| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04367/И |
| Дугаар | 184/ШШ2024/03785 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/03785
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ************** гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Эх мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Аззаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1968 онд төрсөн. Том хүү 1987 оны 06 сарын *******-ны өдөр төрүүлсэн. Би тухайн үед Говь-алтай аймгийн Тайшир суманд малчин байсан. Хүү төрсний дараа төрсний гэрчилгээг авахдаа өөрийн ахыг явуулж авсан бөгөөд тэр үед овгийг нь Дэлгэртогтох гэж буруу бүртгүүлээд гэрчилгээ авсан байсан. Би тухайн үед залуу ч байж нээх тоогоогүй орхисон. Уг нь ******* гэж ээж надаар овоглосон ч бүртгэлийн ажилтны юм уу, гэрчилгээ авах гэж очсон ахын юм уу буруугаас болоод хүүгийн овог Дэлгэртогтохоор бүртгэгдсэн. Хүү маань 4-5 нас хүртлээ надтай амьдарч байгаад би хүнтэй суугаад хотруу нүүж, манай аав хүүг хань хийнэ гээд авч үлдээд Говь-Алтай аймагт амьдарч байсан. 2015 онд аав минь нас барах хүртэл тэнд амьдарч байгаад аавыг өөд болсны дараа хотод ирж надтай амьдарч байгаа. Миний тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд 3 хүүхэд гаргаснаар тэтгэврээ тогтоолгох гэтэл хүү Д.Ариунболдын овог Дэлгэртогтох болчхоод тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Г.******* намайг хүү Д.Ариунболдын эх мөн болохыг тогтоож өгнө үү. Хүүгийн эх мөн болохыг тогтоолгосны дараа бид улсын бүртгэлийн байгууллагад хандаж Ариунболдын овгийг өөрчлүүлэх шаардлагатай байна гэв.
2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 5/2197 дугаар албан бичиг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Г.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ариунболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Алтанзул, Д.Ариунболд нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******ын төрүүлсэн хүүхдийн лавлагаа, 2024 оны ******* сарын 11-ний өдрийн 0168 дугаар гарын үсэг гэрчилсэн үйлдэл, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* сарын 29-ний өдрийн 184/ШЗ2024/07702 дугаар шүүгчийн захирамж,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 9/7155 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 1 хуудас баримт, Үндэсний төв архивын 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 02/568 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 3 хуудас баримт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 сарын 16-ний өдрийн 3197 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагч Г.******* нь хүү Д.Ариунболдын эх нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох талаар заасан бөгөөд Г.******* нь хүү Д.Ариунболдын биологийн эх нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
5.Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, ******* ************** гудамж, ******* тоот хаягт оршин суудаг болох нь түүний оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
6.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дэлгэртогтохын Ариунболдын биологийн эх нь Г.******* мөн эсэхийг тогтоолгохоор 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 184/ШЗ2024/12249 дугаар шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 3197 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Г.******* нь Д.Ариунболдын биологийн эх байх боломжтой байна, эх байх магадлал 99,99 хувь байна... гэжээ.
8.1987 оны 06 сарын *******-ны өдөр төрсөн хүү Дэлгэртогтохын Ариунболдын төрсний гэрчилгээнд төрүүлсэн эцгийн талаарх мэдээлэл бичигдээгүй, эхийн мэдээлэлд Гунаажав овогтой Дэлгэртогтох гэж бичигдсэн байх ба хүүг эхээр овоглон төрсний гэрчилгээ олгож, Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэний бүртгэлийн төрөгсдийг бүртгэх анкет /48/-д 1987 оны 08 сарын 01-ны өдөр бүртгэжээ.
Дэлгэртогтохоор овоглон бүртгэгдсэн хүү Ариунболдын биологийн эх нь Г.******* мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 3197 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9.Г.******* нь хүү Д.Ариунболдын төрсөн эх мөн болохоо тогтоолгосноор тэтгэвэр тогтоолгох, мөн хүү Д.Ариунболдын овгийг зөвтгүүлнэ хэмээн хүсэлтийн үндэслэлээ тодорхойлсон нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн тул нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан ******* овогт Дэлгэртогтохын Ариунболд /рд:ДЗ8706*******11/-ын биологийн эх нь ******* овогт ******* ******* /рд:ДЭ68080141/ мөн болохыг тогтоосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
| ||||
| | |