Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00663

 

 

 

ХУДЦГН

хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00529 дугаар шийдвэртэй, ХУДЦГН  хэлтсийн Д.Быг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

ХУДЦГН  хэлтсийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчиж, орон гэртээ агсам согтуу тавьж иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүлжүүлэгдсэн тул Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээжтэйгээ хамт амьдардаг, эвсэг ХХК-д сүлжигч хийдэг. 2012 оноос архи ууж байгаа. Өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Дулмаагийн Бат-Оргилыг архины албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Быг албадан эмчлэх эмнэлэгт хүргүүлж, 9 дүгээр зүйлийн 9.7-д заасныг баримтлан Д.Быг албадан эмчилгээнд хамруулсныг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтантөрд даалгаж, хийлгэх газарт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Б давж заалдах гомдолдоо: Миний бие астма /багтраа/ өвчтэй 69 настай ээжийгээ асарч хамт амьдардаг. 2020 оны 2 дугаар сарын 28-нд архины албадан эмчилгээнд анх удаагаа явж байгаа боловч, байнга уудаггүй өөрийн дутагдлыг засаж, дахин ийм явдал гаргахгүй гэж амлаж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг харгалзан хугацаанд нь шийдвэрлэж гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Д.Б нь согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, зөрчлийн шийтгэл хүлээж байсан болох нь ХУДЦГН  хэлтсийн хүсэлт, Д.Бын тайлбар, иргэн Б.Оюун, Н.Цэндсүрэн, Н.Оюунбилэг, Д.Отгонжаргал, н.Бямбахишиг нарын өргөдөл, Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн АСАП сангийн бүртгэл зөрчлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож  байна. /хэргийн 1, 6-10, 19-22/

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Д.Быг архинд донтох өвчний III дугаар зэрэгтэй болохыг тогтоож, эмчилгээ хийлгэхэд тэнцэнэ гэжээ. /хэргийн 23 дугаар тал/

Иймд Д.Быг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Д.Бын давж заалдах гомдолд дурдсан архины албадан эмчилгээнд анх удаа явж байгаа, байнга архи уудаггүй гэх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнийг албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00529 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд Д.Ганбат давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ