Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/649

 

 

 

 

 

 

      2022             6              23                                       2022/ДШМ/649                     

 

Я.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын өмгөөлөгч Т.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Гд холбогдох эрүүгийн 2103 00000 0286 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Яийн Г, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, таваар судлаач мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт .............................. дүүргийн ....... дугаар хороо, .................... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... аймгийн ............. сум, .............. дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:........................../;

            Шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүй долоо худгийн замд Б.Бгийн эзэмшлийн “Nissan X-Trial” загварын 31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Н з” ХХК-ийн эзэмшлийн “Yutong ZK6110” загварын 07-82 ХӨА улсын дугаартай автобустай мөргөлдөж, 31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Дын амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Я.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Яийн Гг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гд оногдуулсан гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Я.Ггээс 4.265.000 /дөрвөн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Н з” ХХК-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эгийн “Н з” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Я.Ггээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн 2103000000286 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хавсрагдаж ирсэн Я.Ггийн “В” ангиллын 130434 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж, Я.Гд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо: “...Я.Гг гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үүнд:

            1. Я.Гд холбогдох эрүүгийн 2103000000286 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт явуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт бодитой шалгаж тогтоохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодит дүгнэлт хийж чадаагүй. Зөвхөн Я.Ггийн Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн талаар гарсан мөрдөгчийн магадалгааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөгчийн магадалгаа нь тодорхойгүй, бүрэн биш гарсан байх тул мөрдөгчийн магадалгааг хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж ямар ч эргэлзээгүйгээр хангалттай нотлохын тулд нэмэлт шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур тусгай мэдлэг эзэмшсэн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байгууллагаар хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ хэрэгт 2 тээврийн хэрэгсэл, 3 жолооч холбогдсон. Миний үйлчлүүлэгч Я.Г нь хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ч гэсэн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй, энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн үйлдэл хийгээгүй. Жолооч Т, Х нар нь Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлж маш их хурдтай явж байсан тул жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй, Ггийн жолоодож явсан суудлын автомашиныг очиж мөргөж зам тээврийн осол гаргасан гэж дүгнэхээр байна. Яагаад гэвэл жолооч Ггийн жолоодож явсан 31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болсон газраас 38 орчим метр газар шидэгдсэн, жолооч Т нарын өөрийнх нь жолоодож явсан автобус нь 17 орчим метр газар явж байгаад замаас гарч зогссон байдаг. Автобус асар их хурдтай ирж мөргөсөн мөргөлтийн хүчээр олон метр газар шидэгдсэн.

            2. Миний үйлчлүүлэгч Я.Ггийн тавьсан хүсэлтийн дагуу өмгөөлөгч Г.Ганцэцэг би Авто тээврийн үндэсний төвд хандаж “Н з” ХХК-ийн 07-82 ХӨА улсын дугаартай “Yutong” загварын тээврийн хэрэгсэл нь хуваарийн дагуу төлөвлөлттэй тээвэрлэлт хийсэн эсэх талаар мэдээллийг олгож өгөх талаар хүсэлт явуулсны дагуу хүсэлтийн хариуг бичгээр ирүүлсэн. Тус хариу ирүүлсэн албан бичигт “Жолооч Т нь 07-82 ХӨА улсын дугаартай “Yutong” загварын тээврийн хэрэгслийн байршил тогтоох төхөөрөмжийг санаатайгаар салгаж хуваарийн бус өдөр зорчигч тээврийн бүртгэлийн системд төлөвлөлтөд оролгүй, төлөвлөлтгүйгээр тээвэрлэлт хийсэн тул зорчих тасалбар бичигдээгүй, замын хуудасгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гарч яваад зам тээврийн осол гаргасан тул тодорхой хугацаагаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь зогсоож тээвэрлэлт хийх эрхийг нь түдгэлзүүлсэн” гэх хариуг ирүүлсэн. Жолооч Т нь ямар зорилгоор автобусанд суулгасан тээврийн хэрэгслийн байршил тогтоох төхөөрөмжийг санаатайгаар салгаж хулгайгаар ямар ч зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийсэн нь эргэлзээ төрүүлж байна. Ямар ч хяналтгүйгээр хулгайгаар тээвэрлэлт хийж, хурд хэтрүүлэн давхиж хугацаандаа амжиж дараагийн хуваарьт төлөвлөгөөт тээвэрлэлтдээ явах гэж төхөөрөмжийг салгасан. Маш хурдтай явсан учир торомз гишгэх боломж гараагүй тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл нийтийн тээврийн автобусанд суулгасан тээврийн хэрэгслийн байршил тогтоох төхөөрөмжийг санаатайгаар салгаж бүрэн бус тээврийн хэрэгслээр ямар ч зөвшөөрөлгүй замын хуудасгүй, товчоо постод бүртгүүлэхгүй тээвэрлэлт хийсэн үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль дүрмийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй.

            3. Жолооч Т, Х нар 40 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлдэг. Үнэхээр 40 км цагийн хурдтай явж байсан бол аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хамжээ авах боломжтой байсан. Я.Ггийн уулзвар нэвтрээд орсон засмал зам нь маш өгсүүр богино хугацаанд хурд авах боломжгүй зам байсан. Харин Жолооч Т нарын туулж ирж байгаа зам нь огцом уруу машин богино хугацаанд хурд авах боломжтой зам байсан байдаг. Я.Г нь “...Туслах замаас төв засмал зам руу дөнгөж ороод явтал гэнэт гэрэл гялс хийгээд л осол болсон. Туслах шороон замаас төв засмал зам руу нэвтэрч хурдаа хасаж хурд багатай явж байсан, уулзварт нэвтрэх туслах шороон зам нь маш их хотгор гүдгэртэй, чулуутай хурдан явах боломжгүй шороон зам байсан, автобусны жолооч замын хонхор нүхийг тойрч гарах гэж байгаад амжихгүй шууд ирж мөргөсөн, автобусны туулж ирж байгаа зам нь огцом урууддаг хурд авах боломжтой зам байсан...” гэж мэдүүлдэг. Тухайн өдөр 07-82 ХӨА улсын дугаартай автобус дотор 14 хүн зорчиж явсан бөгөөд бүгд осол болсныг хараагүй, үүрэглэж унтаж явсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, тухайн газар нутгийн байдал, замын байдлыг тогтоох, мэдүүлгийн үнэн зөвийг тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой байх тул мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа нэрийг нь буруу бичсэн.

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 32.3 дугаар зүйлд “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж чадсан эсэх”, “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх”, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх”-ийг мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн хүрээнд прокурор хянах үүрэгтэй гэж заасан. Гэтэл прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Тухайн үед автобус жолоодож явсан жолооч Д.Т, жолооч Д.Х нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн, Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолтоор автобусанд суулгасан тээврийн хэрэгслийн байршил тогтоох төхөөрөмжийг санаатайгаар салгаж хулгайгаар ямар ч зөвшөөрөлгүйгээр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт хийсэн зөрчлийг анхаарч үзэхгүй орхигдуулсан, бодит дүгнэлт хийгээгүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтаар гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн үйлдсэн, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх , хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Я.Г нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохиролд төлсөн төлбөрийг улсын яллагч болон шүүх бүрэн биш дутуу тооцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд өгсөн 25 бог малын тооцоог зах зээлийн ханшаар үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, тооцоог бодитоор тогтоогоогүй. 1 бог малыг хэдэн төгрөгөөр тооцсон болох нь тодорхойгүй. Г нь анхан шатны шүүх хурлын дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эд 5 ханатай, иж бүрэн монгол гэр хохиролд өгсөн. Миний үйлчлүүлэгч Я.Ггийн биеийн байдал анх осолд орсон үеэ бодоход арай сайжирсан хэдий ч хөл, гарын хугарал бүрэн гүйцэт эдгэрээгүй, цаашид баруун хөлийн дунд чөмгөний хагалгаанд орж хадаасыг нь авахуулах, мөн зүүн гарын шууны бяцрал болон савхан ясыг бүрмөсөн эдгэсний дараа дахин хадуулах мэс засалд орох шаардлагатай байгаа. Ер нь ясны бороололт сайн явагдахгүй байгаа, яагаад гэвэл олон ясны хугаралтай, олон дахин мэс заслын хүнд хагалгаанд орсны улмаас биеийн эсэргүүцэл, дархлаа нь унасан учир зэрэг бороололт явагддаггүй гэж эмч зөвлөж байгааг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Өмгөөлөгч миний бие эрүүгийн хэрэг прокурорын байгууллагад шилжсэний дараа буюу прокурорын яллах дүгнэлт үйлдэгдсэний дараа эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан Я.Ггийн өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн бөгөөд анхан шатны шүүхэд хэргийг түдгэлзүүлэх мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар тус тусдаа бие даасан 2 хүсэлт гаргасан. Шүүх түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авч хэргийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн, харин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хэлэлцээгүй, шууд гэм буруугийн хурал явуулсан нь үндэслэлгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаад шүүх бүрэлдэхүүн үнэн зөв дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо өөрчилж байна. Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Шүүгдэгч Я.Г нь хэргийн зүйлчлэл дээр анхнаасаа маргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эд нийт 11.610.000 төгрөг, 25 бог мал, таван ханатай Монгол гэр нэг ширхэг зэргийг хохиролд өгсөн. Мөн иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тд 4.265.000 төгрөгийг төлсөн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тусалж, байнга холбоотой байх болно гэдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Иймд шүүгдэгч Я.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.  

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын өмгөөлөгч Т.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн улмаас “Н з” ХХК-ийн хот хоорондын тээврийн зөвшөөрлийг 9 сар гаруй хугацаанд цуцалсан. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл 40 гаруй жолооч нарын ахуй амьдрал зогссон. Хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал гэх мэт зүйлүүдийг харгалзаад “Н з” ХХК-ийн зүгээс ямар нэгэн гомдол, тэмцэлгүй зөвхөн автобусанд учирсан эвдрэл буюу үнэлгээгээр гарсан 4.265.000 төгрөгийг төлөх юм бол гомдолгүй гэж оролцсон. Өнөөдөр мөн адилхан байр суурьтай байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзаж үзнэ үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /0,57 хувь/ үедээ 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүй долоо худгийн замд Б.Б /шүүгдэгчийн эхнэр/- ийн эзэмшлийн “Nissan X-Trial” загварын 31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Н з” ХХК-ийн эзэмшлийн “Yutong ZK6110” загварын 07-82 ХӨА улсын дугаартай автобустай мөргөлдөж зам тээврийн осол гарган, 31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Дын амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эгийн “...тухайн осол гарах үед хамт байгаагүй мэдэх зүйл байхгүй. ...20 цаг өнгөрч байх үед би талийгаач руу залгахад өвсөө хадаад дуусаж байна одоо очлоо гэж хэлсэн. Дахиад залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Өглөө 4 цагийн үед цагдаагаас над руу яриад осол гарсан талаар хэлсэн. ...Бид хоёр 2009 онд гэрлэсэн бөгөөд 4-12 насны дөрвөн хүүхэдтэй, манай хүн ажил хийж байгаагүй. Хөдөө мал маллаж байсан...” /хх 75/,

гэрч Д.Тын “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Хүй долоон худаг орчим ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд 2 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй замаар замын баруун гар талын эгнээгээр хөдөлгөөнд оролцоод явж байхад 21 цаг 50 минутын орчимд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талаас буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт урдуур дарж орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед би ертөнцийн зүгээр замын зүүн талын эгнээнд хойноос урагшаа шулуун явж байсан бөгөөд эгнээ байр сольсон зүйл болоогүй. Миний жолоодож явсан автобусны урд талаас ирж мөргөсөн автомашин осол болохоос өмнө ямар нэг гэрэл дохио өгөөгүй шууд л миний өөдөөс дараад ороод ирсэн. ...машины жолооч дээр очиход түүнээс согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан...” /хх 90-91/,

гэрч Д.Хын “...2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 20 цаг 40 минутын үед автобусандаа хүнээ суулгаж дуусаад Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд “Yutong ZK6110” загварын 07-82 ХӨА улсын дугаартай автобустай “Драгон” төвөөс 12 хүн суулгаад үндсэн жолооч Т машинаа унаад би жолоочийн эсрэг талын хамгийн урд талын суудал дээр суугаад хөдөлсөн. 21 цаг 30 минутын орчим Эмээлтээс Хүй долоон худгийн зам руу салаад урдаасаа хойшоо чиглэлд хоёр эгнээ замаар явж байтал гэнэт эсрэг урсгалд хойноосоо урагшаа явж байсан “Nissan X-Trial” загварын автомашин огцом манай машины урдуур дарж ороод мөргөлдсөн. ...Зорчигчийн суудал дээр шар өнгийн дээлтэй хүн ухаангүй байдалтай байсныг хүмүүстэй хамт буулгасан. Холоос эсрэг замаар явж байгаа нь харагдаж байсан. Тэр машин өөрийнхөө урсгалаар явж байгаад тулж ирээд урсгал сөрсөн...” /хх 117/,

шүүгдэгч Я.Г “...2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хүрлээ гэх тракторын жолоочоор өвс хадуулж байх үед найз Д эхнэр, хүүхдийн хамт манайд ирээд Хүрэлээтэй уулзаад өөрийнхөө тарьсан тэжээлийг хадуулахаар тохироод гэртээ эхнэр, хүүхдээ хүргэж өгөөд ирнэ гээд явсан. ...Удалгүй үхрээ оруулчихаад буцаад очиход Д дэлгүүр явчихаад ирсэн гээд нэг пиво гаргаж ирээд бидэнд тамхи өгсөн. Аягаар тойруулан ууж байсан. Би эхлээд уухгүй гээд буцааж өгөхөд Дархаа нэг пиво уучихаач гэхээр нь нэг удаа уусан. ...би өөрийнхөө машиныг унаад Дархаа миний хажууд суугаад Эмээлт орохоор явсан. Бид хоёр урагшаа хүй долоо ороод засмал руу ороод чигээрээ явж байх үед гэнэт гэрэл мэлс хийх шиг болсон. Түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтэл дээр байсан. Би осол гарсанд маш их харамсаж байна, өөрийн бурууг ойлгон гэмшиж байна...” /хх 249-250/ гэх мэдүүлгүүд,

Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын хуудас /хх 15/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/,

Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Я.Гг драйгер багаж ашиглан шалгахад 0,57 хувь буюу согтууруулах ундаа хэрэглэсэн...” /хх 12-14/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1862 дугаартай шинжээчийн “...Талийгаач Л.Дын цогцост хүзүүний 5/6, 6/7, сээрний 1/2 дугаар нугалмын үелэх хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, задрал, нугасны эдийн няцрал, гол судасны бүрэн тасрал, цээжний хөндий дэх цусан хураа /1.3 литр/, баруун 1-4 дүгээр хавирга, зүүн 1-5 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээж, баруун мөрөнд цус хуралт, уруул, эрүү, баруун эгэмд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг үгүй байна. Талийгаач нь хүзүү, сээрний нугалмын үелэх хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны хатуу хальсны урагдал, задрал, нугасны эдийн няцрал, гол судасны бүрэн тасрал, цээжний хөндий дэх цусан хураа гэмтлийн улмаас шокод орж нас баржээ. 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 03 цаг 56 минутад цогцост үзлэг хийх үед нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ. Гуравдугаар бүлгийн харьяаллын цустай байна. Талийгаачийн цусанд 1.6, ходоодны шингэнд 6.0, цөсөнд 1.1 тус тус промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 187-195/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 226 дугаартай “...“Yutong ZK6110” загварын 07-82 ХӨА дугаарын автобусны жолооч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “Nissan X-Trial” загварын автомашин 31-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх,- зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх 214/ гэх магадлагаа зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Я.Гг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Гг тухайн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тд 4.265.000 төгрөгийг төлж барагдуулсан /2 хх 162/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э “...хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул одоо нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй, ...эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” /2 хх 159/, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын “...хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, ...хохирол барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье...” /2 хх 161/ гэсэн санал, хүсэлтүүд болон тэрээр ослын улмаас хүнд зэргийн гэмтэл авч, 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон /2 хх 125/ зэрэг хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан гурван жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нь шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” хэмээн тус шүүх хуралдаанд давж заалдах гомдлоо өөрчилжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурьдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Я.Гг тухайн хэрэгт гэм буруутайд тооцохдоо “...хүний амь нас хохироосон...” гэж гэм буруутайд тооцсон байгааг зөвтгөх нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Я.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Г нь иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тд 4.265.000 төгрөг /2 хх 162/-ийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад: “...хүний амь нас хохироосон...” гэснийг “...хүний амь нас хохирсон...” гэж,

- 2 дахь заалтад: “...гурван жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...хоёр жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

- 3 дахь заалтад: “...гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” гэснийг “...хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Ггийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ггийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Я.Г нь иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тд 4.265.000 /дөрвөн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                   

                                 ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ