Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/610 

 

 

Ч.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ч.Дд холбогдох 2110004630448 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Д, ........................................................................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл ..................................., ...................хамт  хашаанд оршин суух,,

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 Шүүгдэгч Ч.Д нь Хан-Уул дүүргийн Найрамдал зуслангийн ойролцоо байрлах “Экспресс трейд” ХХК-ийн техник хэрэгслийг манаж хонохдоо 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Кринто" маркийн 25-56 УНБ, 22-73 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлшний банкнаас 60 литр түлш, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Экспресс трейд” ХХК-ийн хашааг манаж хонохдоо 2020 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл дотроос 60 литр түлш, 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр граш галлаж хонохдоо хийн компрессороос 110 литр түлш тус тус хулгайлж, нийт 450.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Дг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан Ч.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Дд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл би, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

... Прокуророос яллагдагч Д.Цэрэнбаттай 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулсан байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ... 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан. Шүүгдэгч Ч.Дд холбогдох хэрэг нь хуулийн дээрх заалтуудад хамаарч байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Эрүүгийн эрх зүйн зарчимд ялын төрлөөс хамгийн хүндийг нь хорих ял гэж үздэг бөгөөд энэ зарчим нь Монгол Улсын Эрүүгийн хуульд туссан байдаг. Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэгт үндсэн ялын төрлийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэж тус тус ангилж, хорихоос өөр төрлийн ялыг хорих ял руу сольж болох боловч хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж болохгүй талаар заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ялын төрлүүдээс зөвхөн хорих ялын хэмжээгээр нь ялгаж тооцохоор заажээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хууль мөн энэ зарчмаар батлагдсан болох нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт “хорих ялаас 2 жилийг хасах”, 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэж тусгагдсанаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг уг өршөөлийн хуульд хамруулахаар ойлгогдож байна.

Мөн шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ... дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ Ч.Дг “Д.Цэрэнбат” гэж андуурч бичсэнийг залруулж байна. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр зөвтгөн өөрчлөлт оруулах саналтай байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Дд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Ч.Д нь Хан-Уул дүүргийн Найрамдал зуслангийн ойролцоо байрлах “Экспресс трейд” ХХК-ийн техник хэрэгслийг манаж хонохдоо 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Кринто" маркийн 25-56 УНБ, 22-73 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлшний банкнаас 60 литр түлш, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Экспресс трейд” ХХК-ийн хашааг манаж хонохдоо 2020 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл дотроос 60 литр түлш, 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр граш галлаж хонохдоо хийн компрессороос 110 литр түлш тус тус хулгайлж, 450.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй үндэслэл нь тодорхой биш байна.

Анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ч.Дд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Дд ял шийтгэл оногдуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэсэн байх боловч энэ талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс уг баримтыг хэрэгт хавсаргавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Дд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХӨӨ

              ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР