Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/627

 

                     

 

О.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.Бт холбогдох 2203000170102 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Б, ..................................................... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................................................... тоотод түр оршин суух;

Шүүгдэгч О.Б нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хойд замд 2021 оны 12 дугаар сарын 11-ний 07 цаг 40 минутын орчим “Honda Сара” загварын 87-10 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараах хариуцлага хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоногэж, 5.3-т Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсонгэж, 6.2-т Дуут дохио ажиллахгүй болсонгэж, мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.О-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Бт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Бын жолоочийн В ангиллын 1219744 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар О.Баас 5.200.000 төгрөг гаргуулан Э.Бд олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Арвинбуудай бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Оюун-Эрдэнийн Батбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар дурдсан байх боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор...” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б миний бие эрүүгийн 2203000170102 дугаартай хэргийн хохирогчоор тогтоогдсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний ээж Л.Оийг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр О.Б гэгч нь бүрэн бус тээврийн хэрэгсэл буюу тоормос ажиллагаагүй болсон автомашин жолоодож яваад явган хүний гарц дээр мөргөж, амь насыг нь хохироосон хэрэгт холбогдсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд О.Бт 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй байгаа тул хохирогчийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэргийн холбогдогч О.Б нь хэдийгээр болгоомжгүй үйлдэгдсэн хөнгөн гэмт хэрэгт холбогдсон боловч бүхэл бүтэн хүний амь насыг хохироож, үр хүүхдүүдийг өнчрүүлсэн гэдгээ шүүх хурлын өдөр ч, түүнээс өмнө ч ойлгоогүй, ухамсарлаагүй, харамсаагүй, үр хүүхдүүд биднийг үл ойшоож, хэдхэн сар суугаад гараад ирнэ гэсэн байдалтай байсан.Бидний зүгээс энэ хүнээс хохирол төлбөр авах гэхээсээ илүү хүн ёсоор хандаасай, ядаж оршуулга дээр нь ирдэггүй юмаа гэхэд түүнээс хойш биднээс уучлал гуйх болов уу гэж их харж, их хүлээсэн ч биднээс ээжийг чинь энэ хорвоод байхгүй болгосонд уучлаарай гэх нь бүү хэл эмгэнэл ч илэрхийлээгүй.

Хохирогч үр хүүхдүүд бид маш их гомдолтой байна. О.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмших бүү хэл ээжийг минь Гэмтлийн эмнэлэгт сэхээнд үхэх, сэхэхтэйгээ тэмцэж байхад үр хүүхдүүд бидний хажууд өөрийн ахтайгаа “Машины гупер их эвдэрсэн байна, яана аа, хэд болох бол” гээд хээв нэг яриад сууж байсан, энэ хүн мөн үү, юун гупер, юун төмөр ярих вэ?, хүн үхэж байна шүү дээ. Үлдсэн үр хүүхдүүд бид энэ хүнийг их ял авлаа гээд ээж минь эргэж ирэхгүй гэдгийг сайн мэдэж байгаа ч хамгийн чухал нь энэ хүн хүний ээжийг, ач зээгийнхээ хувьд эмээг нь өөрийн болгоомжгүй хайнга үйлдэл, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад үгүй хийсэн гэдгээ ухамсарлаж, биднээс хүний ёсоор чин сэтгэлээсээ уучлал гуйж гэмшсэн бол бид өнөөдөр өөрсдийн сэтгэл зүрхээ сэмлэн байж, уйлан байж давж заалдах гомдол гаргаад явахгүй байх байсан.

Ээж минь явган хүний гарцаар гарч явсан шүү дээ, О.Б ядаж тоормос ажиллагаатай машин унаж явсан бол миний ээж өнөөдөр тахир дутуу ч үр хүүхдүүддээ харагдаад сууж байх байсан гэж бид үнэндээ гомдож, харамсаж байна. Хэргийн нөхцөл байдал, О.Бын гэмшсэн шинжгүй байгаа байдал, мөн гаргаж байгаа хандлага нь үнэхээр сэтгэл өвтгөж, үнэхээр их гомдлыг төрүүлж байна.

Иймд түүнд оногдуулсан 1 жил 6 сар нь /энэ хэрэг 1-5 жилийн хорих ялтай/ түүний үйлдсэн гэмт хэрэг, хийсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан түүнд тохирохгүй ял гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гэр бүлийнхэн О.Бт маш их гомдолтой байдаг. Миний зүгээс Болгоомжгүй гэмт хэрэг, хөнгөн гэмт хэрэг, тохиолдлын шинж чанартай, санаатай үйлдэгддэггүй зам тээврийн осол байхад та бүхэн яагаад ийм их гомдолтой байгаа вэгэж хохирогчийн ар гэрийнхнээс тодруулга болгон асуухад Гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эх нь үхэл, амьдралын заагт байхад O.Батбаяр Машины гупер маш их гэмтчихсэн байна, хэдэн төгрөг болох бол гэж хоорондоо ярилцаж, үл ойшоож байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд Уучлаарайгэдэг үгийг ганц ч удаа чин сэтгэлээсээ хэлээгүй. Ганц ч удаа эмгэнэл илэрхийлээгүй. Тийм учраас О.Бын харилцаа, хандлага, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа байдал зэрэг нь бид нарын сэтгэл зүрхэнд маш хүнд тусаж байна. О.Б хүнд ял авлаа гээд манай ээж босоод ирэхгүй. Гэхдээ О.Б хүн ёсоор гэмшээсэй гэдэг үүднээс давж заалдах гомдол гаргасангэж хэлдэг. О.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд 1-5 жилийн хорих ялтай. Хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг хөнгөн гэмт хэрэг боловч маш их хор уршигтай. Хохирогчийн ар гэрийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар болох 10.200.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 5.000.000 төгрөг төлж барагдуулсан. Гэтэл 5.200.000 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй байтал шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж бичигдсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэгэж заасан. Хийсэн хэрэгтээ гэмшээгүй бөгөөд хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй хүнд яагаад 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэрвээ хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр шийдвэрлэвэл шийтгэх тогтоолын ойлгомжгүй заалтуудыг залруулж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурор Ц.Арвинбуудайн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч О.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс 5.000.000 төгрөг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас прокурорын зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад буюу шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хохирол төлбөрөөс 5.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн байсан. Үлдсэн 5.200.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, шүүхээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тухайн шүүх хуралдааны явцад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь багадсан байнагэх яриа өрнөөгүй. Иймд шийтгэх тогтоолд дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хяналаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонголт хийх, хэмжээг тогтооход үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

Шүүгдэгч О.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, оршуулгын зардалтай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 10.200.000 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч 5.000.000 төгрөг төлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь  шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдлыг хангалттай бий болгоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1“шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Бт оногдуулсан хорих ялын хэмжээний үндэслэл гэм буруутай байдалд нь тохироогүй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6“шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал процессын хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Бт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүгдэгч О.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурор Ц.Арвинбуудайн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР