| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2011017150430 |
| Дугаар | 2022/ДШМ/628 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/628
Г.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Уянга,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Отгондорж,
хохирогч Д.А, А.Н,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Л.Отгондоржийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Гт холбогдох 2011017150430 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Г, ................................... төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын сэтгүүлч мэргэжилтэй, ..................ажилтай, ам бүл ....., .........................-ийн хамт ................................................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Г.Г нь Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгчээр ажилладаг, “Булнайн ар” ХХК нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг болохоор холбооны 9 шүүгчийг “Булнайн ар” ХХК-ийн байранд ийм уян хатан нөхцөлтэйгөөр байртай болгож өгч байгаа юм, “Булнайн ар” ХХК-д менежер ажилтай гэж танилцуулан Н.Б-с Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байрны урьдчилгааны мөнгө гэж 10.000.000 төгрөгийг дансаар, зуучлалын хөлс гэж 6.000.000 төгрөгийг бэлнээр,
мөн байгууллагын уян хатан нөхцөлтэйгөөр буюу урьдчилгаа төлөөд хүүгүйгээр хувь лизинг хийж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан “Хаппи таун” хотхоны байранд оруулахаар болж, урьдчилгаа мөнгө гэж А.Нгаас Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 12 дугаар гудамжны 316 тоот гэрээсээ 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд нийт 20.400.000 төгрөгийг шилжүүлгээр,
мөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр ажиллаж байгаа, тус байгууллагаас барилгын компанитай хамтарч ажиллаж байгаа болохоор шүүгчдийг хямд, уян хатан нөхцөлтэйгөөр байранд хамруулж байгаа, удахгүй байр гарна, хамруулж өгөх боломжтой гээд А.Наас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 10.000.000 төгрөгийг дансаар, 4.000.000 төгрөгийг бэлнээр,
мөн байрны мөнгийг яаралтай төлөөрэй, манай компанийн захирал амралтаа авах гээд байна, түүнээс өмнө гарын үсэг зуруулж авмаар байна гээд Д.Ааас 2020 оны 6 сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14-289 тоотоос дансаар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Спортын төв ордны хажууд явж байхдаа дансаар шилжүүлэн тус тус залилан авч, бусдад нийт 63.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Гт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гоос нийт 42.300.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Нд 10.000.000 төгрөг, хохирогч А.Б-д 13.000.000 төгрөг, хохирогч А.Н-д 11.300.000 төгрөг, хохирогч Д.А-д 8.000.000 төгрөг тус тус олгуулж, шүүгдэгч Г.Гийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Л.Отгондорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүгдэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг үүгээр илэрхийлж байна.
Шүүгдэгч Г.Гийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс буюу мөрдөн байцаалтын үе шат болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад удаа дараа өөрийн гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт үйлдэлдээ уучлалт хүсч байснаас гадна учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байгаа болно. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гийн тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тогтоосон бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн хэсэг буюу ялын хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Эрүүгийн хуульд заасны дагуу “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ. Гэвч шүүгдэгч Г.Гт оногдуулсан ял дээрх зорилгод нийцээгүй, хохирогч нарын хохирлыг төлөх боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Тухайлбал, анхнаасаа гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ухаарч уучлал эрсэн байхад тухайн шүүгдэгчийг нийгэмшүүлэх бус нийгмээс тусгаарлах зорилго бүхий хамгийн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Нийгмээс тусгаарлаж хорих ялыг оногдуулж болох хэдий ч хугацааны хувьд учруулсан хохирлын хэмжээтэй харьцуулахад харьцангуй өндөр тогтоожээ хэмээн үзэж байна. Шүүхийн зүгээс зайлшгүй 4 жилийн хугацаагаар хорих шаардлага байгаа эсэх, тухайн гэмт хэргийнхээ учир холбогдол, үр дагаврыг ойлгож, өөрийгөө засаж хүмүүжүүлэх боломж нөхцөлийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд бид “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго” болгосон бөгөөд бусдад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд ч гэсэн хүмүүнлэг байх зарчим үйлчлэх учиртай.
Г.Гийн хувьд хэдийгээр гэмт хэрэг санаатай үйлдсэн хэдий ч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа (мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 20.100.000 төгрөг, шүүх хуралдааны явцад 1.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан), бага насны хүүхэд, жирэмсэн эхнэрийнх нь нөхцөл байдал, хохирогч нарын хувьд хохирлоо барагдуулах бодит боломж зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэмжээг бууруулах боломжтой хэмээн үзэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү” гэв.
Хохирогч А.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх анх 6 жил гэж тогтоож байсан бөгөөд түрүүнд дурдагдсан шалтгаануудыг хэлснээр 4 жил болгон бууруулж байсан. Тийм учраас ялыг дахин багасгах нь буруу гэж үзэж байна. Шүүгдэгчийн талаас “Хорих ангиас гарсан тохиолдолд ажил хийгээд хохирол төлбөр төлж барагдуулах боломжтой” гэж хэлээд байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөр төлж барагдуулах бүрэн боломжтой байсан атлаа төлж барагдуулаагүй. Тийм учраас хорих ангиас суллагдсан ч хохирол төлбөр барагдуулж чадахгүй гэж бодож байна” гэв.
Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмнөх анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүх дээр хэрэг очихоос өмнө хохирол төлбөр барагдуулж байсан гэдэг нь худал юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед хүртэл гуйлгаад яваад байсан. Өмгөөлөгчийнх нь зүгээс “Олон улсын шүүгч хийдэг” гэж хэлж байна. Г.Г бол Олон улсын шүүгч хийх эрхгүй болчихсон хүн юм. Тэгэхээр яаж хохирол төлбөр барагдуулахыг нь мэдэхгүй байна” гэв.
Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Нийт хохирол төлбөрийн хэмжээ 63.400.000 төгрөг бөгөөд үлдэгдэл 42.300.000 төгрөгийн төлбөртэй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч Г.Г нь хохирол төлбөр төлөх зорилгоор завсарлага авсан боловч 1.000.000 төгрөг төлж барагдуулсан байсан. Хорих ялаас чөлөөлөгдсөн ч хохирол төлбөр төлж барагдуулахгүй гэж бодож байна. Зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр тохирсон гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г нь “Булнайн ар” ХХК нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг, холбооны 9 шүүгчийг “Булнайн ар” ХХК-ийн байранд уян хатан нөхцөлтэйгөөр байртай болгож байгаа, урьдчилгаа мөнгө өгч, хүүгүй компанийн лизингэд хамруулж өгч байртай болгож чадна, “Ханбулаг булнайн ар” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаа, манай компани барилга барьж худалдан борлуулдаг зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Н.Бас 16.000.000 төгрөгийг, А.Нгаас 20.400.000 төгрөгийг, А.Наас 14.000.000 төгрөгийг, Д.Ааас 13.000.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 63.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Баасандамбын “...2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны АТМ төхөөрөмжийг ашиглан 10.000.000 төгрөгийг Мэндбилэг гэх 5753899231 дугаарын данс руу хийж, 6.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Г.Г өөрийгөө Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгчээр ажилладаг, “Булнайн ар” ХХК нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг болохоор холбооны 9 шүүгчийг “Булнайн ар” ХХК-ийн байранд ийм уян хатан нөхцөлтэйгөөр байртай болгож өгч байгаа юм. Мөн өөрийгөө “Булнайн ар” ХХК-д менежер ажилтай гэж танилцуулан гэрээ байгуулж мөнгө авснаас хойш хэд хэдэн удаа “Булнайн ар” ХХК-ийн оффисын байранд хүрээд ир гээд яваад очиход тухайн байгууллагын оффисын байр байрлаж байсан байрны орцноос гарч ирээд өнөөдөр арай болоогүй байна эсвэл одоо өөр ажилтай болчихлоо гээд удаа дараа шалтаг тоочиж байсан. ... Ганзориг нь Мэндбилэг гэх хүний данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлж авахдаа манай байгууллагын нягтлан бодогч байгаа юм гэж байсан. ...” /1хх 35-36/,
хохирогч А.Нгийн “...Би 2019 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр өөрийн дүү А.Насан-Очирын найзаар дамжуулан байгууллагын уян хатан нөхцөлтэйгөөр буюу урьдчилгаа төлөөд хүүгүйгээр хувь лизинг хийж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан “Хаппи таун” хотхоны байранд оруулахаар болж урьдчилгаа мөнгө гэж нийтдээ 20.400.000 төгрөгийг интернэт банкны аппликейшн ашиглаж Г.Гийн данс руу шилжүүлж байсан. ... Г.Г нь өөрийгөө анх танилцуулахдаа “Булнайн Ар” ХХК-ийн маркетингийн албаны дарга гэж танилцуулж байсан. Тэр байгууллага дээр очиж үзэхэд Ганзориг гэх нэртэй хүн байдаг боловч бид нарын таньдаг байранд оруулж өгөх Г.Г биш өөр хүн байсан. Ганзориг нь манай дүүтэй нийлээд найзалж нөхөрлөөд гэрээр орж гараад явдаг байсан болохоор арай ч залилах гэмт хэрэг үйлдэж хохироохгүй байх гэж бодоод итгэсний үндсэн дээр мөнгийг өгөх болсон. ...” /2хх 98-101/,
хохирогч А.Нын “...Дүү Насан-Очирын нөгөө ангийн хүүхэд болох Г.Г гэх залуутай уулзаад өөрийгөө Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр ажиллаж байгаа, тус байгууллагаас барилгын компанитай хамтарч ажиллаж байгаа болохоор шүүгчдийг хямд, уян хатан нөхцөлтэйгөөр байранд хамруулж байгаа гээд 2019 оны 12 дугаар сард санагдаж байна, одоо удахгүй байр гарна, хамруулж өгөх боломжтой гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Г.Гт бэлнээр болон эзэмшдэг Хаан банкны дансаар нь нийтдээ 14.000.000 төгрөг төгрөг өгсөн. ...” /2хх 105-107/,
хохирогч Д.Аын “...2020 оны 2 дугаар сард Ганзоригтой фейсбүүкээр холбогдож, хоорондоо харилцаж байгаад орон сууц хувь лизингээр авмаар байгаагаа хэлсэн ба авах байр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Зуун айлын ойролцоо наран талдаа цонхтой, 2 өрөө байр байвал сайн байна, тэгээд надад эхний ээлжинд урьдчилгаанд 13.000.000 төгрөг гаргах боломжтой тул 13.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд үлдсэн мөнгийг хувь лизингээр сар сард төлөөд авахаар байр сонирхож байна гэсэн. Тэр үед Ганзориг надад урьдчилгаа төлөөд хувь лизингээр байр авах боломж байгаа, энэ талаар зохицуулаад таныг байранд оруулж болно гэж хэлсэн. ... Үүнээс хойш Ганзоригт итгээд байрны урьдчилгаа мөнгийг шийдээд байж байхад 2020 оны 6 сараас эхлэн байрны мөнгийг яаралтай төлөөрэй, манай компанийн захирал амралтаа авах гээд байна, түүнээс өмнө гарын үсэг зуруулж авмаар байна гээд байхаар нь би цалингийн зээлээ одоогоор аваагүй байгаа, эхний ээлжинд өөрт бэлэн байгаа 2.000.000 төгрөгийг өгнө, тэгээд үлдэгдлийг зээл бүтэхээр өгнө гэж яриад 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг Ганзоригийн 5083091064 дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14-289 тоотод байх гэртээ байхдаа гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. ...Урьдчилгаа мөнгийг яаралтай төлж барагдуулах гээд 13.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ганзоригийн дээрх данс руу 11.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Спортын төв ордны хажууд явж байхдаа гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. ...” /1хх 207-208/,
гэрч Б.Шинэцэцэг /1хх 52/, А.Насан-Очир /1хх 28-29, 2хх 118-119/, Б.Мэндбилэг /1хх 38-39/, Б.Алтансүх /1хх 46-48/, Б.Мягмарсүрэн /2хх-71-73/ нарын мэдүүлэг,
“Булнайн-Ар” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/201 дугаартай “Г.Г гэх хүн манай компанид ажилласан гэх мэдээлэл, баримт байхгүй ба одоогийн байдлаар мөн ажилладаггүй нь үнэн болно” гэсэн албан бичиг, Г.Гийн хуурамчаар үйлдэж, хохирогчид өгсөн “Булнайн-Ар” ХХК-ийн албан бичиг /1хх 21, 90/, Г.Гийн мэдүүлгийн дагуу гаргуулсан лавлагааны хариу болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Интер эстимет нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг /1хх 168/, хохирогч А.Н, Д.А нарын дансны хуулга, Орон сууц хөлслөх гэрээ, Зээлийн гэрээ /2хх 24-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Гийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гийн “Булнайн ар” ХХК нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг, холбооны 9 шүүгчийг “Булнайн ар” ХХК-ийн байранд уян хатан нөхцөлтэйгөөр байртай болгож байгаа, урьдчилгаа мөнгө өгч, хүүгүй компанийн лизингэд хамруулж өгч байртай болгож чадна, “Ханбулаг булнайн ар” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаа, манай компани барилга барьж худалдан борлуулдаг гэж нэр бүхий 4 хохирогчоос 63.400.000 төгрөг залилж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Л.Отгондорж “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонголт хийж, хэмжээг тогтооход үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Гийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдлыг хангалттай бий болгоогүй, нэр бүхий 4 хохирогчид 42.300.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Гийг 4 жил хорих ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Л.Отгондоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР