Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 594

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00594

 

 

 

ХХМТГйн

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00137 дугаар шийдвэртэй, ХХМТГйн газрын нэхэмжлэлтэй, Ц.Ц ХХК-д холбогдох, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хураамжид 6 630 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чээсүрэн, Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХМТГнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гаргсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-с жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хот 1,500,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоолоор 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хот 1,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаар тогтоолоор 2015 онд төвлөрүүлэх хэмжээг Улаанбаатар хот 1,130,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Ц.Ц ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар тогтоолоор IPS 2007 оноос 2013 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2007 оноос 2015 онд 6,630,000 төгрөгийн авлага үүсээд байна. Дээрх хөрөнгийг төвлөрүүлэхийг шаардаж Ц.Ц ХХК-д 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7/289 тоот албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/102 тоот албан бичиг, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/119 тоот албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/416 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/800 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/118 тоот албан бичгээр тус тус шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлж байсан. Шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл тус компани нь хөрөнгөө төвлөрүүлээгүй байна. Ц.Ц ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цуцалсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа 4 375 000 төгрөг болгон багасгаж байна. Иймд Ц.Ц ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй. Учир нь Ц.Ц ХХК-ийг 1 хүний үүсгэн байгуулагчтайгаар байгуулж, БНСУ-д амьдарч буй хүмүүсийн ачаа, бараа зэргийг хүргэх шуудангийн үйлчилгээг үзүүлэхээр дээрх төрийн байгууллагаас 2007-2013 он хүртэл тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлсэн. 2013 онд энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, үйл ажиллагаа явуулаагүй, сунгуулаагүй, дахин зөвшөөрөл аваагүй. Тиймээс нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2013, 2014, 2015 оны төлбөр гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 2007-2011 онуудад энэхүү төлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас юунд зарцуулдаг, ямар учиртай төлбөр хураамж авч байгаа талаар тайлбарлан ойлгуулж байгаагүй, таниулалгүй төлбөр хураамж гэж авдаг. Тухай бүрт нь тэр бүр нэхсэн болгоныг нь өгдөг байсан. Түүнээс гадна нэхэмжлэгч ХХМТГшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ...-ний дагуу дээрх хөрөнгө болох мөнгийг жил бүр төлөх үүрэг хүлээдэг гэж дурдсан ч 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 462/Б/1роз139 дугаар байгуулсан гэрээнд энэ талаар ямар ч үг, үсэг төлбөр төлөх талаар тусгаагүй, худал зүйл бичсэн байна. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан тэрхүү холбогдох олон хуулиар үүрэг хүлээдэг талаар хэлж, ойлгуулж байгаагүй, мэдэхгүй болно. Иймд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхсэн 6.630.000 төгрөгийг төлөх боломжгүй, миний бие өрх толгойлсон ганц бие эмэгтэй, ямар нэгэн орлого байхгүй, эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай улмаас үр хүүхдийнхээ олж ирсэн цалин орлогоор арай гэж хоногийн хоолоо залгуулан амьдарч байна. Дээрх төлбөрийн төлөх үндэслэлгүй байх тул шүүх энэхүү тайлбарыг хуулийн хүрээнд судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ц ХХК-иас 4 375 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХМТГ/Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Ц.Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 84 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ХХМТГнь нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх тухайд хариуцагч талаас маргасныг шүүх шийдвэрлэхдээ хариуцагч Ц.Ц ХХК-аас шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хугацааны 2008 оноос 2013 оны төлбөр 4.375.000 төгрөгийг гаргуулан Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар /бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-д олгож шийдвэрлэсэн байна. Ц.Ц ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Харилцаа холбооны зохицуулах хороо-ны № 45 тоот Тусгай зөвшөөрлийн тухай тогтоол-ын 1-р хавсралтын дагуу УБ-БНСУ-ын Кванжу хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээг 2007 оны 10 дугаар сараас 2010 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд эрхлэх зөвшөөрлийг олж авсан байх ба улмаар Харилцаа холбооны зохицуулах хороо-той Б ангиллын Тусгай зөвшөөрлийн гэрээ-г 2007 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Дээрхи тусгай зөвшөөрлийн гэрээ нь 2013-11-р сар хүртэл сунгагдан Ц.Ц ХХК нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулж ирсэн. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо нь оноосон нэрээ огт өөрчлөлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдүүдтэй түүн дотор Ц.Ц ХХК-тай байгуулсан тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох үйл ажиллагаануудад хяналт тавьж ирсэн байна. Харилцаа холбооны зохицуулах хороо-ны цахим хуудсанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зовшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах газарт гаргах бөгөөд тусгай зөвшөөрлийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр тооцооны үлдэгдэлгүй байх нөхцлийн шаардлагатай болохыг зааж өгсөн. Тиймээс хариуцагчийн 2019-12-12-ны өдрийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо-ноос гарган өгсөн 2019-12-16-ны өдрийн № 1/1740 дугаартай албан тоотын хавсралтын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн № 06/439 дугаартай Ц.Ц ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн албан тоотод ...2013-12-26-ны өдрийн албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу гэсэн 7 төрлийн зөрчлийн хүрээнд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийг төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэсэн утга бүхий агуулга огт байхгүй байх ба харин үйлчилгээтэй холбоотой зөрчил дутагдлыг зохих хугацааны дотор арилгаж байж тусгай зөвшөөрлөө сунгуулах, хэрвээ зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах тухайд мэдэгдсэн байдаг. Анхан шатны шүүхийн нэхэмжлэх эрхтэй этгээд гэж дүгнэсэн Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар нь 2004-10-20-ны өдөр № 207 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдаж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба шүүхийн шийдвэрт зааснаар оноосон нэр нь ХХМТГРД/5202965/ болж 2016-08-19-ний өдөр өөрчлөгдсөн байна. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар буюу оноосон нэрээ өөрчилсөнөөр ХХМТГболсон хуулийн этгээдүүд нь тус тусдаа оноосон нэртэй, өөр өөрийн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг хуулийн этгээдүүд учир нэгнийхээ өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй байсан. Анхан шатны шүүх өөр өөр хуулийн этгээдүүдийн нэгнийх нь эдлэх эрхийг нөгөөд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлийг зөрчсөн нь нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр ханган шийдвэрлэх үндэслэл болсон гэж үзэж байна. Мөн нөгөө талаар анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны тухайд илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Хариуцагч Ц.Ц ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороо-той тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх Б ангиллын гэрээг байгуулсантай холбоотой гэрээний үүргийн биелэлтийг шаардан нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэлийн шаардлагад илэрхий тусгагдсан. Тэгвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын тухайд шийдвэрлэхдээ гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэхэд дүгнэлт хийх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсгийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Зүй нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа 2013-11-р сараас хойш тооцоход 2016-10-р сард дуусгавар болсон байгааг шүүх анхаарсангүй, харин ч эсрэгээрээ хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж хөөн хэлэлцэх хугацааны тухайд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

ХХМТГнь Ц.Ц ХХК-д холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх үүрэгт 6 630 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 255 000 төгрөгөөс татгалзаж, 4 375 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтаар Засгийн газарт Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах эрх олгогдсоны дагуу Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолоор баталжээ. Уг журмын 2.1-д сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт хариуцуулахаар зааж, сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2, 22.1, 22.2-т заасны дагуу бүрдүүлэхээр заасан байна. Иймд нэхэмжлэгч нь сангийн хөрөнгийг бүрдүүлүүлэхээр үүрэг бүхий этгээдэд хандан шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.

Тэрээр 4 375 000 төгрөгийг шаардсан үндэслэлээ хариуцагч компани нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан ба шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульд нийцүүлэн зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг гэрээний үүрэг шаардсан гэж үзэх боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцох үндэслэлгүй юм. Төлбөр төлөх гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрээ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс үнэлэх боломжгүй байна. /хх-168/ Хариуцагчийн нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа дуусгавар болсон гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Ц.Ц ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолын дагуу шуудангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2, Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу түүнийг бүх нийтийн үүргийн үйлчилгээний санд хөрөнгө төвлөрүүлэх үүргийг хүлээсэн этгээд гэж үзнэ.

 

Гэвч анхан шатны шүүх эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагч Ц.Ц ХХК нь Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан байх бөгөөд тэрээр уг зөвшөөрөл эзэмшиж байх хугацааны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх ёстой байсан хураамжийг төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.

Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заахдаа тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү байна гэжээ.

 

Шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа этгээдээс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо жил бүр шинэчлэн тогтоосон гэж нэхэмжлэгч тайлбарлан, тухай бүр тогтоосон хэмжээгээр хөрөнгийг санд төвлөрүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж 2010-2013 онд хамаарах нийт 4 375 000 төгрөгийг шаардсан боловч төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг татвар ногдох орлогынх нь 2 хувьтай тэнцүү хэмжээгээр тогтоосон гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн буюу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Ц ХХК-д холбогдуулан гаргасан 4 375 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ