Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/609

 

 Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/335 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 19 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Бд холбогдох 2103000720129 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, .............................................................. төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, БНХАУ-д сурдаг, ам бүл .............................. -ын хамт .............................................. тоотод оршин суух бүртгэлтэй;

 Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 24 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Турбо” авто сервисийн баруун талын замд “Лексус 200” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ гол замаар явж байсан Ө.Э жолоочтой “Тоёота приус” маркийн 35-68 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй гол зам руу орсны улмаас мөргөлдөж, “Лексус 200” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч С.Ггийн амь нас хохирсон, зорчигч Ч.Угийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота приус” маркийн 35-68 УБЗ улсын дугаартай машины зорчигч Б.Т, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироож, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Б.Бгийн 864846 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төвд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгээс хохирогч С.Амараад 20.000.000 төгрөг, хохирогч Д.Бд 197.500 төгрөг, хохирогч Б.Тд 304.490 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Эөд 4.149.625 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Бы нэхэмжилсэн 2.815.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Ө.Эийн нэхэмжлэлээс 4.149.625 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амараа нь гэм хорын хохирол болон хохирогч Б.Т, Д.Б Ч.У нар нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Тээврийн прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 165 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2022/ШЦТ/335 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолсугай.” гэжээ.

Гэвч тогтоолын “Тогтоох” хэсгийн 2-т “Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ... 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.”, 3-т “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай” гэж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр ойлгож, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүгдэгч Б.Бд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/335 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 4, 5, 6, 7-д заасан албадлагын арга хэмжээ авсан нь эрүүгийн хариуцлагыг давхардуулсан байх тул уг заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурьдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр ... дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс техникийн давтан шинжилгээ томилж дүгнэлт гаргуулж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэн дээр гаргасан шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй байна. Гэхдээ прокурор Ц.Арвинбуудайн “Тогтоох нь” хэсгийн 4, 5, 6, 7-д заасан албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагыг давхардуулсан ...” гэсэн үндэслэлээр бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Б.Бг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 24 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Турбо” авто сервисийн баруун талын замд “Лексус 200” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ гол замаар явж байсан Ө.Э жолоочтой “Тоёота приус” маркийн 35-68 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй гол зам руу орсны улмаас мөргөлдөж, “Лексус 200” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч С.Ггийн амь насыг хохироосон, зорчигч Ч.Угийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота приус” маркийн 35-68 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Т, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироож, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан:

гэрч Б.Мөнхбаярын “... Миний сууж явсан автомашин цахилгаанчны гудамжнаас гарч ирээд гэрлэн дохиогоор зүүн гар тийш эргээд жоохон ширүүн яваад байхаар нь өндийгөөд хурдыг нь хартал 83 км/цагийн хурдтай явж байсан. Би жолооч залууг миний дүү зөөлөн яваарай, арай ширүүн яваад байгаа юм биш үү гээд хэлээд хойшоогоо суугаад удалгүй тас гээд осол болсон. ...” /1хх 100/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1026 дугаартай “...бичлэгт дүрслэгдэх цайвар өнгийн суудлын автомашин нь ”3ам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл”-д тэмдэглэсэн “1”-ээс “2” гэсэн тэмдэглэгээ бүхий үл хөдлөх цэгийн хооронд 35.7 метр зайг /хоёр өөр байршилд/ байршлаас хамааран ойролцоогоор а/ ~129.8 км/цаг, б/ ~126 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн. ...” /1хх 112-117/,

техникийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 14/39 дугаартай “... 5. “Тоёота Лексус” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 дахь заалтыг зөрчсөн нь осол гарахад, “Тоёота Приус-20” маркийн 35-68 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь ослын хохирлыг нэмэгдүүлэхэд тус тус нөлөөлсөн байх боломжтой. ...” /2хх 93-94/,

техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/11 дугаартай “...Тоёота Приус-20” маркийн 35-68 УБЗ дугаартай автомашиныг жолоодон явсан Ө.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. “Тоёота Лексус” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-т “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. “Тоёота Лексус” маркийн 22-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2. заалтыг зөрчсөн нь осол гарахад, “Тоёота Приус-20” маркийн 35-68 УБЗ дугаартай автомашиныг жолоодон явсан Ө.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд тус тус нөлөөлсөн байна” /3хх 54-55/ гэсэн дүгнэлтүүд,

мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 85 дугаартай “... “Тоуоtа Prius-20” маркийн 35-68 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Э нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдлыг сууран газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” /2хх 74-79/ гэсэн магадлагаа,

СиДи-нд үзлэг хийсэн “...21:24:25 секундэд зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүн талын зам дээр хүрэн улаан өнгийн тоосгон байшингийн үүдэнд цагаан өнгийн гэрлийн тусгал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо харсан чиглэлтэй зогсож байгаад 21:24:30 секундэд эсрэг урсгалын хойноосоо урагшаа чиглэлтэй зам руу орж, буцаж эргэх үйлдэл хийх үедээ “Тоуоtа Prius-20” маркийн цагаан өнгийн, улсын дугаар тодорхойгүй суудлын автомашинд тээврийн хэрэгслийн зүүн талаасаа хүчтэй мөргүүлж, ертөнцийн зүгээр замын баруун тал руу шарваж замын хажуу талд зогсож байгаа бичлэг байв. ...” /1хх 22-23/ гэсэн тэмдэглэл,

зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, Ө.Э нь зогсоох арга хэмжээ авсан байдал тогтоогдоогүй байх бөгөөд гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэгт тэрээр хурд хэтрүүлэн явсан байдал тусгагджээ.

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/11 дугаартай дүгнэлтэд, мөн техникийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 14/39 дугаартай дүгнэлтэд, мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 85 дугаартай магадлалд тус тус Ө.Эийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1026 дугаартай “...бичлэгт дүрслэгдэх цайвар өнгийн суудлын автомашин нь ”3ам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл”-д тэмдэглэсэн “1”-ээс “2” гэсэн тэмдэглэгээ бүхий үл хөдлөх цэгийн хооронд 35.7 метр зайг /хоёр өөр байршилд/ байршлаас хамааран ойролцоогоор а/ ~129.8 км/цаг, б/ ~126 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн гэсэн байх бөгөөд СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэлд “... улсын дугаар тодорхойгүй суудлын автомашинд тээврийн хэрэгслийн зүүн талаасаа хүчтэй мөргүүлж, ертөнцийн зүгээр замын баруун тал руу шарваж замын хажуу талд зогсож байгаа бичлэг байв. ...” /1хх 22-23/ гэжээ.

Зам тээврийн осол нь замын хөдөлгөөнд оролцогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд зарим тохиолдолд нэг оролцогч зөрчсөн байдаг бол заримдаа хэд хэдэн оролцогч зөрчсөн байдаг.

Хэд хэдэн оролцогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гарсан тохиолдолд осол гарахад нөлөөлсөн шалтгаан, хохирол, хор уршиг учирхад нөлөөлсөн хүчин зүйл, үр дагавар, шалтгаант холбоотой байдлаас хамааран хэд хэдэн оролцогчийг буруутгах үндэслэл үүсдэг.

Ө.Эийн хувьд хурд хэтрүүлэн явсан, уг нөхцөл байдлаасаа хамаарч зогсоох арга хэмжээ авч чадаагүй, авсан ч зогсох зайг уртасгаж зайлшгүй мөргөх нөхцлийг үүсгэсэн, хурд хэтрүүлэн явсан байдал нь мөргүүлж байгаа машин, түүнд зорчиж явсан хохирогч нарыг гарцаагүй гэмтэл авах, амь насаа алдах нөхцлийг бий болгосон эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзэв.

Энэ байдал нь Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/11 дугаартай дүгнэлтэд “...Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна” гэж тусгагджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй, тогтоогдсон нөхцөл байдлын талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/335 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР