Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл, иргэдийн төлөөлөгч М.Ү*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нарыг оролцуулан Хан уул ногоон дэлхий Туул гол нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл

Хаяг: Баянзүрх дүүрэг,*******,*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн эзэмшиж байсан ******* нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус нөхөрлөл нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт З га буюу 30000 м.кв газрыг Мод тарих цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж 15 жилийн хугацаагаар эзэмших болсон билээ.

Дээрх газарт мод тарих, цэцэрлэгжүүлэх, үйл ажиллагаа хийх гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хүнд суртал, зэргээс болж өнөөдрийг хүртэл бид хохирч байна.

Манай нөхөрлөл 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн олон байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргуулах шат дамжлага дамжсаны эцэст сая нэг ажлаа эхлүүлэх гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар 2 жил дараалан гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг хууль бус үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон байсан.

Энэхүү хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б******* болсон зүйлийн талаар маш тодорхой бичиж гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын гаргасан захирамжаас тэс өөр үндэслэл зааж хүчингүй болгосон гэрчилгээг сэргээх боломжгүй тухай мэдэгдлээ.

Бид 2012 оноос эхлэн уг талбайд тариалах зорилгоор 3.825.000 төгрөгөөр чацарганы суулгац, талбайн ЗD зураг гаргуулахад 7.000.000 төгрөг, 12.670.000 төгрөгөөр хашаа болон хашааны шон, тор, 1.800.000 төгрөгөөр хүлэмж, бусад тариалалтын тоног төхөөрөмж 7.600.000 төгрөгөөр худалдан авч нийт 32.895.000 төгрөгийн бодит зардал гарган хохирч байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэн биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь дүүргийн Засаг даргын 2011 оны 399 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн. Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ... гэж заасан байдаг.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасны дагуу газар эзэмшигч 2011 оноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, мөн тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2014 оны А/400 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дүүргийн Засаг дарга 2014 оны А/400 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-г удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар[1] Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг Ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ. Энэхүү газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар[2] хүчингүй болгосон бөгөөд үүнийг Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл эс зөвшөөрч, А/400 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалаар[3], Монгол Улсын Дээд шүүх 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор[4] нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 тоот шийдвэрийг[5] хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу шаардлагатай нотлох баримтыг цуглуулав.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 46 дугаар тогтоолын хянавал хэсэгт ...нэгэнт дээрх гэрээнд газар эзэмшүүлэгч газрын төлбөрийг 0 төгрөгөөр тогтоосон байхад маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газрын төлбөрөө төлөөгүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар дахин нотлох баримт цуглуулах шаардлагагүй... гэжээ. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд тогтоолын хянавал хэсэгт ...ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад ямар шаардлага тавигддаг болох, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан эсэхийг тодруулах... гэсний дагуу шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, тухайн асуудалд дүгнэлт өгч, бодит нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэхэд Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ...манай нөхөрлөл 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн олон байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргуулах шат дамжлага дамжсаны эцэст сая нэг ажлаа эхлүүлэх гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар 2 жил дараалан гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг хууль бус үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэсэн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна. У******* нь нэхэмжлэгч эзэмшиж буй газартайгаа холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудад хандаж, тэдгээр нь зохих ёсны хариуг өгч байсан нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/ 2497[6], 2013 оны 7 дугаар сарын 18-ны 2/1794 [7] тоот албан бичиг, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2013 оны 10 дугаар сарын 14-ний 1/1006 тоот албан бичиг[8] зэргээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч талын дүүргийн газрын албанаас хашааг бариулахгүй байсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглахад хариуцагч болон бусад төрийн захиргааны байгууллагаас саад учруулж, хориглосон зүйл байхгүй бөгөөд дүүргийн газрын албанаас ямар нэгэн шаардах хуудас өгч байгаагүй байна.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дэмжлэг хүсэх тухай 07 дугаар тогтоолд[9] ...Туул голын ай сав газарт Хан-Уул ногоон дэлхий нөхөрлөл нь мод үржүүлгийн газар, байгуулах бургас хамгаалах уг төслөөр нутаг дэвсгэрийн цэцэрлэгжилт болон иргэдтэй хамтран ажиллах..., мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хүсэлт дэмжих тухай 51 дүгээр тогтоолд[10] ...Туул голын ай сав газрыг хамгаалах, цэцэрлэгжүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах зорилгоор Хан-Уул ногоон дэлхий нөхөрлөл байгуулах хүсэлтийг дэмжсүгэй, ...дээр заасан үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосугай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1342 тоот албан бичигт[11] ...Хан-Уул ногоон дэлхий нөхөрлөл ... мод үржүүлгийн газар байгуулах, бургас хамгаалах, цаашлаад бойжуулсан тарьц, суулгац материалаа дүүргийн цэцэрлэгжилтэд зориулан нийлүүлэх чиглэл барьж ажлаа төлөвлөж байгаа юм байна... гэснээс дүгнэхэд Хан-Уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь анх Туул голын ай сав газрыг хамгаалах, цэцэрлэгжүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах зорилгоор хүсэлт гаргаж, холбогдох төрийн байгууллагуудын тогтоол, шийдвэрээр дэмжигдсэнээс гадна төрийн захиргааны байгууллага өөр бусад зориулалтаар тухайн газрыг ашиглахыг хориглосон байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг, нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[12], 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[13]-нд тус тус газрын зориулалтыг өөрчлөн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн гэж эзэмшүүлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Тус хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлийн дагуу шүүхээс Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд тус тус хандаж ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад тавигдах шаардлага, хүсэлт гаргагч ямар материал бүрдүүлэх ёстой талаар холбогдох нотлох баримтыг цуглуулсан болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад тухайн газар нь нийтийн эдэлбэрийн газар байх тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам-ын дагуу харин иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ыг мөрдөх ёстой байна. Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, техникийн нөхцөл олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулжээ.

Нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу анх хүсэлт гаргасны дагуу Туул голын ай сав газрыг хамгаалах, цэцэрлэгжүүлэх, мод үржүүлгийн газар байгуулахаар, эсвэл дүүргийн Засаг даргын захирамж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-д зааснаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж ашиглах тохиолдолд ямар нэгэн тусгайлсан нөхцөл, зөвшөөрөл шаардлагагүй байх тул нэхэмжлэгчээс ...тухайн газарт мод тарих, цэцэрлэгжүүлэх, үйл ажиллагаа хийх гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хүнд суртал, зэргээс болж өнөөдрийг хүртэл бид хохирч байна... гэсэн нь үндэслэлгүй байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******ын шүүх хуралдаан дээр хэлсэн ...Энэ хугацаанд ямар байгууллагуудад хандаж байсныг хавтаст хэргийн материалаас харахад Нийслэлийн Өмчийн харилцааны газарт дүүргийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын захирамж болгох гэж[14], ...мөн архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар дурдагддаг[15]. Гэтэл энэ нь мод тарих үйл ажиллагаатай ямар ч холбоогүй, зөвхөн барилга байгууламж дээр л яригддаг. Өнөөдрийн байдлаар тэнд хашаагүй, цулгуй тал хэвээрээ байгаа гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь ...бид 2012 оноос эхлэн уг талбайд тариалах зорилгоор 3.825.000 төгрөгөөр чацарганы суулгац, талбайн ЗD зураг гаргуулахад 7.000.000 төгрөг, 12.670.000 төгрөгөөр хашаа болон хашааны шон, тор, 1.800.000 төгрөгөөр хүлэмж, бусад тариалалтын тоног төхөөрөмж 7.600.000 төгрөгөөр худалдан авч нийт 32.895.000 төгрөгийн бодит зардал гарган хохирч байна... гэж нэхэмжлэлдээ тайлбарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хохирлын хэмжээг нэхэмжлээгүй тул үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй... гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр удаа дараа хэлснийг дурдах нь зүйтэй юм. У******* нь эдгээр нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулах боломжгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгөх боломжтой байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2011 оноос хойш 2014 оны 11 сар хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн газар дээр хашаа хатгасан, мод, бут суулгасан зүйл огт байдаггүй. Үүнийгээ ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг ба талууд энэ талаар маргадаггүй болно.

Шүүхийн шийдвэр холбогдох хууль тогтоомжид нийцсэн байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой. Маргаан бүхий 30000 м.кв газар нь ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдсан, гүний худаг, инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар[16] тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

...Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн эзэмшиж байсан ******* нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Захиргааны акт гаргахыг шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 зүйлийн 8.1.3-д захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлийг мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон... байхаар гэж тус тус тодорхойлсон тул нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн эзэмшиж байсан ******* нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/59 дүгээр Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолын дагуу Засаг дарга газрын харилцаатай холбоотой зөрчлийг нягталж шалгаад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн эзэмшиж байсан ******* нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 108 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 129 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас