Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 661

 

 

 

 

  

Ц.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00215 дугаар шийдвэртэй, Ц.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Ц.Бы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 34 дүгээр гудамж, 1797 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204066642 дугаарт бүртгэгдсэн 89 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 415 м.кв улсын бүртгэлийн Г-2204023035 дугаартай газар гэх хоёрын хоёр хувийн өмчийг 25,885,950 төгрөгийн төлбөрт дуудлага худалдаагаар борлуулахаар үнэлгээ тогтоосон тухайгаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/24294 тоот албан бичгээрээ мэдэгдсэн. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрсдийн хөрөнгийн үнийн саналаа 60,000,000 төгрөг гэж НШШГГт хүргүүлсэн боловч эднийх өөрсдийн ажлаа хялбарчилж манай хөрөнгийг 2 дахин бага буюу 33,398,000 төгрөг болгож бууруулж үнэлүүлсэн нь өнөөгийн зах зээлийн ханш, амьдралтай ямар ч авцалдаагүй болсон гэж үзэж байна. Энэ бүхэн нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн амьдралд нийцсэн бодит үнэлгээг шүүхээр тогтоолгох, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлагыг бий болгож байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/24294 тоот албан бичгээр ирүүлсэн үл хөдлөх хөрөнгөнүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5857 дугаар шийдвэрээр З.Амар-Эрдэнээс 7,940,439 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгох, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар 01-ний өдрийн 8251 дүгээр шийдвэрээр З.Амар-Эрдэнээс 18,424,725 төгрөгийг гаргуулан Б.Пүрэвдуламд олгох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 5336 дугаар шийдвэрээр 12,729,174 төгрөгийг З.Амар-Эрдэнээс гаргуулж Шидэт өнгө ХХК-д олгох, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаар шийдвэрээр 10,000,000 төгрөгийг З.Амар-Эрдэнээс гаргуулж, Б.Сэлэнгэмаад олгох, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор 8,149,998 төгрөгийг гаргуулан Б.Ганбатад олгох, 20190730 101/ШШ2016/05219 дугаар шийдвэрээр Ц.Б, З.Амар-Эрдэнэ нараас 25,885,950 төгрөгийг гаргуулж С.Дуламд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. Төлбөр авагч С.Дуламын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн 34 дүгээр гудамжны 1797 тоот 89 м.кв талбайтай хувийн сууц, 415 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг төлбөр төлөгч, өмчлөгч нараас авахад, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 60 сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч С.Дулам нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудад танилцуулсан. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 33,398,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/24294 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч үнийн санал ирээгүй тул 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 34 дүгээр гудамж, 1797 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204066642 дугаар бүртгэгдсэн 89 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 415 м.кв улсын бүртгэлийн Г-2204023035 дугаартай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй болно. Маргаан бүхий нэхэмжлэгч Ц.Бы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хорооны Дунд дарь эхийн 34 дүгээр гудамж, 1797 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204066642 дугаарт бүртгэгдсэн 89 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 415 м.кв улсын бүртгэлийн Г-2204023035 дугаартай нэг хүний өмчийн газар зэрэг нь хотын төвөөс 2.5 км зайтай дахин төлөвлөлтөд орсон, цэвэр ус түгээх худгын хажууд байрлах бодит зах зээлийн үнэлгээ нь 60 000 000 төгрөгийн нийт үнэлгээтэй газар, хувийн сууцыг хэт багаар буюу ердөө 33 398 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр сарын 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх хэмээн заасныг зөрчсөн ба анхан шатны шүүхээс үүнийг харгалзан үзээгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй болно. Мөн анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзаж буй татгалзлыг нотлох үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ биелүүлж өөрийн татгалзаж буй татгалзлыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 101/ШШ2020/00215 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5219 дугаар шийдвэрээр Ц.Б, З.Амин-Эрдэнэ нараас 25 600 000 төгрөгийг гаргуулж С.Дуламд олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16261590 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 30-34 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Бы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 34 дүгээр гудамж 1797 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204066642 дугаартай, 89 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2204023035 дугаарт бүртгэлтэй 415 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрын хамт 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 40, 49 дүгээр тал/

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх-ийн 50, 52 дугаар тал/

Хариуцагч байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 344 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх-ийн 53 дүгээр тал/

Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 34 дүгээр гудамж 1797 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204066642 дугаартай, 89 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай 2 давхар орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204023035 дугаарт бүртгэлтэй 415 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 33 398 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 54-70 дугаар тал/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ