Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 0751

 

                                                             Т.Г-ийн нэхэмжлэлтэй

                                                         захиргааны хэргийн тухай                         

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, гуравдагч этгээд Т.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэртэй, Т.Г-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 28 дугаар зүйлийн 28.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг тус тус баримтлан иргэн Т.Г-ийн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Ч-д холбогдох хэсэг, Ч.Ч-, С.М-, Т.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065582 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Г давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ “би газар дээр 2003 оноос хойш амьдарсан, газрыг би тэгшилсэн, өргөдлөө гаргасан боловч өргөдөл хүлээж авдаггүй байсан, шалтгаан нь үерийн ам, гуу жалга дагасан, хэвгий газар байсан” гэж маргасан бөгөөд энэхүү нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хууль бус болох нь тогтоогдож байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч миний бие урьд нь хүн амьдрах байтугай, эзэмшүүлэх шийдвэрийг ч төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргах боломжгүй, үерийн ам, гуу жалга дагасан хэвгий, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхын зэрэгцээ уг газрыг нэхэмжлэгч өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр тэгшилж, янзалсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн өргөдөл гаргаж, маргаж байгаа газрыг эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байсан, албан ёсоор эзэмших шийдвэр гаргуулахын тулд газрыг тэгшилж, янзалсан гэдэг үйл баримт ч мөн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог. Мөн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэх захирамж гарах үед тухайн газар нь иргэнд эзэмшүүлж болохоор дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан болох нь 2010 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хариуцагчийн тайлбараар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй гэдэг ганцхан үндэслэлээр түүний олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулж бий болгосон газрыг хууль зөрчин байж гуравдагч этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлснийг хамгаалж, нэхэмжлэгчийг ийнхүү хохироосон шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд олон нялх нойтон хүүхэдтэй учир яг өнөөдрийн байдлаар энэхүү маргаж байгаа газар дээр гэр болон байшингаа босгон амьдрах боломжгүй бөгөөд уг газрыг 2003 оноос хойш тэгшилж, янзалсан боловч одоо ч бүрэн дуусаагүй, хүн хэвийн амьдрах боломж бүрдээгүй, үерийн ус орж ирэхэд бүрэн дагтаршаагүй газрыг устгах аюултай, ус ихээр тогтдог, барьсан хашаа нь үерт газартайгаа урсдаг учир хашаагүй, нялх хүүхэд өндөрлөсөн газраас унах аюултай гээд олон эрсдэлтэй талтай газар хэвээрээ байгаа юм.

Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь 2007, 2010 онуудад тус тус гэр барин амьдарч үзсэний үндсэн дээр мэдээд залгаа газарт байдаг дүүгийндээ амьдарч, уг газраа харж хандан, өөрийн хамаатны айлыг гэр барин буулгах зэргээр уг газрыг өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгасаар байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг буруу дүгнэж, нотлох баримтыг буруу үнэлж, 2005, 2010 оны агаарын зургийг үндэслээд уг газар дээрээ амьдарч байгаагүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь ийнхүү дүгнэлт хийх үндэслэл болсон баримт нь нэхэмжлэгчийн амьдарч байсан оны зургаас зөрүүтэй, мөн агаарын зураг гэдэг бол бүтэн жилийг бүхэлд нь харуулах боломжгүй, зураг авсан ганцхан өдрийн байдлаар уг газар дээр амьдарч байгаагүй гэдгийг л харуулах зураг байхад түүнийг огтоосоо амьдарч байгаагүй мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжаар Ч.Ч-д тус дүүргийн 14 дүгээр хороо Алтайн 23-7г тоотод байрлалтай 356 м.в газрыг амины хашаа зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийн 0286982 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар уг газрыг Ч.Ч-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Ч.Ч уг газрыг 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж С.М-эд шилжүүлсний дагуу 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаартай гэрчилгээг С.М-эд олгосон ба С.М дээрх газрыг 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр газар худалдан авах гэрээгээр Т.А-д зарсныг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэж, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дүгээр гэрчилгээг олгожээ.

            Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд нарын  хувьд тухайн газар дээрээ амьдарч байгаагүй, тэдгээрт уг газрыг зайлшгүй авах хэрэгцээ шаардлага байхгүй байсан гэдэг нь дээрх газрыг гуравдагч этгээд Ч.Ч нь С.М-д, С.М нь Т.А нарт бэлэглэж, худалдсан байдлаар тогтоогдож байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь газрыг Ч.Ч-д эзэмшүүлсэн боловч мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан зохицуулалтыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Т.Г нь 2003 оноос гэр барин амьдарч байсан, уул газрыг өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр хүн амьдрах боломжтой болгосон зэрэг нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, гэрч Ц.Оюунгэрэл, Д.Болдсайхан, Д.Батсанаа, И.Ядамсүрэн нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаагийн зэрэгцээ уг газрыг эзэмших ашиг сонирхол түрүүлж үүссэн нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн “..Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмших давуу эрх түрүүлж үүсэх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэхээргүй бөгөөд нөхөн сэргээсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна.

Тиймээс анх газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль бус байх тул Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн захирамж болон улсын бүртгэл хууль бус бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т  “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх;”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Т.Г-ийн тэгшилсэн газрыг бусдад эзэмшүүлэн, өмчлүүлэхдээ газар дээр нь үзлэг, судалгаа хийлгүйгээр холбогдох шийдвэрүүдийг төрийн захиргааны байгууллагууд гаргаж байснаар гуравдагч этгээд Ч.Ч-, С.М, Т.А нарт хууль ёсны газар өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Т.Г-ийн Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Энэхүү магадлалаар гуравдагч этгээд “Чинбаа Инвест” ББСБ-ын барьцааны гэрээ хууль тогтоомжид нийцсэн эсэх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалагчийн эрх, үүргийн талаар дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0590 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Т.Г-ийн Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжуудын Ч.Ч-д холбогдох хэсгийг, Ч.Ч-, С.М-д, Т.А нарын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000065582 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000074530 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126079 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                    ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

                    ШҮҮГЧ                                                                        Ц.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                                        Ц.САЙХАНТУЯА