Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*******, хариуцагч татварын улсын байцаагч С.Э*******, О.Б*******, Ё.Э нарыг оролцуулан З******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын ахлах байцаагч С.Э*******, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б*******, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: З******* ХХК

Хаяг: Хан-Уул дүүрэг, *******,*******

Хариуцагч: Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын ахлах байцаагч С.Э*******, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б*******, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын ахлах байцаагч С.Э*******, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б*******, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 360004042 тоот татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай актын Хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д 2010 оны 573,996,800.0 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах гэсэн хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 6.4.2-т заасныг удирдлага болгон хүсэлт гаргаж, НӨАТ төлөгчөөр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын ахлах байцаагч С. Э*******, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б*******, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын Улсын байцаагч Ё.Э нар 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 360004042 тоот татварын акт тавьсан

Бид актыг бүхэлд нь эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд зөвлөлийн хуралдаан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, 111 тоот тогтоол гарган татварын улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулсан.

Бид татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 111 тоот тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг тогтоолыг үл зөвшөөрч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2-т заасныг удирдлага олгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Актын хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д 2010 оны 573,996,800.0 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах Маргаан таслах зөвлөлийн тогтоолын Тогтоох хэсгийн 1-д ...573,996,800 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 103,319,424.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр... гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

З******* ХХК нь 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулахдаа тус компанийн хоёр хувь нийлүүлэгчдээс тус бүр 1.0 сая ам.доллар нийлүүлж 2.0 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Энэ нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулийн 6 зүйлийн 6.4.2-т үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэх хуулийн шаардлагыг хангаж байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн дээрх заалтын дагуу борлуулалтын орлого 10,000,000 төгрөгт хүрсэн эсэхээс үл хамаарч татвар төлөгч хүсэлт гарган НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн бүрэн боломжтой.

Гэтэл татварын улсын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэн акт тавьсан ба ийнхүү үзэх болсон хууль зүйн үндэслэлээ Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар баталсан НӨАТ төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журмын 3 дугаар зүйлийн 3.1.3-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасны дагуу сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан иргэн, хуулийн этгээдийн хувьд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1-д Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан ...хөрөнгө оруулалт... нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна гэж тус тус зөрчсөн гэж тайлбарладаг.

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 зүйлийн 3.1-д Хөрөнгө оруулалт гэдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон байна.

Хөрөнгө оруулалтын хуулийн дээрх тодорхойлолтын дагуу компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хэдий үндсэн хөрөнгөд хамаарахгүй ч хөрөнгө оруулалт гэсэн статусыг хангаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан бөгөөд үүгээрээ эрх зүйн актууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд аль эрх зүйн актыг баримталвал зохихыг хуульчлан өгсөн байна.

Дээрхийг дүгнэвэл татварын улсын байцаагчид Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалт буюу хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1-д заасныг хэрэглэхээр байна.

Иймд энэхүү үндэслэлээр Татварын Улсын байцаагчийн актын Хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д 2010 оны 573,996,800.0 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах Маргаан таслах зөвлөлийн тогтоолын Тогтоох хэсгийн 1-д ...573,996,800 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 103,319,424.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр... гэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч татварын улсын байцаагч С.Э*******, Ё.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж 2010 оны 6-10 сард 573,996.8 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн 57399.6 мянган төгрөгийн НӨАТ-ыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон зөрчил нь:

А. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Дараах нөхцөлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно 6.4.2 үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж заасныг,

Б. Татварын Ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар баталсан НӨАТ төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журмын Гурав. Сайн дураар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага 3.1.3-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасны дагуу сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хувьд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл үйлчилгээг шинээр бий болгох эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна, 31.4-д Энэ журмын 3.1.3-д заасан хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэнийг 2.0 сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэгдэж, тайлагнаснаар нотлогдоно,

В. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг дараах байдлаар тайлбарласугай 1.1-д Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан ...хөрөнгө оруулалт... нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна. 3.1.4-д Энэ журмын 3.1.3-д заасан хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэнийг 2.0 сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт нь нягтлан бүртгэл, санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэгдэж, тайлагнаснаар нотлогдоно гэсэн заалтыг тус тус зөрчиж 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна гэж үзсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З******* ХХК нь Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын ахлах байцаагч С.Э*******, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б*******, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын Улсын байцаагч Ё.Э нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 360004042 тоот татварын актын[1] холбогдох хэсгийг эс зөвшөөрч, тус актын хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д[2] 2010 оны 573,996,800.0 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах гэснийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Татварын улсын байцаагчид З******* ХХК-ийн 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 111 тоот тогтоолоор[3] дээрх 360004042 тоот татварын актын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, тус актын хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в хэсгийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч З******* ХХК нь 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бөгөөд ингэхдээ хоёр хувь нийлүүлэгчээс тус бүр 1.0 сая ам.доллар, нийт 2.0 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 6.4.2-т заасныг удирдлага болгон хүсэлт[4] гаргаснаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 6.4-д Дараах нөхцлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно, 6.4.2-т үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн эсэхээс үл хамаарч татвар төлөгч сайн дураараа хүсэлт гарган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжийг олгосон хууль зүйн зохицуулалт байна.

Хариуцагч тал ...Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 13 тоот тушаалаар баталсан НӨАТ төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журмын 3 дугаар зүйлийн 3.1.3-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасны дагуу сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан иргэн, хуулийн этгээдийн хувьд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1-д хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан ...хөрөнгө оруулалт... нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна гэснийг тус тус зөрчсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч талын ...Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 зүйлийн 3.1-д Хөрөнгө оруулалт гэдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон, ...бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ... гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2006 онд батлагдаж, Монгол Улсын Дээд шүүх 2007 оны 11 дүгээр тогтоолоор энэхүү хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Үүнийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга 2009 онд НӨАТ төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журмыг баталжээ. Дээрх тогтоол болон журмаар Хөрөнгө оруулалт-ыг үндсэн хөрөнгөд заавал бодитой хийгдсэн байх ёстой гэж зохицуулсан. Харин 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Хөрөнгө оруулалт нь биет болон биет бус хөрөнгө байж болно гэж зохицуулснаар дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль хоорондоо зөрчилдөх болсон байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Хөрөнгө оруулалт гэх ойлголтыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар тайлбарлаж хэрэглэхээр байна. Иймд хувь нийлүүлэгчдээс оруулсан 2 сая долларын хөрөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгоно.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан З******* ХХК-ийн дүрмийн[5] 3 дугаар зүйлд тус компанийн эрхлэх үйл ажиллагаа, үйлчилгээг тодорхой заасан байх бөгөөд үүнд ...Хитачигийн харилцан хамаарал бүхий Монгол дахь этгээдүүдийн үйлдвэрлэсэн барилгын машин, тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн болон тэдгээрийн сэлбэг, эд ангийг импортлох, түгээх, худалдах, барилгын машин тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүнтэй холбоотой туслалцаа үзүүлэх болон засвар, арчилгааны үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэх... гэжээ. Мөн дүрмийн 4-д Компанийн дүрмийн сангийн талаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд 4.4-д ...Компанийн дүрмийн сангийн хэмжээ нь 2 сая ам.доллар болно гээд хувь нийлүүлэгчдийн компанид эзэмших хувь хэмжээг заасан байна. Түүнчлэн З******* ХХК-ийн 9019046115 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хэсэгт 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дүрмийн сан 2639100-р нэмэгдэж 2783624.0 мянган төгрөг болж, ... өөрчлөгдсөнийг бүртгэв[6] гэсэн нь компанийн банкны дансны дэлгэрэнгүй хуулгад[7] 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Японы Марубени корпорациас хөрөнгө оруулалтаар 950,000.00 ам.доллар, 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Таванбогд трейд ХХК-аас эх үүсвэр төвлөрүүлэлтээр 950,000.00 ам.доллар шилжиж орсноор нотлогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, түүнд итгэл үзүүлэн ажиллана гэжээ.

Төр захиргааны байгууллага болох Хан-Уул дүүргийн татварын хэлтэс 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч З******* ХХК-ийг албан ёсоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн атлаа 5 жилийн дараа ийнхүү бүртгэсэн нь буруу байжээ гэх үндэслэлээр акт тавьсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.4.2, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 360004042 тоот Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын актын Хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д 2010 оны 573,996,800.0 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах гэснийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[7] Хавтаст хэргйин 70 дугаар хуудас