Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

С.*******ад холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.*******ын давж заалдах гомдлоор С.*******ад холбогдох 2223000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 03-нд Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  Хөтчин овогт *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч С.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сум ******* багийн ******* иргэн Г.*******гийн өмчлөлийн зүүн гуян дээрээ “гул шар” тамгатай саарал азарга, эм тамгагүй охин хээр даага буюу 2 тооны адууг хулгайлж 1.550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Хөтчин овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар  01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******ад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай  хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 01 жил 06 сарын хугацаагаар хориглож, түүнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүр 01 жил 06 сарын хугацаагаар хүлээлгэж,

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу морины  үнэ 550.000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас  гаргуулж улсын орлого болгож,

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулж,

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ад зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

9. Шүүгдэгч С.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

10. Шүүгдэгч С.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.*******ийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Миний бие Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заагдсан зүйл ангиар  01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан 01 жил 06 сарын хугацаатай  хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний хувьд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураар төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ам бүл хоёулаа, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:          

Давж заалдах гомдлыг С.******* гаргасан байгаа. С.*******ын тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргээ нуун дарагдуулах ямар нэгэн үйлдэл гаргаагүй байдаг. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байхад, анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан байгааг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Энэ ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өөрчилж зорчих эрх хязгаарлах ял болгосон байгаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримталж гэсэн байсныг хөнгөрүүлж өгөөч гэсэн байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч С.******* нь бусдын олон тооны малыг хулгайлж бусдад хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар байдаг. Харин С.*******ын тухайд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Өршөөл үзүүлэх тухай хууль гарч ялыг нь хөнгөрүүлсэн байгаа. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нь харахад өөрт оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэсэн утгатай зүйл бичсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс 1 жилийн хугацаатай болгож өөрчилж өгөөч гэж байна. Шүүхээс хангалттай ял шийтгэлийг хөнгөрүүлж өгсөн байгаа. Харин ч прокурорын зүгээс ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна.

Бусдын олон тооны малыг хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Өршөөлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл заалтуудыг хөнгөрүүлж хэрэглэсэн байгаа. Үүнээс илүү хөнгөрүүлэн үзэх боломжгүй юм. Шүүгдэгчийн тухайд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэхээр байна. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч С.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сум ******* баг, Алтангийн хэсэг, Гандангийн орчмоос иргэн Г.*******гийн өмчлөлийн зүүн гуян дээрээ гул шар тамгатай саарал азарга, им тамгагүй охин хээр даага буюу 2 тооны адуу хулгайлсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан      

Хохирогч Г.*******гийн ”...Миний худалдаж авсан саарал азарга, 1 дааганы хамт байхгүй байхаар нь хэд хоног ойр хавиар хайгаад олоогүй...нэг зүс таньдаг ах танай хоёр адууг халуун Бат-эрдэнэ гэдэг хүн Увс аймгаас эмээл зарж явсан хүнд ачуулчих шиг болсон. Тэгээд бид нар халуун *******э гэдэг хүнтэй уулзсан чинь би авсан би төлөөд өгье гээд манай хоёр тооны адууг 2.500.000 төгрөгөөр төлж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй, хохирлыг манай эхнэрийн данс руу хийчихсэн байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ийн ...******* надаас эмээлийн мод худалдаж аваад төлбөрт нь адуу өгсөн. Сарал зүсмийн азарга өгөхөөр нь Увс аймгаас ирсэн гэх хүнд өрөндөө өгсөн... хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг, гэрч Д., Д. нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч С.*******ын мэдүүлэг нь дээрх баримтуудыг давхар нотолж байна.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Өршөөл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар  сольж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.******* “Миний хувьд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлоо сайн дураараар нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  хуульд зааснаар оногдуулах хорих ялыг доод хэмжээнээс хөнгөрүүлж 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар  сольж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон ял хүндэдээгүй байна.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Өршөөлийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.          

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ