Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Д.Э*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.Б нарыг оролцуулан иргэн В.Э, Д.Э******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг Засгийн газрын 11 дүгээр байран дахь тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: В Э

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,

Нэхэмжлэгч: Д******* Э*******

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 57

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн иргэн Д.Э*******, В.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э*******, В.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д******* Э******* нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Бага ам гэх газарт төмс, хүнсний ногооны зориулалтаар, 3031/5119 нэгж талбарын дугаар бүхий 24400 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр 2005 онд эзэмших эрхтэй болсон юм.

Уг газраа зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, үр шимийг нь хүртэх зорилгоор В Этэй харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* шийдвэрээр газрын хамтран эзэмшигчээр В.Э нь бүртгэгдэж, 0374067 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгогдсон.

Бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-аас 2005 оны 11 сарын 04-ний өдөр 1230/2005 тоот Цахилгаан, дулааны техникийн нөхцөл-ийг авч, улмаар Л******* ББН-өөр 10кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлын зургийг холбогдох стандартын дагуу боловсруулуулан, уг зургийн дагуу бодитоор дэд станцыг газар дээрээ барьсан ба ойр орчмын айлууд тухайн дэд станцаас цахилгаанд холбогдоод байгаа болно.

Мөн газар тариалангийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдаж авах, газраа хагалах, хөрс, агрохимийн лабораториор хөрсний шинжилгээ хийлгэх зэрэг үйл ажиллагааг явуулж, материал техникийн болоод ажиллах хүч зэрэг нэлээд хэмжээний зардлыг гаргасан. 2005 оноос хойш газрын төлбөр 1.073.600 төгрөгийг жил бүр төлж ирсэн буюу 10 орчим сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн.

Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 тоот захирамжаар газраа ашиглаагүй гэх үндэслэлээр бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Уг захирамжийг гаргах гэж буй талаараа болон гаргасны дараа ч бидэнд огт мэдэгдээгүй, захирамжийн хувийг гардуулаагүйн зэрэгцээ, үйл ажиллагаа явуулж байсан байдлыг маань тодруулах, судлах, тайлбар авах зэрэг арга хэмжээг аваагүй нь бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчиж байгаа юм. Бид уг газрыг 2005 оноос хойш гэрээний дагуу эзэмшиж байхад 2014 онд Газрын тухай хуулийн 40.1.6 гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн Засаг даргад хандаж, уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан боловч бидний гомдлыг хангах үндэслэлгүй тухай хариуг өгсөн. Өргөдөл гомдлын хариуг цахим хэлбэрээр өгдөг болсон гэсэн хариуг Нийслэлийн өмчийн харилцааны албанаас өгч, улмаар өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай хариуг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-ийн цахим сүлжээнээс нь хэвлүүлэн авснаа нэхэмжлэлдээ хавсаргаж байна. Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан гомдлыг маань холбогдох байгууллага болох Нийслэлийн өмчийн харилцааны алба ул суурьтай судлан үзэж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн 1 дэх заалтын дагуу батлагдсан хавсралтын 44 дэх хэсэг буюу Д.Э*******, В.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Д.Э*******, В.Э нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 688 дугаар захирамжийн Д.Э*******, В.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Д.Э******* нь дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 415 тоот захирамжаар иргэн Ч.Ойдовдолоос 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Бага аманд төмс, хүнсний ногооны зориулалтаар 24400 м.кв газрыг эрх шилжүүлж авсны дараа Н.Э, Д.Э******* нар нь тус газрыг хамтран эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* захирамжаар хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргаж, дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас иргэнтэй 3031/5119 тоот гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нар нь газрын албатай байгуулсан 3031/5119 тоот гэрээний нөхцөл 2.3, газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийн 3.3, газар эзэмшигчийн эрх, үүргийн 4.1, 4.5, 4.6, 4.9-д заасан эрх үүргийг биелүүлэлгүй, 2014 оны газрын төлбөрийг төлөөгүй болно. Иймд Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас иргэн Д.Э*******гийн талаар 000860565 тоот лавлагаа авч энэ хаягаар нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21601 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиар нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-д заасан журмыг хэрэгжүүлээгүй, энэ журмыг хэрэгжүүлэх боломжтой байхад шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д газартай холбогдон үүссэн маргаан, эрх бүхий этгээдээс ямар шийдвэр гаргах, хэрхэн шийдвэрлэх журмыг хуульчилсан гэж дурдсан байдаг.

Түүнчлэн дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар ашиглалтыг шалгаж үзэхэд газар дээр нь ямар нэгэн ашиглалт байхгүй байсан тул Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дугаар заалтыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар[1] иргэн Ч.О*******оос тус дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Бага аманд ногооны газрын зориулалтаар 24400 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж авч, улмаар нэхэмжлэгч Д.Э*******, В.Э нар нь тус газрыг хамтран эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаар захирамжаар[2] хамтран эзэмших эрхтэй болж, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3031/5119 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[3] байгуулсан байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 тоот захирамжаар[4] нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нар ...тус захирамжийг гаргах гэж буй талаараа болон гаргасны дараа ч бидэнд огт мэдэгдээгүй, захирамжийн хувийг гардуулаагүйн зэрэгцээ, үйл ажиллагаа явуулж байсан байдлыг маань тодруулах, судлах, тайлбар авах зэрэг арга хэмжээг аваагүй, өөрсдийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчиж байна... гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны А/688 дугаар захирамжийн Д.Э*******, В.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий 2014 оны А/688 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтуудыг тус тус үндэслэж гарсан бөгөөд нийт 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. А/688 тоот захирамжийн хавсралтад эдгээр 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг чухам ямар үндэслэлээр хүчингүй болгож байгааг тухайлан заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Э, Д.Э******* нарын газар эзэмших эрхийг хавсралтын 44 дэх хэсэгт зааснаар газраа ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нар ...бид уг газрыг 2005 оноос хойш гэрээний дагуу эзэмшиж байхад Газрын тухай хуулийн 40.1.6 гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй... гэж харин хариуцагч ...нэхэмжлэгч нар нь газрын албатай байгуулсан 3031/5119 тоот гэрээний нөхцөл 2.3, газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийн 3.3, газар эзэмшигчийн эрх, үүргийн 4.1, 4.5, 4.6, 4.9-д заасан эрх үүргийг биелүүлэлгүй, 2014 оны газрын төлбөрийг төлөөгүй... гэж маргадаг бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт дурдсан ...нэхэмжлэгч нар газрын төлбөрөө төлөөгүй... гэх үндэслэл захирамж дээр огт дурдагдаагүй байхад энэхүү үндэслэлээр В.Э, Д.Э******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь захиргааны актын агуулга, түүнийг батлан гаргах үндэслэл тодорхой байх материаллаг эрх зүйн шаардлагад нийцэхгүй байна.

Түүнчлэн хариуцагч ...дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар ашиглалтыг шалгаж, хээрийн судалгаа хийхэд газар дээр нь ямар нэгэн ашиглалт байхгүй байсан... гэх боловч энэ тухай баримтжуулсан тайлан, мэдээ, зураг байхгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны төлбөрийн байцаагч Н.Эрдэнэцэцэг гэрчийн мэдүүлэгтээ ... миний утасны зураг авах багтаамж дүүрч дахиж зураг авах боломжгүй болоод зургийг устгасан..., Б.А******* гэрчийн мэдүүлэгтээ ...модон хашаа байсан, 2011 онд хашаагаа хурааж авсан, ...жилд 1-2 удаа тухайн газрыг хагалдаг байсан..., Ө.Б******* гэрчийн мэдүүлэгтээ ...хашаа огт хатгаж байгаагүй, ...зөвхөн ноднин намар л энэ газрыг хагалсан..., Д.Э******* гэрчийн мэдүүлэгтээ ...Би 2014 оны намар 11 сард трактор хөлсөлж аваачин тэр газрыг хагалуулж байсан, түүнээс өмнө тэр газар хашаа байсныг, хашааг нь буулгаад шургаагнуудыг манаачийн хажууд хураасан байсныг, төмс хураах зоорь ухсан байсныг мэдэж байна. Төмс тарьж байсан гэж ойлгож байна, М.Н******* гэрчийн мэдүүлэгтээ ...2013 билүү 2014 оны 10 сард эднийх газраа хагалсан, ...газар дээрээ юм барьж байгаагүй зарим газраараа алдан онон хашаатай байсан гэж хоорондоо илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Газраа ашиглаагүй гэдгийг тогтоох хөдлөшгүй баримт байхгүй байгаа тул газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу ашигласан, ашиглаагүйг шүүх шууд дүгнэх боломжгүй байна.

Шүүхээс Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт 18662314004478 нэгж талбарын дугаартай 24450 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг 2010-2014 оны сансрын зурагтай давхцуулсан байдлаар зураглал үйлдэж ирүүлэх тухай хүсэлт тавьсан боловч зөвхөн 2011, 2012, 2013 оны сансрын зургийг ирүүлсэн бөгөөд маргаан бүхий газрын сансрын зураг 2014 онд авагдаагүй байжээ. Үүгээр тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг мөн тогтоох боломжгүй байна. Иймд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх баттай тогтоогоогүй байж В.Э, Д.Э******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь газар эзэмшигчийн эрх, хууль ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ. Хариуцагчийн зүгээс шүүхээс шаардсаны дагуу хээрийн судалгаа хийсэн талаарх илтгэх хуудсыг[5] ирүүлсэн бөгөөд энэхүү илтгэх хуудас нь огноо, дугааргүй, хэзээ үйлдсэн нь мэдэгдэхгүй, нөхөн үйлдэх боломжтой баримт байх тул шүүх дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хувьд иргэний хуулиар олгогдсон, хамгаалагдсан эрхэд халдаж байгаагийнхаа хувьд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг бүрэн тогтоож, энэ талаар баримтжуулж ажиллаагүй байгаа нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, нөгөөтээгүүр хуулийн хариуцлагаас зугтах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй бөгөөд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан энэ талаар цаашид анхаарч ажиллавал зохино.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан... этгээдэд мэдэгдэнэ гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Хэдийгээр хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21601 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй байжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч 2014 оны газрын төлбөрөө төлөөгүй болох нь нотлогдож байгаа боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д ...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ..., 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3031/5119 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.4-д Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх гэх үүргээ нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь биелүүлээгүй байна. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар хоног тутам алданги төлөх гэж зааснаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцуулж төлөх боломж нэхэмжлэгчид байжээ гэж дүгнэхээр боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн хууль зүйн хянах бөгөөд хэдийгээр газраа зориулалтын дагуу ашигласан эсэх нь бүрэн гүйцэд тогтоогдохгүй байгаа ч газрын төлбөрөө огт төлөөгүй байна гэж маргаан бүхий захирамжаас хальж хэргийг шийдвэрлэх нь буруу бөгөөд зөвхөн захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******, В.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 тоот захирамжийн иргэн Д.Э*******, В.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э*******, В.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э*******, В.Э нарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас