Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г*******, нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд М******* ХХК, Ж******* ХХК-иудын өмгөөлөгч, Б.Э*******, Б.Г******* нар, хариуцагч П.Н******* нарын оролцуулан Ж******* ХХК, М******* ХХК-иудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000040, 0000042 тоот шийтгэврүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ж******* ХХК,

Нэхэмжлэгч: М******* ХХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, *******.

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч П.Н*******.

 Хаяг: Чингэлтэй дүүрэг,  5 дугаар хороо, Засгийн газрын 11 байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч П.Номин-Эрдэнийн "М*******" ХХК-д ногдуулсан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000042 тоот шийтгэврийг хүлээн авч танилцаад Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан журмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасанд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/121 тоот албан бичгээр "...№0000042 тоот шийтгэврийг хэвээр үлдээж байна" гэсэн хариу өгснийг хүлээн авч танилцаад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

... Улсын байцаагчийн уг 0000042 тоот шийтгэврийг гаргахдаа торгуулийн хэмжээг манай компанийн 2012 оны үндсэн хөрөнгөнөөс хувь тооцож 2,186.594.372 /Хоёр тэрбум нэг зуун наян зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна.

... аж ахуй эрхлэгчийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс хувь тогтоон торгууль ногдуулахаар хуульд заасан байтал манай "М*******" ХХК-ийн өөрийн хөрөнгийг үнэн зөв, үндэслэлтэйгээр тогтоолгүй хэт их хэмжээний торгууль үндэслэлгүйгээр төлүүлэхээр захиргааны хариуцлага ногдуулсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл байна.

Улсын байцаагч шийтгэврээрээ захиргааны хариуцлага ногдуулах Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.1-т заасан тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар хариуцлага ногдуулах үндэслэлээ санхүүгийн баримтаар нотлоогүй, иш татаагүй, эх сурвалжаа заагаагүй нь шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн байна.

Иймд "М*******" ХХК-д захиргааны хариуцлага хүлээлгэсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000042 тоот шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Ж******* ХХК-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч П.Н******* 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000040 тоот шийтгэвэр ногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/122 тоот албан бичгээр 0000040 тоот шийтгэврийг хэвээр үлдээсэн гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулахдаа захиргааны зөрчил хянан хэлэлцэх үед тогтоогдсон нөхцөл байдал, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, гаргасан шийдвэр зэргийг бүрэн зааж өгөх ёстой. Улсын байцаагчийн 0000040 тоот шийтгэвэрт зөрчил хэлэлцэх үед тогтоогдсон нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байх ба зөвхөн гомдлын хариу өгсөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2/122 тоот албан бичигт ...шүүхээс улсын байцаагчийн шийтгэвэрийг дахин ногдуулахыг үүрэг болгосон... Өрсөлдөөний тухай хуул ийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн танай байгууллагын 2012 оны үндсэн хөрөнгийн 4 хувиар шийтгэвэр ногдуулсан болно гэсэн байна.

Өмнө нь "Ж*******" ХХК-ийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон гэж үзэж шийтгэвэр ногдуулсан талаарх шүүхийн маргаан байсан бөгөөд хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 327 дугаар шийдвэрийг хянаж Улсын дээд шүүхийн 2015 оны 330 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан.

Манай компанийн зүгээс Улсын дээд шүүхийн 2015 оны 330 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байсан ба энэ энэ хугацаанд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад энэхүү 0000040 тоот шийтгэврийг ногдуулсан.

Улсын байцаагч нь шийтгэвэр ногдуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар хариуцлага ногдуулах үндэслэлдээ санхүүгийн баримтаар нотолж чадаагүй, үндэслэлийнхээ эх сурвалжаа заагаагүй нь шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн дүүрэн хангаагүй, үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ж******* ХХК-д захиргааны хариуцлага ногдуулсан 0000040 тоот шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ж******* ХХК, "Магнай Трейд" ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000040, 0000042 тоот шийтгэврийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл:

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнийн Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг баримтлан 2012 оны үндсэн хөрөнгийн 4 хувиар "Магнай Трейд" ХХК-д шийтгэвэр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн буруутгаж буй улсын байцаагчийн дээрх үйлдлийг тодруулбал Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг баримтлан хувиар "Магнай Трейд" ХХК-д торгууль ногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 болон 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үүргээ биелүүлсэн үйлдэл юм.

Уг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000796, 0000797 тоот шийтгэврийг түдгэлзүүлж улмаар шүүхээс улсын байцаагчийн шийтгэврийг дахин ногдуулахыг үүрэг болгосон. Уг шийдвэрийг Монгол Улсын дээд шүүх 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 330 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр гэж үзэж хэвээр үлдээснээр уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

Өрсөлдөөний  тухай  хуулийн  27 дугаар  зүйлийн  27.1.1-т "аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах" гэж заасны дагуу "Магнай Трейд" ХХК, Ж******* ХХК-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1233 албан бичгээр А-80, АИ-92, А-95, дизелийн түлшний 2012 оны борлуулалтын орлогын хэмжээг тооцох шаардлагатай тул мэдээлэл гаргуулах тухай бичиг хүргүүлсэн.

"Магнай Трейд" ХХК, Ж******* ХХК-иуд нь мэдээлэл гаргаж өгөхгүй байснаар Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 заасан шийтгэл ногдуулахад аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн болон тухайн жилийн тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд энэ хуулийн 27.1.1, 27.1.2, 27.1.4-т заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн тав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн Сангийн яамнаас ирүүлсэн 1/1284 тоотын хариу болох 2012 оны санхүүгийн тайланг үндэслэн үндсэн хөрөнгийн 4 хувиар шийтгэвэр ногдуулсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг болон тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар Хэргийн хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын байцаагч П.Номин-Эрдэнийн Өрсөлдөөний хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг баримтлан торгууль ногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлсэн үйлдэл юм. Иймд улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу "Магнай Трейд", Ж******* ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

М******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******,Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э******* нар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000042, 0000040 дугаар шийтгэвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Дээрх компаниудын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч тус бүрд нь захиргааны хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ аж ахуй эрхлэгчийн ямар үйлдэл, эс үйлдлийг буруутгаж байгаа нь тодорхойгүй, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, гаргасан шийдвэр зэргийг заах үүргээ хэрэгжүүлээгүй, Улсын дээд шүүхийн 2015 оны 330 дугаар тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг хэрэглэх, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэг буюу ...тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг тооцох боломжгүй бол аж ахуй эрхлэгчийн өөрийн хөрөнгөөс нь тооцож торгуулийн хэмжээг тогтоох... гэснийг хасч шийдвэр магадлалд өөрчлөлт оруулсан байхад Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, хяналтын шатны шүүхийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байх хугацаанд шийтгэврээр торгууль ногдуулсан нь хууль бус гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

М******* ХХК, Ж******* ХХК-иудын авто бензин, дизелийн түлш борлуулалт Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шатахууны үнийг нэгэн зэрэг 50 төгрөгөөр нэмэгдүүлэн, зах зээлд борлуулж, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэж заасныг зөрчсөн үйл баримт нь Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтад үндэслэн хариуцлага ногдуулсан улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000042, 0000040 дугаар шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

М******* ХХК, Ж******* ХХК-иуд авто бензин, дизелийн түлшний үнийг Өрсөлдөөний тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчиж нэмэн зах зээлд борлуулсан үйлдэл нь нэгэнт тогтоогдсон байхад ....аж ахуй эрхлэгчийн ямар үйлдэл, эс үйлдлийг буруутгаж байгаа нь тодорхойгүй, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, гаргасан шийдвэр зэргийг заах үүргээ хэрэгжүүлээгүй... гэж хариуцагчийг буруутган маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх компаниудын үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000796, 0000797 дугаар шийтгэвэр, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн захиргааны хэргийн шат шатны шүүхүүдийн шийдвэрийг хэрэгжүүлж дахин шинээр торгууль ногдуулсан улсын байцаагчийн шийтгэврийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т .....тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг тооцох боломжгүй бол аж ахуй эрхлэгчдийн өөрийн хөрөнгөөс нь тооцож торгуулийн хэмжээг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой.. гэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор өөрчлөлт оруулж хассан боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн М******* ХХК-д хүргүүлсэн 1/1233, Ж******* ХХК-д хүргүүлсэн 1/1232 дугаар Мэдээлэл гаргуулах тухай албан бичгээр шаардсан тус 2 компанийн 2012 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон санхүүгийн тайлан, А-80, АИ-92, А-95, дизелийн түлшний нийт борлуулалтын орлогын хэмжээний талаарх мэдээллийг ирүүлээгүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар М******* ХХК-ийн өөрийн хөрөнгийн 4 хувь, Ж******* ХХК-ийн өөрийн хөрөнгийн 1,5 хувиар тооцож торгууль ногдуулах үндэслэл болсон байна.

Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж борлуулалт хийсэн үйлдэлд захиргааны хариуцлага ногдуулахдаа тодруулга хийхээр шаардсан мэдээллийг ирүүлээгүй учир Сангийн яамнаас ирүүлсэн өмнөх жилийн санхүүгийн тайланг үндэслэн торгууль ногдуулсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэвэр холбогдох хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч компаниудын өмгөөлөгчдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласанчлан ..компанийн өөрийн хөрөнгөөс торгууль тооцох эдийн засгийн аргачлалын хувьд алдаа гаргасан, нэхэмжлэгчдийн гомдлыг хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад шийтгэвэр гаргаж хариуцлага ногдуулсан, 2015 оны 08 дугаар сард Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжсэн байхад энэ хуульд хамруулалгүй захиргааны хариуцлага ногдуулсан нь хууль зөрчсөн зэрэг зөрчил байсныг үгүйсгэх аргагүй ч энэ нь улсын байцаагчийн шийтгэврийг хүчингүй болгох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000042, 0000040 дугаар шийтгэвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан ТОГТООХ нь;

1.Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн № 0000042, № 0000040 дугаар шийтгэвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******,Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0000042 дугаар шийтгэврээр М******* ХХК-д ногдуулсан 2.186.594.372 (хоёр тэрбум нэг зуун наян зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан хоёр) төгрөгийн, мөн өдрийн улсын байцаагчийн №0000040 дугаар шийтгэврээр, Ж******* ХХК-д ногдуулсан 941.932.927 (есөн зуун дөчин нэгэн сая есөн зуун гучин хоёр мянга есөн зуун хорин долоон) төгрөгийн торгуулийг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР