Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

Д.*******ад холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж. нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Б.*******

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.*******ийн давж заалдах гомдлоор Д.*******ад холбогдох 2223000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Завхан аймаг *******т оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хурган Очир овогт *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн *******ийн нутаг дэвсгэр буюу сумын Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах ******* тоот хашааны гадна талд танхайн сэдэлтээр хохирогч Б.*******ын цээжин тус газар хутга буюу зэвсэг ашиглан хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Хурган Очир овогт *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.*******ыг  03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ад оногдуулсан 03 жил 05  сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Шүүгдэгч Д.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 23.5 см, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 12.5 см урттай хутга 1 ширхэг, хохирогч Б.*******ын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан юүдэнтэй хар өнгийн цамц 1 ширхэгийг зэргийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

7. Хохирогч Б.******* нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.******* нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 2022\ШЦТ 80 дугаартай шийтгэх тогтоолыг хулээн авч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Д.*******ын тухайд хохирогчийн биед хүнд зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч талаас ямар нэгэн гомдол санал байхгүй төдийгүй, хохирогчтой төрөл садангийн холбоотой, ямар нэгэн ёс хонзон өглөг авлагын зүйл байхгүй болно. Харин Д.*******ын тухайд хохирогч Б.*******ын биед гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго, хусэл зориг байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаас харагдаж байна.

Үүнд: Хохирогч Б.*******ын "*******, ******* хоёр хоорондоо маргалдаад ******* нь *******ын нуд тус газар нэг удаа цохиод авсан. тэгээд ... юунаас болоод намайг хутгалсан талаар мэдээгүй" гэх мэдүүлэг, гэрч Э.*******ийн .... бид хоёр маргалдсан, тэгээд би *******ын нүүрэн тус газар зүүн гараараа 1 удаа цохьсон тэгтэл ******* нүүрээ дараад газар унасан.... би нэг их хол явалгуй бие засчихаад нөгөө гурав дээрээ эргээд ирэх уед ******* "ёо хутгалчихлаа ш дээ" гэж хэлээд газар унаж байгаа харагдсан" гэх мэдүүлэг, гэрч Н.ын "... *******, ******* хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгуй ******* газар унасан хэвтэж байсан" гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас харахад Д.******* хохирогч Б.******* хоёрын хооронд ямар нэгэн маргаан үүссэн, зодоон цохион болсон зүйл огт байхгүй байна. Иймд Д.******* нь хохирогч Б.*******ын биед санаатайгаар өөрөөр хэлбэл Б.*******ын биед хохирол хор уршиг учрахыг ухамсарлаж, түүнийг хүсч тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Д.*******ын үйлдэлд гэм буруугийн субьектив шинж үгүйсгэгдэж байх тул Д.*******ын тухайд хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байна.

Харин мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байх боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд.... бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй улмаас хуний эрүүл мэндэд хунд хохирол учруулсан" гэж заасан байна. Д.*******ын тухайд болгоомжгүй үйлдлийн улмаас Б.*******ын биед хүнд хохирол учруулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шийтгэх тогтоолж өөрчлөлт оруулж Мөн П.******* нь тухайн үед гарч *******тэй маргалдаж улмаар ******* нь Д.*******ын зүүн нүдэн тус газар нь цохьсон байдаг бөгөөд үүнээс хойш Д.*******ын зүүн нүдэнд гэмтэл авч одоог хүртэл юм харахдаа буурал юмыг 2,3 болгож хардаг, байнга цавчирдаг болсноо хэлж байгаа болно. Гэтэл энэ талаар шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон ажиллагаа хийгдээгүй байгаа болно. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болохоор байх тул энэ байдлыг мөн харгалзаж үзэхийг хүсч байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                

Шүүгдэгчийн тухайд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээний тал дээр гомдол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл Д.*******ын хувьд тухайн хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн субьектив тал санаа зорилго байхгүй байна гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр дараах байдлууд тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл Д.******* болон хохирогч нарын хоорондоо тухайн үед ямар нэгэн маргалдсан, муудалцсан зүйл байдаггүй. Урьд өмнө нь ч өс хонзонгийн санаагүй болон таагүй харилцаа үүсгэж байгаагүй садан төрлийн хамааралтай хүмүүс байдаг. Болсон асуудлын тухайд Д.*******, *******т нүд рүүгээ цохиулж газар унаад босоход хутга аваад явж байхад хутгыг нь шүүрч авч *******ийн араас айлгахаар хөөх зорилготой эргэж хартал *******той тулчихсан зүйл мэдүүлгээс харагддаг. *******ын тухайд хохирогчид хүнд хохирол учруулахыг зорьж, өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгож ухамсарлаж, үр дагаварт хүрэхээр хохирогчид хүнд хохирол учруулсан гэдэг үйл явдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ийм учраас Д.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай хэлбэр тогтоогдохгүй байна. Харин мөн зүйлийн 3-т зааснаар болгоомжгүй үйлдлийн улмаас, Эрүүгийн хуулийн 11.3-т заасны дагуу бусад болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан бол гэж хуульчилж өгсөн байгаа. *******ын хувьд бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан байдал тогтоогдож байна. Иймд зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.1-т заасны дагуу санаатай гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хуулийн 11.3 дахь заалт болгож зүйлчлэлээр өөрчилж өгнө үү. Хэрэв Эрүүгийн хуулийн 11.3 дахь заалт болж өөрчлөгдөх юм бол *******ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон хохирогч талаас хохирол, гомдол санал гаргаагүй байгаа. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний хувьд 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө *******д санаатайгаар гэмтэл учруулахыг зориогүй. ******* намайг явъя гэхээр нь би явахгүй, унтаж байгаад явъя гэтэл намайг 2 зохиод авсан. Тэгээд жоохон хэвтэж байгаад явъя гэж бодоод гэрээс гартал миний нүүр рүү дахиад шууд зохиод би газарт уначихсан байхад *******ийн дуу гарч “ хутга барьчихсан явж байна шүү” гэсэн. Тэгэхэд нь би хутгыг нь шүүрч авч *******ийг айлгах гээд эргээд хартал ******* надтай яг тулаад уначихсан. Тэгээд би хутгаа үзтэл цус болоогүй байхаар нь тоглож байна гэж бодтол ******* хүрч ирээд цус гараад байна гээд бид хэд эмнэлэг рүү шууд авч очсон юм гэв.

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Тухайн хэрэг үйл явдал болох үед гэрч гэдэг хүн айлаас хутга аваад ирээд энэ 4 хүний хооронд муудалцсан асуудал байдаг. Гэтэл хохирогч *******ын тухайд гэрч *******тэй хамт явж байсан байдаг. Тухайн үед шүүгдэгч ******* нь гэрч ******* гэдэгтэй маргалдсан болов ч тухайн маргаан үйл явдалд огт хамааралгүй цуг явж байсан *******ыг хутгалсан байгаа. Тэгэхээр болгоомжгүй үйлдэл гэдэг зүйл энэ хэрэг дээр яригдахгүй юм. Болгоомжгүй үйлдэл гэдэг нь хэм хэмжээний актыг зөрчсөн, эсвэл бусад байдлаар болгоомжгүй үйлдлийн улмаас учирч байгаа үйл явцыг хэлэхээс биш хутга барьж байгаа хүн хутгыг хүний бие рүү ойртуулах юм бол хуультай гэдгийг ямар ч хүн тооцоолох ёстой. Тийм учраас зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн *******ийн нутаг дэвсгэр буюу сумын Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах ******* тоот хашааны гадна талд танхайн сэдэлтээр хохирогч Б.*******ын цээжин тус газар хутга буюу зэвсэг ашиглан хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 

Хохирогч Б.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой  ...*******ын мотоцикл дээр очоод асаах гэсэн чинь мотоцикл асахгүй байсан ...явах гэсэн чинь ******* явахгүй гэсэн. Тэрнээс болоод *******, ******* хоёр хоорондоо маргалдаад ******* нь *******ын нүд тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэр үед ******* миний нүд рүү цохисон, яаж байгаа юм гээд орилсон. Тэгээд , ...юунаас болоод намайг хатгасан талаар мэдээгүй ...би *******ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.*******ийн “...бид хоёр маргалдсан тэгээд би *******ын нүүрэн тус газар зүүн гараараа 1 удаа цохисон тэгтэл ******* нүүрээ дараад газар унасан. *******ыг газар унасан байхад нь би өгзөг хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал урд айл руу ороод нэг хутга гаргаад ирсэн. Тэр үед асуудал намжсан юм тэгээд бид нар наад хутгаа боль энэ тэр гээд байцгааж байх үед би нэг их хол явалгүй бич засчихаад нөгөө гурав дээрээ эргээд ирэх үед ******* “Ёоо хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд газар унаж байгаа харагдсан. Тэгээд би ******* дээр шууд гүйж очоод *******ын өөрийнхөө гараар цээжин дээрээ дарсан байхаар нь тэр дарсан гарыг нь аваад гараараа дараад хартал цус болсон байхаар нь эмнэлэг рүү мотоциклоор ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.ын “...*******, ******* хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй ******* газар унасан хэвтэж байхыг хараад очоод үзтэл “Намайг сая ******* хутгалчихлаа” гэсэн. Тэгээд пудволкыг нь сөхөөд үзтэл цус болсон байсан. ...Би тэр хутгыг айлаас авч гарч ирсэн... ******* миний гараас тэр хутгыг шүүрч аваад ******* руу очоод гар нь хөдлөх шиг болсон...” гэсэн мэдүүлгээр,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000000014 дугаартай “Хохирогч Д.*******ын биед цээжний хөндийд хий цус хуралт, өвчүүний баруун талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Д.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь тогтоол заасан хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Хохирогч Д.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хохирогч Б.*******д мэс засал хийсэн тухай тэмдэглэл хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийг үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх  заасныг журамлан ялыг хөнгөрүүлж 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээнд тохирсон, ял хүндэдээгүй байна.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч С.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ