Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2024/00035/и |
Дугаар | 152/ШШ2024/00172 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 152/ШШ2024/00172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3-313 тоотод оршин суух, регистрийн дугаар ..............., Б ургийн овогт М-ын У-ын,
Хариуцагч: Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.У-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.У,
Хариуцагч Г.З,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.У-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалаар ажлын байр хасагдан шалтгаанаар ажлаас халагдсан. Намайг ажлын байр хасагдсан шалтгаанаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д Бүтэц орон тооны цомхотгол, ажлын байр, татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын алба, хэлтэс татан буугдсан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал дур мэдэн бүтэц өөрчилж, захиргаа, хүний нөөцийн албыг захиргаа, санхүүгийн алба болгоод дотоод харилцааны ажилтан гэдэг орон тоог тухайн албанд оруулсан. Дотоод харилцааны ажилтан эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой ба намайг эрх зүйч мэргэжилтэй учраас энэ ажлын байранд тэнцэхгүй гэдэг үндэслэлээр халсан. Намайг ажлаас халагдахаас 5 өдрийн өмнө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тухай тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслээд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Увс болон Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилтнуудын цалингийн жишгийг баталсан байдаг. Энэ цалингийн жишиг дээр шинээр бий болсон дотоод хяналтын ажилтных нь орон тоо байхгүй, харин хүний нөөцийн ажилтны цалинг батлаад явуулсан. Тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж байсаар байтал миний орон тоог хасагдсан гэх шалтгаанаар халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх бүтэц дээр миний ажиллаж байсан орон тоог хүний нөөцийн ажилтан гэж баталсан боловч Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилон надаар хүний нөөцийн ажлыг хийлгэж байсан. Ер нь бол хүний нөөцийн албаны дарга, хүний нөөцийн ажилтан 2 нэг утгатай ажлын байр ба ажлын байрны тодорхойлолтууд надад эх хувиараа байгаа. Би хүний нөөцийн ажил хийж байсан нь ажлын байрны тодорхойлолтоор батлагдаж байгаа. Бүтэц, орон тоо баталсан тушаалаар миний ажлын байр болох хүний нөөцийн ажилтны албан тушаалын нэршлийг дотоод харилцааны ажилтан гэж баталсан. Би өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дотоод харилцааны ажилтны ажлын байранд дүйцүүлэн томилж өгөхийг хүссэн боловч одоо хүний нөөцийн ажилтны ажлын байранд томилж өгөхийг хүсэж байна. Тухайн үед Г.З надад монтёр байцаагчийн ажлыг санал болгосон нь аюулгүй ажиллагаа болон эрх зүйн орчинг дордуулж байна гэж үзэж татгалзсан. Би бага насны хүүхдүүдтэй, өвлийн цагаар халагдсандаа гомдолтой байна. Иймд Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалыг хүчингүйд тооцож, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд томилж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Манай компанийн хувьд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн охин компанийн бүтэцтэй ажилладаг. М.У нь тус компанид захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Улмаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаал буюу шинээр батлагдсан бүтцийн дагуу Захиргаа, хүний нөөцийн алба татан буугдсантай холбоотой тухайн албаны даргын албан тушаал хасагдсан. Гэтэл М.У шүүхэд гаргасан нэхэмлэлдээ урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байна. М.Уын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй болно. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд батлагдсан бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг мөрдөх чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч нь цалингийн жишиг баталсан тушаал дээр хүний нөөцийн ажилтан гэж батлагдсан гэж байна. Тухайн тушаалаар Ховд, Дөргөн, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК буюу 3-н охин компанийн цалингийн жишгийг хамтад нь баталсан. Тэгэхээр Ховд, Дөргөний цахилгаан түгээх сүлжээд хүний нөөцийн ажилтан байгаа учраас тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж тусгагдсан. Тус компанийн хүний нөөцийн алба яагаад татан буугдсан бэ гэхээр Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрийн осол огт гараагүй байсан. Гэтэл 2023 оны 4 дүгээр сард үйлдвэрийн осол гарч, нэг хүний нүүр нь түлэгдсэн. Энэ асуудал яамны хэмжээнд яригдаж нэлээн том асуудал болсон. Тийм учраас Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн бүтцийг өөрчлөн Хүний нөөцийн албыг татан буулгаж Аюулгүй ажиллагааны алба байх шаардлагатай гэж үзэн тус албыг шинээр байгуулсан. М.Уд ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй, ажлаас чөлөөлөх талаар 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Хуульд мэдэгдлийг өгөөд 30 хоног хүлээх шаардлага тавьсан байсан боловч 60 хоног хүлээсэн. Би бүх боломжуудыг хэлсэн, М.У хүлээн аваагүй. Иймд дээрх үндэслэлд дүгнэлт хийн нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаар “Л.Ч, М.У нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт, М.У-ын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлтүүд, Н.Э-гийн төрсний гэрчилгээний хуулбар, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийг зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тэмдэглэл, шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, сумын авлага хариуцсан ажилтан болон захиргаа, хүний нөөцийн албаны дарга, дотоод харилцааны ажилтны ажлын байрны тодорхойлолт, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаар “Л.Ч, М.У нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.У-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/132 дугаар “Д.П-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай” тушаал, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/80 дугаар “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралт, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоо зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралт, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/261 дүгээр “Цалин нэмэгдүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 206 дугаар албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 353 дугаар албан бичиг, Авлигтай тэмцэх газрын хяналт шалгалтын албаны даргын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05/13634 дүгээр албан бичиг, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоо зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалыг Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилтнуудад танилцуулсан баримт, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүх хуралдаанд өмнө нь гаргаж ирүүлсэн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн болно.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолуудыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.У-ын хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалаар ажлын байр хасагдан шалтгаанаар ажлаас халагдсан.
2.2. Намайг ажлын байр хасагдсан шалтгаанаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д Бүтэц орон тооны цомхотгол, ажлын байр, татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын алба, хэлтэс татан буугдсан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа.
2.3. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал дур мэдэн бүтэц өөрчилж, захиргаа, хүний нөөцийн албыг захиргаа, санхүүгийн алба болгоод дотоод харилцааны ажилтан гэдэг орон тоог тухайн албанд оруулсан. Дотоод харилцааны ажилтан эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой ба намайг эрх зүйч мэргэжилтэй учраас энэ ажлын байранд тэнцэхгүй гэдэг үндэслэлээр халсан.
2.4. Намайг ажлаас халагдахаас 5 өдрийн өмнө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тухай тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслээд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Увс болон Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилтнуудын цалингийн жишгийг баталсан байдаг. Энэ цалингийн жишиг дээр шинээр бий болсон дотоод хяналтын ажилтных нь орон тоо байхгүй, харин хүний нөөцийн ажилтны цалинг батлаад явуулсан. Тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж байсаар байтал миний орон тоог хасагдсан гэх шалтгаанаар халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.5. Өмнөх бүтэц дээр миний ажиллаж байсан орон тоог хүний нөөцийн ажилтан гэж баталсан боловч Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилон надаар хүний нөөцийн ажлыг хийлгэж байсан. Бүтэц, орон тоо баталсан тушаалаар миний ажлын байр болох хүний нөөцийн ажилтны албан тушаалын нэршлийг дотоод харилцааны ажилтан гэж баталсан. Би өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дотоод харилцааны ажилтны ажлын байранд дүйцүүлэн томилж өгөхийг хүссэн боловч одоо хүний нөөцийн ажилтны ажлын байранд томилж өгөхийг хүсэж байна.
2.6. Тухайн үед Г.З надад монтёр байцаагчийн ажлыг санал болгосон нь аюулгүй ажиллагаа болон эрх зүйн орчинг дордуулж байна гэж үзэж татгалзсан. Би бага насны хүүхдүүдтэй, өвлийн цагаар халагдсандаа гомдолтой байна. Иймд Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 тоот тушаалыг хүчингүйд тооцож, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд томилж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Манай компанийн хувьд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн охин компанийн бүтэцтэй ажилладаг.
3.2. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаал буюу шинээр батлагдсан бүтцийн дагуу Захиргаа, хүний нөөцийн алба татан буугдсантай холбоотой тухайн албаны даргын албан тушаал хасагдсан. Гэтэл М.У шүүхэд гаргасан нэхэмлэлдээ урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байна. М.У-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй болно.
3.3. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.
3.4. Нэхэмжлэгч нь цалингийн жишиг баталсан тушаал дээр хүний нөөцийн ажилтан гэж батлагдсан гэж байна. Тухайн тушаалаар Ховд, Дөргөн, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК буюу 3-н охин компанийн цалингийн жишгийг хамтад нь баталсан. Тэгэхээр Ховд, Дөргөний цахилгаан түгээх сүлжээд хүний нөөцийн ажилтан байгаа учраас тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж тусгагдсан.
3.5. Тус компанийн хүний нөөцийн алба яагаад татан буугдсан бэ гэхээр Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрийн осол огт гараагүй байсан. Гэтэл 2023 оны 4 дүгээр сард үйлдвэрийн осол гарч, нэг хүний нүүр нь түлэгдсэн. Энэ асуудал яамны хэмжээнд яригдаж нэлээн том асуудал болсон. Тийм учраас Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн бүтцийг өөрчлөн Хүний нөөцийн албыг татан буулгаж Аюулгүй ажиллагааны алба байх шаардлагатай гэж үзэн тус албыг шинээр байгуулсан.
3.6. М.У-д ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй, ажлаас чөлөөлөх талаар 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Хуульд мэдэгдлийг өгөөд 30 хоног хүлээх шаардлага тавьсан байсан боловч 60 хоног хүлээсэн. Би бүх боломжуудыг хэлсэн, М.У хүлээн аваагүй. Иймд дээрх үндэслэлд дүгнэлт хийн нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч М.У нь ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргасан байна.
4.2. Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.Уыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.3, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаал, Компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023-2024 оны хооронд байгуулсан хамтын гэрээний 5.14 дэх заалтыг тус тус баримтлан захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр М.Уын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.
4.3. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/80 дугаар “Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн орон тооны дээд хязгаарыг 155 орон тоотой байхаар баталсан байх ба захиргаа, хүний нөөцийн албыг нийт 12 орон тоотой, үүнд ... хүний нөөцийн ажилтан – 1 гэж баталсан атлаа бүтцэд захиргаа, хүний нөөцийн албаны дарга – 1 гэж нэмсэн зөрчилтэй байна. Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн орон тоог тогтоосон А/80 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад захиргаа, хүний нөөцийн албаны даргын орон тоо байхгүй боловч тухайн орон тоонд нэхэмжлэгч М.Уыг үргэлжлүүлэн ажиллуулсан байна. Улмаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор тус компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байх ба тус тогтоолын хавсралтаар Толгой компанийн нийт орон тоо - 175, Увс ЦТС ХХК - 115, Ховд ЦТС ХХК - 106, Дөргөн УЦС ХХК - 47, ББЭХС ТӨХК нийт орон тоо - 443 ажилтантай байхаар баталсан байна. Тухайн тогтоолд нийцүүлэн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар тус компанийн бүтэц, орон тоо, зохион байгуулалт, цалингийн жишгийг тогтоосон байна. Тушаалын 1 дүгээр хавсралтаас үзэхэд Захиргаа, хүний нөөцийн алба 12 орон тоотой, Санхүүгийн алба 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсныг хүний нөөцийн албыг татан буулгаж, Захиргаа, санхүүгийн алба болгон өөрчлөн нийт орон тоог 17 болгон захиргаа, хүний нөөцийн ажилтны орон тоог хассан байна.
4.4. Ажил олгогч бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинээр баталсан тушаалыг ажилтнуудад танилцуулан орон тоо хасагдсан ажилтан болох М.Уд монтёр байцаагчийн ажлыг санал болгосон боловч зөвшөөрөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж зааснаар ажлаас чөлөөлөх талаар мэдэгджээ.
4.5. Улмаар М.У-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, мөн зүйлийн 82.1.3-т Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж зааснаар түүнд 6 сарын үнсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг тооцож олгосон нь хуульд заасан тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн байна.
4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан байх ба мөн зүйлийн 80.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.
4.7. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр буюу Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Увс ЦТС ХХК – 115” гэж, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаалаар хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн зохион байгуулалт, бүтцийн нэгж болох хүний нөөцийн албыг татан буулгаж, хүний нөөцийн ажилтны орон тоо хасагдсан байх ба нэхэмжлэгч М.У-ын ажиллаж байсан ажлын байр үгүй болсон нь хуулийн дээрх үндэслэлд хамаарч байна.
5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ыг хүний нөөцийн албаны даргын ажлаас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.У-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг үндэслэлтэй гэж үзлээ.
6. Дээр дүгнэснээр компанийн шинэ бүтэц, орон тоо, зохион байгуулалтаар нэхэмжлэгч М.У-ын ажиллаж байсан хүний нөөцийн албыг татан буугдаж, тус албаны даргын орон тоо хасагдсан байх тул нэхэмжлэгчийн “Миний ажлын байр хадгалагдаж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар “Компанийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тухай” тогтоолоор тус компанийн ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлсэн байх ба Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/261 дүгээр “Цалин нэмэгдүүлэх тухай” тушаалаар Ховд болон Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилтан, албан хаагчдын цалинг хамтад нь нэмэгдүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “Намайг ажлаас халагдахаас 5 өдрийн өмнө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тухай тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслээд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Увс болон Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилтнуудын цалингийн жишгийг баталсан байдаг. Энэ цалингийн жишиг дээр шинээр бий болсон дотоод хяналтын ажилтных нь орон тоо байхгүй, харин хүний нөөцийн ажилтны цалинг батлаад явуулсан. Тухайн цалингийн жишиг баталсан тушаалд хүний нөөцийн ажилтан гэж байсаар байтал миний орон тоог хасагдсан гэх шалтгаанаар халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
7. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дотоод харилцааны ажилтны ажлын байранд дүйцүүлэн томилж өгөхийг хүссэн боловч шүүх хуралдаанд хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд томилуулахаар шаардлагаа өөрчилсөн тул дотоод харилцааны ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, тавигдах шаардлага, хэрэгжүүлэх чиг үүргийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
8. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч байгууллагын тушаал хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК- ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.У-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.У-ын хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/159 дүгээр “М.У-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У-ын гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ