг. 2018 оны 9 дүгээр сард дахин амаар болон бичгээр хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Урьдын адил банкинд байгаа, эсвэл мөнгөө авах уу, өөр байр хайх уу гэж хэлсэн. Гэтэл энэ үсчин гоо сайхан ажлын байр бол бидний бүхэл бүтэн 3 жилийн хөдөлмөр болно. Үлдэгдэл 30,000,000 төгрөг дээр нэмээд Тарвалин хотхонд 1 өрөө байр 300,000 төгрөгөөс 400,000 төгрөгөөр хөлсөлдөг юм байна. 3 жилийн 36 сарыг 400,000 төгрөгөөр тооцоход 14,400,000 төгрөг болох юм байна 15,000,000 төгрөг болгоод, нийт 45,000,000 төгрөгийг төлье гэрчилгээг гартал сард төлөх мөнгөө төлөхгүй, нэг мөсөн бөөнд нь барагдуулаад дуусгая гэж 9 сард тэгж хүртэл хэлсэн болно. Өнөө маргаашгүй мөнгөө төлчихье бичиг баримт нь хэзээ гарах вэ, нэр хэзээ шилжих вэ тодорхой хугацаа хэлчих гэсэн боловч тоймтой хариу өгөөгүй. Эхнэр бид хоёр ярилцаж байгаад нэр дээр гартал нь мөнгөө төлөхгүй байхаар шийдвэр гаргаад өдийг хүрч байна. Энэ хугацаанд нэг ч удаа мөнгөө төлөх талаар ярьж хэлсэн зүйл байхгүй. Тухайн компанид сар бүр 1,666,667 төгрөг төлөх график гаргаж 26 удаа төлөлт хийж 30,000,000 төгрөг төлсөн. Иргэн М.Утай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 48Б байр 3 тоот хаягт байрлах Ү-2204056641 дугаар бүхий гэрчилгээтэй 69,5 мкв байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.П сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Ноёд констракшн ХХК болон М. Удвалжаргал нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь эрх ашгийг хөндсөн хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа юм. Шинэ гарц" ХХК-ийн захирал Б.Бадамрагчаа болон Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгт нартай харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвалин хотхоны 48Б байрны 1 давхрын 3 тоот хаягт байрлах орон сууцны 40 м.кв талбайг зээлээр худалдаж авахаар тохиролцон, 2015 оны 9 дүгээр сард амаар хэлцэл байгуулсан юм. Нэгэнт тус үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдаж авахаар тохиролцсон тул 2015 оны 9 дүгээр сард тухайн үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, 2015 оны 10 сараас шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авчран засвар үйлчилгээ эхлүүлсэн. Засвар үйлчилгээ 2015 оны 12 сард бүрэн дуусч, үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн учраас би 2016 оны 1 сараас эхлэн сарын 2 000 000 төгрөгийг Б.Бадамрагчаад бэлнээр төлж эхэлсэн бөгөөд, хэлцлийн дагуу төлбөрийг сар бүр төлөх ёстой байсан учир төлбөр төлөлтөө баталгаажуулах үүднээс миний бие санаачлага гарган загвар гэрээ олж, өмнө нь буюу 2015 оны 09-р сард амаар тохиролцсон хэлцлээ баталгаажуулан 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн огноотойгоор хэлцлээ бичгэн хэлбэрт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Шинэ гарц ХХК-ийн захирал Б.Бадамрагчаа болон Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгт нартай Иргэний хуулийн 40.1, 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 09 сард гэрээ байгуулсан юм. Гэтэл Шинэ гарц ХХК-ийн захирал Б.Бадамрагчаа болон Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгт нар ийнхүү тохиролцож, эд хөрөнгөө шилжүүлж өгсний дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг М.Уд шилжүүлэн өгсөн байна. Энэ нь хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа төдийгүй, М.Утай гэрээ байгуулж буй талаараа ямар нэг байдлаар огт мэдэгдээгүй ба М.Уын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэгдсэн гэдгийг шүүхэд хариуцагчаар татагдсан үеэс л мэдсэн болно. Энэ нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрзэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж заасны дагуу анхлан эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон надад тухайн орон сууцыг М.Уд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаа талаар мэдэгдээгүй төдийгүй, тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан хүний зөвшөөрлийг авалгүйгээр эд хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлсэн байна. Ноёд констракшн ХХК болон Б.Бадамрагчаа нартай анх тохиролцож хэлцэл хийснээр тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авч, түүний үнийг тохиролцсоны дагуу төлж байсан учир уг байрыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ноёд констракшн ХХК болон Мягмарцэрэн овогтой Удбалжаргал нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусд хүчин төгөлдөр бусд тооцож, тухайн хэлцлийн үр дагавар болох 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ү-2204056641 тоот М. Удбалжаргалын нэр дээр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оргилбаяр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ эрх зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал: Хариуцагч нь уг гэрээг 2015 оны 9 сард байгуулсан гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч тайлбар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь өөрийн дээрх тайлбараа шүүхэд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гуравдагч этгээд Ноён констракшн ХХК-ийн зүгээс амаар тохирсон зүйл байхгүй хэмээн нотолдог. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж нотириатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг тавьдаг. Гэтэл хариуцагч нь энэ гэрээг амаар байгуулсан гэж маргаж байгаа нь хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч өөрийн үзэмжээр хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Ноёд констракшн ХХК нь өөрийн үзэмжийн дагуу нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцыг бэлэглэсэн байна. Монгол улсын хууль тогтоомжоор өмчлөгч өөрийн эд зүйлээ бусдаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлэх эрх зүйн орчин байхгүй. М.У өмчлөгч байхад та бүхэн өөр этгээдтэй гэрээ хийсэн байна. Та нарын байгуулсан гэж ярьсан гэрээ чинь байгуулагдаагүй. Тухайн орон сууцыг хэн захиран зарцуулж, шийдэж байгаа нь нэхэмжлэлд тодорхой харагдана. М.У нь өөрөө өмчлөгч, захиран зарцуулж, эзэмших эрхтэй учир нэхэмжлэлээ гаргаж явсан байхад С.Билэгт захирал мэддэг юм биш үү гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Иргэний хуулийн 50.1.1-т заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн үндэслэл болгож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Ноён констракшн ХХК-н зүгээс сөрөг нэхэмжлэлтэй танилцан хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж байна. Маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 48Б байр, 3 тоот байршилтай үл хөдлөх хөрөнгө нь компанийн өмч байсан гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримт бичгүүдээр тогтоогдож байгаа. Тиймээс иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр иргэн М.Уд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн юм. Тэр үед ямар нэгэн байдлаар иргэн Д.Пд шилжүүлэх тохиролцоо байгаагүй бөгөөд уг бэлэглэлийн гэрээний харилцаанд гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдсөн зүйл огт байхгүй. Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.4-т заасны дагуу Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулхаар шаардаж болно. Гэхдээ уг заалтын сонирхогч этгээд гэдэг нь тухайн хүчин төгөлдөр бус гэрээний улмаас ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хэлдэг. Д.Пд уг гэрээний улмаас эрх зөрчигдсөн зүйл байхгүй байна. Хариуцагч болох Д.П нь маргааны зүйл болж буй үл хөдлөхийг худалдах, худалдан авах гэрээг Шинэ Гарц ХХК-тай байгуулсан, харин хууль ёсны өмчлөгч иргэн нь М.У юм.Тиймээс энэ тохиолдолд Ноён констракшн ХХК нь уг маргаанд гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй бөгөөд мөн нэхэмжлэгчтэй байгуулсан бэлэглэлийн гэрээ ч хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэрэйд овогт Мягмарцэрэнгийн Удбалжаргалын Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 48Б байр 3 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс 40 м.кв талбайг хариуцагч Гэлэнгүүд овогт Доржийн Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Гэлэнгүүд овогт Доржийн Пүрэвсүрэнгийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Билэгт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Б.Бадамрагчаа болон Д.П нарын хооронд 2016 оны 02 сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 53.1-т заасны дагуу эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийг дэмжин зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно, энэ тохиолдолд 40.1-т заасны дагуу нөгөө тал хүсэг зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ. Гэтэл бодит байдал дээр иргэн М.Уаас Д.Пд хандан дээрх гэрээг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гаргаагүй. Хариуцагч ч ийм хүсэл зоригийн илэрхийлэл хүлээн аваагүй. Энэ нь хариуцагч тус орон сууцны өмчлөгч нь М.У гэдгийг мэдээгүй гэсэн тайлбараас тодорхой харагддаг. Хариуцагчаас гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээнд гэрээний нөгөө тал гэгдэх Б.Бадамрагчаагийн гарын үсэг зурагдаагүй, зурсан гарын үсгийг илтэд хусч арилгаж хэнийх болох нь тогтоогдохгүй болгосон байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгн этгээд гэсэн үсэг зурснаар хүчин төгөлдөр болно." хэмээн заасан, Энэ тохиолдолд хариуцагч Б Бадамрагчаа нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байхад ийнхүү гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжүүлэх гэрээг өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага тавьсан. Гэтэл шүүгч 40м.кв талбай нь Ү-2204056641 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг тул уг гэрээнд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлага тавигдахгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Ү-2204056641 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь 69,2 м.кв талбай бөгөөд үүний нэг хэсэг нь 40м.кв болох нь үнэн. Гэвч ийнхүү үл хөдлөх хөрөнгийн нэг хэсгийг зарж байгаа тохиолдолд хэлбэрийн шаардлага үйлчлэхгүй гэх шүүхийн дүгнэлт илт өрөөсгөл. 40 м.кв талбай нь үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг байгаагаараа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх мөн тул 109.2-т заасан шаардлага нэгэн адил тавигдана. Харин энэ тохиолдолд гэрээний талуудад тус 69.2 м.квадрат талбайгаар 40 м.кв-ийг нь салгаж бүртгүүлэх л нэмэлт шаардлага тавигдах юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тодорхой заасан байтал уг харъяаллыг зөрчиж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдсэн байна. Нэхэмжлэгч нь анхнаасаа хариуцагчийг өөрийн үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулах шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ огт дурдаагүй. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлийг сонсоод шүүгч анхнаасаа 205.1-т заасан шаардлага гаргаж байна гэж ойлгосон, одоо нэхэмжлэлийн шаардлагаа соль гэх мэтээр шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийг эрхийг шууд зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М.У Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Б байрны 3 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.Пгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхэр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргажээ. /хх1, 169-170/

М.У нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Б байрны 3 тоотод байршилтай 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь, мөн маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримт хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /хх-128/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримт болон, гэрээ хэлцлийн үндсэн дээр хариуцагч уг эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж анхан шатны шүүх хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг уг эд зүйлийг хууль бусаар буюу шудрага бусаар эзэмшилдээ байлгаж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нөгөө талаар хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, мөнгө төлж байсан хуваарь, төлбөрийн баримт зэргээс үзэхэд хариуцагч Д.П нь Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгт, түүний хүү Шинэ гарц ХХК-ийн захирал Б.Бадамрагчаа нартай 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар хийсэн хэлцэл, зөвшөөрлийн дагуу 2016 оноос эхлэн маргааны зүйл болох 40 м.кв талбайд үсчин гоо сайханы газар ажиллуулан ашиглаж эзэмшиж байсан нь нотлогдсон, үүнийг нэхэмжлэгч мэдэж хүлээн зөвшөөрч байсан болох нь түүний 2019 оны 05 сарын 01-ны өдөр Цагдаагийн байгууллагад өгсөн ... Тиймээ зөвшөөрөөд цувуулаад мөнгийг авахаар тохирсон байсан ... гэх гэрчийн мэдүүлэг болон түүний тайлбар зэргээр тогтоогдсон. Энэ талаар шүүх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно./1хх-45-46,47,48,58, 2хх-43/

Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн хувьд маргаж буй 40 м.квадрат талбайг худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн уг гэрээг хэзээ байгуулагдсан эсэхээс үл хамааран өмчлөгч өөрийн эд хөрөнгийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ өмнөх гэрээний талд мэдэгдээгүй нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасантай нийцжээ.

Гуравдагч этгээд нь давж заалдах гомдолдоо худалдах худалдан авах гэрээний нэг тал болох Б.Бадамрагчаагийн гарын үсэг зурагдаагүй, зурсан гарын үсгийг арилгасан, уг гарын үсгийг хэн зурсан болох нь тогтоогдохгүй, гэрээг хууль бусаар үйлдсэн гэх боловч тухайн нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Учир нь ... нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах... талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан.

Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дах хэсэгт Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй гэж заасан. Гэтэл гуравдагч этгээд нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэн үүснэ.

Анхан шатны шүүх маргаан бүхий 40 м.кв талбай нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг бөгөөд тусдаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлага тавигдахгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн, уг байрны нэг хэсгийг нь шилжүүлэн өгөх агуулгатай, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой энэхүү гэрээний хувьд гэрээний зүйл нь тусдаа гэрчилгээтэй объект гэж авч үзэхгүй, үл хуваагдах шинжтэй эд хөрөнгө юм. Үүнийг зохих журмын дагуу хуваасны үндсэн дээр бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд бие даасан үл хөдлөх хөрөнгө гэж үзэж түүнтэй холбоотой хэлцэлд тавигдах хуульд заасан шаардлага тавигдах учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийн тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд зохигч маргааныг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарахгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэн хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Б.НАРМАНДАХ