| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/03310/И |
| Дугаар | 101/ШШ2024/02735 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/02735
| 2024 05 21 | 101/ШШ2024/02735 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:,дүүрэг, 7 дугаар хороо, 6 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух Боржигон овогт М*******ийн Н******* /рд:УХ75032761/-гийн гаргасан,
Хариуцагч: Чогсомжавын С*******туяа /*******/-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх болон 35,896,136.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Н******* нь хариуцагч Ч.С*******туяагийн төрсөн хүү болох Б.Х*******т 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Үүнээс хойш Б.Х******* нь түрээсийн төлбөрөө төлөөгүй учраасдүүргийн Иргэний шүүхэд хандаад анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Х*******аас 40,254,000.00 төгрөг гаргуулж, мөн уг орон сууцыг чөлөөлөх тухай гэсэн шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэрт хүсэлтээ өгөөд явж байхад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Б.Х******* нь орон сууцыг чөлөөлсөн.
Гэтэл нэхэмжлэгч М.Н*******г орон сууцандаа орох гэтэл хариуцагч Ч.С*******туяа нь өөрийн эзэмшилд авч үсчин, гоо сайхны үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэрээр удахгүй шинэ байранд орно, түр ашиглаж байя гэж хэлээд ашиглаад яваад байсан. Тиймээс хууль бусаар хариуцагч М.Н******* нь орон сууцыг эзэмшиж ашиглаж байна гэж үзээд танай шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.1-т буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг авна гэж, мөн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
Тийм учир хариуцагч Ч.С*******туяа нь энэхүү байрыг хөлслөх, эзэмших ямар ч хэлцэл хийгээгүй, талуудын хооронд эрх, үүрэг үүсээгүй гэж үзэж хэрэв нэхэмжлэгч М.Н******* нь тухайн байрыг бусдад хөлслүүлж байсан бол ашиг олох байсан гэж Тэнхлэг зуучийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан. Иргэний 495 дугаар зүйлийн 495.1-т хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ч.С*******туяа нь тухайн байрыг ашиглаж байх хугацаад цахилгааны төлбөрт 223,096.00 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,800,000.00 төгрөг, дулаан эрчим хүчний төлбөрт 944,300.00 төгрөг, нийт 2,967,396 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн.
Харин түрээсийн төлбөрийн 32,928,740.00 төгрөгийг зах зээлийн үнээр дүйцүүлж нэхэмжилж байна. Тодруулбал, хариуцагч Ч.С*******туяаг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын турш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 1 /нэг/ сарын түрээсийн төлбөрийг 5,488,123.00 төгрөгөөр тооцож 32,928,740.00 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрт 1,800,000.00 төгрөг, цахилгаан дулааны төлбөрт 944,300.00 төгрөг, нийт 35,896,136.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч М.Н******* болон Б.Х******* нар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бадүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдаанд Б.Х******* гадаад явсан байсан учир өөрийнхөө ээжид итгэмжлэл олгосон бөгөөд хариуцагч Ч.С*******туяа гэж хүн хууль зүйн мэдлэггүй учир шүүх хуралдаанд оролцоогүй буюу хэргийг хариуцагчгүйгээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарууд зөрдөг буюу хариуцагч Ч.С*******туяагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж байсан боловч өнөөдөр хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хууль бус эзэмшилд нь байсан боловч тухайн үед олсон орлогыг нэхэмжлэлж байна гэжээ. Тэгэхээр орлогыг нэхэмжлэхийн тулд тухайн өмч хариуцагч Ч.С*******туяагийн эзэмшилд байсан эсэх нотлогдох ёстой юм.
Өнөөдрийн байдлаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээгээр Б.Х******* нь эзэмшдэг Х******* салон үйл ажиллагаа явуулж байгаад гарсан ба хариуцагч Ч.С*******туяагийн эзэмшилд байгаагүй, энэ хүн тухайн үл хөдөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар нотолсон баримт хэрэг байхгүй.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан болон хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудал үүссэн. Тэгээд хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх гээд шүүхэд очсон хэдий ч хүлээн аваагүгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өнөөдрийн цаг хугацаанд нийцүүлж өөрийн үзэмжээр тайлбарлаж байгаа шиг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод тэр өдөр Б.Х******* нь байрыг хүлээлгэн өгсөн асуудал огт байхгүй, талууд энэ талаар акт үйлсэн буюу хүлээлгэн өгсөн-хүлээн авсан авсан баримт ч байхгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаа нь 2023 оны 04 дүгээр сард гүйцэтгэх хуудас бичигдээд 2023 оны 05 дугаар сард Б.Х******* нь байрыг хүлээлгэж өгсөн. Тэгэхээр хариуцагч Ч.С*******туяа нь 2023 оны 04 дүгээр сар хүртэл хууль бусаар эзэмшээгүй. Түүний хүү Б.Хосбаяырг түрээслэж байх хугацаанд Ковид-19 цар тахал гарснаас үүдэн нөхөж түрээслъе, тохиролцъё гэсэн маргаан үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудаст Б.Х*******ыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байрыг чөлөөлсөн гэж тодохойлсон нь худал.
Шүүхээс гар утсанд үзлэг хийхэд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Х******* салон үйл ажиллагаа явуулж байсан болох нь тодорхой харагдана. Тэгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй шиг Б.Х******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байрыг чөлөөлсөн гэдэг нь худал тайлбар юм. Хариуцагч Ч.С*******туяаг яагаад хамааруулаад байгаа вэ гэхээр Б.Х*******ын ээж бөгөөд хүүгээ ажилтай завгүй байдаг учир туслах асуудал гардаг болохоор тэр. Гэвч хариуцагч Ч.С*******туяа нь нэг ч удаа хүний үс засаж ашиг олж байгаагүй, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн төлбөр 2,500,000.00 төгрөг орчим байсан байхад жилийн дараа 5,600,000.00 төгрөг орчим болсон байна. Гэтэл 1 жилийн дараа түрээсийн төлбөр 1 дахин их болдог юм, нэхэмжлэгч нь ичих хэрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт нь өөрөө хэт нэг талыг барьсан үндэслэлгүй болох нь илэрхий байна. Энэ бол бодит бус нэгхэн жилийн дотор түрээсийн төлбөр хэрэв 1 дахин нэмэгдсэн бол энэ дээр сенсац үүсэж бөөн юм болж байх ёстой. Энэхүү орон сууцыг хариуцагч Ч.С*******туяагийн эзэмшилд байсан гэдгийг ямар баримтаар нотлоод байгаагаа тодорхой нотлох ёстой, бодит байдал дээр Х******* салон Б.Х*******ын эзэмшилд байж байгаад 2023 оны 04 дүгээр сар хүртэл тус орон сууцыг чөлөөлж өгсөн. Ер нь бол энэхүү маргаан буюу хууль бусаар эзэмшээгүй, чөлөөлөөгүй ийм мөнгө төлөхгүй гэсэн асуудал 2023 оны 04 дүгээр сар хүртэл болсон юм. Тэгэхээр бодит бус тайлбар бодит бус нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болоод байгаа хууль бус эзэмшил гэх асуудал хариуцагч Ч.С*******туяад байгаагүй, нэхэмжлэгч М.С******* нь нотолж чадаагүй байж ийм их хэмжээний бодит бус мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн ярьж буй зүйлээс Х******* салон буюу Б.Х*******тай холбоотой асуудал бөгөөд хариуцагч Ч.С*******туяатай ямар ч холбоогүй, уг орон сууцанд хариуцагч нь нэг ч өдөр үйл ажиллагаа явуулж байгаагүй, зөвхөн Х******* салоны хуучин үсчингүүд байсан, 2022 оны 10 сараас хойш ч гэсэн байсан. Иймд, ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 455,300.00 төгрөг төлсөн баримт,
2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хувь,
3. Орон сууц хөлслөх гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хувь,
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
5. Тэнхлэг зууч ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн албан тоот,
6. Төрийн банкны баримт,
Хариуцагчийн өгсөн баримт,
1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас,
2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хувь,
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр,
5. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт,
1. Үзлэг хийсэн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Н*******гаас хариуцагч Ч.С*******туяад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх болон 35,896,136.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгсөн тул 35,896,136.00 төгрөгийг олох ёстой байсан орлого буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна гэсэн.
Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Н******* нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах 130.21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өмчилдөг бөгөөд тэрээр хариуцагч Ч.С*******туяаг хууль бусаар эзэмшиж байсан учир 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын турш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 1 /нэг/ сарын түрээсийн төлбөрийг 5,488,123.00 төгрөгөөр тооцож 32,928,740.00 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрт 1,800,000.00 төгрөг, цахилгаан дулааны төлбөрт 944,300.00 төгрөг, нийт 35,896,136.00 төгрөгийг нэхэмжилсэн.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заажээ.
Тодруулбал, хэн нэгэн этгээд өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бол түүнийг эзэнд нь буцааж өгөх үүрэг хүлээх хэдий ч энэ тохиолдолд эд хөрөнгийг шаардаж буй этгээд нь өмчлөгч байх, харин эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил нь хууль бус байхыг шаарддаг.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Н******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.Х*******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулж дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үсчин-гоо сайхны ажлын байрны зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар Б.Х*******ыг түрээслэгч байсан талаар маргаагүй гэж үзнэ.
5. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаардүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00012 тоот шийдвэрээр Б.Х*******аас түрээсийн төлбөрт 40,254,000.00 төгрөгийг гаргуулж М.Н*******д олгож, мөн Б.Х*******т энэхүү 130.21 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг даалгасан байна.
Гэтэл нэхэмжлэгч М.Н******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т******* нар хариуцагч Ч.С*******туяаг шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж үсчин-гоо сайхны үйл ажиллагаа явуулсан гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* нь тус шүүхийн шийдвэрийн дагуу Б.Х*******ыг үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлж өгсөн бөгөөд хариуцагч Ч.С*******туяа нь эзэмшиж байгаагүй гэж маргасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1196 тоот албан бичигт дурдсанаар түрээслэгч Б.Х*******ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлсөн гэжээ. Гэтэл энэ өдөр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тэрхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас хэзээ олгогдсон болох нь тодорхойгүй байхад хариуцагч Ч.С*******туяаг тус үл хөдлөх хөрөнгийг уг өдрөөс эхлэн өөрийн эзэмшилд авсан гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын маргаж буй үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийг үндэслэн хариуцагчийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хууль бусаар эзэмшиж байсан гэж дүгнэх боломжгүй юм.
7. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн үзлэг хийсэн баримтаар хэдийгээр 130.21 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд хариуцагч Ч.С*******туяа нь өөрөө байж харагдсаныг түүнийг эзэмшиж ашиглаж байсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Учир нь, түрээслэгч Б.Х******* нь хариуцагч Ч.С*******туяагийн төрсөн хүүхэд нь бөгөөд тэрээрдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00012 тоот шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлж байгаа эсэх, аль эсхүл хариуцагч Ч.С*******туяа нь өмнөх түрээслэгчээс үл хамаарах байдлаар энэ өдөр өөрийн хүсэл зоригийн дагуу орон сууцыг эзэмшилдээ авсан болох нь тус тус тодорхойгүй байна.
8. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Тодруулбал, эзэмшигч болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа этгээд нь ашигласан, худалдан борлуулсан, өөр зүйлтэй хольсон, нийлүүлсэн гэх зэргийн улмаас өмчлөгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба энэ талаар 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ч.С*******туяа нь 130.21 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 /зургаа/-н сарын турш эзэмшиж байсан нь тогтоогдоогүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Н*******гийн гаргасан хариуцагч Ч.С*******туяад холбогдох 35,896,136.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,300.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР